Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өвчнөөс илүүтэй хуурамч эм дэлхийг бүрхээд байна


2004 онд Бразилд хэдэн зуун эмэгтэй нэр хүндтэй фирмийн тэмдэг бүхий  жирэмслэлтээс сэргийлэх бэлдмэл хэрэглэсэн ч бие давхар  тохиолдол гарсан. Шинжээчдийн хийсэн шалгалтын явцад тэр бэлдмэлийг жирийн шохой гурилаар хийсэн нь илэрсэн байдаг.


Дэлхийн олон оронд хуурамч эмийн наймаа ихэсч энэ нь дэлхий нийтийг хамрах аюул нүүрлэж байна гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сэтгэл зовниж байна. Зүүн өмнөд Азид гэхэд л хумхаа  өвчний эсрэг эмийн талаас илүү хувь нь хуурамч байна. Хуурамч эм үйлдвэрлэгчид хамгийн түгээмэл өвчний, тухайлбал сүрьеэ, менингитийн эсрэг эмийг интернетээр худалдаалдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр хуурамч эм нь жилд 200 мянган хүний амийг авч оддог гэснийг  New York Times мэдээлжээ.

Вьентьян дахь Оксфордын их сургуулийн эрүүл мэндийн төвийн удирдагч доктор Пол Ньютон “Хуурамч эм үйлдвэрлэгчид үхлийн аюултай энэ зүйлсийг ганц нэг тунгаар нь, хайрцгаар биш бүр үйлдвэрлэлийн хүрээнд бөөнөөр нь хийн  түгээж байгаа” гэжээ.
Хуурамч эм үйлдвэрлэх талаар  өнөөдөр Хятад тэргүүлж байгааг шинжээчид онцолж байна.

Хуурамч эм нь зүгээр ч нэг ашиг тусаа өгдөлгүй өнгөрдөг биш бүр өвчнийг түргэсгэх аюултай. Хумхаагийн эсрэг хуурамч эм нь жинхнээсээ ялгагдахгүй ч эмчилгээний үр дүн үзүүлэхгүйн зэрэгцээ хумхаагийн паразитыг улам идэвхжүүлэн өсгөж хүнийг үхэлд хүргэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад тусгайлан байгуулсан Хуурамч эмтэй тэмцэх хэлтсийн тэргүүн доктор Валерио Режи улс орнууд, эрүүл мэндийн байгууллагуудыг хуурамч эмтэй тууштай тэмцэж, хүлээлгэх хариуцлагыг чангатгахыг уриалсан байна. Тэрээр “Дэлхийн олон оронд хуурамч зурагтай, хуурамч футболкны төлөө 10 жилийн ял өгдөг байхад, хуурамч эмийн төлөө ийм хариуцлага ногдуулж чадахгүй байна” гэж онцолжээ.

Хамгийн түгээмэл эмийг хуурамчаар үйлдвэрлэх нь хууль бус энэ наймаанд хамгийн их боломжтой, ашигтай байдаг байна. Үүний зэрэгцээ антибиотик, гормон бэлдмэлүүд бас орно.

Хуурамч эм үйлдвэрлэх, худалдаалах нь тухайн орны эдийн засгийн хүчин чадлаас ихээхэн хамааралтай гэж “Аллагын бэлтгэл: Хуурамч эмийн үйлдвэрлэл, наймааны үр дагавар” номын  зохиогч Рожер Бэйт хэлж байна.

“Баян” гэдэг хөгжилтэй орнуудад эмийн зах зээлийн нэг орчим хувийг хуурамч эм эзэлдэг, үүнийгээ интернетээр юм уу, хар зах дээр гүйлгэдэг байна. Сүүлийн үед АНУ-д хуурамч эм борлуулах сүлжээ бий болон нэр хүндтэй компанийн нэрээр худалдаалдаг болсон гэнэ. Ийм явдал бас Европын холбоонд ч дэлгэрч байгаа юм байна. Зөвхөн 2013 онд гэхэд л Европын гаалийн байгууллага 2,7 сая тун хуурамч  хураажээ.

Гэтэл ядуу орнуудад хуурамч эм нийт эмийн зах зээлийн гурван хувийг эзэлж, энэ нь бүр албан ёсоор борлуулагддаг гээд эндээ Ази, Африк, Латин америкийн орнуудад эмийн санд ийм хуурамч эм байж л байдаг гэсэн байна.
Зарим оронд бүр хуурамч эм нь нийт эмийн зах зээлд дийлэнх хувь эзэлж байгаа гээд Анголд гэхэд л 2004 онд нийт эмийн нь 70 хувь хуурамч эм байгааг жишээ болгожээ.
Бэйтийн судалгаагаар хуучин ЗХУ-ын бүрэлдхүүнд байсан орнуудад  хуурамч эм нийт эмийн зах зээлийн 20 хувийг эзэлдэг гэсэн бол ОХУ-д 10-12 хувийг эзэлдэг гэжээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр манай гаригийн улс орнуудын 20 хувь нь хуурамч эмтэй тэмцэх харьцангуй сайн хуультай гэнэ. 50 хувьд нь бол хууль тогтоомж байгаа ч энэ нь хэрэгждэггүй, үлдэх 30 хувь нь ийм хууль тогтоомж байхгүй, дөнгөж боловсруулах, хуульчлах эхлэлээ тавьж байгаа юм байна.

Хуурамч эм нь нэр хүндтэй фирмийн худалдааны тэмдэгтэй, яг л жинхэнэ юм шиг атлаа хямд байдаг нь хаа газар ижил. Харамсалтай нь дээр өгүүлсэнчлэн өвчнийг анагаах ямар ч нөлөөгүй атлаа харин ч бүр хортой байдаг.

Хуурамч эм үйлдвэрлэхэд бүхэл бүтэн сүлжээ, том үйлдвэрлэл бий болсон ч зарим тохиолдолд зүгээр л эмийн сан, тэр бүү хэл машины гараашт ч үйлдвэрлэдэг тохиолдол бий. Энэ бүхнээсээ болоод хамрах хүрээ, ашиг орлого нь янз бүр.
“Хуурамч бүтээгдхүүний наймаа, үхлийн худалдаа” номын автор Тим Филипс АНУ-ын зах зээлд жилдээ 40 орчим тэрбум долларын хуурамч эм борлуулж байна гэсэн байдаг.
Судалгааны Аюулгүй эм хүрээлэн болохоор өөр тоо хэлж АНУ-д жил бүр 200 сая долларын хуурамч эм илрүүлдэг гэсэн байна.

Судалгааны Centre for Medicines in the Public Interest төв 2010 онд манай дэлхий дээр 75 тэрбум долларын хуурамч эм наймаалж энэ нь 2005 оныхоос даруй 90 хувь өснө гэж таамаг гаргаж байжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага анхааруулж, улс орнууд ямар нэг хэмжээгээр тэмцсээр байгаа ч манай гариг дээр хуурамч эмийн үйлдвэрлэл, наймаа үргэлжилсээр, хүрээгээ тэлсээр  байна. Элдэв өвчний тархалт, дэгдэлт улам их гарах болж, хүний, өрхийн эмийн хэрэглээ өссөөр. Үүнтэй зэрэгцээд ядуурал газар авсаар байгаа нь хүмүүс  аль болох хямд бүтээгдхүүн рүү хошуурахад хүргэж байгаа. Энэ л хуурамч эм үйлдвэрлэгчид, наймаалагчдын зууш болж байгаа хэрэг.

1995 онд Нигерт менингит өвчин дэлгэрч 50 мянган хүн эмнэлэгт хэвтэн хүмүүнлэгийн тусламжаар ирсэн вакцин хийлгэсэн. Харамсалтай нь 2,5 мянган хүн амь алдсан билээ. Мөрдөн шалгалтын явцад жинхэнэ вакциныг тээвэрлэх явцад нь хуурамч вакцинаар сольсон нь илэрсэн байна.

Хүний зовлон далимдуулан ашиг хайсан хуурамч эм-хор барьсан хүн хаалгыг тань тогшоод зогсч байхыг үгүйсгэхгүй нь, та минь ээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан