Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнууд мэргэжлийн “артист”-уудын хэмжээнд өрсөлдлөө

Э.ГАНЦЭЦЭГ

Үс, гоо заслаар суралцаж буй оюутнуудын дунд зохиогддог “Алтан хайч-2016” улсын уралдаан Монголын үндэсний циркэд өчигдөр болж өнгөрлөө. Хөдөлмөрийн яам, Үйлдвэрлэл Урлалын политехник коллеж, Үсчин, гоо засалчдын холбоо хамтран зохион байгуулж  буй эл уралдаанд нийслэл болон хөдөө, орон нутагт үс, гоо заслын чиглэлээр суралцдаг 130 гаруй оюутан үс засалт, нүүр болон хумс будалтын 10 төрөлд өрсөлдсөн юм.
“Алтан хайч-2016” уралдаанаас тухайн оны үс засалт, нүүр болон хумс будалтын “трэнд”-ийг тольдож болохоос гадна Монголын үсчин, гоо сайханчдын ур чадвар ямар түвшинд явж буйг харах боломжтой. Ингээд “Алтан хайч” наадмаас хийсэн сурвалжлагыг хүргэе.


Ц.Цогзолмаа: Оролцогчид мэргэжлийн нүүр будагчийн түвшинд 3D будалт хийж байгаа

/“Алтан хайч-2016” улсын уралдааны ерөнхий шүүгч, Монголын үсчин, гоо засалчдын холбооны тэргүүн/

-“Алтан хайч-2016” улсын уралдаан 14 дэх жилдээ зохиогдож  байна. Энэ жилийн уралдааны онцлог гэвэл?
-Анхны уралдаанд цөөн тооны оролцогч оролцож байсан бол өдгөө нийслэл, хөдөө орон нутгийн мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв(МСҮТ), мэргэжлийн сургуулиудад үсчин, гоо заслын мэргэжлээр суралцаж буй 130 гаруй оюутан оролцож байна. Энэ жил 12 аймгаас үсчин, гоо засалчийн мэргэжлийн ангид суралцдаг оюутнууд ирсэн. Өнгөрсөн жил Бразил улсын Сан-Пауло хотод зохиогдсон “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д манай залуус амжилттай оролцсон байгаа. Энэ нь шинэ залуу гарч ирж байгаа залуусын ур чадвар хэрхэн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.  Сүүлийн жилүүдэд үс засалтын дэлхийн болоод бүсийн хэмжээний томоохон тэмцээн, уралдаан хүний үс гэхээс илүүтэй маникан толгой дээр хийгддэг болсон. Өнөөдрийн уралдаан энэ жишгээр явагдаж байна. Энэ жил “Дэлхийн ур чадварын  тэмцээн”-д тавигддаг шаардлага, стандартын дагуу эрэгтэй, эмэгтэй үс засалт, нүүр болон хумс будалтын төрлөөр МСҮТ болон мэргэжлийн сургуулийн нэг, хоёрдугаар ангид суралцаж байгаа оюутнууд хоёр шаттай өрсөлдөж байна.

-Шалгуур өндөр байгаа юм байна. Оролцогчдын гүйцэтгэл хэр байна вэ?  Мэдээж мэргэжлийн үсчин, гоо засалчтай адилтгаж болохгүй байх.
-Тийм шүү. Оролцогчид мэргэжлийнхээ чиглэлээр анхлан болон хоёрдугаар ангид суралцаж байгаа хүүхдүүд. Тийм болоод ч тэрүү хүүхдүүдийн авьяас, ур чадварыг маш их шаардаж байгаа нь харагдаж байна. Оролцогчдод ямар даалгавар ирэхийг урьдчилан мэдэгдээгүй. Оролцогч бүрт нэг зураг өгч, тухайн төрөлд оролцогч тэр зурагтай адилхан нүүр болон хумс будалт, үс засалтыг 50 минутад хийж гүйцэтгэх ёстой. Цагтаа амжаагүй зарим нэг хүүхдийг эс тооцвол оролцогчдын гүйцэтгэл, ур чадвар сайн байна. Нүүр будалтын хувьд гэхэд мэргэжлийн артист хүртэл гүйцэтгэхэд хэцүү 3D нүүр будалтыг гүйцэтгэж байгаа. Үс засалтын долоо, нүүр будалтын хоёр, маникюрийн нэг төрөлд үс, гоо заслын ангийн оюутнууд өрсөлдөж байна. Маникюрийн төрөлд өрсөлдөж байгаа оюутнууд дөрвөн цагийн турш ажилладаг болохоор ганц төрөлтэй байгаа.

-Үс, гоо заслаар суралцаж бай­гаа хүүхэд, залууст энэ урал­даан маш их боломж олгодог. Аж­­лын байр бэлэн гэж ойлгодог шүү?
-Манай уралдааны зорилго тэр. Шинэ залуу гарч ирж байгаа залуусаа дэмжих. Уралдааны шагналт байранд орсон хүүхэд залуус 2017 онд Арабын Нэгдсэн Эмират улсад болох “Дэлхийн ур чадварын тэмцээн”-д оролцоно. Мөн бүсийн олон тэмцээн уралдаанд оролцох эрх хүлээж байгаа. “Алтан хайч” уралдааны ялагч төдийгүй уралдаанд оролцогчдыг ажлын байр бэлэн хүлээж байдаг. Монголын томоохон салонуудын мэргэжлийн, мастер үсчид тэмцээнийг шүүдэг болохоор шүүгчид боловсон хүчнээ энэ уралдаанаас олдог гэж болно. Мөн уралдаанд оролцогчдоос шилдгүүдийг бүрдүүлж, салон байгуулах талаар ярилцаж байна. Тэгэхээр залууст маш том боломжийг нээж өгч байгаа хэрэг.


Н.Оюундалай: Хагас дугуй хэлбэрийн хумсны засалт эргэн ирнэ

/”Алтан хайч-2016” улсын уралдааны хумс засалт төрлийн шүүгч, “Onno” салоны артист/

Уралдааны үеэр шүүгчдээс энэ жилийн нүүр болон хумс будалтын “трэнд” ямар байх талаар сонирхсон юм. Шүүгчээр “Hurlee’s salon”-ны захирал, мастер үсчин Ц.Хүрэлбаатар, Малайзын Куала-Лампур хотод зохиогдсон Олон улсын үсчин, гоо засалчдын тэмцээнээс хос алтан медаль хүртсэн “Хос шагай” салоны мастер үсчин Н.Алтаншагай, Солонгосын Сөүл хотод зохиогдсон үсчин, гоо засалчдын дэлхийн аварга шалгаруулах “OMC Hair world 2016” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн “Onno” салоны артист Н.Оюундалай, мөн тус тэмцээний үс засалтын төрөлд аваргалсан “Vidal” салоны үсчин С.Мөнхнасан гээд Монголын шилдэг үсчин, гоо сайханчид ажиллаж байгаа юм.

-Мэргэжлийн хүмүүстэй уулзсаных энэ жилийн хумс будалтын “трэнд” ямар байх талаар сонирхмоор байна?
-Хумс будалтын трэнд өнгө гэвэл шаргал, тод өнгөнүүд байх болов уу. Хумсны үндсэн хэлбэр гэдэг хагас дугуй хэлбэрийн хумс эргэн “мода”-нд орж байна. Өнгөрсөн жил хумсны шигтгээ, наалт нэлээд дэлгэрсэн. Энэ жил үүнээс татгалзаж байгаа. Илүү натурал будалтууд зонхилно. Харин шилэн, гелэн хумс хэзээд бүсгүйчүүдийн нэг номерын сонголт байсаар  байх нь. Будалтын хувьд товгор хээ, гялтгар болж ирж байгаа. Дэлхийн чиг хандлага ийм байгаа. Байгалийн чулууг санагдуулам уусалттай будалтууд энэ жилийн трэнд гэдгийг дэлхийн загварын чиг хандлагыг тодорхойлдог артистууд хэлж байгаа. 

-Нүүр будалтын хувьд ямар байх бол?
-Сүүлийн жилүүдэд артистууд натурал будалтыг илүүд үзэх болж. Мөн шохойн өнгө. Далайн хясаа, замаг, од гээд далайн цэнгэг усыг  санагдуулам ногоон, цэнхэр өнгийн уусалттай нүдний будалт энэ зуны трэнд. Мөн хар гэхээс илүүтэй өнгө, өнгийн контурыг артистууд санал болгож байгаа.
Нүд, уруул гээд ер нь л уусгалттай буюу омбре будалт түрж орж ирж байна. Нүүр будалтанд уруулын будаг их хүч нэмэх болсон. Тиймээс өөрийн арьсны өнгө, уруулын хэлбэрт тохируулан уруулын будгаар тоглолт хийхийг зөвлөе.


Б.Батбаяр: Даалгаврынхаа 80 хувийг гүйцэтгэлээ

/Үйлдвэрлэл Урлалын политехник коллежийн үс засалтын 1в ангийн оюутан, “Алтан хайч-2016” улсын уралдааны эрэгтэй үс засалтын “Hairtattoo” төрөлд оролцогч/

-Оролцсон төрлийнхөө талаар тайлбар өгөөч?  
-Үсэн дээр хээ гаргадаг гэх үү дээ. Оролцогчдод нэг, нэг зураг өгсөн. Тэр зурагтай ижил засалт хийж гүйцэтгэх ёстой. Миний хувьд даалгаврынхаа 80 хувийг гүйцэтгэсэн гэж бодож байна. Анх удаа оролцож байгаа болохоор маш их сандарлаа. Уусгалттай будалт хийх гэж хичээсэн. Эрэгтэй үс засалтын “Hairtattoo” төрөл хүний үсэн дээр ажилладаг учраас давуу талтай байлаа. Учир нь бэлтгэлээ хүний үсэн дээр хийсэн болохоор даалгавраа гүйцэтгэхэд дөхөм байсан.


В.Цэнд-Аюуш: Орчин үеийн чөлөөт засалт хийх гэж хичээлээ

/Архангай аймгийн мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн үсчний хоёрдугаар ангийн оюутан, эрэгтэй үс засалтын “Creative” төрөлд оролцогч/

-Эрэгтэй үс засалтын бүтээлч буюу өөрийн уран сэтгэмжээр зохиомжилж, үс засах төрөлд оролцлоо. Бүтээлээрээ юу харуулахыг зорив?
-Энэ  уралдаанд анх удаа оролцож байна. Тайзан дээр маш их сандарсан. Үзүүлье гэснээ үзүүлж чадсангүй. Энэ төрөл маникан толгой дээр засалт хийдгээрээ онцлогтой. Үсний угаас ягаан, хөх, ногоон өнгөнүүдийг уусгаж өгсөн. Орчин үеийн чөлөөт засалт хийх гэж хичээсэн. Ингэхдээ хайрцаглаж, хээ гаргаж өгсөн. Үсийг хэлбэрт оруулж сэнсдэхдээ гайгүй гаршиж байгаа. Тиймээс хэлбэр оруулалт дээр гайгүй оноо авах байх гэж найдаж байна.


Н.Алтаншагай: Оролцогчдын ур чадвар, техник сайжирсан байна

/“Хос шагай” салоны мастер үсчин, “Алтан хайч” улсын уралдааны эрэгтэй үс засалтын шүүгч/

-“Алтан хайч” улсын уралдаан 14 дэх  жилдээ зохиогдож байна. Оролцогчдын ур чадвар хэр дээшилсэн байх юм?
-Миний бие энэ уралдааныг тав дахь жилдээ шүүж байна. Оролцогчдын мэргэжлийн ур чадвар, техник ажиллагаа сайжирсан байна. “Алтан хайч” уралдаан энэ жил “Дэлхийн ур чадварын тэмцээн”-ий шалгуураар явагдаж байгаа. Тиймээс оролцогчид мэргэжлийн үсчин, гоо засалчдын хэмжээнд өрсөлдөж байгаа гэж болно. Тиймээс үс, гоо заслын чиглэлээр суралцаж байгаа оюутнууд дэлхийн хэмжээний техникийг эзэмшиж байна гэсэн үг. Мэргэжлийн үсчид салоны засалт хийж чаддаг. Тиймээс уралдаанд оролцогчдыг мэргэжлийн салонууд ажиллуулахдаа дуртай байдаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан