Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн бүхий л мэдээллийг хүссэн иргэн бүр нээлттэй харж болно

Н.БАТ

Манай улс Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагад 2006 оноос нэгдэн, төр компани иргэний нийгмийн тэнцүү төлөөлөл бүхий Үндэсний зөвлөл, Ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа билээ. ОҮИТБС гэдэг нь “Байгалийн баялгаас олж буй орлого, салбарын суурь мэдээллийг олон нийтэд ил тод болгосноор түүнийг нийтийн сайн сайхны төлөө зөв захиран зарцуулахад оролцогч талуудын хариуцлагыг өндөржүүлэх, сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн төр хувийн хувшил, иргэний нийгмийн тэгш оролцоо бүхий дэлхий нийтийн түншлэл” хэмээн олон улсад тайлбарласан байдаг.

Энэ санаачлагад  дэлхийн 50 гаруй улс нэгдсэн байдаг юм. Товчоор хэлбэл ОҮИТБС нь нэг талаас олборлох үйлдвэрлэл эрхлэгч компаниуд төлснөө тайлагнана, нөгөө  талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнана. Хоёр талаас ирүүлсэн тайланг хараат бус хянагч, нэгтгэгч тулган баталгаажуулалт хийн, аудитаар баталгаажсан нэгдсэн тайлан гаргаж түүнийг олон нийтэд ил тод болгох үйл ажиллагаа  явуулдаг. Манай улс 10 жилийн хугацаанд  давхардсан тоогоор ашигт малтмал, газрын тос, ураны 4701 аж ахуйн нэгж улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татвар, төлбөр, хандив дэмжлэгийн мэдээллээ ил тод болгосон бол Засгийн газраас 6858 аж ахуйн нэгжээс хүлээн авсан орлогоо тайлагнасан гэнэ. Мэдээж 9 удаагийн энэ их тайланг хэвлэн олон нийтийн хүртээл болгосон бөгөөд цаасан байдлаар тайлагнахын тулд маш их материал цуглуулах, хугацаа алдах, техникийн алдаа гарах, мэдээллийн ач холбогдол хүртээмж нь буурах зэрэг  эрсдэлүүд гарсаар байсан юм. Тиймээс Европын сэргээн босголт хөгжлийн банкны санхүүгийн дэмжлэгтэйгээр Адам Смит интернэйшнл хүрээлэнгийн техникийн туслалцаатайгаар Монголын Интерактив ХХК-тай хамтран “Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын цахим тайлагналын системийг нэвтрүүлэх” төслийг хоёр жилийн хугацаанд хийсэн аж.

www.eitimongolia.mn  сайтаас та уул уурхайн сал­бар­­тай холбоотой маш олон төрлийн мэдээллийг сонирхолтой хэлбэрээр харж болох юм. Тухайлбал тусгай зөвшөөрөл, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, борлуулалт, төлсөн татвар төлбөр, хандив дэмжлэг зэрэг олон мэдээллийг нэг дор төвлөрүүлж чадсан байна.  Хэн ч, хаана байгаагаас үл хамааран мэдээлэл авч болох учраас олборлох үйлдвэрлэлийн олон мэдээлэл ил тод, шилэн болж чадсан нь бүх хүний цаг хүч хөдөлмөрийг хэмнэх юм.

Төрийн байгууллага компа­ниас илгээсэн мэдээллийг нэгд­сэн санд төвлөрүүлээд төрөл бүрийн хэлбэрээр хүссэн иргэн, аж ахуйн нэгжид хүргэдэг болжээ гэсэн үг.
Энэхүү мэдээллийн санд хүчин төгөлдөр байгаа бүх лиценз, газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээнүүд, хэзээ хаана олгогдсон, ямар компани эзэмшиж байгаа, тусгай зөвшөөрөл ёсоор ямар бүтээгдэхүүн олборлож, ямар үнээр борлуулж, ямар орлого олоод, хэдий хэмжээний татвар төлсөн бэ, орон нутагт ямар хандив тусламж үзүүлэв, байгаль орчныг нөхөн сэргээх, хамгаалах ажилд ямар зардал гаргав гэх зэрэг бүхий л мэдээллийг олон янзын хэлбэрээр авч болох юм. Мэдээллийн санг бүрдүүлэхэд уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниас тодорхой орлого авдаг 50 орчим төрийн байгууллага, лиценз эзэмшдэг 2000 орчим компани, хоёр талаас ирсэн тайланг нэгтгэдэг тулган баталгаажуулагч, мэдээллийг хүлээж авдаг орон нутгийн иргэд, төрийн бус байгууллага, мөн системийн удирдагч гэж байна.

50 гаруй орноос ийм системийг буй болгосон хамгийн анхны орон нь Монгол болжээ. Бусад орны хувьд тайлангаа хүлээж аваад нэгдсэн байдлаар хүргэдэг систем байхгүй гэнэ. Зөвхөн ил тод болсон мэдээллээ хүртээмжтэй болгох систем  гэнэ.

Төслийн санхүүжүүлэгч Европын сэргээн босголт хөгж­лийн банкны төлөөлөгч Пол Моффат “ЕСБХБ нь ил тод байдлын санаачилгын хүрээнд бий болсон энэ олон мэдээллийн практик хэрэглээнд шилжүүлэхэд дэмжлэг үзүүлсэндээ баяртай байгаа. Бид ОҮИТБС-ын цуглуулсан мэдээллийг үр ашигтай, ил тод байдлаар хэрэгцээтэй хүмүүст нь хүргэх тэр боломжийг бүрдүүлж, аль болох мэдээллээ хялбар авах зорилготой үйл ажиллагаа учраас дэмжсэн. Мэдээлэл нээлттэй байснаараа ил тод байдлыг хангах боломжтой болдог. Монгол Улсад хамгийн анх энэ санаачлагын хүрээнд тайлан гаргасан аж ахуйн нэгжийн тоо маш цөөхөн байсан. Гэтэл хамгийн сүүлийн мэдээгээр 2015 онд 1100 компани тайлан гаргасан байсан. Азербайжаны  хувьд 36 компани тайлан гаргасан байдаг.  Шинээр нэгдэж орсон АНУ, Английн компаниуд 2014 онд АНУ-гаас 160 компани, Англиас 213 компани тайлан гаргана гэсэн мэдээлэл гарсан бий гээд тооцохоор Монгол Улсын хийж байгаа ажлын хэмжээ 5-6 дахин илүү байгаа ба өргөн цар хүрээг хамарчээ” хэмээн онцлон хэлсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан