Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ онд дэлхийн улс төрд жендерийн эргэлт гарч мэднэ


Энэ 21-ний пүрэв гарагт Их Британийн хатан хаан Елизавете II-ын  90 насны сүүдэр тохиолоо. Тэрээр 1953 онд өөрийн эцэг Георга VI-ийг нас бармагц хаан ширээнд заларснаас хойш 63 жил болж британийн түүхэнд хамгийн удаан төр барьж байгаа хүн болж байна. Нөгөө талаар тэрээр өнөөдөр төр тэргүүлж байгаа эмэгтэйчүүдээс хамгийн өндөр настай нь юм.

Энэ 2016 оны эхнээс дэлхийн улс төрд эмэгтэйчүүд багагүй амжилт олж эхэлсэн.
Тайваньд анх удаа Цай Инвэнь гэдэг банзалтай ерөнхийлөгч гарч ирсэн бол бөмбөрцгийн нөгөө хагаст Перуд ерөнхийлөгч асны охин Кейко Фухимори төрийн тэргүүний сонгуулийн нэгдүгээр шатанд ялж байлаа.
Энэ жил бас НҮБ-ын тэргүүн нь анх удаа эмэгтэй хүн болж магадгүй байна. Хамгийн магадлалтай гэж нэр дэвшээд байгаа найман хүний тал нь эмэгтэй хүн байгаагаас тэр.

Манай гаригийн хамгийн том гүрэн АНУ-ыг бас анх удаа эмэгтэй хүн тэргүүлж мадагүй болоод байна. Олон ажиглагч Хилари Клинтоныг Цагаан ордны эзэн болох магадлал өндөр гэж харж байна.

Америкт эмэгтэйчүүд өөр байр сууринд ирж байгааг АНУ-ын Сангийн яам шинэ 20 долларын дэвсгэрт дээрээ эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Гарриет Табмены хөргийг залах шийдвэр гаргаснаас харж болно. Цаашдаа магадгүй 5, 10 долларын дэвсгэрт дээр эмэгтэй хүний зураг тавих бололтой.

Ер нь манай дэлхийн 10 орны нэг нь эмэгтэй ерөнхийлөгч юм уу, ерөнхий сайдтай байжээ. 2016 оны дөрөвдүгээр сарын байдлаар төрийн тэргүүн эмэгтэй 21 байгаагийн 15 нь ерөнхийлөгч байна. Тэдний долоо нь Европт, гурав нь Африкт, Ази, Өмнөд Америкт тус бүр хоёр, нэг нь Австрали далайн оронд байна.
Түүхээс үзвэл эртний Египетэд таван эмэгтэй фараон, хаан байсан бол Хятад, Япон, бсуда орнуудад  эмэгтэй хүн төр барьж байсан түүх байна. 


Эмэгтэйчүүд төр барьж байсан түүх ХХ зуунд харин цөөн. 1953 онд Сүхбаатарын Янжмаа Монголд удирдагч болж байлаа. Гэхдээ тэрээр ерөнхийлөгч байсангүй, Ардын их хурлын дарга байсан.




Харин 1974 онд Азабель Перон Аргентин улсын ерөнхийлөгч болж байсан.

Засгийн газрын тэргүүн болсон анхны эмэгтэй бол Цейлоны Сиривамо Бандаранайка. Түүний нам  1960 оны долдугаар сард парламентын сонгуульд ялж, тэрээр ерөнхий сайд болсноор сайд нарын танхимыг таван жил   тэргүүлсэн.

Эмэгтэйчүүд төр засгийн өндөр албан тушаал хашихад эрчүүдийг бодвол тэд илүү уян хатан байдаг нь садаа болдог гэсэн таамаг бий.

 Гэтэл эрчүүдээс илүү эрс, шийдэмгий эмэгтэй төр засгийн тэргүүн байсан жишээ бас байна. 1969-1974 онд Израилийн Ерөнхий сайд байсан Голда Меир эрс  шийдэмгий, хатуу зарчимч хүн байснаараа “засгийн газрын цор ганц эрэгтэй” гэдэг нэр авсан.

Хатуу зарчимч чанартай өөр нэг удирдагч бол английн ерөнхий сайд байсан Баронесса Маргарет Тэтчер. Иймдээ ч вискинд дуртай байсан энэ эмэгтэй “Төмөр хатагтай” хэмээн мөнхөрсөн.

Төр засгийн эмэгтэй удирдагчдын тухай ярихад Германы канцлер Ангела Меркелийг дурдахгүй өнгөрч болохгүй. Хатуу зарчимч, шийдэмгий, манай гаригийн хамгийн нөлөө бүхий улстөрч энэ эмэгтэй Германы канцлераар хоёрдахь арван жилдээ ажиллаж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан