Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Салхинд алгадуулж, шуурганд нүдүүлж” олсон мөнгөө тэд гэр бүлдээ зарцуулдаг

Э.ГАНЦЭЦЭГ

...Ч.Энхням хүү 12 настай. Аав, ээж, ах, дүүгийн хамт ам бүл наймуулаа амьдардаг. Хүүгээс гэрийн хаягийг нь асуухад “зээл”-д байдаг хэмээн хариулсан юм. Эрээн хотын зээл биш бол хүүгийн “ажлын байр” болох Улаанчулуутын хогийн цэгийн ойролцоо амьдардаг газраа тэд ийн нэрийддэг байх гэж таамаглав. Хүү Улаанчулуутын хогийн цэг дээр гурван жил “ажиллаж” байгаа аж. Хогийн машинаас бусдаас түрүүлж хуванцар сав ангилан авах гэж яарахдаа аль байдгаараа гүйдэг тухайгаа хэлэв. Хүү өглөөний 10-11 цагийн үед ажилдаа гарч, 17-18 цаг хүртэл өдөрт 6-8 цаг ажиллаад 20 мянган төгрөг олдог аж. Олсон мөнгөөрөө тав болон есөн настай хоёр дүүдээ идэх юм авч өгдөг гэнэ. Хүүгээс аав, ээж, гурван ах нь юу хийдэг талаар асуухад “Аав, ээж ажил хийдэг. Ах нар барилга дээр ажилладаг” гэснээс өөр олигтой үг амнаасаа унагасангүй. Хүүгээс ирээдүйд хэн болох, хүсэл мөрөөдлийнх нь талаар сонирхоход “мэдэхгүй” гээд нүүр буруулсан юм. Асуух зүйл олон байсан ч ингэсгээд бид яриагаа өндөрлүүллээ. Хүүтэй ярилцсаны дараагаар цовоо цолгиун, бор хүү нүдэнд туссан нь Н.Нармандах. Хүү 11 настай. Хурдан морь унаад хоёр жил болж байгаа аж. Хүүгээс хурдан морь унах ямар байдаг талаар асуухад “Морь унах дуртай ч, хурдан морь унаад уралдах хэцүү байдаг. Морь халиурахаас эхлээд том ах нар дээрэлхдэг. Уралдаж байх үед урт ташууртай нь ташуурдах гээд байдаг юм. Нэг уралдаанд оролцоод 400-500 мянган төгрөг авдаг. Ээж, аав хурдан морь унахыг зөвшөөрдөг” гэлээ. Азаар хүү бэртэж, гэмтэж байгаагүй аж. Дараагийн ярилцсан хүү бол хичээлийнхээ хажуугаар техникийн зах дээр машин засдаг С.Хосбаяр. Тэрээр 55 дугаар сургуулийн 9г ангид сурдаг. Энэ жил хүүгийн хи­чээл өглөө орж байгаа болохоор өдрийн цагт нь ажиллаж байгаа гэнэ. Хүү аав, ээж, ахын хамт амьдардаг. 15 настай ч “ажилчин” бо­лоод таван жил болжээ. 10 настайгаасаа гуанзанд ажил­лаж, аяга, таваг угаадаг байсан бол өдгөө техникийн зах дээр машин засдаг болж. Хүүгээс ажил хийх ямар байдаг талаар асуусанд “Өвлийн улиралд л хэцүү байдаг. Гадаа ажилладаг болохоор их даардаг. Өглөө нь хичээлдээ яваад өдөр нь ажилладаг.

Өдөрт дунджаар 20 мянган төгрөг олдог. Олсон мөнгөнийхөө талыг гэртээ, талыг нь өөртөө зориулдаг”. Заавал ажил хийх шаардлага байна уу. Чиний үеийнхэн чөлөөт цагаараа ихэвчлэн тоглож, нааддаг шүү дээ гэхэд “Гэртээ хийх юмгүй суугаад байхаар сонин санагдаад байдаг юм. Би өөрөө ажил хийх дуртай” гэв. Хурдан морины нэг уралдаанд оролцохдоо А.Отгонболд хүү 300-400 мянган төгрөг авдаг. Салхинд алгадуулж, шуурганд нүдүүлж, бас болоогүй унаж, бэртэн байж олсон мөнгөө хүү гэр бүлдээ зарцуулдаг. Гэтэл морь унаад зургаан жил болж байгаа хүү “Хурдан морь унахад нэг их хэцүү зүйл байдаггүй. Мориноос олон удаа унасан ч шальтай бэртэж байгаагүй” хэмээн хээвнэг ярьсан юм. Хүүхдүүдийн ярианд үнэлэлт, дүгнэлт өгөхийг хүссэнгүй. Харин мэргэн уншигч та нэгийг бодож, хоёрыг тунгаана биз ээ. “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр”-ийг угтсан “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” аяны хүрээнд ажил, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүд Хөдөлмөрийн сайдын урилгаар Монголын хүүхдийн ордонд цуглаж, тэдний төлөөлөлтэй ярилцсан нь энэ.

Өдгөө манай улсад 100 мянга орчим хүүхэд ямар нэгэн байдлаар хөдөлмөр эрхэлж байгаагаас 10 мянга гаруй хүүхэд хүнд, хортой нөхцөлд хөдөлмөр эрхэлж байна. Энэ нь 10 мянга гаруй хүүхэд бичил уурхайд гар аргаар алт олборлож, барилга дээр барилгын хог, тоосго, цемент зөөх гэх зэргээр жаахан бие, турьхан гарандаа ахадсан ажил, хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Гэхдээ эл судалгааг 2011-2012 онд 5-17 настай хүүхдүүдийн дунд явуулжээ.  Харамсалтай нь, үүнээс хойш энэ төрлийн судалгаа хийгдээгүй байна.

Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудалд Монгол гэлтгүй дэлхий нийт анхаарлаа хандуулж, хүүхдийн эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд гарц, шийдэл эрэлхийлж байгаа ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа юм. 2002 онд Олон улсын Хөдөлмөрийн байгууллага(ОУХБ)-аас жил бүрийн зургадугаар сарын 12-ны өдрийг “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр” болгон тэмдэглэх уриалга гаргаж, Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан. Манай улс ОУХБ-ын гишүүн орны хувьд уг зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж, “Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг” хоёр сарын аяныг өчигдрөөс эхлүүлэв.

“Хүүхдийн хөдөлмөрийг таслан зогсооё. Энэ бол хүн бүрт хамаатай” уриан дор явагдаж буй энэ жилийн аянд Хөдөлмөрийн яам, Хуульзүйн яам, Эрүүл мэнд спортын яам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүний Эрхийн Үндэсний комисс гээд хүүхдийн эрхийн төлөө ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн, цаашид Монгол Улсын хэмжээнд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг таслан зогсоох, шийдвэр гаргагчдад хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн дуу хоолойг хүргэх, ажил олгогч, иргэд, олон нийтэд хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар ойлголт мэдээлэл өгөх зорилготой.
Аяны нээлтийн үйл ажиллагааны үеэр холбогдох албаны хүмүүсээс дараахь тодруулгыг авлаа.

Г.Баярсайхан: Хүүхдүүдийг сургуулийн орчинд ойртуулах гээд нөлөөллийн ажил хийж байна

/УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн сайд/

-Насанд хүрээгүй хүүхэд хөдөлмөр эрхлэх нь хэвийн үзэгдэл болж. Энэ асуудалд Хөдөлмөрийн яам хэрхэн анхаарал хандуулж, ажиллаж байна вэ?
-Мэдээж яамны зүгээс анхаарч ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд энэ асуудалд багагүй анхаарч ирсэн. ОУХБ-ын гишүүн орнууд 2016 он гэхэд хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах зорилт тавьсан. Зорилтдоо хүрэхийн тулд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх шаардлагатайг сануулах зорилгоор энэхүү өдрийг жил бүр тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улс энэ зорилтыг биелүүлэхийн тулд бүх түвшинд илүү их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.
ОУХБ-ын Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэ­­рүүдийг устгах тухай 182 дугаар конвенцийг үндэслэн хүүх­дийн хөдөлмөрийн тэв­чиш­­­­гүй хэлбэрийг хориглох, хязгаарлах, түүнтэй тэмцэх үйл ажиллагааг бүхий л салбарт эрчимжүүлэх, мэргэж­лийн туслалцаа үзүүлж ажиллахыг төрийн бүх шатны байгууллага, олон улсын болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, урлаг, шашин, харилцагч, түнш аж ахуйн нэгж байгууллага, нийт иргэдэд уриалмаар байна. Хөдөлмөрийн сайдын 2016 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийн А/36 тоот тушаалаар “Насанд хүрээгүй хүнийг ажил­луулахыг хориглосон аж­лын байрны жагсаалт”-ыг шинэчлэн баталсан. Ингэснээр хүүхдийг хөдөө аж ахуй, уул уурхай, барилга, боловсруулах үйлдвэр гээд хэд хэдэн салбарт ажиллах, ажиллуулахыг хориглосон. Хамгийн энгийн жишээ хэлэхэд, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэл буюу өвөл, хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулах, хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон. Түүнчлэн ажил, хөдөлмөр эрхэлж буй хүүхдүүдийн эцэг эхтэй уулзах, тухайн хүүхдийг сургуулийн орчинд ойртуулах гээд нөлөөллийн ажлууд хийж байна.

Ц.Баттуяа: 200 гаруй хүүхэд барилга дээр ажиллаж байсан

/Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн эсрэг үндэсний сүлжээний зохицуулагч/

-Үндэсний статистикийн хорооны 2011-2012 онд 5-17 настай хүүхдүүдийн дунд явуулсан “Хүүхдийн хөдөлмөрийн үндэсний түүвэр судалгаа”-нд  100 орчим мянган хүүхэд ажил, хөдөлмөр эрхэлдэг тухай дурдсан байна. Үүнээс өөр хийгдсэн судалгаа бий юу?
-Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн талаарх нэгдсэн судалгаа 2012 оноос өдийг хүртэл хийгдээгүй. Өнгөрсөн онд манай байгууллагаас “Хаврын морин уралдаан ба хүүхдийн эрх” судалгааг нийслэлийн есөн дүүрэгт явуулж, 200 гаруй хүүхэд барилга дээр ажиллаж байсныг илрүүлсэн. “Насанд хүрээгүй хүн ажиллуулахыг хориглосон ажлын байрны жагсаалт” шинэчлэгдсэнээр хүүхдийг хурдан морь унуулах, барилгын салбарт ажиллуулахыг хориглосон. Мөн охидыг оройн цагаар массажинд ажиллах, айлын гэрт байрлаж мал маллах, тоосго зөөх, цохих, нүх ухах гэх мэт хүнд, хортой ажил, хөдөлмөр эрхлүүлэхийг хориглосон. Гол нь эдгээрийг ажил олгогч болон эцэг, эхчүүд мөрдөх хэрэгтэй байгаа юм. Манай байгууллагын зүгээс хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

0 Сэтгэгдэл
хүүхдийн талаар бичихдээ нэрийг нь товчилж, сургууль ангийг нь бүр бичихгүй байвал зүгээр байна. энэ магадгүй тэдний нэр төртэй ч холбоотой шүү
Хамгийн их уншсан