Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр байнгын хороо ҮХЦ-ийн шийдвэрийг дэмжлээ

Б.ШИРНЭН

Сонгуулийн тухай хуульд заасан пропорциональ буюу хувь тэнцүүлэх заалт нь Үндсэн Хуультай зөрчилдсөн тул Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээр түдгэлзээд байгаа билээ. Сөрөг хүчний бүлгээс дэмжлэг авах нь тодорхой болсон Цэцийн шийдвэрийг эрх баригч намынхан бүрэн дэмжихгүй ч өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар дэмжигдлээ.
Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байх үеэр Р.Гончигдорж гишүүн санал өгөхөөс татгалзаж, картаа сугалсан юм. Тэрээр шалтгаанаа “”Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна” гэсэн Үндсэн хуулийн заалт бий. Гэтэл энэ асуудлыг 2012 онд хэлэлцээд ҮХЦ эцсийн шийдвэрээ гаргасан. Тиймээс би Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд санал хураалтад оролцох боломжгүй гэдгээ мэдэгдэж байна” гэж тайлбарласан юм. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр О.Баасанхүү, Х.Тэмүүжин нарын хуульч гишүүд Р.Гончигдоржтой адил хууль зүйн үндэслэл хэлж байлаа. Харин эмэгтэй гишүүдийн төлөөллөөс М.Батчимэг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралд суусан бөгөөд пропорциональ тогтолцоог халснаар, эмэгтэйчүүд сонгогдох магадлал буурна, намын жагсаалтын ард нуугдаж, УИХ-ын гишүүн болдог гэсэн нийгмийн шүүмжлэлийг өөр байдлаар засч, залруулж болно гэж үзэж байв. Харин дэмжиж байгаа гишүүд байр, сууриа төдийлөн илэрхийлсэнгүй.


Д.Лүндээжанцан: Ухралт боллоо

Үндсэн хууль тогтоогчид Үндсэн хуулийн 22 дугаар зүйлийг батлахдаа хүнийг сонгоно гэж бодож баталсан гэх ойлголтыг Үндсэн хуулийн цэц гаргасан. Өөрөөр хэлбэл, 1991 оны аравдугаар сарын 15-ны өдөр Улсын Бага хурал дээр Үндсэн хуулийн 22 дугаар зүйл заалтыг Ардын Их Хурал руу оруулах гэж байхад тухайн үеийн Бага хурлын гишүүн Улаанхүү холимог тогтолцоотой байх талаар санал оруулсан. Харин санал нь олонхийн дэмжлэг аваагүй уначихсан байгаа юм. Тэр нь Ардын Их хурлаар хэлэлцэгдэх үед гишүүдийн тоон дээр маргаад, хүн шууд сонгоно гэдэг утгаар нь саналаа хэлээд явсан юм билээ. Энэ түүхэн тайлбарыг үндэслээд Үндсэн хууль тогтоогчид хүнийг сонгохоор Үндсэн хуулийг баталжээ гэж үзсэн. Гэхдээ би Үндсэн хуулийн цэцийн шийдвэр ухралт боллоо гэж үзэж байна. Цаашид Үндсэн хуулийн шинэчлэлийн асуудал, иргэдийн санал гээгдэх, эмэгтэйчүүдийн квотын асуудал зэргийг бодолцох хэрэгтэй.

М.Батчимэг: Дэлхий нийт пропорциональ тогтолцоог сонгож байна

Аль болохоор нийгмийн санаа бодлын тусгал болдог хувь тэнцүүлсэн тогтолцоогоо намууд ярьж байгаад Сонгуулийн хуульд оруулсан. Одоо хувь тэнцүүлсэн тогтолцоо байхгүй болохоор жижиг намуудад хүнд, Монголын хүн амын 51 хувийн төлөөлөл болж байгаа эмэгтэйчүүд УИХ-д орж ирэх үүд хаалга нээгдэх биш хаагдлаа гэж харж байна. Дэлхий нийт хувь тэнцүүлсэн тогтолцоо руу явж байгаа юм билээ. Ардчилсан 79 орныг сонгож үзэхэд, 52 орон цэвэр хувь тэнцүүлсэн тогтолцоотой, 10 орон манайх шиг холимог, 17 орон мажоритар системээр үлдсэн байна. Энэ нь, олонхийн ардчиллаас зөвшилцлийн ардчилал руу явж байгааг харуулж байна. Уг нь, намын жагсаалтыг нээлттэй болгоод хүмүүсийн нэр дээр иргэд давхар санал өгөх боломжтой болгосон олон орон байдаг. Үүнийг шийдээд явах боломж байгаа.

Л.Цог: Цэцийн шийдвэр зөв байсан

Би 1990 оноос хойш парламентад явлаа. Үндсэн хуулиа яс мөрдөхгүй бол нийгмийн амьдрал дампуурдаг юм. Бидний баталсан 1992 оны хууль яах аргагүй УИХ-ын 76 гишүүнийг шууд сонгоно гэсэн заалттай. Буруу ч бай, зөв ч бай хүчингүй болтол нь хуулийг мөрдөх л ёстой. Буруу бол харин өөрчилж болно. Цэц зөв шийдвэр гаргасан гэж бодож байгаа.

Р.Гончигдорж: Цэцийн шийдвэрийг ярих ёсгүй

2012 онд Сонгуулийн хуулийг баталж гаргахад Үндсэн хуулийн цэцэд маргаан үүсгэсэн. Нэгдүгээрт нь, тойрогт дэвшээд тойрогтоо ялаагүй ч гэсэн намын жагсаалтаар  рейтингээрээ гулсаж орж ирэх. Нөгөөх нь, намын жагсаалтаар 28 гишүүн сонгох асуудал. Энэ хоёр асуудлаар Цэцэд маргаан үүссэн. “Гулсах” асуудал Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн бол жагсаалтын 28 зөрчөөгүй гэж үзсэн. Үндсэн хуулийн цэцийг шүүх гэдэг. Эцсийн шийдвэр гаргадаг учраас тэр. Гэтэл шүүх нэг асуудлаар хоёр шийдвэр гаргадаггүй. Тэр тусмаа хоёр өөр. Тиймээс Үндсэн хуулийн шийдвэр гэхээс илүү, Цэц яагаад энэ асуудлыг хэлэлцсэн бэ, гэдгийг л ярих ёстой юм. Энэ хуралдааныг хуулийн дагуу гэж үзэх ёсгүй.
 
С.Дэмбэрэл: Логик утгаараа би хууль бус гишүүн болчихлоо

Дэлхийн улс орнууд намын жагсаалтыг шууд сонгох нэг хэлбэр гэж үзээд бүх хуульдаа тусгасан байна. Тэдгээр улсын Үндсэн хуулийн цэц нь дээрх шийдвэрийг нь буруу гэж үзээгүй байна. Би Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүндэтгэж байгаа ч санал нийлэхгүй байгаа. Дөрвөн жилийн дотор нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан. Ийм байж болохгүй. Би жагсаалтаар сонгогдсон. Тиймээс логик утгаараа би Үндсэн хууль зөрчиж сонгогдсон миний хийсэн зүйлс хууль бус болчихлоо.

Х.Тэмүүжин: Цэц улс төрийн даалгавар гүйцэтгэдэг

“Шууд” гэдэг үг нь сонгогч саналаа шууд нууцаар гаргах буюу санал гаргахтай холбоотой үг. Сонгуулийн тогтолцоотой холбоогүй гэсэн үг. Тиймээс сонгуулийн тогтолцоо, иргэн саналаа гаргах гэсэн хоёр зохицуулалтыг Үндсэн хуулийн цэц хольж тайлбарласан юм.
Мөн 2012 онд гаргасан Цэцийн дүгнэлт бий. Маргаан гаргагч нь пропорциональ буюу 28 нь Үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Гэтэл энэ гомдлыг Цэц шийдээгүй байж, дөрвөн жилийн дараа шийдчихлээ. Цэц улс төрийн захиа даалгавар гүйцэтгэдэг гэдэг нь маш тодорхой байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан