Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шударга ёс”+ИЗНН: Мажоритар бол хамгийн муу хувилбар

Л.НОМИН

МАХН-МҮАН-ын “Шудар­га ёс” эвсэл дээр ИЗНН нэмэгджээ. Сонгуульд тэд бүгд тус тусдаа оролцохоо илэрхийлээд байгаа. Гэхдээ тэдэнд эвсэл болж оролцохоо илэрхийлэх хүртэл дөрөв хоногийн хугацаа бий. Төрийн ордонд өчигдөр МАХН, МҮАН, ИЗНН-ын удирдлагууд болон гишүүд оролцсон нээлттэй хэлэлцүүлгээс ийм дүгнэлт хийж болохоор байв. Үндсэн хуулийн цэц Сонгуулийн хуульд тусгасан намын жагсаалтаар нэр дэвшүүлэх заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн түдгэлзүүлснийг тэд шүүмжлэв. Тиймээс л байр сууриа илэрхийлэхээр “Манангийн захиалга ба Сонгуулийн хууль” нээлттэй хэлэлцүүлэг хийсэн юм.
МАХН-ын дарга Н.Энх­баяр, МҮАН-ын дарга М.Энхсайхан, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг болон намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар хийгээд нарийн бичгийн дарга нарын өргөн бүрэлдэхүүнтэй байлаа.


Ж.Сүхбаатар: Хуурамч сонгуулиас яаж ангижрах вэ

“Завхаруулсан сонгууль буюу хуурамч хууль” сэдвээр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар үг хэллээ. Тэрээр “1992-2008 он хүртэл цэвэр мажоритар тогтолцоогоор сонгууль явуулсан. 2008 онд улс төрийн намууд зөвшилцөж тогтолцоогоо өөрчилж, 2012 онд хувь тэнцүүлсэнг оруулж холимог системээр сонгууль явуулахаар хууль эрх зүйн орчноо өөрчилсөн. УИХ Сонгуулийн хуулийг олон дахин хэлэлцэж байж батлахад би оролцсон юм. Харин Р.Бурмаа нарын нэр бүхий 16 хүн Сонгуулийн тухай хуулийг 2015 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр баталсан. Дөрвөн хуулийг нийлүүлж маш том болгосон төрөлжүүлсэн нь хэрэгжихэд хэцүү. Саяхан гэхэд маргаантай асуудал үүслээ. Үндэсний Аудитын газраас зөвлөмж гаргаад хуульд заагаагүй байхад намуудыг мөрийн хөтөлбөрөө дөрөвдүгээр сарын 30-наас өмнө өг гэсэн. Энэ нь үл ойлголцол төрүүлж, намуудыг эвсэж, нэгдэхэд хаалт хийсэн. Одоо бүх сонгуулийг нэгэн зэрэг явуулах нь улстөржилтийг багасгаж байгаа хэлбэр гэж тайлбарлаж байна. Гэтэл УИХ, аймаг, нийслэл, дүүрэг гээд бүх сонгууль зэрэг явахаар улстөржилт багасах уу. Сонгуулийн маргааныг шүүхээр 60 хоногт багтаан шийднэ гэдэг нь үндсэндээ шүүх, хууль хяналтын байгууллагын оролцоог илүү нэмсэн. Сонгуулийн дараа яаж шийдэх вэ гэдэг нь эргэлзээтэй. Сонгуулийн реформ хийгээгүй” гэж тодорхойлов.

Жагсаалтаар нэр дэвшүүлэхгүй гэсэн нь ардаа маш том эрх ашиг сонирхол, зөрчил бий болгож байгааг тэрээр хэллээ. Сонгуулийн холимог тогтолцооноос буцсан ухарсан улс байдаггүй гэж МАХН-ын генсек тайлбарлаад УИХ дахь АН, МАН-ын бүлэг ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авахаар болсон нь гуравдагч хүчнийг парламентад оруулахгүй гэсэн арга.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хумьж, гадаад дахь иргэдийн саналыг тусгахгүй сонгууль явуулахыг МАНАН хүсч байна. Намын ард нуугдаж, жагсаалтаас татгалзана гэх нь юуг ч шийдэхгүй, “Улс төр бол багийн тоглолт. Аль нэг нам, улс төрийн хүчинд давуу байдал олгох нь дүр эсгэсэн ардчилал. Энэ хуурамч сонгуулиас яаж ангижрах вэ” гэсэн юм.

МАХН-МҮАН 2012 оны сонгуулиар “Шударга ёс” эвсэл болж оролцон парламентад 11 гишүүнтэй бүлэг байгуулсан. Гэвч замын дундаас гишүүд нь гарсаар өдгөө наймуулаа үлдээд буй. Ховд аймагт тойргоос сонгогдсон Д.Батцогт гишүүн АН-д орсон. Чингэлтэй дүүрэгт МҮАН-аас нэр дэвшин ялсан Г.Уянга гишүүн Тусгаар тогтнол эв нэгдлийн намын дарга болов. Түүнтэй хамт “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан Орхон аймгаас сонгогдсон Л.Цог гишүүн өчигдөр МАХН-аас гарахаа мэдэгджээ. Л.Цог гишүүн ТТЭН-ийн намын батлахыг удахгүй өвөртлөх нь бололтой. Ингээд 2012 оны сонгуулиар тойрогт өрсөлдөж ялалт байгуулсан гурван гишүүн нь “Шударга ёс” эвслийг орхисон нь тэдэнд мажоритар тогтолцоогоор одоогийн сонгуульд оролцоход хүнд байх нь мэдээж. Жагсаалтад бичигдсэн долоо нь эвслийн бүлгийг 99 хувь гэхээр тэдэнд тойрогт хүч үзэх боломж тун бага байхыг үгүйсгэхгүй.    
 
Ц.Ганхуяг: Төрийн эргэлтийн шинжтэй харагдаж байна

2012 оны сонгуулиар тойрогт нэр дэвшигчид нь ялагдсан ч намынхаа нэрээр хоёр гишүүнээ УИХ-д оруулсан ИЗНН-ын хувьд өнөөдөр байдал эргэлзээтэй байгаа. Хэдийгээр дангаараа мөрийн хөтөлбөрөө боловсруулж, ҮАГ-т өгсөн ч эвсэл болж, сонгуульд оролцохоос өөр сонголт үлдээгүй л болов уу. Тэд “Шударга ёс”-ынхонтой эвсэл болохоор ярилцаж эхэлжээ. Ардчилсан намтай нэг удаа  хамтарч сонгуульд оролцож үзсэн, өдгөө засгийн эрх барилцаж ч яваа ИЗНН энэ удаад туурга тусгаар явахаа илүүд үзэж чадах уу. АН-ын урилгад “үгүй” гэж цэг тавьсан ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг сонгуулийн тогтолцооны энэ гэнэтийн өөрчлөлтийг хүлээж авахгүй гэв. Тэрээр “МАНАН-гийн бодлого мухардалд орсонд өнөөдөр хариуцлага тооцох байтал захиалгат үйл ажиллагаа явуулж байна. ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах нь төрийн эргэлтийн шинжтэй харагдаж байна. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд өөрчлөлт оруулахыг хориглосон заалт Хүний эрхийн үндэсний хөтөлбөрт бий. ҮХЦ хүний эрхийг хангаж ажиллах ёстой. Гэтэл 2016 оны нэгдүгээр сард иргэд Цэцэд жагсаалтаар нэр дэвшүүлэх асуудлаар хандахад Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэлт гаргасан байсан. Харин одоо Үндсэн хууль зөрчсөн гэж  үзэж байгаа нь МАНАН-гийн захиалгаар хийсэн ажил. Энэ бол төр хямрах зам руу түлхэж байгаа хэрэг. Ийм байдалтай нь хариуцлага ярих цаг болсон. Монголд хоёр л том нам байдаг гэж үзээд байвал МАНАН-гийн бүлэглэл үеийн үед төрийн толгойд сандайлаад эд баялгийн төлөө яахаас ч буцахгүй болно. Тиймээс бусад намууд хамтарч үүнийх нь эсрэг тэмцэх хэрэгтэй” гэлээ.

Байгуулагдсан цагаасаа буюу 2006 оноос хойш ихэнхдээ аль нэг намтай эвсэл болж сонгуульд оролцож эхэлсэн МҮАН-д жагсаалт байхгүй болох нь чанга санагджээ. Тойргоос сонгогдсон Д.Батцогт, Г.Уянга, жагсаалтаар УИХ-ын гишүүн болсон Ц.Цолмон нар МҮАН-аас нүүр буруулсан. Одоо тэдний төлөөлөл болсон хоёр гишүүний нэг нь Байнгын хорооны дарга, нөгөө нь сайдын алба хашиж байгаа. Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл нь пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулсны давуу тал намын бодлого хэрэгжих сайн талтай гээд Шинэчлэлийн болон Шийдлийн Засгийн газрын хийсэн ажлыг жагсааж танилцууллаа. “Мажоритар тогтолцоогоор сонгууль явуулбал УИХ-ын гишүүн, гишүүн байсан, бизнесмэнүүд, хөрөнгө мөнгөтэй хүмүүст илүү боломж гардаг. Жишээ нь, З.Баянсэлэнгэ гишүүн шиг эмэгтэйчүүд хэзээ ч мажо­ритар тогтолцоогоор сон­гуульд ялахгүй. УИХ-д хийх ажилгүй байсан С.Ганбаатар, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар одоо намд орчихлоо. Хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сон­гууль явуулсан тохиолдолд нэг давуу тал нь гишүүдийг эгүүлэн татах бололцоо гардаг” гээд жагсаалтаар нэр дэвшүүлэхийн эсрэг зогсоно гэв.

Н.Энхбаяр: Би ганцаараа сонгогдмооргүй байна

Нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан ҮХЦ-ийн чадамжийн асуудлыг хөндөх хэрэгтэйг З.Баянсэлэнгэ гишүүн хэлсэн юм. 2012 онд ҮХЦ-д намын жагсаалтаар нэр дэвшүүлэхийг иргэдийн шууд сонгох эрхэнд халдсан гэж үзэн хандахад Үндсэн хууль зөрчөөгүй гэсэн байна. Гэтэл одоо гэнэт Үндсэн хууль зөрчлөө гэж байгааг улс төрийн захиалгаар МАН, АН-ын шахалтаар хийсэн, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах гэсэн оролдлого гэж тайлбарлалаа. Харин МҮАН-ын дарга М.Энхсайхан “Холимог тогтолцоог уг нь 38:38 гэж тэнцүү байлгах саналтай байсан юм. Хувь тэнцүүлсэн тогтолцоог Сонгуулийн хуулиас хасахын эсрэг идэвхтэй сөрж зогсох болно. Эсвэл бүр сонгуульд оролцохгүй байхыг ч үгүйсгэхгүй” гэв. ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг жижиг намуудыг хүчээ нэгтгэж, МАН, АН-д шахалт үзүүлэхийг уриалсан бол МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар улс төрийн тэмцэл хийхэд ч хүрч болно гэсэн юм. МАХН-ын дарга Н.Энхбаяр аль ч тойрогт нэр дэвшсэн сонгогдох хэдий ч залуу, шинэ хүмүүсээр парламент бүрдэх ёстой хэмээн “Иргэд ядуу учраас зөв сонголт хийж чадахгүй байна. Мажоритар системээр сонгууль явуулбал хуучин нөхдүүд дахиад сонгогдоно. Надтай адилхан М.Энхболд, Д.Лүндээжанцан гэх мэт нөхөд тойргоос сонгогдоно. Би ганцаараа сонгогдмооргүй байна. Залуу хүмүүстэй хамт УИХ-д суумаар байна шүү дээ. Шинэ хүмүүсийг УИХ-д оруулж ирмээр байна. Би халаагаа өгмөөр байна. Өгөхдөө парламентад нэг баг болж ажиллаж үзэл бодол нь үнэт зүйлтэй хүмүүсийг оруулмаар байна. Үзэл бодол нь тогтоогүй, үнэт зүйлгүй хүмүүс өнөөдөр УИХ-д орж ирж байна. Итгэл үнэмшилтэй биш мөнгөтэй хүн одоо сонгогдох гээд байна шүү дээ” хэмээн хэлээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авах боломж гэв. Намын жагсаалтаас илүүтэйгээр хүнийг нь хараад сонгож болох хувилбар илүү оновчтой. Энэ бол үзэл бодол, үнэт зүйл хамт олон, багт нь өгсөн санал гэж тооцох ёстой. Монгол Улс гэсэн ганц том тойрогт нэр дэвшүүлэх нь шударга гэсэн МАХН-ын байр суурийг танилцуулсан.

Ийнхүү УИХ дахь “Шу­дарга ёс” эвслийн найман ги­шүүн дээр ИЗНН-ын хоёр, Х.Тэмүүжин, Р.Гончигдорж, Д.Лүндээжанцан гишүүн жагсаалтыг үгүй хийхийг эсэргүүцэж байгаа. Тэдэн дээр эмэгтэй гишүүд нэмэгдэнэ. Тооны хувьд ҮХЦ-ийн дүгнэл­тийг эсэргүүцэх 22 гишүүн бий гэж ойлгож болно. Эн­дээс харахад дэмжихгүй талд зогсохоо одоогоор илэрхийлсэн 22 гишүүний ес нь өмнөх сонгуулиар намын­хаа жагсаалтын дээгүүрт бичиг­дэж сонгогдсон. Магадгүй УИХ-ын чуулганаар хэлэлцэх үед “Үгүй” гэх товчлуур дарах тоо нэмэгдэж мэдэх юм. Хэрэв Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээгээд авчихвал МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг болон ИЗНН-ын гишүүдээс улс төрийн тэмцлийн гал улалзах тодорхой болчихлоо.   

0 Сэтгэгдэл
Энхбаяр сонгуульд орохгүй шүү дээ. Ялтай учраас. Тийм мөртлөө ганцаараа гарна гэж юу хуцаад байна? Чаддаг юм бол энэ айгаад байгаа хүмүүс ард түмнээс сонгогдоод гараад ир л дпээ.
Тойрагт дэьшээд гарч чадахгүы намын жагсаалт нэртэй дуйвараар ганц нэг суудап авах гэсэн өргө ядсаг арга_ҮХЦ зөв шийдвэр гаргасан
Хамгийн их уншсан