Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Умард Солонгос намынхаа их хурлаар айлгаж байна


БНАСАУ-ын эрх баригч Солонгосын хөдөлмөрийн намын ээлжит YII их хурал өмнөх их хурлаасаа 36 жилийн дараа ирэх тавдугаар сарын 6-нд эхэлнэ гэж Пеньяны радиогийн мэдээллээс иш татан Өмнөд Солонгосын мэдээллийн Ренхап агентлаг мэдээллээ.
“Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоо намын долдугаар их хурлыг 2016 оны тавдугаар сарын 6-нд хувьсгалт нийслэл Пеньянд нээхээр тогтоол гаргалаа” хэмээн БНАСАУ-ын төв радио мэдээлсэн байна.
Өмнөд Солонгосын агентлагийн мэдээллээр бол  энэ үйл явдал Ким Чен Уны засаглалыг бэхжүүлэх, түүний нэр хүнд байр суурийг өргөхөд чиглэж байгаа бололтой. Ким Чен Ун нь БНАСАУ-г үндэслэгч Ким Ир Сений хүү, өөрийн эцэг  Ким Чен Ирийг нас барсны дараа 2011 оноос улс орноо удирдаж байгаа юм.

Өмнөх их хурлаасаа 36 жилийн дараа болж байгаа энэ их хурал 3-4 хоног үргэлжилж намын дүрэмд заасны дагуу Төв хороо, Төв шалган байцаах комиссын тайлан илтгэлийг хэлэлцээд дүрэм, мөрийн хөтөлбөртөө өөрчлөлт оруулах болон намын жанжин шугамын талаар шийдвэр гаргах бололтой. Мөн намын Төв хороо, Ерөнхий нарийн бичгийн дарга, Намын хянан шалгах төв комиссыг сонгож батлах юм байна.

Солонгосын хөдөлмөрийн намын их хурал 1948, 1956, 1961, 1970, 1980 онуудад болж байсан бол хамгийн сүүлд 1980 она аравдугаар сард болсон YI их хурлаар БНАСАУ-ын удирдагч Ким Ир Сен хүү Ким Чен Ирийгээ өөрийнхөө залгамжлагч хэмээн  албан ёсоор зарлаж байсан юм. Мөн БНАСАУ, БНСУ хоёрыг бие даасан засгийн газар бүтэцтэйгээр нэгтэх, социалист бүтээн байгуулалтын хөтөлбөр баталж байсан юм.
Тэр их хуралд дэлхийн 118 орны 177 төлөөлөгч урилгаар оролцож байсан бол энэ удаагийн их хурал БНАСАУ-ын цөмийн хөтөлбөр, туршилтуудтай холбоотойгоор НҮБ-ын зүгээс хориг тавиад байгаа болохоор олон улсын энэ шахалтаас болоод улс орнууд төлөөлөгчөө илгээхгүй, гадаадын хүндэт зочидгүй болж магадгүй хэмээн ажиглагчид үзэж байна.
Солоносын хөдөлмөрийн намын 70 жилийн ойд зориулсан цэргийн парад 2015 оны аравдугаар сард Пеньянд болсон юм.

36 жилийн дараа болж байгаа, эрх баригч намынхаа их хурлыг угтаж БНАСАУ тав дахь удаагаа цөмийн зэвсэг туршиж магадгүй хэмээн өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Хын Хе хэвлэл мэдээллийн төлөөлөгчдийг Сөүлд хүлээн авч уулзахдаа мэдэгдсэн байна.
Өмнөд Солонгосын Yonhap News Agency агентлагийн бас нэг мэдээгээр бол Умардынхан энэ үеэр “Мусудан” нэртэй пуужин хөөргөж болзошгүй гэж БНСУ-ын засгийн газрын эх сурвалж хэлсэн гэнэ. Вонсан мужаас хөөргөх энэ пуужин нь АНУ-ын нутаг дэвсгэр, ялангуяа Аляск хүрэх чадалтай гэж байгаа юм. Энэ дөрөвдүгээр сарын дундуур энэ пуужин хөөргөж туршсан ч амжилтгүй болсон юм.

Үүнтэй холбогдуулан БНАСАУ-ын зүгээс ирэх аюулаас хамгаалахад Америк бэлтгэж байна гэж АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэмдэглэжээ. Тэрээр  Умардын удирдагч Ким Чен Уныг туйлын хариуцлагагүй хүн гээд “Бид Умард Солонгосыг цэргийн хүчээр устгаж бол чадна. Хүмүүнлэгийн хувьд асар хортой үр дагавартайгаас гадна БНАСАУ нь  бидний гол холбоотнуудтай яг зэргэлдээ оршдог шүү дээ” гэсэн байна.

Гэтэл бас АНУ-ын Төрийн департаментын зэвсэглэлд хяналт тавих асуудлаарх зөвлөх асан Роберт Эйнхорн гэгч Сөүлд болсон Asan Plenum 2016 бага хурал дээр үг хэлэх үеэрээ БНАСАУ цөмийн зэвсгээр айлгаж байгаа тохиолдолд Өмнөд Солонгос, Японыг дэмжих зайлшгүй шаардлага гарах юм бол АНУ нь Умард Солонгосын эсрэг цөмийн зэвсэг түрүүлж хэрэглэх болно” гэж мэдэгдсэн хэмээн өмнөдийн Ренхап агентлаг мэдээлснийг   fapnews.ru дамжуулжээ.
Манай гаригийн хамгийн хаалттай улс БНАСАУ-ын эрх баригч намын их хурал ийн 36 жилийн дараа хуралдахдаа дэлхий дахины анхаарлын төвд байж шинэ шинэ аюулын сураг дуулдуулсаар байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан