Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүүхэд харах үйлчилгээнд иргэд ам сайтай байна


Нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Чингисийн талбайд өчигдөр болж, хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийслэл болон орон нутгийн, төрийн болоод ТББ-уудүйл ажиллагааныхаа талаар олон нийтэд танилцууллаа. Энэ үеэр дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн сэтгэлзүйчидиргэдэд зөвлөгөө мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариулж байв. Мөн Хүүхэд, гэр бүл хөгжлийн “Өнөр бүл” төвийн хүүхдүүд гар урлал, уран зураг, наамал бүтээгдэхүүн гээд өөрсдийн гараар урласан бүтээлээ дэлгэн үзүүлж, худалдаалж байлаа.

Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль  хөдөө орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа талаар өдөрлөгт оролцохоор ирсэн орон нутгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга нараас тодрууллаа.

Ж.Пүрэвсүрэн: 1600 хүүхдээс 307-г нь хамруулах боломжтой

/Өвөрхангай аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга/

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжээд нэг улиралтай золголоо. Энэ хугацаанд танай аймагт хэчнээн хүүхэд харах төв ажиллаж эхлэв?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхэлснээр аймгийн хэмжээнд хүүхэд харагчдад зориулсан хоёр удаагийн сургалт явуулсан. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх хүсэлтээ 118 хүн ирүүлснээс 87 нь сургалтад хамрагдаж, сертификатаа гардсан. Аймгийн төвд 86, сумдад 229 хүүхдийн квот олгосон. Хүн амын тоо, нягтаршлаас хамаараад Хүүхэд харах үйлчилгээний төв аймгийн төвд эрэлттэй байгаа.Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид эхэндээ хамрагдах хүүхэд олдохгүй байна гэх зүйл ярьж байсан бол өнөөдөр эсрэгээрээ хүүхдээ хамруулах хүсэлтэй эцэг, эхчүүд их ирж буй талаар хэлж байна. Сангийн яамнаас хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдэд санхүүжилтийг нь олгож эхэлсэн. Манай аймгийн хувьд хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа есөн иргэн санхүүжилтээ авсан.

-Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай хэчнээн хүүхэд байна вэ?

-Цэцэрлэгт хамрагдаж чадаагүй 2-5 насны 1600 хүүхэд бий. Манай аймагт 307 хүүхдийн квот л олгосон. Тиймээс энэ тооны хүүхдийг хүүхэд харах үйлчилгээнд хамруулна.

-Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчид ихэвчлэн ямар мэргэжилтэй, хэд орчим насныхан байх юм?

-Хамгийн залуу нь 23-тай, ахмад нь 56-тай тэтгэврийн насны хүн байна. Ихэвчлэн цэцэрлэгийн эрхлэгч, багш хийж байсан хүмүүс энэ үйлчилгээг сонирхож байна. Мөн бүрэн дунд боловсролтой, тэтгэврийн насны иргэд. Хүүхэд харах төвүүдийг зун ажиллуулах хүсэлт иргэдээс их ирж байна. Мөн 1-2 насны хүүхдээ хамруулах сонирхолтой иргэд ч байна.

Д.Оюунбилэг: 160 хүүхдийн 12 нь хөгжлийн бэрхшээлтэй
/Булган аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга /

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдаж чадаж байна уу? 

-Аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай 1082 хүүхэд байгаагаас 160-ыг нь энэ үйлчилгээнд хамруулсан. Энэ нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдах шаардлагатай хүүхдүүдийн 13-15 хувийг эзэлж байгаа юм. Дээрх 160 хүүхдийн 12 нь хөгжлийн бэрхшээлтэй.

-Хүүхэд харагчдын санхүүжилтийг олгож эхэлсэн үү?

-Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд үндэсний сургагч багш нарыг таван чиглэлээр бэлтгэсэн. Тэдэнд зориулсан хоёр шатны сургалтад 68 хүн хамрагдаж сертификатаа гардсанаас 32 нь хүүхэд харах төвөө ажиллуулаад эхэлсэн. Санхүүжилтийг нь ч гэсэнолгосон.Түүнчлэн, хүүхэд харагчдад санхүүгийн тайлангаа хэрхэн гаргах талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч байна.

-Хүүхэд харах төвүүдтэй холбоотойгоор иргэдээс ямар нэгэн санал, шүүмж ирж байх юм уу?

-Бага насны хүүхдээ хараад гэртээ суудаг иргэдэд хамгийн их хүрч байна. Банкны зээлгүй хүн алга. Тиймээс иргэдэд ажил хийх боломжийг нь  олгож буй учир иргэд ам сайтай байна. Мөн албан байгууллагуудаас байгууллагынхаа дэргэд ажиллуулах ч санал ирсэн. Залуу хүмүүс ихтэй, цаг наргүй ажилладаг цагдаа, онцгой байдлын газруудаас ийм санал ирсэн л дээ.

Мөн энэ үеэр Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын дарга Г.Байгальмаагаас нийслэлийн хэмжээнд хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар тодруулахад “Сангийн яамнаас квотын дагуу нийслэл болон орон нутгийн хүүхэд харагчдад санхүүжилт олгож эхэлсэн. Нийслэлийн хэмжээнд 600 хүүхэд харагч тав хоногийн сургалтад хамрагдаж, сертификатаа гардсанаас тал хувь нь байраа бэлдчихсэн үйл ажиллагаагаа явуулаад эхэлсэн. Нэг хүүхэд харагч тав хүртэлх тооны хүүхэд харна гэхээр 1500 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломжтой болж байгаа юм. Нийслэлд олгосон квотын дагуу 6000 хүүхдийг энэ жил хүүхэд харах үйлчилгээнд хамруулах боломжтой” гэдэг мэдээлэл өгөв.

Дээр дурдсанчлан дүүргүүдийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийн сэтгэлзүйчдийн иргэдэд зөвлөгөө өгч байсан асар хамгийн их үйлчлүүлэгчтэй байсан юм. СХД-ийн иргэн М.Цэцэгмаа ес болон 12 дугаар ангийн хоёр хүүтэй. Тэрээр хүүхдүүдийнхээ мэргэжил сонголтод санаа зовниж, хэнээс зөвлөгөө тусламж авч болох талаар Хан-Уул дүүргийн ХГБХТ-ийн сэтгэлзүйч Г.Мягмараас тодруулж, тус төв дээр ахин очиж уулзахаар болсон юм. “Дүүрэг бүрт ХГБХТ-үүдийн дэргэд сэтгэлзүйчид ажилладаг. Сэтгэлзүйн анхан шатны зөвлөгөө болоод холбон зуучлах үйлчилгээг иргэдэд үнэ төлбөргүй үзүүлдэг. Ихэвчлэн 30-аас дээш насны хүмүүс хүүхдийн хүмүүжлийн талаар мэдээлэл, зөвлөгөө авах гэж ханддаг а. Мөн хүүхэд нь эрсдэлд өртсөн хүмүүс ч хандах нь бий. Энэ сард манай төвд 10-аад хүн сэтгэлзүйн зөвлөгөө авахаар хандсан” гэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан