Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Бага оврын цэвэрлэх байгууламж тэрбум 350 сая төгрөгийн өртөгтэй гэв

Л.БАТБААТАР

ЮНЕСКО-гийн Ерөнхий чуулганаас жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон тэмдэглэхээр тунхагласан. Дэлхийн усны өдрийг тохиолдуулж, Ус сувгийн удирдах газраас  өнгөрсөн гуравдугаар сарын 22-ноос ирэх зургадугаар сарын 22-ныг  хүртэл цэвэр усыг хэмнэлттэй ашиглах гурван сарын аян зохион байгуулж буй.  Энэ аяны хүрээнд  Ус сув­­­­­гийн удирдах газрын харьяа Сургалтын төвд  “Бо­хир усыг цэвэршүүлэн эр­гүүлж  ашиглах, усны хэм­нэлттэй шинэ техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн – 2016 он” үзэсгэлэнг өнгөрсөн долоо хоногт зохион байгууллаа.

Ус сувгийн удирдах газрын дарга С.Үнэн үзэсгэлэнг нээж “Ус сувгийн удирдах газар болон Барилга, хот байгуулалтын яамны Барилгын хөгжлийн төв хамтран бохир ус цэвэршүүлэх, цэвэр усны хэмнэлттэй техник технологийг амьдралд нэвтрүүлэх төслийн хүрээнд энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна. Энэ үзэсгэлэнд оролцохоор олон аж ахуйн нэгж саналаа ирүүлсэн. Амжилттай оролцохыг аж ахуйн нэгжүүдэд хүсч байна” гэлээ. Тус үзэсгэлэнд “Азийн зөн”, “Мон манлай”, “Инженеринг сервис”, “Наран рашаан” зэрэг аж ахуйн нэгж оролцож, техник тоног төхөөрөмжөө танилцуулсан юм.  “Наран рашаан” компанийн бага оврын бохир ус цэвэрлэх байгууламжийн загвар үзэсгэлэнд оролцогчдын сонирхлыг ихэд татсан юм.

Тухайлбал, орон сууц, сургууль, дотуур байр, эмнэлэг, цэцэрлэг, орон нутгийн захиргаа,  банк зэрэг ус идэвхтэй хэрэглэгч 12-15 мянган хүн амтай суурин газрын бохир усны асуудлыг шийдвэрлэх бага оврын цэвэрлэх байгууламжийн зураг төслийг  “Наран рашаан” компанийн хамт олон хийжээ. Энэхүү цэвэрлэх байгууламж нь хоногт 2500 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай аж. Бохир усыг 98 хувиас дээш үзүүлэлттэйгээр цэвэрлэх техник, технологийн хүчин чадалтай гэж зохион бүтээгч нь онцолсон. Ингэснээр тус цэвэрлэх байгууламжийн цэвэршүүлсэн усаар мал болон хүнсний ногоо усалж болох гэнэ. Ер нь, хүний ахуйн хэрэглээнээс бусад зүйлд уг цэвэршүүлсэн усыг хэрэглэж болно хэмээн танилцуулж байв.  1962 онд ашиглалтад орсон Төв цэвэрлэх байгууламжаас техник, технологийн шийдлийн хувьд олон зүйлээр давуу аж. Энэ бага оврын цэвэрлэх байгууламждаа Канадын буюу хүйтэн бүсийн орнуудад өргөн хэрэглэгддэг технологийн ерөнхий зарчмуудыг тусгасан байна. 

Энэ талаар “Наран рашаан” компанийн захирал Г.Буд “Урьд өмнө дэлхий нийтийн жишгээр, бохир усанд байх азот, фосфорыг арилгаж устгадаггүй ашигтай бодис гэж үздэг байсан юм. Гэтэл эдгээр бодис нь гол мөрөнг бохирдуулж байгаль экологид маш муу нөлөө үзүүлж эхэлсэн. Жишээ нь, гол мөрний усан дотор азот, фосфорын нэгдэл бүхий  маш их хэмжээний хортой замаг ургаж. Ингээд цэвэрлэх байгууламжийн  бохир усан дахь азот, фосфорыг арилгах шаардлага гарсан юм. Энэ дагуу цэвэрлэх байгууламжийнхаа  эхний дамжлагад агааргүй орчин үүсгэж азотыг арилгах урвал явуулах тасалгааг бий болгосон. Усан доторх  бичил биетүүдийг  исэлдүүлж устгадаг үйл явц нь хүйтэн бүсийн орнуудад хэрэглэгддэг технологийн онцлог юм” гэв.

Мөн бага оврын цэвэрлэх байгууламжийн үнэ, өртгийн талаар ярихдаа  “Энэ бага оврын цэвэрлэх байгууламжийг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд  тэрбум 350 сая төгрө­гийн өртөгтэйгөөр байгуулж байна. Удахгүй ашиглалтад орно. Хоногт 3000  шоо метр бохир ус цэвэрлэх хү­чин чадалтай цэвэрлэх байгуу­­ламжийг зургаан аймагт байгуулна. Энэ онд  Азийн хөгжлийн банкны санхүү­жилтээр Өмнөговь, Дорноговь, Архангай, Өвөрхангай аймагт бага оврын бохир ус цэвэрлэх байгууламж ашиглалтад орно” гэлээ.

Онцлоход, “Наран рашаан” компанийн  бага оврын цэвэрлэх байгууламжаас гарах лагийн  хэмжээ 2011 онд батлагдсан стандартаас тав дахин бага байх тооцоо гарсан нь сүүлийн үеийн технологийн шийдлийг ашигласантай холбоотой юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан