Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

76 суудлын төлөө 19 нам тулалдана

Л.НОМИН

Мөрийн хөтөлбөрөө хянуулаад сонгуульд оролцох хүсэлтээ нам эвслүүд илэрхийллээ, өнгөрсөн долоо хоногт. Хуульд заасан хугацаанд нийт 13 нам, гурван эвсэл хүсэлтээ ирүүлснийг нягтлан шалгаж буйгаа Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдлээ. Тав хоногийн дотор Сонгуулийн ерөнхий хороо сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм. Энэ хугацаа нөгөөдөр буюу 4-ний өдөр дуусна. Ингээд 5-9-ний өдөр нэр дэвшүүлэх ажил эхэлнэ. Санал хураалтаас 60 хоногийн өмнө буюу өнгөрсөн бямба гарагаас сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг зогсоосон. Улсын дээд шүүхэд 24 нам бүртгэлтэй байдгаас 19 нь сонгуульд хүч үзэх нь. Монгол Либерал ардчилсан нам, Монголын Эмэгтэйчүүдийн үндэсний нам, Ард түмний нам энэ удаагийн сонгуульд оролцохгүй. 2016 оны УИХ-ын сонгуульд улс төрийн хүчнүүд ямархуу байдлаар бэлтгэж, оролцохоор зэхсэнийг тоймлон авч үзье.

Дөрвөн намын дэмжлэгтэй АН

Ардчилсан нам дангаараа сонгуульд оролцохоо илэрхийлсэн бол тэднийг дэмжихээ МҮАН-ын дарга М.Энхсайхан хамгийн эхлээд мэдэгдсэн. Түүний араас Эх орон нам, Иргэний зориг ногоон нам, Хөдөлмөрийн үндэсний нам дэмжих байр сууриа илэрхийлэв. ИЗНН-тай нэгдэх талаар багагүй хугацаанд ярьж, зөвлөлдсөн ч шийдэгдсэнгүй. ИЗНН албан ёсоор нэр дэвшүүлэн оролцохгүй байхаар болж. Харин гуравдагч хүчний орон зайд гарч ирэх боломжоо өөрсдөө үгүй хийж орхисон ХҮН-ынхны хувьд тааварлаагүй хувилбарыг сонгожээ. Намын дотоод зөрчлөө дарж чадаагүй учраас УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжиж оролцох тухай албан бичиг ХҮН-ын дарга Т.Ганболд гэсэн гарын үсэг, тамга тэмдэгтэйгээр хүргүүлсэн байна. Улсын дээд шүүхээс намын дарга Т.Ганболдыг бүртгэж аваагүй ч одоогоор тамгаа атгаж буй нь тэр аж. Хууль ёсны ганц дарга С.Боргил нь харин бие даан нэр дэвшихээр хүсэлтээ СЕХ-нд хүргүүлсэн байлаа. Даргын суудал булаацалдаж байсан Б.Найдалаа, Т.Доржханд, Д.Гантулга нар мөн бие даан нэр дэвшихээр хандсан аж. Ингээд М.Энхсайхан тэргүүтэй МҮАН, С.Оюун, С.Дэмбэрэл, Ц.Ганхуяг даргатай ИЗНН, Б.Эрдэнэбатын Эх орон нам, Т.Ганболдын удирдаж байгаа ХҮН гэсэн дэмжигчид арын эгнээнээс АН-ыг балиашиглахаар 2016 оны сонгуулийн бүдүүвч гарлаа. УИХ-ын сонгуулийг тэд алгасч буй нь магадгүй орон нутаг, аймаг, нийслэлийн сонгуульд хамтран оролцох эхлэл гэж ч тайлбарлаж байна.
 ХҮН-ын С.Ганбаатар, ИЗНН, МҮАН-ын дарга нар сонгуульд өрсөлдөх эрхээ тийм ч амар бусдад алдахгүй. Тиймээс тэднийг АН-ын туган доор жагсан нэр дэвшүүлэх нь гэсэн мессэж бий.

Оролцох хүсэлтээ илэрхийлэхэд АН-ын бүх фракцийн төлөөллийг багтаасан “баг” очсон байлаа. АН-ын дарга З.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг, Д.Ганхуяг, Г.Батхүү, С.Баярцогт нар СЕХ-нд очсон юм.

АН-ын дарга З.Энхболд “АН экспортын 90 хувийг уул уурхайн түүхий эдийг эзэлсэн хөөсөрсөн эдийн засгийг дөрвөн жилийн өмнө хүлээж авсан. Уул уурхайн түүхий эдийн үнэ хоёроос тав дахин унаж эдийн засгийн хөөс хагарсан сорилтын жилүүдийг АН ард түмэнтэйгээ цуг тууллаа. Эдийн засгийн бэрхшээлийг хараад бид гар хумин суусангүй. Их бүтээн байгуулалтыг өрнүүлж, монгол хүнээ ажилтай орлоготой байлгахын төлөө бодлого үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ. Манай нам 2012 онд улс орны хэтийг харж холын бодлоор боловсруулсан “Монгол хүн-2020” хөтөлбөрөө улам төгөлдөржүүлэн иргэдээ халамжид найддаг биш бүтээдэг, тэр хэрээрээ тогтвортой орлоготой болох бодлогыг баримталж ажиллалаа. Баялаг бүтээдэг ард түмэн баталгаатай амьдарч чадна гэж үзлээ. “Монгол хүн-2020” хөтөлбөр шинэ шатанд гарч хэрэгжинэ. Өмнөх жилүүдийн туршлага, бодитой тооцоо судалгаанд үндэслэсэн “Монгол хүн-2020” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд АН-ын дарга миний бие сонгуулийн компаниа удирдаж, сонгуулийн олон менежертэйгээ, намынхаа олон зуун мянган гишүүнтэйгээ сонгуулийнхаа нөр их ажлын ард гарах болно” гэлээ.

Зарим эх сурвалжийн мэдээлснээр ИЗНН, МҮАН, Эх орон намд тус бүр 2-5 хүн нэр дэвшүүлэхээр квот өгч тохироо хийсэн гэх. Гэхдээ нэр дэвшигчдийг зарлахаас нааш энэ мэдээлэл батлагдахгүй. Өнөөдрөөс пүрэв гараг хүртэл намууд нэр дэвшигчдээ тодруулах хурлууд хуралдаж, шийдвэрээ гаргах том “зодоон” эхэлнэ.


Ойлгомжгүй байдал үүсгэгч МАХН

УИХ-ын сонгууль холимог тогтолцоо, жижиг эсвэл томсгосон тойрог бүхий мажоритар тогтолцооны алинаар нь болох вэ гэдэг МАХН-ынхнаас хамааралтай байгаа. Үндсэн хуулийн цэцээс намын нэрээр жагсаалтаар нэр дэвшүүлэх тухай заасан Сонгуулийн тухай хуулийн заалтыг түдгэлзүүлсэн. Энэ нь одоог болтол жагсаалтаас нэрийг нь харж дугуйлах уу,  намд нь санал өгөх үү гэдэг ойлгомжгүй байдалд хүргээд байна. УИХ-ын чуулганаар энэ асуудалд цэг тавихад МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн авсан ажлын тав хоногийн завсарлага нөлөөлөөд буй. Тэднийг завсарлагаа дуусгаад Цэцийн дүгнэлтийг хүлээж авах үгүйг шийдтэл бүгд хүлээлтийн горимд шилжсэн. Завсарлагын хугацаа маргааш дуусаад хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох сонгуулийг хэрхэн явуулахыг тодорхой болгосон цагт нэр дэвшүүлэх ажил эхлэх гээд байдаг. МАН МАХН-тай нэгдэх, эвсэх эсэхээр удтал ярилцаад ойлголцоод байтал санал нь тулган шаардалт болж хувиран олон гишүүдийнх нь дургүйг хүргэсний эцэст дангаараа оролцоно гэж М.Энхболд дарга нь мэдэгдсэн. Өнгөрсөн сонгуулиар МҮАН-тай “Шударга ёс” эвсэл байгуулан оролцоод 11 суудал авсан МАХН энэ удаад ганцаарчилсан тоглолт хийхийг илүүд үзэв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар, З.Баянсэлэнгэ, МАХН-ын нарийн бичгийн дарга Н.Удвал нарын хамт СЕХ-д сонгуульд оролцох хүсэлтээ хүргэлээ. Энэ үеэрээ МАХН-ын дарга Н.Энхбаяр  “Бид СЕХ-нд хандаж өнгөрсөн сонгуульд гаргасан алдаануудыг битгий давтаарай. Хэн нэгнийг, ямар нэг үндэслэлгүйгээр сонгуулиас битгий хасаарай. Ард түмэнд сонгох эрхээ эдлэхэд нь саад битгий болоорой. Харин түүнд нь тусалж, дэмжиж ажиллаарай гэсэн саналаа хэллээ” гэж захиас хэлэхээ мартсангүй. Өнгөрсөн сонгуулиар тус намын дарга Н.Энхбаярыг мэдлэг боловсрол дутуу хэмээн нэр дэвшигчдийн тооноос хассан шийдвэр СЕХ гаргаж байсан юм.

Одоо МАХН-ынхан УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрээ гаргаж Цэцийн дүгнэлтийг хэлэлцэж нэг талдаа гарахгүй бол нэр дэвшүүлэхэд хүлээлт үүсгэж, зохион байгуулалтын ажилд саад учрах эрсдэл бий.


МАН одоохондоо л ганцаараа

Энэ удаагийн сонгуулиар АН ба бусад гэсэн хувилбараар сонгуулийн сценари гараад байна. Бусад дотор дангаараа оролцохоор болсон Монгол Ардын нам багтана. МАХН-тай эвсэх, нэгдэх талаар цөөнгүй удаа зөвшилцсөн ч эцэстээ амь амиа бодохоор болов. Хамгийн түрүүнд СЕХ-нд хүсэлтээ гаргасан нь МАН боллоо.
СЕХ-нд хүсэлтээ өгсөн болоод илэрхийлээгүй намуудаас тэднийг дэмжиж оролцоно гэж аль нэг нь дуугараагүй. МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, удирдах зөвлөлийн гишүүн У.Хүрэлсүх нар СЕХ-нд очиж сонгуульд оролцохоо илэрхийлсэн. “Манай нам энэ удаагийн сонгуульд Монгол орны иргэн бүрийн амьдралын үе шат бүрт зориулагдсан тодорхой бодлого боловсруулсан. 

Нийгмийн амьдралын бүх салаа мөчирт сэргэлт авчрах бодлогыг иж бүрэн тооцоо судалгаатай мөрийн хөтөлбөр боловсруулж СЕХ-нд өгч байна. Энэ мөрийн хөтөлбөрийн дагуу сонгуульд  орон ялалт байгуулж,  иргэдээ ядуурлаас эх орноо өрийн дарамтаас хөнгөлөх, эдийн засгийн  өнөөгийн хямралт байдлыг арилгах, төрийн дампуурлыг  засах, хүчирхэг Монгол орныг цогцлоох зорилтыг бид  дэвшүүлж байна. Бид СЕХ-нд хуульд заасан хугацааны хамгийн эхний өдөр, нэгдүгээрт бүртгүүлж байна. Бид мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж Монголыг аврах төв штабаа гүйцэтгэх дээд байгууллагаараа хэлэлцэж, намын дарга сонгуулийг удирдаж, Ерөнхий нарийн бичгийн дарга сонгуулийн ерөнхий менежерээр ажиллахаар боллоо. Нийт 230 гаруй хүний бүрэлдэхүүнтэй улс орон даяар МАН-ын сонгуулийг зохион байгуулах төв штабаа байгууллаа” гэж МАН-ын дарга М.Энхболд хэлсэн юм.

Хэдийгээр дангаараа сонгуульд оролцоно гэсэн ч зарим гишүүн нь зөвхөн УИХ-ын сонгуульд хамаатай, орон нутгийн сонгуулиар МАХН-тай эвсэх боломжтой гэж ярьжээ. Тэгэхээр удахгүй тэд хамтдаа зогсоод мэдээлэл хүргэх юм бол гайхах зүйлгүй гэсэн үг.


Зургаан намын хоёр эвсэл

Шинэхэн даргаа хууль ёсны болгож авсан Тусгаар тогтнол эв нэгдлийн нам Монголын ногоон намыг эвсэлдээ урьсан. МҮАН-аас гарсан Г.Уянга тэргүүтэй ТТЭНН-д МАХН-аас гарсан Л.Цог, МАН-аас татгалзсан Ш.Сайхансамбуу нараар хүрээгээ тэлэх нь тодорхой болсон. Тэд эвслээ “Тусгаар тогтнол, эв нэгдэл” хэмээн нэрлэж, мөрийн хөтөлбөрөө хүргүүлэн оролцох хүсэлтээ гаргахад Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ТТЭНН-ын дарга Г.Уянга нар очжээ.

“Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийг Хамуг Монголын хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн нам байгуулж. УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, Н.Энхбаярын улбаагаар улс төрд орж ирсэн философич С.Молор-Эрдэнэ нарын байгуулсан нам энэ сонгуулиар эвсэхээр болсон ч одоогоор олонд танигдсан ямар гишүүдтэй, нэр дэвшигчтэй нь ч тодорхойгүй байна. Харин “Хаан сонголт” хэмээх сүртэй нэрийн дор Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал нам хамтран сонгуульд оролцохоор болжээ. Улсын дээд шүүхийн бүртгэлд 16 дахь нь болж бүртгүүлсэн Хөгжлийн хөтөлбөр намын дарга нь О.Заяа. Тэрээр Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн юм. 2007 онд байгуулагдсан ч одоо л нэр нь сонсогдож буй тус намын хамтрагч Монголын Либерал нам 1999 онд байгуулагдсан ч төдийлэн идэвхтэй ажилладаггүй.

Ийнхүү тус бүр хоёулаа нийлж гурван эвсэл сонгуулийн ажилдаа оржээ. Тэд дараагийн парламентад сөрөг хүчний дуу хоолой болж чадах уу гэдгийг хэлэхэд дэндүү эрт байна. Гэвч эсрэгээрээ эвслүүдэд боломж байхыг ч үгүйсгэхгүй.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан