Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өчигдөр, өнөөдөр, маргааш бидний орчин хэрхэн өөрчлөгддөг вэ

Б.БАДРАЛ

Өчигдөр л цоо шинэ мэт санагдаж байсан техник, технологи бараг л хэрэглэж дадаагүй байхад хуучирч, тэс өөр, илүү боломж агуулсан, шинийг нь яах ийхийн зуургүй гаргаж байна. Орчин үеийн тоон технологи хэрэглэхэд энгийн, хүртээмжтэй, харьцангуй хямд байдаг тул хүнс хадгалах, хоол хийхээс эхлээд хүмүүс хоорондын харилцаа, эрүүл мэндийн хяналт ба үзлэг, банкны гүйлгээ гээд амьдралын бүх салбарт маш эрчимтэй нэвтэрч буйгаараа өмнөх үеийн техникийн дэвшлээс эрс ялгаатай юм. Энэ хүртээмжтэй байдлыг дагаад технологийн хөгжил, дэвшил гэгч зүйлийн талаарх хүмүүсийн төсөөлөл ч өөрчлөгдөж байна. Тиймээс ч одоо цагт технологийн дэвшил гэхээр дийлэнх нь ухаалаг гар утас, компьютер, интернэт гэх мэт тоон технологитой холбоотой зүйл төсөөлж байгаа нь үүний нэг жишээ. Тэгвэл 100, 200 жилийн тэртээ хүн төрөлхтөн техник ба технологийн дэвшлийг яаж төсөөлж байсан бэ гэдэг тун сонирхолтой.


19 дүгээр зуун

XIX  зуунд буюу 1800-гаад онд хүмүүс ойрын ирээдүйг хэрхэн төсөөлж, ямар шинэ техник, технологи гарна гэж зөгнөж байсныг адал явдал ба шинжлэх ухааны уран зөгнөлийн чиглэлээр бүтээл туурвидаг байсан Францын суут зохиолч Жюль Верний зохиолуудаас бэлхнээ харж болно. Тэрээр “Дэлхийгээс Сар хүртэл шулуун замаар 97 цаг 20 минутын дотор” романдаа гараг хоорондын нислэг, сансрын пуужин, огторгуй судлалын төхөөрөмжид хөнгөн цагаан ашиглах зэргийг зөгнөсөн байдаг. Цаашилбал, Монголын нутгаар дамжуулан тавьсан төмөр замаар Европыг Хятадтай холбох тухай зөгнөн бичжээ. Монголоор дамжуулан төмөр зам тавихыг зөгнөж ядах юу байна хэмээн инээдтэй санагдаж магадгүй. Гэтэл 19 дүгээр зууны дунд үеийн Европ, Америкийн хувьд монголчууд хагас зэрлэг, өөрийн нутаг оронтой гэдгийг хуучны судраас мэддэг гэхээс цаашгүй байсан. Ийм аймшигтай хүмүүс амьдардаг, тухайн үеийн соёл иргэншлийн наад захын тохь тух, ямар ч техник, технологи гэх юу ч байхгүй газар очно гэдэг нь Саран дээр буусантай адил дуулиантай үйл явдал тул Монголд очсон хүн одоогийнхоор Холливудын супер стар болдог байж. Тэгэхээр ийм зэрлэг газраар хэдэн мянган км үргэлжилсэн төмөр зам тавина гэж зөгнөх нь алсын хараатай, улс үндэстэн хоорондын харилцаанд техникийн хөгжлийн үзүүлэх нөлөө, боломжийн талаарх нэлээд мэдлэгтэй байхыг шаардах зүйл юм.

Жюль Верний бүтээлүүдээс  40-50 жилийн дараа буюу 1900 оны арванхоёрдугаар сард 20 дугаар зууны нэгдүгээр он гарахын өмнөхөн Америкийн инженер Жон Уоткинс ирэх зуунд хүн төрөлхтний амьдралд технологи ба техникийн ямар шинэ өөрчлөлт гарах талаарх зарим зөгнөл хийсэн байдаг. Түүний зөгнөлийн заримаас нь танд сонирхуулъя.

• Том хотуудын гудамжаар машин явахгүй бөгөөд нэг бол газар доогуур эсвэл газраас дээш хэд хэдэн давхаргын дээгүүр явдаг болно. Автобусууд бүгд цахилгаанаар явдаг болох тул хот суурин газар чимээгүй, нам жим болно.
• Зургийг ямар ч алсын зайнаас шууд дамжуулдаг болно. Жишээлбэл, Хятадад дайн болж байхад тэнд болж байгаа үйл явдлын зургийг авснаас ердөө цагийн дараа гэхэд сонин хэвлэлд гардаг болно.
• Хүн тусгай дамжуулагч төхөөрөмж ашиглан хэдэн мянган км-ийн алсад болж байгаа зүйлсийг шууд хардаг болно. Жишээлбэл, Европт хаадыг сэнтийд нь залах эсвэл дуурийн тоглолт явагдахыг америкчууд шууд үздэг болно. Энэхүү тусгай төхөөрөмжийг тусгай утас дагалдах тул хүн дүрсийг харахаас гадна дуу авиаг нь сонсдог болно.
• Бүх тэмдэглэгээ бичлэг дуу авиат болох тул хэвлэдэг, бичдэг цагаан толгой ач холбогдлоо алдана. Бүх зүйл, сонин хэвлэл хүртэл дуут болно. Өндөр хөгжилтэй орнууд нь хэд хэдэн хэлний нийлбэрээс бүрдсэн нэг хэлээр ярьдаг болно.

• Утсан холбоо нь утасгүй болж, холболт нь автомат болох тул холбогч эмэгтэйчүүдийн шаардлага байхгүй болно. Атлантын далайн дунд аялж яваа нөхөр нь Чикагод байгаа эхнэртэйгээ шууд утсаар ярих боломжтой болно.

• Нүүрсийг аж ахуйд ашиглахаас татгалзана. Шаардлагатай бүх эрчим хүчийг усан цахилгаан станцууд гаргадаг болно. Гол мөрөн болгонд цахилгаан станц байрлуулж, далайн эргийн дагуу давалгааны хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргадаг төхөөрөмжүүд байрлуулна.
• Дотор эрхтний эмгэгийг эмчлэхийн тулд бага тунгаар уухад л хангалттай байдаг эм бэлдмэл зохион бүтээнэ. Дотор эрхтнийг судлахад хангалттай харагддаг тунгалаг болгодог болно. Тусгай микроскопоор хүн, амьтны ямар ч эрхтний зургийг авдаг болно. Үүнийг тусгай үл үзэгдэгч туяаны тусламжтай гүйцэтгэдэг болно.

Энэ мэт маш олон сонирхолтой таамаг зөгнөл дэвшүүлсэн аж. Үнэндээ сугалаагаар мөнгө хожихтой адил хоосон аз, таамаг бус харин тухайн үеийнхээ техникийн боломжийг мэддэг, ирээдүйд гарч болзошгүй өөрчлөлтийн талаар бодит мэдээлэл, туршлага дээр үндэслэсэн дээд боловсролтой, инженер мэргэжилтэй хүний гаргасан таамаг гэдгийг хэлэх нь зүйтэй байх. 1900 онд Жон Уоткинсын хийсэн таамаг, зөгнөлөөс хэд нь 20 дугаар зуунд биелсэн бэ гэдгийг энэ зуунд төрж өссөн уншигчид  бэлхнээ харсан. Наад зах нь гэхэд л өнөөдөр хэдэн мянган км-ийн алсаас дүрс, дууг шууд дамжуулагч тусгай төхөөрөмж буюу телевиз гэгч зүйлгүйгээр бидний амьдралыг төсөөлөхөд бэрх.


20 дугаар зуун

Тэгвэл 20 дугаар зуунд хүн төрөлхтөн 21 дүгээр зууныг буюу одоо цагийг хэрхэн төсөөлж байв. 1965 онд Америкийн “Филко Форд” компани нь дотоодын хэрэгцээндээ зориулж “1999 A.D” гэсэн кино авсан байдаг. Энэ кинонд “Форд” компанийн ажилтан, албан хаагчдын амьдрал 1999 онд ямар байх тухай таамаг зөгнөл дэвшүүлсэн аж. Эдний заримаас нь сонирхуулъя.

• Орон сууцыг компьютер бүхэлд нь удирддаг болсноор компьютер нь гэрийн дулаан, хүүхдийн асаргаа, данс тооцоог хянадаг болно.
• Боловсрол бүхэлдээ гэрийнх болох бөгөөд хүүхдүүд компьютерээр хичээлээ үздэг болно.
• Гэр бүлийн данс тооцоог компьютерийн тусламжтай хөтлөх бөгөөд бүх худалдан авалтыг онлайнаар хийнэ, шуудан холбоо ч электрон болно.
• Асар том зурагт нь гурван хэмжээст дүрс үзүүлж чаддаг болно.
• Хүмүүсийг унтаж байхад нь дотоод ухамсрын түвшинд сургалт явуулдаг аудио систем ажилладаг болно.

Америкийн инженерүүд компьютерийн боломж, далайц, хүний амьдралд гүйцэтгэх үүргийн талаар үнэхээр гайхалтай зөв тооцоо гаргажээ гэдэгтэй та санал нийлэх байх. Хүйтэн дайны үе тул Атлалтын далайн цаана, Зөвлөлт нэртэй их гүрний инженер, эрдэмтэд ирээдүйг хэрхэн зөгнөж байсан талаар хэлэх хэрэгтэй.  1957 онд “Юный техник” сэтгүүл дээр  “Ямар нэгэн мэдээлэл дамжуулах боломжтой хүмүүсийн тоо тасралтгүй  нэмэгдэх болно. Үүнтэй зэрэгцээд энэхүү мэдээллийг хүн болгонд хүртээмжтэй, хүн болгоныг шууд оролцогч нь болгохыг чармайх тул хүмүүс хоорондын харилцааны хэрэгслүүд асар хүчтэй хөгжинө. Хоёр хүнийг дурын цагт найдвартай бөгөөд тасралтгүй холбогддог, харилцдаг болоход ямар ч алслал, оршин байгаа газар орон саад болж чадахгүй болно” гэж бичиж байжээ. 1957 онд Зөвлөлтийн эрдэмтэд “Спутник” нэртэй хиймэл дагуул хөөргөснөөр хүн төрөлхтөн сансрын эринд орсон. Иймд социалист эсвэл капиталист гэлгүйгээр бүгд сансартай холбоотой олон таамаг, зөгнөл дэвшүүлж байв. 1959 онд Зөвлөлтийн физикч Покровский сансрын лифтний санааг дэвшүүлсэн байдаг. Тэрээр 160 км-ийн өндөр цамхаг дахь лифтээр хурдтай дээшлэн ойрын сансарт түвэггүй гарах боломжийн талаар бичсэн. Пуужин, хөөргөх талбай, тусгай түлш гэх мэт их зардалгүйгээр бараг хүссэн хүн болгон сансарт гарах боломжтой болно гэж зөгнөсөн хэрэг. Итгэмээргүй санагдаж болох ч 2005 он Америкийн “НАСА”-гийн эрдэмтэд сансрын лифтийн санааг асар ихээр сонирхон хэрэгжүүлэх боломжийн талаар шинэ санаа дэвшүүлэн уралдаан зарлаж, 2009 он хүртэл санхүүжүүлж байсан юм. Одоо сансрын лифт бүтээх боломжийн талаар судалгааны ажил Япон, Герман зэрэг оронд явагдсаар.


21 дүгээр зуун

Орчин цагт харин технологийн хөгжил ямар байна вэ? 20 дугаар зууны сүүл үед бүтээгдэн хэрэгжсэн интернэт, тоон технологи нь 21 дүгээр зууны хүмүүсийн амьдралыг танигдахгүй болтол өөрчилжээ. Нэгэн үе хүн төрөлхтөнд өдөр тутмын мэдээг хамгийн түргэн шуурхай хүргэдэг технологийн дэвшил нь радио холбоо байлаа. Тиймээс айл болгонд радиотой, түүнгүйгээр амьдралаа төсөөлж чаддаггүй байсан. Телевизор бүтээгдсэний дараа байдал өөрчлөгдөж, хүний амьдралыг зурагтгүйгээр төсөөлөх аргагүй байсан. Харин одоо интернэтгүй, ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болж. Ухаалаг утсаа ашиглан хүн машинаа зайнаас асааж унтраах, гэртээ ирэхээс өмнө цай чанаж, хоол халаахаас эхлээд цэцэрлэгт хүүхэд нь хэрхэн хүмүүжиж байгааг онлайнаар харахаас эхлээд бүх данс, гүйлгээгээ гүйцэтгэж байна. Виртуал нүдний шил хэдийнэ ердийн зүйл болж, хүн уран сэтгэмжийн ертөнцөд бодит мэт аялж чаддаг боллоо.

Орчин үеийн төмөрлөг, электроник ба хүн судлал, анагаах ухааны хөгжлийн ачаар дайн тулаан, ослын улмаас үе мөчөө алдсан хүмүүст хүний тархинаас өгсөн тушаалын дагуу хөдөлдөг, эд зүйлсийг мэдэрдэг хиймэл гар, хөл суулгах болов. Мөн хиймэл зүрх, зүрхний үйл ажиллагааг дэмждэг бичил процессор бүхий төхөөрөмж энгийн зүйл болсон. Орчин үеийн технологийн дэвшлийн тусламжтайгаар хараагүй хүмүүс орчин тойрныг нь харуулдаг төхөөрөмж бүтээгдээд хэрэглээд эхэлсэн. 20 дугаар зуунд эмчлэгдэх боломжгүй, үхлийн гэгддэг байсан олон өвчнийг 21 дүгээр зууны шинэ технологийн ачаар эмчилдэг боллоо. Хүний генийг тайлан уншсанаар эцэг, эхчүүд хүүхдийнхээ үс, нүдний өнгийг хүртэл шилж сонгох боломжтой болсон. Амьд биеийг байгалийн жамаар бус харин клоны аргаар үржүүлэх боломжтой болж, ингэж хувилсан анхны амьтан болох Долли нэртэй хонь бүгдийн танил болсон дуулиант үйл явдлыг та санаж байгаа байх.

Генийн инжернечлэл эрчимтэй хөгжсөнөөр бид өнөөдөр урьд нь төсөөлж ч байгаагүй шинэ хүнс хэрэглэдэг болсон. Жишээлбэл, генийн инжернерчлэл ашиглан африкийн тахалд тэсвэртэй шинэ төрлийн гахайг бий болгон үржүүлж байна. Бактерийн ген шилжүүлэн суулгасан ургамлууд хортон шавьжны эсрэг тэсвэртэй болсон тул химийн бодис их хэмжээгээр хэрэглэх шаардлага буурсан. Аалзны шүлсний хосгүй чанарыг давуутай ашиглах зорилгоор аалзны ген суулгасан ямаанаас аалзны шүлс гаргах авах боломжтой сүү өгдөг болсон. Бактериас онцгой ген суулгасны ачаар хэт хүйтрэхээс эхлээд ганц гачиг гэх мэт байгалийн таагүй үзэгдлийг төвөггүй давж гарах чадвартай хүнсний ногоо бий болгон тариалж эхэлсэн. Мөн л тусгай ген суурилуулсны ачаар цаас үйлдвэрлэх үндсэн түүхий эд болох целлюлозыг илүү агуулдаг мод гаргаж авсан. Модны ургалтын хурдыг шийдвэл ийм мод тариалснаар цаас үйлдвэрлэх зорилгоор тайрдаг модны хэмжээ олон дахин багасах боломжтой болж.  Мөн генийн өөрчлөлтийн аргаар уураг, амин дэм гэх мэт хүнд онцгой шаардлагатай бодисыг ердийнхөө илүү ихээр агуулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд гарч ирсэн.

21 дүгээр зуунд гарсан өөр нэгэн технологийн асар том хувьсгал нь 3D принтер. Энэ принтерийн тусламжтайгаар өнөөдөр тоног төхөөрөмжийн эд ангиас эхлээд буу зэвсэг, байшин хүртэл хэвлэх боломжтой. Ингэснээр ирээдүйд асар төвлөрсөн байдлаар бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг том үйлдвэрийн шаардлага үгүй болж, хүн болгон хүссэн зүйлээ өөрийн 3D принтерээр хэвлэн авдаг болох тухай яригдаж байна. Хувцас хийхийн тулд даавуу эсгэж, оёх шаардлагагүй тусгай нийлэг агуулсан баллоноор шүршээд хүссэн өнгө, хэмжээ хэлбэрийн хувцас хийх боломж анхнаасаа хэрэгжиж эхэлсэн, ингэж хийгдсэн хувцасны загварыг хэдэн жилийн өмнө үзүүлсэн нь асар их дуулиан тарьж байсныг уншигч та санаж байгаа байх. Хүний удирдлагагүйгээр, электрон тархины тусламжтай замын хөдөлгөөнд оролцдог тээврийн хэрэгсэл хүмүүсийг алмайруулахаа хэдийнэ больсон. Өмсөхөд хүний оролцоогүйгээр өөрөө үдэгддэг үдээс бүхий гутал энэ оноос үйлдвэрлэж эхэлсэн тухайгаа “Nike” компани мэдэгдээд буй.

Энэ мэт дурдаад байвал эрдэмтэн мэргэжилтнүүд хүртэл дараа зуунд буюу ирээдүйд хэрэгжиж эхлэх байх гэж таамаглаж байсан маш олон зүйл өнөөдөр бодитоор хэрэгжээд, та бидний амьдралын нэг хэсэг болжээ. Өөрөөр хэлбэл, ирээдүй маань өнөөдөр хэдийнэ биелчихээд байна.


Ирээдүйд...


Энэ эрчээрээ явбал ойрын ирээдүйд технологийн тусламжтайгаар та бидний амьдрал бүр ч танигдахгүй болтол өөрчлөгдөх нь гарцаагүй. Ойрын ирээдүйд хэрэгжинэ гэж тооцоолоод байгаа технологийн зарим дэвшлээс сонирхуулах хэрэгтэй байх. 3D принтерийн тусламжтайгаар хүний эд, эрхтнийг хэвлэж, суулгах боломжтой болно. Ингэснээр бөөрний дутагдалтай хүн гэхэд л өөрт нь таарах бөөртэй донорыг хүлээлгүйгээр принтерлэн шинээр хэвлэсэн өөрийнхөө бөөрийг өөртөө суулгах боломжтой болно. Хөгшрөлт, хорт хавдар үүсэхэд хүргэдэг генийн судалгаа хөгжсөнөөр хүн хорт хавдар ба удамшлын элдэв эмгэг туслахгүй болохоос гадна хүссэн хэмжээгээр урт наслах боломжтой болно.

Тоон технологи, электроник, анагаах ухаан, интернэт, хөгжсөнөөр гар утас, компьютерийн шаардлага үгүй болж одоо өдөр тутмын хэрэглээ болсон харааны линзтэй адил ганц төхөөрөмжийн тусламжтайгаар хүн тархинаас өгсөн командаар буюу бодлынхоо тусламжтай интернэтэд ордог, утсаар ярьдаг, кино үздэг, хоорондоо холбогддог, шаардлагатай бүх мэдээллийн агшин зуур хүлээн авах боломжтой болно. Нүүрс-устөрөгчийн түлш буюу газрын тос олборлох, боловсруулах шаардлага арилж, эрчим хүчний илүү цэвэр, илүү үр ашигтай, найдвартай эх үүсвэртэй болно. Сансрын технологи асар хурдацтай хөгжиж байгаа тул тун удахгүй газрын ховор элемент гэх мэт зайлшгүй шаардлагатай ашигт малтмалыг дэлхийгээс бус харин сансрын уудам дахь астероидууд дээрээ шууд олборлодог болно. Энэ мэт таамаг тооцоог эрдэмтэд хэдийнэ гаргаад хэрэгжүүлэхээр судалгаа шинжилгээний ажил тасралтгүй хийгдэж байна.
Иймд 100 гэлтгүй, 30, 50 жилийн дараа дэлхий танигдахгүй болтол өөрчлөгдөж, одоо 40-50-н настай хүн гэнэт очвол нөгөө үлгэрийн ертөнц, эсвэл харь гараг гээд очсон мэт сэтгэгдэл төрөхөөр болжээ. Харин эрхэм уншигч та ирээдүйн технологийн хөгжил дэвшил, түүний нөлөөгөөр хүний өдөр тутмын амьдрал хэрхэн өөрчлөгдөнө гэж төсөөлж байна вэ?

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан