Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний өдөр

1991 онд болсон ЮНЕСКО-гийн ерөнхий бага хурлаар НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 оноос тавдугаар сарын 3-ныг Олон улсын хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.
 
1991 оны тавдугаар сарын 3-нд Намибын нийслэлд Африкийн хараат бус хэвлэлүүдийн төлөөлөгчид “Виндхукийн тунхаглал” гаргаж дэлхийн улс орнуудын засгийн газруудад хэвлэлийн эрх чөлөө, ардчилсан шинж төрхийг хамгаалахыг уриалсан байдаг. Энэ тунхаглалд ардчилсан нийгмийн үндсэн хэсэг нь хараат бус хэвлэл оршин тогтнох явдал гэж заажээ.

Үүнээс хойш энэ өдрийг жил бүр тэмдэглэдэг болж сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх эрх болон амь нас, эрүүл мэндийг хамгаалах, албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн болон бэртэж гэмтсэн  сэтгүүлчдийн дурсгалыг хүндэтгэхэд олон нийтийн анхаарлыг хандуулж ирсэн.

Энэ өдөр мөн хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад хувь нэмэр оруулсан хүмүүсийг ЮНЕСКО-гийн Бүх дэлхийн шагнал болох Гильермо Каногийн нэрэмжит шагналаар шагнадаг. Колумбын сэтгүүлч Гильермо Кано албан үүргээ гүйцэтгэж яваад 1986 онд ами алдсан юм. 25 мянган доллар дагалддаг энэ шагналаар хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсан хувь хүн, байгууллагыг шагнадаг билээ.

Тэгвэл энэ өдрийг тохиолдуулан “Глоб Интернэшнл” төв “Мэдээлэлтэй байх эрх, язгуур эрх чөлөө. Энэ бол Таны эрх!” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг Нээлттэй нийгэм форум, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр зохион байгуулахаар болжээ. Энэхүү ярилцлагад Хонконг, Япон, Өмнөд Солонгос улсаас ирсэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн төлөөлөл оролцож, ЮНЕСКО-гийн 2016 онд дэвшүүлсэн Мэдээллийн эрх чөлөө болон тогтвортой хөгжил,  Хэвлэлийн эрх чөлөөг цагдан хяналт болон хэт мөрдөн тагнах үйл ажиллагаанаас хамгаалах нь,

Онлайн болон офлайн орчин дахь сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах нь сэдвийн дагуу өөрийн орны нөхцөл байдлын талаар танилцуулах аж. Түүнчлэн ЮНЕСКО-гийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын захирал Мариелза Оливейра болон Монголын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд, төрийн байгууллагын төлөөлөгчид, хуульчид, эрдэмтэн, судлаачид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл зэрэг 60 гаруй хүн дээрх уулзалтад оролцож мэдээлэл авах эрх, хэвлэлийн эрх чөлөө Монгол Улсад хэрхэн хэрэгжиж буй талаар олон талаас хэлэлцэх юм байна.

Энэ  жилийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр нь түүхэн гурван үйл явдалтай давхцаж буй юм байна. Тухайлбал, одоогоос 250 жилийн өмнө дэлхийд мэдээллийн эрх чөлөөний анхны хууль батлагдаж, өнөөгийн Швед, Финлянд улсын газар нутаг дээр дэлгэрч байжээ. Мөн Хэвлэлийн эрх чөлөөний зарчмын талаарх “Виндхукийн тунхаглал” батлагдсаны 25 жилийн ой тохиож байна. Түүнчлэн тогтвортой хөгжлийн шинэ зорилтуудыг ирэх 15 жилд хэрэгжүүлэх шинэ мөчлөг энэ оноос эхэлж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан