Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрдөө итгэ, газраа чөлөөл...

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

“Төрдөө итгэ, газраа чөлөөл. Хашааны газраа байраар соль” гэх үг хэдхэн жилийн өмнө итгэхэд бэрх хийгээд ид шидийн зүйл шиг санагдаж байв. Арга ч үгүй биз, өр зээлд оролгүй, хоосон хашаагаа хоёр өрөө байр болгоно гэдэг хэн хүний санаанд багтахгүй байсан нь мэдээж. Түүнчлэн, зэх зээлд хөл тавиад удаагүй монголчууд бид барилга байшин барьж, бүтээн байгуулалт өрнүүлэх нь битгий хэл өөрсдөө үйлдвэрлэчихдэг байсан зүйлсээ ч өрөөлөөс авах болсон. Тэр ч бүү хэл ажиллах хүчээ ч харь орноос зөөж эхэлсэн. Товчхондоо, өнгөрсөн 20 гаруй жилд Монгол Улс 100 хувь импортлогч орон болоод байв. Урд хөршөөс оймс гутал зөөхөөс авахуулаад байшин барьсан ч барилгын материал, ажиллах хүчээ ч авдаг байлаа. Гэвч цаг цагаараа байдаггүйн адил монголчууд өөрсдөө үйлдвэрлэж, бүтээн байгуулж чадахаа харуулж, үндэсний компаниуд үйлдвэрлэгч болон өргөжиж эхэлсэн.

Үүний нэг жишээ бол барилгын салбарт өрнөж буй бүтээн байгуулалт. 2013 оноос энэ салбарын өсөлт эрчимжиж, Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас бодлогоор дэмжсэний дүнд гуравхан жилийн хугацаанд 2.9 сая ам.метр орон сууц шинээр ашиглалтад орж, 180 мянган иргэн байртай болжээ. Үүнийг дагаад барилгын салбарт ажиллагсдын тоо өсч 80 мянгад хүрсэн бол барилгын материал, тавилга үйлдвэрлэлийн салбарт ч мэдэгдэхүйц үр өгөөж өгсөөр байна.

Байртай болсон 180 мянган иргэний багагүй хувийг Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан өрх буюу төрдөө итгэж, газраа чөлөөлсөн иргэд эзэлж буй. Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулж, иргэддээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилгоор НИТХ-ын 2013 оны есдүгээр сарын 26-ны өдөр тогтоол гаргаж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжиж эхэлснээр 24 байршилд 77 блок, 1574.8 ам.метр талбайг дахин төлөвлөж, 7374 айлын орон сууцны барилга угсралтын ажил эхлүүлж иргэд түлхүүрээ гардаж эхэлсэн.

“Дахин төлөвлөлтийн ажил удааширч байна” гэх шүүмжлэл хааяахан чих дэлсдэгээс үр өгөөжийг нь хүртсэн иргэдийн байр суурийг тэр бүр сонсч байсангүй. Түүнчлэн, гүйцэтгэгч компаниудын зовлон, жаргалыг ч сонсч байсан нь ховор. Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл тэргүүтэй НЗТГ-ын холбогдох мэргэжилтнүүд, гүйцэтгэгч компани, иргэдийн төлөөлөл оролцсон гурван талт уулзалт болж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц, үр дүн, ажил нь удааширч, хөрөнгө оруулалтгүй болсон байршлуудыг цаашид хэрхэх тухай санал солилцлоо. Телевизээр шууд дамжуулан хүргэсэн эл уулзалт ярилцлагаар өдгөө барилга угсралтын ажил нь үргэлжилж буй, дахин төлөвлөлтөд хамрагдсан есөн байршлыг жишээ болгон хэлэлцсэн юм.


Иргэд: Монгол барилгачиддаа баярлалаа

Дахин төлөвлөлтөд хамрагдаж, 0.6 га газраа хоёр өрөө байраар сольсон Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны иргэн, “Нарт” хотхоны оршин суугч ийн хэлж байна. Зөвхөн энэ хүн ч бус хашаа, газраа байр болгосон иргэд гэр хорооллын дахин төлөвлөлтийн тухайд ам сайтай байгаа нь тв уулзалтын үеэр анзаарагдаж байлаа. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн долдугаар хороо, 32-ын тойргийн шинэ зам дагуух 145 айлын газар чөлөөлж, 6 га талбайг дахин төлөвлөлтөд хамруулж, гүйцэтгэгчээр “Бэрэн” групп ажиллажээ. Тус компанийн бүтээн босгож буй “Хангай” хорооллын ажил дуусах шатандаа явж байгаа бөгөөд нийт 2880 айлын орон сууц барьж буйгаас 1440-г нь ашиглалтад авчээ. Үлдсэн 1440 орон сууцны 720 нь Наадмын дараа ашиглалтад орох бол 720 нь энэ оны дөрөвдүгээр улиралд дуусах гэнэ. Түүнчлэн, “Бэрэн” группийн хамт олон оршин суугчдынхаа ая тухыг хангах үүднээс сургууль, цэцэрлэгийн барилгаас өгсүүлээд дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийджээ.

Дахин төлөвлөлтөд хамрагдсан зарим байршлын барилга угсралтын ажил удаашралтай байгаа тухайд “Бэрэн” группийн инженер “Гүйцэтгэгч компаниуд маш том эрсдэл үүрч энэ ажлыг авсан. Тиймдээ ч барилгын ажил удах тусам эрсдэл өснө гэсэн үг. Тэр хэрээр иргэд, гүйцэтгэгч компанийн хооронд үл ойлгоцол гарна. Ер нь, дахин төлөвлөлтийн ажил бол цаг хугацааны л асуудал. Гүйцэтгэгч компани хэр хурдан, шуурхай байна тэр хэрээр эрсдэл буурна гэж ойлгох хэрэгтэй” гэсэн юм.

“Хангай” хотхоны оршин суугч, өндөр настан 521 ам.метр талбай, хоёр гараж, дугуй засвар бүхий хашаа байшингаа 50 ам.метр хоёр өрөө, хоёр ч байр болгоод зогсохгүй дээр нь 15 сая төгрөг авахаар “Бэрэн” групптэй тохироо хийжээ. Улмаар нэг байрандаа хүүгээ гэр бүлийнх нь хамт оруулж, авсан 15 сая төгрөгөөрөө зуслангийн газар худалдан авчээ. Энэ мэт гүйцэтгэлийн ажил нь төлөвлөгөөт цаг хугацаандаа дууссан байрны оршин суугчид сэтгэл хангалуун байгаагаа уламжилж байлаа.

Гэхдээ гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан болгон ийм байхгүй нь мэдээж. Ер нь, гүйцэтгэгч компаниудын санхүүжилт зогссон, хөрөнгө оруулалт орж ирэхгүй байгаа гэх шалтгаанаар зарим байршилд ажил удаашралтай, хүлээлттэй байна. Жишээ нь, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, 58 дугаар сургуулийн хажууд “Цэлмэг Ази” ХХК-ийн гүйцэтгэж буй 2000 айлын орон сууц хөрөнгө оруулалтгүй болсноос зогсонги байдалд оржээ. 103 айлын газрыг дахин төлөвлөлтөд хамруулж, дөрвөн блок орон сууц барьж буй компанийн ерөнхий менежер н.Батболд хэлэхдээ “Газарт орсон 103 айлаас 16 айлын газрыг чөлөөлж, иргэдийн түрээсийн байрны төлбөрийг цаг тухайд нь олгож байна. Ямартай ч, газраа чөлөөлсөн иргэдээ хүндрүүлэхгүйг хичээж байна. Хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод ажил удаашралтай байгаа ч нөөц боломжоо ашиглан эхний ээлжийн хоёр блокийг долоо, арваннэгдүгээр сард ашиглалтад өгөхөөр хичээж байна” гээд цаашид урт хугацааны хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл авах боломж олговол сайн байгаа тухайгаа онцолж байв.

Ажил нь зогсонги байдалд орж, гурван жилийн хугацаанд суурийн цутгалтаас өөр ажил хийгдээгүй хэмээн хэвлэлээр нэг цоллуулж буй “Гранд лайн” ХХК-ийг тойрсон шуугианы тухай уулзалтын үеэр ярьсан юм. Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Амгалангийн Жанжин клубийн дэргэд 220 айлын газар чөлөөлж, 3600 айлын орон сууц барихаар батламж авсан уг компанийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн хүүгийнх, тендерт хууль бусаар шалгарсан гэх мэт яриа гарсан. Эл асуултад хотын мэр хариулт өгөхдөө “Грайнд лайн”-ны ажиллаж буй байршилд батламж авахаар таван ч компани өрсөлдсөн. Явж явж яг “Грайнд лайн” шалгарсан. Би ч тухайн үед буюу 2013 оны дөрөвдүгээр сарын 6-нд 12 дугаар хорооны оршин суугчидтай уулзаж, өөр компани сонгох санал тавьсан ч иргэд татгалзсан. Угтаа дахин төлөвлөлтийн ажил авсан компаниуд тендерээр бус иргэдийн нууц санал хураалтаар тодордог. “Грайнд лайн” ч эл журмаар энэ ажлыг авсан” хэмээсэн юм. Харин ажил удаашралтай байгаа талаар компанийн хуулийн зөвлөх н.Сүх-Очир тайлбарлахдаа “Манай компани одоогоор хоёр блокийн суурийн цутгалт хийчихээд байна. Ажил удааширч, зогсонги байдалд орсон нь хөрөнгө санхүүгээс бус бусад асуудлаас болсон. Төвийн шугаманд холбогдох хэсэгт байсан айлууд газраа чөлөөлж өгөөгүйгээс ажил жаахан цалгардсан тал бий. Улмаар иргэдтэй гэрээ хэлцлээ хийж, тохироонд хүрсний дараа ажлаа эхлүүлтэл яг тэр газарт ХХААЯ-ны хуучин агуулах байсан юм билээ.Улмаар агуулахаас алдагдаж, хөрсөнд шингэсэн химийн бодис илэрснээр ажлаа зогсооход хүрсэн. Бодис цэвэрлэх ажлыг БОНХАЖЯ, ХХААЯ хариуцах ёстой ч цэвэрлэх, аюулгүй болгох хөрөнгийг төсөвт суулгаагүй гэх шалтгаанаар одоо ч эхлээгүй байна. Гэхдээ энэ асуудлыг нэг тийш болгож, энэ ондоо багтаан эхний ээлжийн байруудаа ашиглалтад оруулна” гэлээ. “Грайнд лайн” ХХК-ийн хувьд нийт 220 айлын газарт дахин төлөвлөлт хийхээс 41-ийг нь чөлөөлөөд байгаа аж. Дээрх айлуудаас 20-ийг нь “Хангай” хотхон тэргүүтэй эхний ээлжийн орон сууцаа ашиглалтад авсан компаниудтай тохироо хийн байртай болгосон бол үлдсэнийг нь түрээсийн байранд оруулсан гэнэ. 12 дугаар хорооны иргэдийн хувьд асуудалд хүлээцтэй хандаж байгаа ба компанийн ажил зогссон шалтгааныг ч ойлгож, хүлээн авсан байна.

Уулзалт, хэлэцүүлэгт оролцсон, дахин төлөвлөлтөд хамрагдсан ч газраа хараахан чөлөөлөөгүй иргэдийн зүгээс хотын мэрт хандан санал бодлоо ч хэлж байв. “Гүйцэтгэгч компани төдийгүй газраа чөлөөлөөгүй иргэд ч эрсдэл хүлээж байгааг бодох хэрэгтэй. Гурван жилийн турш байраа хүлээсэн иргэд, хөрөнгө оруулалтгүй, химийн бодис илэрсэн гэх шалтгаанаар байргүй үлдэхийг хүсэхгүй. Тиймдээ ч газар дээрээ байшин барих, үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар ашиглах гээд маш их боломжоо үгүй хийж байгаа. Гүйцэтгэгч компаниудаа хөрөнгө оруулалт талаас нь бодлогоор дэмжиж өгвөл сайн байна” гэх нь байлаа. Юутай ч, хашааны газраа тохиолог орон сууцаар сольсон иргэд монгол барилгачиддаа баярлалаа хэмээн хэлж байна.


Компани: Урт хугацааны, хөнгөлөлттэй зээл хэрэгтэй байна

Уулзалт ярилцлагын үеэр гурван тал санал нэгдсэн нэг асуудал нь хөрөнгө оруулалт байв. Гүйцэтгэгч компаниудын ихэнх нь хөрөнгө оруулалтгүй болсны улмаас ажил удааширсан гэх тайлбар хэлж байв. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд 280 айл газар дахин төлөвлөлт хийж буй “Стандарт пропертиз” группт Хятад компани хөрөнгө оруулагчаар ажиллаж байсан ажил эхлээд удаагүй байхад ор сураггүй болжээ. Улмаар эхлүүлсэн ажлаа зогсоочихгүйг хичээн банкнаас зээл авах хүсэлт гаргасан ч шалгуурт тэнцээгүй аж. Энэ оны эхний улирлын байдлаар барилгын салбарын илүүдэл орон сууц 16 мянгад хүрсэн нь барилгын салбарынханд банк зээл олгох боломжгүй гэх хариу өгсөн. Тиймдээ ч дахин төлөвлөлтийн ажилд оролцож буй компаниуд урт хугацааны, уян хатан нөхцөлтэй зээл хүсэх нь их байв. Хөрөнгө оруулалт л зогсчихгүй бол Монголын барилгачид дадлагажиж, туршлагажиж байна. Цаашид ч дахин төлөвлөлтийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтад оролцох сонирхол бий гэлээ.


Хот: Гэрээний нөхцөлөө биелүүлсэн компаниуд зээл авах боломжтой

Гүйцэтгэгч компаниудын санал бодол, зовлон жаргалыг сонссон хотын удирдлагууд ч тэдний хүсэлтэд хариу өгсөн юм. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэлэхдээ “Бидэнд гадаад зах зээлээс урт хугацаатай, бага хүүтэй зээл авах боломж байгаа ч энэ асуудал Сангийн яам, Засгийн газраар дамжих ёстой. Мэдээж их хэмжээний мөнгө эрсдэл дагуулна. Хот дангаар шийдэх эрхгүй болчихоод байна. Улаанбаатар хоттой ах дүү, найрамдалт харилцаатай зарим хот тэрбум хүртэл ам.долларын зээл олгох боломжтойгоо ч хэлсэн. Гэхдээ зээлээ дагаад өөрсдийн ажиллах хүч, бараа материалаа санал болгодог. Тиймээс бид үндэсний компаниудаа дэмжих үүднээс зээлийн асуудлыг арай өөрөөр шийдэхийг зорьж байна. Удаашралтай, зогсонги байдалд байгаа ажлаа үргэлжлүүлж, богино хугацаанд дуусгахад бидэнд одоо 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Эхний ээлжинд нийслэлээс дахин төлөвлөлтийн хөрөнгө оруулалтын төсвийн тодотголыг 20 тэрбум төгрөгийн хамт Засгийн газарт өргөн барьж үлдсэн 80-ыг нь төсөвт суулгуулахыг зорьж байна. Ингэснээр бага хүүтэй зээл олгох нөхцөл бүрдэх юм” гэв. Мөн тэрээр ажил нь 70 хувиас дээш гүйцэтгэлтэй компаниудад зээл олгох тухай онцлоод “Компаниуд иргэдтэй хийсэн гэрээний нөхцөлөө биелүүлэх нь  юу юунаас чухал. Тиймээс зээл олгохдоо гүйцэтгэлийг нь харж, босго тогтоох нь зөв” хэмээж байв. Ийнхүү хөрөнгө оруулалтын асуудлыг нааштай шийдэх сураг дуулдсан нь гүйцэтгэгч компаниуд болоод байрандаа орохоор хүлээж буй иргэдэд сайхан мэдээ байв.

Юутай ч иргэд, компаниудын төлөөлтэй хийсэн уулзалт нэгдсэн шийдэлд хүрч, барилгын салбар илүүдэлтэй, зогсонги байдалд ороод буй энэ үед дахин төлөвлөлтийн ажлыг “гал алдах”-аас сэргийлэх үүднээс бодлогоор дэмжихээр болов. Хотын удирдлагууд, гүйцэтгэгч компани, иргэд, оршин суугчдын аль аль нь багахан удаашралтай байгаагаас дахин төлөвлөлтийн ажил нүдээ олсон шийдэл, бүтээн байгуулалт гэдгийг онцлоод, цаашид ч төрдөө итгэж, газраа чөлөөлөх нь зөв гэх байр сууринд нэгдсэн юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан