Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Нэр дэвшүүлэх хугацааг хойшлуулж магадгүй

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хууль зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэцээс дүгнэлт гаргаж, УИХ-д хүргүүлсэн. УИХ-аар Цэцийн дүгнэлтийг хүлээж авах эсэхийг өнгөрсөн долоо хоногт Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар авч хэлэлцсэн. Байнгын хороодын хүлээж авах нь зүйтэй гэсэн саналыг УИХ-ын чуулганаар оруултал МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлэг ажлын тав хоногийн завсарлагаа аваад байгаа билээ. Харин завсарлагын хугацаа дуусах үед ҮХЦ-ийн дүгнэлтийг УИХ-ын гишүүдийн олонхи нь хүлээж авахаар болж, улмаар Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай мэдээлэл гарав.

Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей “Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсан тохиолдолд Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж таарна. Хугацаа нь өнгөрч байгаа учраас нам, эвслээс УИХ-д нэр дэвшүүлэх ажиллагааны цаг хугацааны графикт өөрчлөлт орж таарна” гэсэн байна.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаанаас гарсан дүгнэлтэд “Сонгуулийн тухай хуулийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дах хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөнийг Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тусгуулж байгаа болохыг дурдсугай” гэжээ. Энэ нь Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах ёстой гэсэн үг юм. Үүнтэй хамт сонгуулийн зохион байгуулалтын ажлууд ч өөрчлөгдөхийг тэрээр хэлсэн.

Сонгуулийн тухай хуулиар нам, эвсэл тавдугаар сарын 5-наас эхэлж тавдугаар сарын 9-ний дотор УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа дуусах ёстой. Санал авах өдрөөс 55 хоногийн өмнө нэр дэвшүүлэх ажиллагааг эхлүүлж, тав хоногийн хугацаанд дуусгана. Харин энэ хугацаанд амжихгүй байх магадлал өндөр тул өөрчлөлт оруулах шаардлага үүсэх юм. Ингэхээр нэр дэвшүүлэх хугацааг хэд хоногоор хойшлуулж, зохицуулалт хийх нь бололтой. Гэхдээ санал авах өдөрт ямар нэг өөрчлөлт оруулахгүйг зарим эх сурвалж хэллээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан