Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Сэржээ: Соёлын баримтат өв гэдэг нэр томъёо монгол хэлний үгийн санд байхгүй

Э.ГАНЦЭЦЭГ

“Үндэсний бичиг үсгийн баяр” бид тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигаар тавдугаар сарын эхний долоо хоногийг “Үндэсний бичиг үсгийн баяр” болгон орон даяар тэмдэглэж байхаар тогтсон.

Баярын хүрээнд өчигдөр Монгол Улсын Үндэсний номын санд “Монголчуудын бичиг үсэг-Соёлын баримтат өв болох нь” сэдэвт эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал болов.  Соёлын баримтат өвийн хадгалалт, хамгаалал, цаашид хэрхэн ашиглах, судалгааны эргэлтэд хэрхэн оруулах талаар хуралд оролцогсод хөндөж байлаа. Энэ үеэр Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн зарим нэр томъёо сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн МУИС, МХСС-ийн багш, доктор, профессор Ж.Сэржээтэй цөөн хором ярилцлаа.


-Соёлын баримтат өв гэж юу юм бэ. Яриагаа эндээс эхлэх нь зүйтэй болов уу?
-Соёлын баримтат өв гэж юуг хэлээд байгааг ойлгохгүй байна. Хуульд байхгүй нэр томъёо. Ийм нэр томъёо Монгол хэлний үгийн санд байхгүй. Миний илтгэл эндээс эхэлнэ.

-Тэгвэл энэ тухай ярилцъя.
-Нэр томъёог ийм, тийм байх ёстой гээд ганц хүн шийд­­чихдэггүй. Соёлын салбарт ажиллаж байгаа төр захиргааны байгууллагынхан, энэ салбарын судлаач, эрдэмтэн мэргэд, хэл шинжлэлийн мэргэжилтнүүд ярилцаж байж, хуулийн дагуу зохицуулалт хийн, судалгаа, шинжилгээний дүнд шийддэг. Дээр хэлсэнчлэн, соёлын баримтат өв гэдэг нэр томъёо Соёлын өвийн тухай хуульд байхгүй. Ганц ч үг байхгүй шүү. Тиймээс хуулийн бус нэр томъёо гээд байгаа юм. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд ямар нэр томъёо байдаг юм бэ гэвэл соёлын биет болон биет бус өв л гэж бий. Биет өвийг үл хөдлөх, хөдлөх гэж ангилдаг. Хэл бичгийн соёлын дурсгалуудыг яг алинд нь хамруулахаа тогтоогүй байгаа.

-Тэгвэл соёлын баримтат өвийг соёлын биет өв гэж ойлгож болох нь?
-Биет өв мөн, биш эсэхийг хэлний мэргэжилтнүүд хэлэлцэж байж шийднэ. Монгол бичгийн соёлын дурсгалыг соёлын биет өвд хамааруулж байх шиг байгаа юм. Хуулиараа бол. Хуульд байхгүй учраас баримтат өвийн тухай ярих юм байхгүй. Баримтат өвд Монгол хэл, бичиг, түүний хүрээний соё­лыг хамааруулан ойлгоно гэж заасан. Монгол хэл, бичиг бол ойлгомжтой. Харин түүний хүрээ­­ний соёл гэж мөн л хэл­ний мэргэжилтэн миний мэ­дэхгүй ойлголт гараад ирж. Энэ мэт эх хэл, бичгийг тойр­сон маргаантай асуудал бий.

-Тэгвэл энэ нэр томъёо хаа­наас гараад ирсэн юм бэ. Хэлний мэргэжилтнүүд хэрэглээд эхлэхээр иргэд мөн л бичгийн болоод яриа­ны хэлэндээ ашиглаад явж таарна.
-Мордохын хазгай гэгчээр эх хэлээ ингэж сүйрүүлж болох­гүй. Соёлын баримтат өв гэдэг нэр томъёо хаанаас гараад ирэв гэхээр Англи тэргүүтэй өрнөдийн орнуудад энэ нэр томъёо хэрэглэдэг. Эндээс ЮНЕСКО авч хэрэглэн, манай соёлын өвүүдийг энэ ангилалд бүртгэж гэрчилгээ олгосон бай­даг. Тиймээс манайхан шууд орчуулж хэрэглэсэн нь тэр.

-Хэл зохиолын хүрээ­лэнгийн дэргэд нэр томъёоны комисс гэж бий. Комиссын эрдэмтэн мэргэд, хэл бичгийн ухааны мэргэжилтнүүд тухайн ойлголтыг монгол хэлээр орчуулж, олон нийтэд хэвшүүлэх үүрэгтэй. Гэтэл таны хэлж байгаа шиг гадаад үгийг шууд орчуулж хэрэглэх нь газар аваад байна. Энэ тал дээр таны байр суурийг сонирхвол?
-Гадаад үгийг нутагшуулах хуультай болж, түүнийхээ дагуу эх хэлнээ буулгамаар байгаа юм. Манайх ямар хуультай билээ. Аль хуультай нь таарах билээ гээд ярихаар асуудал ар араасаа хөвөрнө. Монгол хэл бичиг соёлын биет бус өвд орох нь ойлгомжтой. Гэхдээ тэр өвийнхөө аль, ямар ангилалд орох эсэх нь мөн л тодорхойгүй. Яагаад гэхээр “Ганжуур”, “Данжуур”, “Алтан товч” тэргүүтэй Монголын бичиг соёлын үнэт өвийг 2011 онд  ЮНЕСКО соёлын баримтат өвдөө бүртгэчихсэн. Гэтэл үүнээс гурван жилийн дараа гарсан Соёлын өвийг хамгаалах тухай хуульд тэр нэр томъёог нь суулгаагүй.

-Сүүлийн жилүүдэд эх хэл устахад хүрлээ. Эх хэлээ­рээ зөв сайхан ярьж, бичиж чадахаа больсон талаар шүүмжилдэг. Судлаач хүний үзэж байгаагаар  энэ нь юутай холбоотой юм бэ?
-Хэлний сахилга бат алдагд­сантай холбоотой. Зөв бичих дүрэм, үг сонголт, най­руулга, логикийн алдаа их гарч байна. Ялангуяа логи­кийн алдаа. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарынханд түгээмэл ажиглагддаг. Бүр байж боломгүй алдаа гаргах нь бий. Жишээлэхэд, Австри гэдгийг Австрали гэж бичдэг. Туурга тусгаар улс гэдгийг мэддэг байлтай. Эх хэлний бодлого алдагдсан шүү дээ. Үүнтэй л холбоотой.

-Эх хэлний бодлого алдагдсан гэлээ. Уг нь, монгол бичиг соёлоо сэргээгээд сайн л гэж ойлгоод байгаа?
-Эх хэлний, Монгол хэлний тухай хууль гарлаа. Хуулиараа журамлаад явъя гэхэд хэлний мэргэжилтнүүдийн хооронд маргаан үүсдэг. Хэлний ихэнх мэргэжилтэн монгол бичгээ сэргээж хэрэглэнэ гэдэг. Гэтэл өнөөдөр хэрэглэж байгаа монгол хэл болохоо байчихаад байхад юун тэр монгол бичгээ сэргээж хэрэглэх. Монгол хэл­ний хэрэглээ нэг л болж өгөх­гүй байна. Буруу зөрүү ярихаас эхлээд найруулгазүйн хувьд ч алдаа гарах нь ихэссэн. Сайн, муу ч өнөөдрийн бидний хэ­рэг­лэж байгаа кирилл би­чиг бол Төрийн албан ёсны бичиг. Энэ бичгээ нэг тийш нь журамлаад, ядаж л ЕБС-ийн сурагчдыг зөв бичдэг болгох нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байна. Гэтэл хэлний мэргэжилтэн гэх бус­ды­гаа сонсдоггүй, энгэртээ хэдэн төмөр зүүсэн нөхдүүд монгол бичгээ хэрэглье л гээд байх юм. Ингэж туйлширч, хадуурс­наас үүдэн эх хэлний бодлого алдагдаж байна. Аль XVIII, XIX зуунд хэрэглэж байсан мон­гол бичгийг кирилл бич­гийг халан байж XXI зуунд хэрэглэх нь хэр оновчтой вэ гэдгийг эрүүл ухаантай хүмүүс л шийдэх байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан