Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Галаарид: Нийгэм бүхэлдээ танин мэдүүлсэн, гэгээлэг мэдээллийн үр шимийг хүртэнэ


“Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санаачилсан “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл хариуцан ажиллахаар болсон билээ.  Өчигдөр “Чингис хаан” зочид буудлын “Тэмүүжин” танхимд нээлтээ хийсэн энэхүү аянд Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг бүх хэвлэл мэдээллийн байгууллага оролцох боломжтой. Гэхдээ зөвхөн “Мэдээ” гэсэн сэтгүүлзүйн бичлэгийн төрөл жанраар оролцох юм. Мэдээ нь телевиз, радио, сонин, сэтгүүлийн болон цахим сайтынх ч байж болох аж. Ингэхдээ гэгээлэг мэдээллийг илүү чухалчлан, тухайн мэдээгээ өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээснээс хойш 24 цагийн дотор “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы албан ёсны фэйсбүүк хуудсанд нийтлэх юм байна. Байршуулсан мэдээ нэг бүрт бичлэгийн шагнал тооцож олгохоос гадна урамшууллын дүнг сар сараар нь нэгтгэн тухайн мэдээг бэлтгэж, оролцсон хэвлэл мэдээллийн байгууллагын дансанд шилжүүлэх аж.

Нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарынхныг идэвхжүүлэхээс гадна олон нийтэд хэрэгтэй, тустай мэдээллийг чухалчлан, энэ төрлийн мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлэх зорилготой аяны нээлтийн үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн үгэндээ “Бидний хамтын ажиллагаа эн тэргүүнд нийгэмд тустай, ил тод нээлттэй, харилцан хариуцлагатай, бусдад санаа өгөхүйц, бусдыг манлайлан дагуулахуйц үлгэр жишээч байх ёстой гэдэг дээр хоёр тал тохиролцсон. Манай аяныг дэмжиж нэгдсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Монгол даяар болж байгаа сайн үйлс, нийгэмд тустай сайн сайхан мэдээллийг олон нийтэд түгээж, “Эрдэнэт” үйлдвэр тэрхүү мэдээнд нь бичлэгийн урамшуулал үе шаттай олгох юм. Ингэснээр МСНЭ болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хоорондын харилцаа илүү гүнзгийрэн, нийгэм бүхэлдээ танин мэдүүлсэн, гэгээлэг мэдээллийн үр шимийг хүртэнэ. Бид энэхүү аяныг бүхэлд нь ингэж харж, төсөөлж байна.

Ийм байлгахын төлөө сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэйгээ хамтран зүтгэх болно. Та бүхнийг гэгээлэг сайхан аяндаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Маргааш /өнөөдөр/ болох Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг энэ дашрамд та бүхэндээ урьдчилан хүргэе. Ийм чухал өдрийн босгон дээр энэхүү гэгээлэг сайхан ажлыг эхлүүлж байгаадаа баяртай байна. Он солигдохын өмнө дахин цугларч аянаа дүгнэх болно. Тэр хүртэл эрчтэй, идэвхтэй ажиллаарай. Нийгмийн сайн сайхны төлөө ихийг бүтээгээрэй. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье” гэв.

Арванхоёрдугаар сарын 20-ныг хүртэл үргэлжлэх аяны төгсгөлд “Хамгийн сайн телевизийн мэдээ”, “Хамгийн сайн сонин, сэтгүүлийн мэдээ”, “Хамгийн сайн радиогийн мэдээ”, “Хамгийн сайн цахим мэдээ” номинацаар тус тус нэг, хоёр, гурав, тусгай байр эзлүүлэн шалгаруулж “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ы санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК, зохион байгуулагч Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аяны манлайлагч” цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, редакцад шаардлагатай тоног төхөөрөмж зэрэг биет хөрөнгө оруулалт бүхий зүйлээр урамшуулахаар болсон юм.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан