Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Эрдэнэт үйлдвэр” ХХК Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг сэтгүүлчидтэй хамт угтлаа


Энэ жилийн Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг Юнескогоос “Мэдээлэлтэй байх эрх-язгуур эрх чөлөө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.

Мэдээлэл авах, мэдэх эрх бол хүн таны язгуур эрх юм гэдгийг нийт иргэдэд мэдрүүлэх гол үзэл санаа бүхий энэ уриатай нягт уялдаатай нэгэн чухал ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд санаачилжээ.

Энэ бол Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр нээлтээ хийж байгаа “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” юм. Уг аяны нээлт өчигдөр Улаанбаатар хотноо Чингис зочид буудалд болж төвийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд удирдамжаа гардуулсан бол өнөөдөр Эрдэнэт хотноо орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хүрээнд аяны нээлтийг хийж байна.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн санаачлан хэрэгжүүлж буй энэхүү аяны үр өгөөжийг дан ганц сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртээд зогсохгүй, монголчууд мэдэх эрхээ баталгаажуулж, бодитой зөв, өөрт хэрэгтэй, тустай мэдээ мэдээллийг илүү түлхүү олж авах, хар бараан бус сайн сайхан үйл хэргийн тухай гэрэл гэгээтэй мэдээлэл дунд байх зэрэг нийгэмд нөлөөлөх эерэг үр дагаврууд ихтэй ажил болно гэж санаачлагч, зохион байгуулагч нар үзэж байна.

Аяны нээлтэд оролцсон сэтгүүлчид ч “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг зөв зүйтэй, сайхан санал санаачилга байна гэж харж буйгаа хэлцгээж байв. Тухайлбал, гавьяат сэтгүүлч Ц.Энхбат “ГОК-гүйгээр Монгол улсыг төсөөлөх арга байхгүй, эдийн засаггүйгээр улс орны амьдралыг төсөөлөх арга байхгүй. Би үүнийг их зөв ажлын эхлэл тавигдаж байна гэж харж байна. Бид нийгэмд их хөөстэй мэдээ түгээдэг, хөөсрөхөөсөө илүү чулуу бэлтгэх хэрэгтэй. Чулуу мэт чанартай мэдээ хийхэд гар бие оролцъё гэж хэлэх байна. Хүлээлт их байна, сэтгүүлчдийн үйл ажиллагааг дэмжихийн тулд ийм ажлыг хэн нэг нь хэзээ нэгэн цагт хийх л байсан гэж бодож байна. Энэ бол Ц.Балдорж сангийн ажлаас өөр энэ талаар хийж байгаа зүйл бараг үгүй. Ийм үед сэтгүүлчдийг дэмжсэн ийм том арга хэмжээ, үйл ажиллагааг санаачлан эхлүүлж байгаад талархаж байна. Бид ч бас идэвхтэй оролцъё” гэлээ.

Мөн “Үнэ цэнэ” нэвтрүүлгийн хөтлөгч сэтгүүлч М.Оюунчимэг “Дөрөв дэх засаглалын эд эс болсон сэтгүүлчид бид үг үйлдлээ нэгтгэвэл юуг ч хааш нь ч эргүүлэх, нийгмийг гэгээрүүлэх, уриалан дуудах хүч чадалтай. Бид бүгдээрээ энэхүү Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аянд нэгдэж мэргэжлийн ур чадвар, үнэ цэнээ харуулж чадах юм бол улс орондоо хийгээд өөрсдөдөө оруулж байгаа том хувь нэмэр гэж би бодож байна. Энэ нь бодит байдлыг гуйвуулах юмуу, дарга цэргийг магтан дуул гэсэн үг огт биш харин ч энгийн амьдрал дундаас эгэл баатруудыг олж, хөлс хүчээ дусаан хөдөлмөрлөж баялгийг бүтээж улс орны мотор нь болж байгаа хувь хүмүүс, хэн нэгнээс хараат бусаар хөдөлмөрөөрөө аж амьдралаа авч явж байгаа тэр эгэл жирийн баатруудын тухай нийгэмд тустай тийм мэдээ, сурвалжлага хийж нийтэлж, нэвтрүүлэх тийм аян гэж ойлгож байгаа. Би ч гэсэн та бүхэнтэйгээ хамт энэ аянд нэгдэнэ. Нөгөө талаараа Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр мэдээлэл авах эрх,язгуур эрх чөлөөний уриан дор болж байна. Мэдээлэлтэй байх эрх чөлөө маш чухал, үүнтэй зэрэгцээд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд санхүүгийн эрх чөлөө ч мөн чухал. Ц.Энхбат сэтгүүлчийн хэлсэн сэтгүүлчид ч өнөөдөр хүндхэн байгаа гэдэгтэй санал нэг байна. Ийм үед сэтгүүлчдийн ур чадвар, хөдөлмөрийг үнэлэх ажлыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК сайн үйлсийн аянаараа дамжуулаад хийж байгаа нь бидэнд үнэхээр хэрэгтэй, сэтгүүлчдийг хэнээс ч хараат бусаар толгой дээшээ, үзэг бардам, асуух гэснээ асуучихдаг, хийх гэснээ хийчихдэг болоход ч хувь нэмрээ оруулна. Өнөөдрийн хар бараан нь зонхилоод байгаа энэ нийгмийг бүгдээрээ дагах биш дагуулж намирч оюун санааны чиглүүлэгч байх үүргээ нэр төртэй биелүүлье гэж уриалж байна. Энэ аяныг дүгнэх тэр мөчид үнэхээр сайн нь урамшаад улам сайныг хийх үүд хаалга үүгээр нээгдэх болтугай” гэсэн юм.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынхан сэтгэл өег хүлээж авсан энэхүү аяны зохион байгуулагчаар Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл ажиллаж, мэргэжлийн үйлчилгээ үзүүлнэ. Энэ талаар МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галаарид нээлтийн үеэр онцолж ярьсан. Түүний хэлснээр “Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн удирдлагатай хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргах, илүү үр дүнтэй ажил хийхээр ярилцаж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас санаачилсан “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-ыг зохион байгуулахаар тогтсон. Энэ аяны гол зорилго нь нийгэмд тустай, сайн сайхан мэдээ түгээх соёлыг хэвшүүлэх, мэдээллийн түмэн урсгал дотроос хувь хүн, олон нийт, улс эх оронд тустай мэдээ мэдээллийг илүү чухалчилж түгээсэн хэвлэл мэдээллийн байгууллагыг илүүтэй хүндэтгэдэг хандлагыг төлөвшүүлэх гол зорилготой аж.

Санаачлагч “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн орлогч захирал Ц.Намхайнямбуу “Манай үйлдвэр энэ жил 12 дахь удаагаа Шилдэг аж ахуйн нэгжээр тэргүүн байрт шалгарсан. Энэ нь эдийн засаг хямарч, зэсийн үнэ унасан үед ч бид дотооддоо хэмнэлтийн бодлого барьж, хямралын эсрэг төлөвлөгөө хэрэгжүүлж ажилласны үр дүн бөгөөд нөгөө талаар уул уурхайн салбараа барьж явах нь зөв гэдгийг харуулж буй хэрэг. Үйлдвэр уул уурхайн тэргүүлэх үйлдвэр гэдгээ нотлон олон ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян” нь өөрөө сайн үйл юм. Тийм болохоор энэ аян энэ жил хэрэгжээд дуусах бус цаашид тогтох байх гэж бодож байна. Сүүлд нь үүнийгээ дүгнэх гээд уулзахдаа бүгдээрээ “Үнэхээр хэрэгтэй, сайн сайхан зүйл бид хийчихжээ” гээд уулзана гэдэгт итгэлтэй байна гэж хэллээ. Нээлтийн үеэр МСНЭ-ээс нийт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлч сурвалжлагчдыг “Нийгэмд тустай сайн мэдээ түгээх аян”-д оролцохыг уриаллаа. Аян энэ оны 12 дугаар сарын 20 хүртэл үргэлжилж, оны эцэст дүнгээ гарган шилдэг телевиз, сонин сэтгүүл, вэбсайт, радиогийн сайн мэдээ төрлөөр тус тус шалгаруулан өргөмжлөл, цом олгохоос гална шилдгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагуудыг редакцийн тоног төхөөрөмжөөр шагнана. Дэлгэрэнгүй мэдээлэл, удирдамжийг МСНЭ-ийн 11330948, 99841725 дугаарын утаснаас авч болох юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан