Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд төрийн үйлчилгээнд сэтгэл хангалуун байна


Хаврын сарууд шувтарч, төгсөх ангийн сурагчид гэлтгүй түмний өмнөөс төрд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа ард иргэдэд тайлагнах, дүн тавиулах  цаг ирж. Нийслэлийн Баянгол дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, НИТХ, дүүргийн Иргэдийн нийтийн хурлын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа өчигдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хорооны ард иргэдэд тайлагнав. Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуульд АН-аас Баянгол дүүрэгт С.Эрдэнэ, С.Одонтуяа нар нэр дэвшин УИХ-д сонгогдсон. Тэд өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүрэгтээ төдийгүй улс орны хэмжээнд хийсэн ажлаа тайлагналаа. Энэ үеэр Баянгол дүүргийн Нийгмийн даатгал, Мэргэжлийн хяналт, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс, Эрүүл мэндийн нэгдэл, Баянгол шинэ өргөө ТҮК, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв, Засаг даргын Тамгын газар, Өмчийн газрын харилцааны алба зэрэг төрийн үйлчилгээний байгууллагууд иргэдэд нэг цэгийн үйлчилгээгээр үйлчилж, өргөдөл, санал хүсэлтийг аман болон бичгээр хүлээн авч байсан юм. Иргэд ч ам сайтай,  өргөнөөр үйлчлүүлж байв. Энэ үеэр Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо “Өнгөрсөн дөрвөн жил их бүтээн байгуулалтын жил байлаа. Онцолбол, хүүхдийн эмнэлгийн асуудлыг шийдэж, 300 гаруй ортой хүүхдийн хоёр эмнэлэгтэй болов. Мөн дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвийг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгон шинэчлэн, засварлаж байна. Мөн цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг нэмэгдүүлэх зорилт тавин шинээр долоон цэцэрлэгийг ашиглалтад оруулж, хуучин цэцэрлэгийн барилгуудаа өргөтгөлөө. 2012 онд Баянгол дүүргийн хэмжээнд цэцэрлэгийн насны хүүхдүүдийн 87.5 хувь нь хамрагдсан бол өнөөдөр 94 хувь болж өссөн. Мөн сууц өмчлөгчдийн холбоотой хамтарч ажилласны дүнд СӨХ-дын үйл ажиллагаа сайжирсан. Жишээлэхэд, дүүргийн арвандөрөвдүгээр хорооны дөрвөн СӨХ орцоо бүрэн камержуулж, иргэдийнхээ аюулгүй байдлыг хангасан байна” хэмээн дүүргийн хэмжээнд  хийсэн ажлуудаасаа товчхон танилцуулав. Харин тус дүүргээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин, сонгогдсон УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Өнгөрсөн хугацаанд Баянгол дүүрэгт 377 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилд хуваан үзвэл нэг өдөрт 350 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг дүүрэгтээ авчирч чаджээ. Энэ нь шинэчлэлийн баг багаараа ажилласны илрэл. УИХ-ын гишүүн хууль батлах, санаачлах, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд 1400 хууль, тогтоомж батлагдсан. Шилэн дансны тухай батлагдсан нь маш чухал болсон. Иргэд уг хуулийн тусламжтай улсын төсвийг хянах боломжтой. Хуульд төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа авахыг хориглосон нь чухал заалт болж өгсөн. Монгол хэлний тухай хуулийг ярихгүй өнгөрч болохгүй. Энэ хуулиар ЭЕШ өгч байгаа хүүхэд, залуус заавал Монгол хэл, бичгийн суурь шалгалт өгдөг болсон. “Эрүүл Монгол хүн” хөтөлбөрийн хүрээнд Эрүүгийн, Захиргааны, Зөрчлийн гээд чухал хуулиуд батлагдсан. Эдгээр хуулиуд социализмын үед батлагдаад өөрчлөгдөлгүй явж ирсэн. Энэ дундаас Зөрчлийн тухай хуулийг онцолмоор байна. Урд нь шууд л хорьж, цагдах заалттай байсан бол шинэ хуулиар эрх хязгаарлах тухай оруулж өглөө. Манай олборлосон алт гадагш нууцаар гардаг байсныг Ашигт малтмалын тухай хуулиар хязгаарласан. Үйлдвэржилтийн тухай хуулиар дотоодод үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тендерийн сонгон шалгаруулалтад давуу эрхтэй оролцуулдаг болсон. Манай улсын эдийн засгийн байдал хумигдмал гэж ярьдаг. Гэтэл Өршөөлийн тухай хууль хэрэгжсэнээр далд эдийн засгаас 34.7 их наяд төгрөг ил болсон. Мөн УИХ-ын гишүүн С.Эрдэнийн санаачилсан Хамтын тэтгэврийн тухай хууль УИХ-аар батлагдсан. Энэ хууль гэр бүлийн бат бөх байдалд үр өгөөжөө өгөх чухал хуулиудын нэг.  Мөн “Сайн оюутан” хөтөлбөрийн хүрээнд оюутнуудад сургалтын төлбөрийн зээл олгож эхэллээ. Ингэснээр оюутнууд сургуулиа төгсөөд дөрвөн жилийн дотор сургалтын төлбөрөө эргэн барагдуулах боломжтой болж байгаа юм” гэхчлэн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд батлагдсан хууль, тогтоомжийг иргэдэд хэрхэн үр өгөөжөө өгөх талаар тайлбарлан ярилцсан юм. Иргэд хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд ам сайтай, нааштай хүлээж авч байгаагаа хэлж байв.

ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ “Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүрэгт төсөвлөгдсөн мөнгө өмнөх жилүүдтэй харьцуулахад даруй тав, зургаа дахин их болсон. Энэ хэрээр иргэдэд төрөөс үзүүлж буй үйлчилгээ сайжирч, бүтээн байгуулалтын ажил урагшилж байгаа билээ. Өнөөдөр бид өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажлаа иргэд, сонгогчиддоо тайлагнаж байна” хэмээн цугласан олонд тайлангаа тавьсан. Дүүргийн иргэд өнгөрсөн хугацаанд нүдэн дээр өөрчлөлт гарч, амьдралд мэдрэгдэж эхэлсэн талаар ярьж байв. Ялангуяа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа нарын санаачлан, батлуулсан хуулиуд нүдээ олсон, хэрэгтэй байсан талаар хэлж байсан юм.

Өнгөрсөн хугацаанд тус дүүрэгт боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжил, соёлын салбарт чамгүй хөрөнгө оруулалт оруулсан нь сүндэрлэн боссон, будаг нь ханхалсан хүүхдийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийн барилгаас харагдана. Өнөөдрийн байдлаар ЕБ-ийн найман сургуулийг өргөтгөж, шинэчлэн засварлажээ. Ингэснээр хүүхдүүдийн сурах орчин сайжрахын зэрэгцээ анги  танхимын хүрэлцээ, багшлах боловсон хүчний тоог нэмэгдүүлжээ. Эмнэлэгт үзүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээ хүртэхийн тулд эмчийн хаалга сахиж, дугаарлаж зогсдог цаг ч ард хоцорч. Учир нь Баянгол дүүрэгт дөрвөн шинэ эмнэлэг өндөр үүдээ өргөж,  хүүхдийн төрөлжсөн хоёр эмнэлэгтэй болсон нь дүүрэг дамнан Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ханддаг байсныг халжээ. Хуучнаар Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг буюу долдугаар төвийг хуучин байрнаас нь нүүлгэж, шинээр баригдсан есөн давхар байранд тухлуулжээ. Ингэснээр өдөрт 500-700 хүнд хоёрдугаар шатлалын  эмнэлгийн тусламж, үйлчилгээг тав тухтай орчинд хурдан, түргэн шуурхай хүргэх боломжтой болж байгаа юм. Түүнчлэн “Баянгол дүүрэг эмчилгээ, үйлчилгээгээрээ улсдаа тэргүүлэх зорилт тавин ажиллаж байгаа” гэдгийг Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Т.Нямцэцэг хэлсэн юм.

Дэлхийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартад 2000 хүүхдэд нэг ор ногдож байвал стандарт хангаж байна гэж үздэг. Баянгол дүүргийн хэмжээнд 73000 гаруй хүүхэд бий. Тиймээс дүүргийн хэмжээнд 300 гаруй ор байвал хүүхдийн орны стандартыг хангах юм. Удахгүй нээгдэх 50 ортой хүүхдийн эмнэлэг нээгдсэнээр дээрх стандартдаа хүрнэ. Түүнчлэн дүүргийн хэмжээнд сэргээн засах эмчилгээний цогцолбор байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдээ дэмжсэн бодит хөрөнгө оруулалт болсон юм. Энэ мэт өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баянгол дүүргийнхэн чамгүй ажлын ард гарчээ. Мэдээж энэ тухай тухайн дүүрэг, хороонд оршин суугаа иргэд илүү бодит хэлэх биз. Тиймээс иргэдээс авсан тодруулгаа хүргэе.
 
Д.Түмэн-Өлзий: Төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртэж сууна

/Баянгол дүүргийн I хорооны ахмад иргэн/

-Дүүргээс сонгогдсон гишүүд, дүүргийн Засаг дарга болон иргэдийн хурлын төлөөлөгчид өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа иргэдэд тайлагнаж байна. Та Баянгол дүүргийн иргэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таны амьдралд ямар өөрчлөлт гарав?
-Төмөр замын арктай шар байрны 013 дугаар байранд амьдардаг. Манай байрны дээврээс ус гоождог байсан. Иргэдийн зүгээс энэ асуудлыг хороо болон дүүргийн Засаг даргад уламжилснаар засч, янзалсан. Мөн гадна заслыг шинэчилж өгсөн.
Насжилтгүй болчихсон цахилгаан шатыг шинээр сольж, суурилуулсан. Ахмадуудыг чийрэгжүүлэх хөтөлбөрт хамрагдаж байна. Ер нь л төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртэж л сууна. Манайд цэцэрлэгийн насны гурван хүүхэд бий. Гурвуулаа 64 дүгээр цэцэрлэгт явдаг. Сайны хажуугаар саар гэгчээр их, дээд сургууль төгссөн залуучуудад ажил олдохгүй хэцүү байна. Залуучуудыг ажилтай, орлоготой байлгах тал дээр төр засаг  маань анхаарч ажиллаасай билээ. Гадна орчин мэдэгдэхүйц цэвэрхэн болж байгаа ч манай байрны ойр орчим сайжрахгүй байна. Өвөлдөө мөстчихдөг, зундаа шалбаагт автдаг.

Д.Ганбат: Эмнэлэгт дугаарлахаа больсон

/Баянгол дүүргийн I хорооны иргэн/

-Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд таны амьдардаг орчинд нүдэнд харагдаж, гарт баригдах ямар өөрчлөлт гарав?
-Байрны ойр орчмын тохижилт сайжирсан. Мөн  байрны өмнө, хойгуур сүлжсэн автомашины замуудыг засч, янзалсан. Гадаах орчныг камержуулсан. Хуучнаа бодвол хог, хогийн цэгийн асуудал цэгцэрсэн байна. Дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төвд дугаарлаж зогсолгүй хурдан, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг болсон. Мөн дүүргийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхийн тулд ор олддоггүй, нэлээд хүлээдэг байсан бол одоо харьцангуй гайгүй, тэр тусмаа ахмад настангуудад хүртээмжийн хувьд сайжирсан байна билээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан