Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ажил олгогчид мэргэжилтэй боловсон хүчин ажиллуулах сонирхолтой байна

оюутнууд өдөрт 20 мянгаас дээш төгрөгийн цалинтай ажил хүсч байна
Манай улсын их, дээд сургууль, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцаж буй оюутнуудын 7-8 хувь нь цагийн ажил хийдэг гэсэн статистик бий. Гэтэл гадаадын улс оронд энэ нь 30 гаруй хувьтай байдаг аж.
Нийслэлийн Хөдөлмөрийн газрын тоон мэдээнд өнгөрсөн онд цагийн ажил хийх хүсэлтэй 35 мянга гаруй оюутан Нийслэлийн хөдөлмөрийн газарт хандсанаас 21 мянга орчим нь ажлын байртай болсон тухай дурджээ.  Мөн он гарсаар зургаан мянган оюутан ажилд орох хүсэлт ирүүлсэн байна.
Эндээс оюутнууд цагийн ажил эрхлэх хүсэлтэй байгааг харж болно. Иймд Нийслэлийн Хөдөлмөрийн газраас их, дээд сургууль, коллеж, МСҮТ-д суралцаж буй оюутан залуусыг мэргэжлийн дагуу дадлагажих, ажил олгогч байгууллагуудтай холбогдох, цагийн болон түр хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүдийг сурталчлан таниулах, хөдөлмөрийн зах зээлийн талаарх мэдээ, мэдээлэл  өгөх зорилготой “Ажил-Амжилтын гараа” өдөрлөгийг зохион байгууллаа. Өдөрлөгт 35 аж ахуйн нэгж байгууллага байнгын болон түр ажлын байрны саналтай ирсэн байв. Ажил олгогчид оюутан залууст ямар ажлын байр санал болгож, тухайн ажлын байранд тавигддаг шалгуур оюутан залуус ихэвчлэн ямар ажил хайж байгаа талаар ажил олгогчдоос сонирхлоо.

Э.ГАНЦЭЦЭГ

Хийн түлш үйлдвэрлэлийн “Дашваанжил” ХХК цахилгааны болон барилгын инженер, график дизайн гэх байнгын таван ажлын байртай иржээ. Гэхдээ дээрхи ажлын байранд сургууль төгссөн буюу мэргэжилтэй оюутан, залуусыг сонгон авна. Харин суралцаж байгаа оюутнуудад компанийнхаа дэргэдэх “Дашваанжил” сургалтын төвд суралцан, цаашид тус компанид ажиллах боломж санал болгож байлаа.

Хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Атар өргөө” ХК нярав, нягтлан, цахилгаанчин, худалдагч, касс зэрэг хэд хэдэн байнгын ажлын байртай с эн бөгөөд мөн төгсөгчдөөс ажиллуулах сонирхолтой байгаа талаар тус компанийн хүний нөөцийн туслах менежер Д.Хосбаяр хэлэв. Түүнчлэн хөдөлмөрийн биржүүд оюутан залуусыг сонирхсон ажилд нь зуучилж байсан юм. “Өдөрлөг эхлээд 20 минут өнгөрч байгаа ч 60-70 оюутан хандаж, анкет бөглөлөө. Оюутнууд ихэвчлэн сурталчилгааны ажил хийх сонирхолтой байна. Бүх л курсийнхэн ажил хайж байна” гэдэг мэдээллийг “Хүний хөгжил судалгаа, сургалтын төв” хөдөлмөрийн биржийн  хөдөлмөр зуучийн мэргэжилтэн Ц.Барс өгөв. Харин Сонгинохайрхан дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхбат “124 ажлын байртай ирсэн. Үүнээс 20 гаруй хувь нь түр буюу цагийн ажил. Уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэлийн салбарын ажлын байрны захиалга түлхүү ирж байна. Оюутнууд үйлдвэрлэл, үйлчилгээний салбарт ажиллах сонирхолтой байна. Одоогийн байдлаар долоон ажлын байранд ажиллах хүсэлт ирсэн” гэдэг мэдээлэл өгсний дээр урьтаж цалин асууж байгаа талаар ч дуулгав. Албан байгууллагууд зуны улиралд оюутан ажиллуулах сонирхолтой байдаг. Оюутны зуны амралт эхлэх гэж буйтай холбоотойгоор түр ажлын байрны захиалга ч нэмэгдэж байгааг тэрээр нэмж хэлсэн юм. Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Г.Буянхүү “Худалдаа үйлчилгээ, барилга, уул уурхайн салбарын 87 ажлын байртай ирсний дотроос “Таван богд” ХХК-ийн Сонгино-Хайрхан дүүрэг дэх “KFC” салбар, “Улаанбаатар такси” компани зэрэг томоохон албан байгууллагууд цагийн ажилтны захиалга ирүүлсэн. Эдгээр байгууллагууд оюутан ажиллуулах боломжтой гэдгээ ч уламжилсан. Оюутнууд идэвхтэй ажил хайж байна. Одоогийн байдлаар цагийн ажилд 16 оюутан бүртгүүллээ. Оюутнууд цагаар бол ажил гололгүй хийх хүсэлтэй байна. Сурталчилгааны ажил их сонирхдог. Тухайн компанийн үнэлгээнээс шалтгаалаад сурталчилгааны ажилтан өдөрт 15-20 мянган төгрөгийн цалин авдаг” гэв. Тэрээр оюутан залууст өөрт тохирсон ажлаа хэрхэн сонгох, цагийн ажил гэж юу болох талаар мэдээлэл өгч байсанд оюутнууд их л олзуурхав.

Оюутнуудын хамгийн их сонирхон, сураглаж байсан ажлын байр бол “Клоун Ах” ХХК-ийн бүтээгдэхүүнийг борлуулан, нийт борлуулалтынхаа 15 хувийг авах борлуулалтын ажил байв. Хүүхэд багачуулын сайн мэдэх “Тэмүүка” болон хэд хэдэн нэр төрлийн шоколад, чихрэн бүтээгдэхүүнээс 50-200 мянган төгрөгт иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах бичиг баримтаа барьцаалан авч, 1-3 өдөрт борлуулна. Ингээд тухайн оюутан борлуулалтаасаа хамаарч, өдөрт 7-30 хүртэлх мянган төгрөг олох боломжтой аж. Энэ ажлыг хийгээд сар болж буй цагийн ажилтан өдгөө өдрийн 20 мянган төгрөгийн ашигтай ажиллаж байгаа тухай оюутнуудад ярьж байсан юм. Цагийн ажил сураглан ирсэн хүүхэд, залуус дээрхи ажлыг “хамгийн боломжийн” гэлцэж компанийн байршил, холбогдох утасны дугаарыг сурж, нэр, утасны дугаараа үлдээх нь харагдав. Энэ мэтээр 40-50 оюутан тогтмол орлоготой болжээ. 

Цагийн ажил хайж буй оюутнуудын дийлэнхи нь их, дээд сургууль, МСҮТ-ийн нэг, хоёрдугаар курсийнхэн байв. Ажил олгогчид эсрэгээрээ сургууль төгссөн, төгсөх ангийн оюутан залуусыг ажилд авах сонирхолтой  байсан юм.

Оюутнууд хичээлийн бус цагаар ажиллах хүсэлтэй байна

Цагийн ажил эрсэн оюутнууд хэдэн төгрөгний цалинтай, ямар ажилд орохыг хүсч буйг сонирхлоо.

Л.Маралмаа: Цалингаараа ирэх жилийн сургалтын төлбөрөө төлнө

/ХААИС-ийн бүтээгдэхүүний чанар, ариун цэврийн үнэлгээний гуравдугаар курсийн оюутан/

-Ямар ажил сонирхож байна вэ?
-Хичээлийнхээ хажуугаар хийж болох цагийн ажил хайж байна. Миний хувьд ажлын өдрүүдэд үдээс хойш, пүрэв гараг болон амралтын өдрүүдэд бүтэн өдөржин ажиллах боломжтой. Цалингаа ирэх жилийн сургалтын төлбөр болон бусад зардалд зарцуулна. Өдөрлөгт найзуудтайгаа хамт ирсэн.

Г.Соёл-Эрдэнэ: Хөдөлмөрийн хэд хэдэн хэлтэст анкет бөглөлөө

/Аялал жуулчлалын менежер/

-Яагаад ажил хайх болов?  
-“Их засаг” их сургуулийг аялал жуулчлалын менежер мэргэжлээр 2013 онд төгссөн. Өнгөрсөн хугацаанд мэргэжлээрээ ажиллаж байгаад магистрт суралцахаар ажлаасаа гарсан. Магистраа хамгаалчихсан болохоор ахин ажилд орохоор хайж байна. Өнөөдөр (өчигдөр) хөдөлмөрийн яармаг болно гэдгийг дуулаад зориод ирлээ. Дүүргүүдийн хөдөлмөрийн хэд хэдэн хэлтэст анкет бөглөлөө.

А.Эрдэнэбулган: Боломжийн цалинтай ажил хайж байна  

/Үйлдвэрлэл урлалын политехник коллежийн цахим тоног төхөөрөмж үйлчилгээний ажилтаны нэгдүгээр курсийн оюутан/

-Чиний сонирхож бай­гаа ажлын байр байна уу?
-Ганц, хоёр л байна. Хүнс үйлдвэрлэлийн салбарт боломжийн цалинтай ажил сонирхож байгаа юм. Дөнгөж суралцаж эхэлж байгаа болохоор заавал мэргэжлийн дагуу ажил хийе гэж бодсонгүй.
-Боломжийн цалин гэ­хээр хэдэн төгрөг байх бол?
-Өдрийн цалин хамгийн багадаа 20-30 мянган төгрөг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан