Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэдийг хордуулсан эклерийн үйлдвэр мэргэжлийн технологичгүй байжээ

-Эклерээс үүдсэн хордлогоны шинжилгээний хариуг өнөөдөр мэдээлнэ-

А.ЦАГААН

“Ньюсвийтфүүдс” болон “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй хоолны хордлогоор нийт 145 хүн өвчлөөд байгаа юм. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь олон хүнийг хордуулсан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороонд байрлах “Ньюсвийтфүүдс” ХХК дээр МХЕГ-ын дарга Ц.Шаравдорж очиж, бодит байдалтай нь биечлэн танилцан, тэнд шалгалтаар ажиллаж байгаа Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч нартай уулзсан байна. Тус дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмонгоор ахлуулсан есөн хүний бүрэлдэхүүнтэй баг 10 дахь өдрөө ажиллаж байгаа бөгөөд тэд Улсын Ерөнхий байцаагчид хоолны хордлого, хордлогот халдварын талаар урьдчилсан дүнгийн танилцуулга хийжээ.

Энэ үеэр хордсон 145 хүний 96 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байснаас 48 нь эмнэлгээс гарсан гэх мэдээллийг өгсөн байна. Мөн хордлого гарсан даруйд “Ньюсвийтфүүдс”, Олон сүм ХХК-ийн “Русская кухня” цехийн үйлд­вэрлэсэн, түгээсэн бүтээгдэ­хүү­нийг эргүүлэн татуулж, улсын байцааг­­­чийн акт тогтоон үйл ажиллагааг нь түр зогсоосноо дуулгажээ. Түүнчлэн “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 564 эклер, үйлдвэ­рийн байранд байсан 586, хугацаа нь дууссан бусад нэрийн 1105, “Олон сүм” ХХК-ийн “Русская кухня” цехэд үйлдвэрлэсэн чанар, аюулгүйн баталгаажилтгүй эклер болон бусад нэрийн 1457 ширхэг бүтээгдэхүүнийг хураан авч Цагаан давааны хогийн цэгт устгасан байна. Баянзүрх дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга П.Цолмон хэлэхдээ “Бид хоолны хордлого гарснаас хойш өндөржүүлсэн бэлэн байдалд 24 цагаар ажиллаж байгаа. Одоогоор хордлого юунаас гарсныг нарийн тогтоохоор таван шинжилгээг нэмэлтээр авч Нийслэлийн төв лабораторт шинжлүүлсэн. Шинжилгээний дүн хараахан гараагүй байгаа. ХӨСҮТ-өөс “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчин, хүнсний дөрвөн дэлгүүрийн 13 ажилчин гээд нийт 24 хүнээс шулуун гэдэсний арчдаст шинжилгээ авахад “Ньюсвийтфүүдс” ХХК-ийн 11 ажилчны дөрөв буюу 36.6 хувьд нь, хүнсний дөрвөн дэлгүүрийн 13 ажилчнаас зургаа буюу 46.1 хувьд нь “Salmonella enteritidis” вирус илэрсэн” гэв. Цочмог суулгалт өвчний гол үүсгэгчдийн нэг нь Salmonella вирус бөгөөд энэ төрлийн нян гол төлөв ходоод, нарийн гэдэсний үрэвслийг үүсгэдэг байна. Дэлхий дахинд цочмог суулгалт өвчнөөр жилд нэг тэрбум гаруй хүн өвчилж, хүүхдийн өвчлөл нас баралтын гол шалтгааны нэг болжээ. Мөн хөгжиж буй орнуудын хүн амын дундах нас баралтын нэг гол шалтгаан нь цочмог суулгалт өвчин бөгөөд жил бүр 5-8 сая хүн нас бардаг гэсэн судалгаа бий.
“Ньюсвийтфүүдс” компанид хийсэн шалгалтаар мөн  нийт  ажилчдын 38 хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд огт хамрагдаагүй, бүтээгдэхүүн тус бүрт технологийн заавар боловсруулж баталгаажуулаагүй, мэргэжлийн технологичгүй, эклерийн шошгонд үйлдвэрлэсэн огноог тавихдаа үйлдвэрлэсэн өдрөөр биш худалдаанд гаргасан өдрөөр буюу нэг хоногоор хойшлуулж бичдэг, хадгалах хугацааг 72 цаг гэж буруу бичсэн зэрэг олон ноцтой зөрчил дутагдал илрүүлжээ.

Тэгвэл “Ньюсвийтфүүдс” ХХК-нд үйлдвэрлэсэн эклерээс үүдэлтэй байж болзошгүй хоолны хордлогын талаар ХӨСҮТ дөрөвдүгээр сарын 24-нд анх мэдээлснээс хойш 155 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 94 нь ХӨСҮТ, ЭХЭМҮТ, БЗД-ийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлэгдэж байснаас 60 хүн эдгэрэн гарсан гэдэг мэдээллийг өгч байна.

Өнөөдөр НМХГ-аас эклерээс үүдсэн хоолны хордлого, хордлогот халдварын талаар шинжилгээний хариу гарсантай холбогдуулан мэдээлэл хийх юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан