Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Золжаргал: 2015 он гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн доод цэг байсан гэж найдаж байна


-Монголбанк бодлогын хүүгээ 10,5 хувь болголоо-

Н.БАТ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөлийн хурлаар бодлогын хүүгээ 1,5 хувиар бууруулж, 10,5 хувь болгосноо өчигдөр албан ёсоор зарлалаа. Ингэснээр зах зээл дэх мөнгөний урсгал сайжрах нь тодорхой юм. Гэхдээ энэ нь манай эдийн засгийн тэнхээнээс шууд хамааралтайг хэн бүхэн мэдэх билээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал сэтгүүлчдэд энэ тухай дуулгаад зарим асуултад хариуллаа.
Тэрээр “Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөлийн 2016 оны тавдугаар сарын 5-ны шийдвэрээр бодлогын хүүг 1,5 хувиар бууруулж, 10,5 хувь болголоо. Хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц 2016 оны гуравдугаар сарын эцэст 1,7 хувь болж, сүүлийн 9 сарын турш зорилтот төвшнөөс доогуур байна.

Энэ оны туршид нийлүүлэлтийн гаралтай болон эргэлтийн шалтгаантай инфляцын дарамт бага байх төлөвтэй байгаа ба нам тогтвортой инфляцыг хадгалахад эергээр нөлөөлнө гэж бидний зүгээс харж байна.  Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дунд хугацааны төлөв эерэг харагдаж, 2016 онд төлбөрийн нийт тэнцэл алдагдалгүй байх төсөөлөлтэй байна. Макро эдийн засгийн гадаад тэнцвэрт гарч буй эерэг өөрчлөлтүүд нь мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх орон зайг нэмэгдүүллээ.

Гэхдээ  макро эдийн засгийн шинэ тэнцвэрийг хангах зорилтын хүрээнд улсын төсвийн зардлыг орлогын гүйцэтгэлтэй нь уялдуулан хязгаарлах, улсын төсвийг алдагдалгүй байлгах шаардлага хэвээр байна. Мөнгөний бодлогын төлвийг зөөлрүүлэх энэхүү шийдвэр нь мөнгө, зээлийн өсөлт, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон эдийн засгийн идэвхжлийг дэмжихэд эергээр нөлөөлнө” хэмээн Мөнгөний бодлогын зөвлөлийн шийдвэрийг танилцуулав.

-Бодлогын хүү буу­руулах боломж нь бүрд­сэн гэдгийг хэрхэн тодор­хойлсон бэ. Учир нь эдийн засгийн байдал өнөөдөр тийм ч таатай биш байгаа?
-Бодлогын хүүгээ бууруулж байгаа  гол шалтгаан маань инфляцын нам тогтвортой төвшин. Төв банкны зүгээс инфляцын өнөөдрийн төвшинд итгэл төгс байна. Ойрын хугацаандаа энэ нам дор төвшнөө хадгалаад явах бүрэн боломжтой гэж манай бодлогын зөвлөлөөс үзсэн. Мөнгөний нийт нийлүүлэлтийн хэмжээ гарч байгаа зээлийн дүнтэйгээ  шууд хамааралтай  байдаг. Энэ нь нэлээн тогтвортой доогуур төвшинд бараг жил гаруй явлаа. Цаашдаа ч хадгалагдах, мөн эдийн засгийн болон зээлийн орчин дотроо эерэг мөнгөний нийлүүлэлт бий болгох нөхцөл бололцоо бүрдсэн, үүнийг нэмэгдүүлэхийн хэрээр мөнгөний нийлүүлэлтээ нэмж, зээлийн жилийн өсөлтөө нэмэхэд бодлогын хүү буурсан маань эергээр нөлөөлнө гэсэн хүлээлт байгаа. Ийм шийдвэр гаргахад гадаад нөхцөл байдал, худалдааны тэнцэл, гадаад төлбөр тооцооны тэнцэл эрсдэл агуулсан өнцөг нь байсан. Харин сүүлийн жил хагаст гадаад худалдааны тэнцэлд эерэг нөлөөлөл гарсан. Цаашид энэ байдлаа хадгалж, ойрын жилүүдэд ч эерэг байх юм байна гэж харсан. Гадаад тэнцэл буюу  валютын захад мөн нийт эдийн засагт, гадаад нөлөөллөөс хамааралтай салбаруудын хувьд ч санхүүгийн нөхцөл байдал эерэг байна гэж үзэн бодлогын хүүгээ бууруулах нь зөв шийдэл гэж Мөнгөний бодлогын зөвлөлөөс үзсэн.

-Бодлогын хүү цаашдаа буурах бас тогтвортой байх хугацааг хэрхэн тодорхойлж байгаа вэ?
-Мөнгөний бодлогын зөвлөлийн ээлжит хурал гурван сарын дараа болдог. Шаардлагатай бол бид ээлжит бус хурал хийх ч нөхцөл үүсдэг. Тиймээс шаардлагатай гэж үзсэн тохиолдолд цаг тухайд нь шийдвэрээ гаргаад явна.

-Олон улсын байгуул­лагаас хийсэн судалгаан дээр манай улсын инфляц энэ онд 6 хувьтай байгаа харагдсан. Гэтэл инфляц гуравдугаар сарын эцэст 1,7 хувьтай гарлаа гэх юм?
-Та бүхэн санаж байгаа бол бид гурван жилийн өмнөөс инфляцыг нам дор төвшинд барих бодлого барьж ажиллаж эхэлсэн. Энэ хугацаанд төгрөгийн том хэмжээний нийлүүлэлт ч хийгдсэн. Шалтгааныг нь та бүхэн мэдэж байгаа. Эдийн засгийн уналтыг хязгаарлах, ажлын байраа хамгаалах нь эхний зорилго байсан бол нөгөө талдаа ханшийн тохируулга эдийн засагт хийгдээд дууссан. Энэ ханшийн тохируулгын дүнд Монголын эдийн засаг сардаа 200-300 сая доллар, жилдээ 2-3 тэрбум долларын хэмнэлтийн горимд шилжсэн. Энэ нь эдийн засагт нөлөөллөө үзүүлж байгаа. Гэхдээ уул уурхайн шууд хамаарал, дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн бууралт, гадаадын хөрөнгө оруулалт хумигдсан зэрэг нь нийт эдийн засагт сөрөг нөлөөлөлтэй байсан. Үүний эсрэг авсан арга хэмжээнүүд маань бидний зориод байсан инфляцыг 6 хувийн төвшинд авчирсан. Өнөөдөр инфляцын төвшин 2 хувьтай байгаа юм. Мэдээж шинжээчид янз бүрийн төсөөлөлтэй байдаг. Гэхдээ инфляцын төвшин ойрын жилүүдэд нам дор төвшиндөө 5-6 хувьд хадгалагдана гэдэгт бүгд санал нэгдэж байгаа. Монголбанкны хувьд инфляц 6-гаас доошоо 2 хувьд ороод ирсэн учраас эдийн засгийн бүтцэд шаардлагатай байгаа өөрчлөлтийг хийнэ. Уул уурхайн хамаарлаа багасгаад мэдээж хөдөө аж ахуй ч юм уу, өөр бусад салбарынхаа дэмжлэгт анхаарах цаг нь болсон. Бодлогын алхмуудаа хэрэгжүүлэх орон зайтай ч боллоо. Гадаад тэнцэл ч гэсэн эерэг харагдаж байна. Шинжээчдийн инфляц энэ жил 5-6 хувьд байна гэх дүгнэлт биднийхтэй нийцэж байгаа.

-Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэдгийг хэрхэн тодорхойлж байгаа юм бэ. Монголбанкны зүгээс хөрөнгө оруулалтын таатай орчинг хэрхэн харж байна вэ?
-Гадаад нөхцөл байдал маань сүүлийн хоёр жил тун хүнд байлаа. Энэ нь Америкийн нөөцийн бодлого хийгээд урд хөршийн эдийн засгийн нөхцөл байдлаас шууд хамааралтай. Мөн манай эдийн засгийг 98 хувь хүртэл бүрдүүлж байсан уул уурхайн зарим бүтээгдэхүүний үнэ огцом унасантай холбоотой. Хөрөнгө оруулалт нь өөрөө огцом агшсан.  Гэтэл дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө жилдээ орж ирдэг байсан үе бидэнд бий. Харамсалтай нь, ноднин энэ тоо нэг хувьд хүрэхтэй үгүйтэй байлаа. 2016 онд нэмэгдэх төсөөлөл гарсан. Учир нь, Оюутолгойн хөрөнгө оруулалт нь тодорхой төвшний гацаанаас гарч, төслийн хоёрдугаар шатны хөрөнгө оруулалт графикийн дагуу үргэлжлэх болсон. Дэлхийн 20-иод банк санхүүжүүлж байгаа төслийн санхүүжилт тогтвортой үргэлжлэх нь гэсэн нэгдүгээр хүлээлт байна. Хоёрдугаарт, Монголын эдийн засгийн макро орчин тогтвортой болж байгаа учраас уул уурхайгаас өөр салбарт гадаад хөрөнгө оруулалт нэмэгдэх боломж гарч ирсэн. Үүнтэй зэрэгцээд Засгийн газраас гадаад зах зээлд гаргаж байгаа үнэт цаасны үнэлгээ боломжууд,Монголын аж ахуйн нэгжид ирж байгаа зээллэгийн өртгүүд нь ойрын нэг жилийн дотор буурах хандлагатай байна.

-Гэхдээ энэ бол ойрмогоос л ажиглагдаж байгаа нааштай үзүүлэл­түүд. Цаашдаа эдийн засаг өөдөлнө гэдэг төсөөлөл иргэдийн дунд бараг л алга гэхэд хилсдэхгүй нь?
-Мөнгөний бодлогын зөвлөлөөс богино хугацааны өөрчлөлтөд дүгнэлт хийж шийдвэрээ гаргадаггүй. Гэхдээ сүүлийн нэг сард зах зээлд болон Монголд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдийн гадаадын зах зээл дээрх хувьцааны үнэд эерэг өөрчлөлт гарч байна. 2016 он гэдэг бол 2015 онтой харьцуулахад эдийн засагт, тэр тусмаа хөрөнгө оруулалтын эерэг өөрчлөлт гарч байгаа юм. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын хувьд 2012 оны дөрвөн тэрбумдаа хүрэхэд хол гэдэг нь тодорхой. Үүнд хүргэх гэж хичээх нь зөв үү буруу юу гэдгийг бодох хэрэгтэй. Эдийн засгаа уул уурхайгаас хэтэрхий их хамааралтай авч явах нь төсөв санхүү болон зах зээлийн бусад механизмдаа хүндрэл үүсгэдэг юм байна. Тийм учраас уул уурхайгаас бусад салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газраас болон хувийн секторуудаас авч байгаа арга хэмжээнүүдийг харахад нэлээн эерэг дүр төрх гарсан. Уул уурхайн бусад салбар дахь гадаадын хөрөнгө оруулалт ноднингийн мөн үетэй харьцуулахад нэмэгдсэн статистик байна. Их том тоогоор биш ч эерэг хандлага гарсан. 2015 он бол гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн доод цэг байсан гэж найдаж байна. Үүнээс доод төвшинд очно гэж байхгүй. Манайх эдийн засгаа тогтвортой зөв төвшинд барьж чадвал гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гэсэн хүлээлт байна. Дунд хугацаандаа гадаадын хөрөнгө оруулалт нь ДНБ-ний 15-20 хувьд хүрвэл  эдийн засгийн хувьд хамгийн зөв зохистой харьцаа юм байна гэж дүгнэсэн. Гэхдээ ийм төвшинд очиход гадаад зах зээлээс гадна манай дотоод нөхцөл байдал нөлөөлнө. 2016 он бол Их хурлын сонгуулийн жил. Тэгэхээр удахгүй дөрвөн жилийн мандаттай Засгийн газар бий болно.  Бодлого ч тогтвортой байна. Сонгууль нь тогтвортой эдийн засгийн бодлогыг тодорхойлдог гэдэг үүднээс гадаадын хөрөнгө оруулалтад эерэг төсөөлөл гарна гэсэн хүлээлт Монголбанкны зүгээс байгаа юм. Энэ бол өнөөдөр бодоод олчихсон зүйл биш. УИХ-ын найман сонгуулийн дараах байдлаас гарч буй төсөөлөл. 

-Төвбанкнаас бодлогын хүүгээ бууруулахаар арил­жааны банкуудын зээлийн хүү буурах нь гэж иргэд ойлгодог. Тэгэхээр бод­логын хүү зээлийн хүүд шууд нө­лөөлнө гэж ойлгож болох уу?
-Тэгж шууд ойлгож болох­гүй. Дөрвөн жилийн өмнөөс Төвбанк хүүний коридор нэвтрүүлс­нийг та бүхэн санаж байгаа байх. Тэр нь +-2 хувийн хүүнд эргэлддэг. Энэ нь банкууд биднээс зээл авах, эсвэл банкууд өөрсдөд байгаа зээлийн чөлөөт эх үүсвэрийг Төв банкинд хадгалуулдаг коридор үүссэн гэсэн үг. Үүний үрээр бодлогын хүү нь зээлийн хүүнд нөлөөлдөг суваг маань нэлээн сайжирсан. Шууд нөлөөлөл бол нэгийг харьцах нь нэгээр байдаггүй. Тухайн цаг хугацаагаар хэмжигддэггүй. 2005, 2015, 2016 онд хийгдсэн манай судалгаа бий. Бодлогын хүү яг хэзээ зээлийн хүүнд нөлөөлдөг юм бэ гэвэл салбар салбарт өөр, банкаараа бас өөр. Дунджаар 6-8 сарын дараа  зээлийн хүү буурахад нөлөөлж буй юм. Гэхдээ зээлийн эх үүсвэрээс ихээхэн хамааралтай. Банкуудын татаж байгаа эх үүсвэрийн өртөг нь бодлогын хүүгээ дагаад аяндаа буурч эхэлдэг. Харин Монголбанкаас банкууд маань эх үүсвэрээ татах уу, эсвэл хадгалуулах уу гэдгээ өөрсдөө шийддэг. Тэгэхээр зээлийн хүүнд шууд нөлөөлөөд байх зүйл бодлогын хүү биш. Баримжаагаар  хэдэн улирлын дараа зээлийн хүүнд нөлөөлөх нь ойлгомжтой.

-Бодлогын хүү буурах нь энгийн иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг л хүмүүст илүү сонин байх болов уу?
-Бодлогын хүү гэдэг маань нийт эдийн засагт байгаа төгрөгийн өгөөжийн тухай ярьж байгаа зүйл юм шүү. Ирээдүй цагийн төсөөлөл дээр суурилсан мөнгөний орчинг зах зээлдээ санал болгож буй юм.  Зах зээл өөрийнхөө өрнөлөөр үр дүнг нь тодорхойлж эхэлнэ. Мэдээж зээлийн хүү яваандаа буурч, араас нь хадгаламжийн хүү ч буух байх гэсэн хүлээлт байна. Энэ нь эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд эерэг зөв зохицуулалт гэж харж байгаа учраас 10,5 гэдэг маань  бидэнд боломжийг олгоно. Ялангуяа хэрэглээг дэмжсэн, им­портыг дэмжсэн зээлийн хувьд бодлого маань өмнөх төвшингөөрөө нэлээн хатуухан тусч байсан. Тэгэхээр 10,5 гэсэн бодлогын хүү маань Монголын эдийн засагт шинэ тэнцвэрийг хангах боломжийг олгоно гэж үзсэн.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан