Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Сайшингаа: Лхасүрэн багш “чамайг ирнэ гэж их хүлээсэн” гэсэн

Б.ЦЭДЭВСҮРЭН

Анх харахад ширүүн харцтай, хэр баргийн хүнтэй үг дугардаг болов уу гэмээр нэгэн эртэй уулзлаа. Түүний талаар анх сонсохдоо л мундаг амжилтынх нь талаар дуулсан болохоор ч тэрүү үг сольж эхлэх хүртлээ нэг л сүрдэж байв. Гэсэн ч тэр миний төсөөлж байснаас тэс өөр хүн болох нь эхний үгнээсээ л танигдсан. Тэр бол БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин, ӨМӨЗО-ы Үндэсний дуу урлагийн хүрээлэнгийн жүжигчин, багш, найруулагч С.Сайшингаа байлаа. Тэрээр 13 дахь удаагийн олон улсын “Гэгээн муза” наадамд “Тэмээт нутгийн шинэ тууль” монгол жүжгээрээ оролцохоор бусад уран бүтээлчийн хамт ирсэн юм.

-13 дахь удаагийн “Гэгээн муза” наадамд ямар уран бүтээлээр оролцож байна вэ. Мөн хамт ирсэн уран бүтээлчдийн тань тухай ярилцъя?
-Олон улсын “Гэгээн муза” наадамд “Тэмээт нутгийн шинэ тууль” монгол жүжгээр оролцохоор ӨМӨЗО-ы Зүүн Сүнэд хошууны улаан мөчрийн 30 гаруй уран бүтээлчийн хамт хүрэлцэн ирээд байна. Энэ уран бүтээл маань их онцлогтой. Хуучин ӨМӨЗО-д хошуу бүр нь улаан мөчиртэй байсан. 105 улаан мөчрөөс одоо 67 нь л үлдээд байна. Улаан мөчирт дуучин, жүжигчин, бүжигчин, хөгжимчин гээд олон төрлийн уран бүтээлч багтдаг. Тэднийг бүгдийг нь нэгтгэсэн монгол жүжиг гэдэг төрлөөр уран бүтээл хийж эхэлж байна. Дуутай, бүжигтэй, жүжигтэй, хөгжимтэй. Энэ удаа наадмаас шагнал авах зорилгоор ирсэнгүй. Энэ монгол жүжгээ ард түмэн, уран бүтээлчдэд таниулж, санаа бодлоо солилцохоор ирсэн. Миний хувьд энэ уран бүтээл дээр жүжгийн найруулагчаар ажилласан байгаа.

-Та жүжигчдийн найруулагчаар ажил­ласан гэхээр нэг монгол жү­жиг дээр олон найруулагч байх нь?
-Ерөнхий найруулагч нь тухайн улаан мөчрийн дарга. Түүнээс гадна жүжиг, бүжиг, дуу, хөгжим гээд бүгдийг нь тус тусдаа найруулагчид хариуцдаг. Монгол жүжигтээ хамгийн гол нь үндэсний зан заншил, ахуй байдал, ёс жаягийг үзүүлж, соёлын өв болгон хадгалан үлдэх зорилготой.

-Уран бүтээлийн талаарх яриагаа түр хойш тавиад таны талаар ярилцъя. Та аль нутгийн хүн бэ?
-Би Хөлөнбуйр аймгийн Шинэбарга зүүн хошууны Жавхлант нутгийн хүн. Долоон хүүхэдтэй айлын тавдахь хүүхэд. Гурван эгч, нэг ах, хоёр дүүтэй. Аав маань намайг багад бурхан болсон. Харин ээж маань 90 хүрч байгаа улаан торгон дээлтэй эмээ бий. Уран бүтээл хийхээр явах үедээ нутагтаа, ээж дээрээ их очно. Сургуульд байхад ээж намайг их санадаг байсан гэдэг. Гэртээ харьсан эхний гурван хоног орноосоо босохгүй дайлуулна шүү дээ. Гурав хоночихоор л хуучирчихдаг байлаа. Харин одоо бол нас яваад томоожсон байна.

-Таны бага залууд цаг хэцүү бай­сан. Ямархан замыг туулж ур­лагт хөтлөгдсөн талаараа дурсаач?
-Намайг дунд сургуулийн есдүгээр ангид сурч байтал аав маань өөд болсон. Аав минь хошууныхаа мал эмнэлгийг анх байгуулсан хүн л дээ. Тухайн цаг үеийн үзэл сурталтай таардаггүй байсан учраас түүнийг бурхан болонгуут нь хүүхдүүдэд нь ажил олгоно гээд намайг албан хүчээр сургуулиас гаргаж мал эмнэлэгт ажилд оруулсан. Ингээд би гэдэг хүн гурван жил малын эмчээр ажилласан. Анх юугаа ч мэдэх билээ. Голдуу хар ажил хийдэг байсан даа. Аав амьддаа бидэнд хүссэн зүйлээ л хийгээрэй гэж их захидаг байсан. Ээж ч намайг урлагийн мэдрэмжтэйг олж хараад их дэмждэг байлаа. Би дунд сургуульд сурч байхдаа дуулна, бүжиглэнэ, жүжиглэнэ гээд их хөдөлгөөнтэй хүү байв. Ингээд гурван жил мал эмнэлэгт ажиллаад байтал Шанхайн их сургуульд жүжигчний ангид элсэлт авна гэж сонсогдлоо. Тухайн үед би өөртөө их л итгэлтэй байж. Монгол дээлтэй морио унаад Хайлаар руу давхичихсан. Очтол бараг 200 гаруй хүн шалгуулж байна. Тэр дунд улаан мөчирт ажилладаг жүжигчин хүртэл байсан. Зургаан хүн сонгож авсны хоёр эрэгтэй хүүхдийн нэг нь болж, Шанхайн их сургуульд суралцсан даа.

-Дунд сургуулиа ч дүүргэж чадаагүй, дээлтэй хүү шалгаруулалтад ямар ид шидээр тэнцсэн юм болоо?
-Зоригтой л байсан. Тэнд сайхан бие хаатай залуучууд байсан. Гэтэл тэд чинь шалгаруулалтад орохдоо сандардаг юм байна. Би яахав айж ичих юмгүй орсон болохоор бодсон санаснаа чөлөөтэй илэрхийлж чадсан байх.

-Анх оюутан болоод хэцүү зүйл ч их гарсан байх, амархан юм шиг санагдаж өөртөө ирдэх үе ч байсан л байлгүй?
-Анх очиход хятад хэлэндээ тааруу байсан л даа. Намайг сурч байхад дунд сургуульд орж байж хятад хэлийг үздэг байсан бол одоо багаасаа л үздэг болсон байна. Тэгэхэд би хятадаар сонин уншихаар 10 үсэгний гурвыг нь л ойлгодог байлаа. Хичээл дээр багшийн ярьж байгааг дуу хураагуурт бичиж аваад гэртээ хариад давтаж сонссоор хагас жил болоход л бүрэн ойлгодог болсон. Ядаж байхад Шанхайн хятад хэл арай өөр.

-Шанхайн хөгжил Европдуу...
-Шанхай бол хөгжсөн газар. Монгол Улс шиг. Монгол Улс ч гэсэн Европын соёлоос их хүртсэн. Урлагийн соёл өндөр хөгжсөн. Бидэнд хамтран хийх олон ажил байна. Харилцаа холбоо нээлттэй болсонд бид ч их баярладаг.

-Дөрвөн жил их сургуульд сураад нутагтаа буцаж ирсэн үү?
-Үгүй. Хөххотын дуу бүжгийн бүлгэмд ангиараа орж ажилласан. Тэр цагаас хойш олон ч уран бүтээл дээр ажиллалаа. Муу ч, сайн ч дүрээр танигдсан.

-Таныг ӨМӨЗО-д ямар дүрээр хамгийн сайн мэддэг вэ?
-Эсрэг. Би их сургуульд байхаасаа л эсрэг дүрд тоглож эхэлсэн. Айж цочих нь бага болохоор тэр үү эсвэл царай зүс маань эвгүй харагддаг юм уу надад тийм л дүр өгчихдөг. “Ван Жао Жин” гэж 40 ангит уран сайхны кинонд хүннү, сүннүгийн үеийн яаргачинд тоглосон. Тэр дүрээр их танигдсан. Мөн “Жао Жин Жу Сай” гэж мөн л хүннү сүннүгийн үед Хятадын хаан монгол гүнжийг хатнаа болгосон үлгэр гардаг кинонд эртний хүний дүр бүтээсэн. Би эртний хүн шиг харагддаг юм байхгүй. “Чингис хаан” кинонд гуравдугаар дүр бүтээсэн. Уран бүтээлээ тоочоод байвал олон. Оросын найруулагч Сергей Бодровын “Монгол ван” кинонд мөн тоглосон.

-Эртний хүн, баатрын дүрд их тоглож. Эднээс хамгийн сэтгэлд хоногшиж үлдсэн дүр аль нь вэ?
-2010 онд Түвдийн Хөх нуурт очиж дээд монголчуудын кинонд хошуу ноёны дүрд тоглосон. Тэр үед нэг инээдтэй зүйл болсон. Тэр жүжгийн найруулагч “Сайшингаа найруулагчийг энэ дүрд тоглуулах хэцүү байна” гэнэ. Яаж байна гэсэн чинь “Та намын үүрийн даргаа харцаараа л дараад байна. Уг нь таны дарга байтал ажлаа бүтээхийн тулд гуйх ёстой. Гэтэл та энэ яах нь уу гэсэн харцаар хараад байна” гэсэн. Тэгэхээр нь өөрийнхөө өмнө тоглосноо үзтэл үнэхээр тийм л байна. Харц, царай маань ширүүн дүртэй. Тэгээд л өөрийгөө мэдэрч байгаа юм.

-БНХАУ-ын нэгдүгээр дэсийн жүжигчин. Энэ алдрыг хэрхэн хүртсэн бэ?
-2008 онд “Монгол ван” кино маань Оскарын наадмаас шагнал хүртсэнээр би нэгдүгээр дэсийн жүжигчин болсон.

-ӨМӨЗО-оос хэдэн хүн нэгдүгээр дэсийн жүжигчин гэсэн цолтой вэ. Энэ шагналыг дагаад ямар хүндлэл ирдэг юм бол?
-Улсынхаа нэгдүгээр дэсийн жүжигчин болно гэдэг хэцүү зүйл. Гурван дэстэй, дэс бүр нь шатлалтай байдаг. Нэгдүгээр дэсийн жүжигчин хүний цалин хөлс нэмэгдэнэ. Уран бүтээлийн нэр хүнд өснө. Хүмүүсийн хүндлэл ч гэсэн өөр болдог. Залуу байхад хүн хаашаа гэнэ тийшээ л явдаг байсан бол нас явахаар хэлсэн үгийг минь хүртэл арай өөрөөр хүлээж авдаг. Хятад найруулагч монгол кино хийхдээ ёс жаягийг маань сайн мэдэхгүйгээс алдаа гаргах үе байна. Монгол гэрт эрчүүд баруун талаар, эмэгтэйчүүд зүүн талаар, ахмад настнууд хойморьт суудаг байхад тэрийг мэдэхгүй худлаа юм хийх гээд байдаг. Энэ мэт зүйлээс болоод би найруулж сурах ёстой юм байна гэж анх бодсон. Тэгэхдээ бүр Монгол Улсад очиж найруулагч болно гэж шийдсэн.

-Тэр үе хэдэн он бэ?
-1992 он. Монголд анх удаа ирсэн. Тэгэхэд СУИС-ийн Лхасүрэн багш, сургуулийн захирал Алтангэрэл багш хоёр хүлээж авсан. Би дөрөвдүгээр сард ирсэн. Гэтэл СУИС тавдугаар сард элсэлт авдаг юм билээ. Тэгээд одоо яах уу гэсэн чинь “Тэр холоос ирж байгаа юм чинь бид нар шалгаад үзье” гэсэн. Тэгээд Д.Нацагдоржийн зохиол “Ламбагуайн нулимс”-ыг драмын жүжиг болгож бичих боллоо. Тухайн үед би боксын Нарантуяа, Алтанхуяг нартай найзууд байсан. Нарантуяагийн эхнэр Оюунаа гэж багш эмэгтэй байсан. Түүнд зохиолоо хэлж өгөөд криллиэр буулгуулаад өгсөн. Багш нар надаас Шанхайн их сургуулийг төгсчихөөд яагаад заавал Монгол Улсад суралцахаар ирэв гэж асуусан. Би Шанхайн их сургуульд жүжигчний мэргэжил эзэмшсэн. Энд би найруулж сурахаар ирлээ гэсэн чинь “Болж байна” гэсэн. Этюд үзүүлэх боллоо. Нэг ширээ тавьчихсан сүйрлийг үзүүл гэж байна. Би ч дор нь орж хэвтээд ёолж өгсөн. Газар хөдлөлтийг дүрсэлж байгаа юм. Болно оо гэж байна. Тэгж шалгалтаа давсан. Лхасүрэн багш надад “Сайшингаа чиний бүх зүйл болж байна. Гэхдээ гадар тоглолт их харагдаж байна. Чи энд сурах хугацаандаа дотогшоо тоглож сураарай” гэж байсан. Ингээд шалгалтдаа тэнцчихээд буцаж очоод Соёлын яамандаа хэлтэл намайг ажлаа хаяад яв гэсэн.

-Та тэгээд сургууль ажил хоёрынхоо алийг сонгосон бэ?
-Надад үнэхээр хэцүү байсан. Би чинь жирийн л малчин ээжийн энгэрт өссөн хүн. Арай гэж сургуульд явж төгсөөд ажилд орсон байдаг. Тэрийгээ хаячихаад дахиад ажил олдохгүй бол яах вэ. /уйлав/ Дараа нь Лхасүрэн багш надтай таараад Сайшингаа би чамайг ирнэ гэж их хүлээсэн гэж хэлсэн.

-Тэгээд та тэр ажлаа хэр удаан хийсэн бэ?
-Удаагүй. 1996 оноос багшийн ажил хийсэн. ӨМӨЗО-ы Урлагийн их сургуульд драмын жүжгийн ангийн элсэлт авсан. Гэтэл багшлах хүн байхгүй байж л дээ. Миний найз “Чингис хаан” кинонд тоглосон Төмөр “Энэ ажилд Сайшингаа л тохирох юм байна даа” гээд надад санал тавьсан. Манай ангийнхнаас хойш кино жүжигчний анги тасраад байсан үе л дээ. Тиймээс зориглоод очсон. Тэр мэргэжлээр сурсан болохоор юу заахаа мэдээд байдаг. Хаанаас нь эхэлж заахаа мэддэггүй. Тэгээд багшруугаа утсаар яриад учраа хэлтэл намайг их дэмжсэн. Өөрийнхөө хичээлийн дэлгэрэнгүй төлөвлөгөөг өгсөн. Гэхдээ нууц материал учраас хэнд ч өгч болохгүй шүү гэсэн. Ингэж л багшаар ажиллаж эхэлсэн бол одоо 18 жил болчихсон байна. Багшийн ажлаа хийж байхдаа бусад бүх зүйлээ мартаад улайрчихдаг ийм л нэг солиотой хүн байна даа.

-Найруулагчаар ажиллаад хийсэн уран бүтээлүүдээс тань сонирхмоор байна...
-Шинжаанд “Торгодын их нүүдэл” нэртэй бодит ахуй дунд кино хийсэн. Энэ удаагийн “Гэгээн муза” наадамд өрсөлдөж буй “Тэмээт нутгийн шинэ тууль” дээр ажиллалаа. Мөн хөгжмийн зохиолч Жанцанноровын хөгжим дээр залуудаа БНХАУ-д савхан бүжгээр алдаршсан Дэдмаа эгчтэй хамтран “Хайр шингэсэн тоорой” жүжиг, Хянган аймгийн Түшээт нутагт “Бат цагаан хайр” жүжиг хийж байна. Мөн 2003 онд Сэвжидийн Сүхбаатар багштай хамтран “Мандухай цэцэн” жүжиг хийж байсан.

-Та монгол кино хэр үздэг вэ?
-Дээр үед “Гарьд магнай”, “Тунгалаг тамир” зэрэг киног үздэг байсан бол нэг хэсэг тасарсан. Одоо харин кино урлаг хөгжиж байна. “Боолын гэрээ” гэж уран сайхны кинонд би их дуртай. Монгол киноноос бидэнд сурах зүйл их бий.

-Жүжигчин Р.Анхнямтай хамтран тоглосон “Хатан, боолын төлөө” уран сайхны кино АНУ-ын Лос Анжелос хотод зохиогдсон кино наадмаас шагнал хүртсэн...
-Анхням бид хоёр 2008 оноос хойш хамтран ажиллаж байна. “Тэнгэрийн салхи” гэж кино хийхээр манайхаас хүмүүс эмэгтэй жүжигчин хайж Монголд ирсэн. Олон жүжигчний зураг цуглуулж авч очоод надад үзүүлсэн л дээ. Анхням нүдэнд тусаад уулзсан. Би олон жил жүжигчинтэй ажилласан учраас хүнийг хараад л мэднэ. Анхнямын нүдний гал алга болоогүй, бэлтгэлээ сайн хийдэг тийм л жүжигчин байсан. Анхням уйгаржин монгол бичиг, хятад хэл мэдэхгүй учраас уран бүтээл дээр ажиллахад хүндрэл гарч байсан. Би зохиолыг нь уншиж өгөхөөр өөрөө криллиэр бичиж аваад цээжилдэг тийм л хөдөлмөрч хүн. “Тэнгэрийн салхи” кино их сайхан болсон ч хөрөнгө мөнгөний асуудлаас болоод дэлгэцэнд гарч чадаагүй. Тиймээс би дараа нь Анхнямыг урьж “Угалзан хээтэй эмээл” гэж уран сайхны киноны гол дүрд тоглуулсан. Би хоёрдугаар дүрд тоглож байгаад хөлөө хугалчихсан. Гурван жил таягтай явсан. Багшийн ажлаа хийж байсан учраас тэр уйтгар гунигтай цаг хугацааг даван туулсан.

-Р.Анхням жүжигчин мөн “Гаадай мэйрэн” гэж кинонд тоглосон...
-“Ван Жао Жин” кинон дээр хамт ажилласан миний шавь “Гаадай мэйрэн” киног хийх гэж байна гээд над дээр ирсэн. Тэгэхэд нь би мөн л Анхнямыг санал болгосон. Өвөрмонголын жүжигчдийг сайн мэддэг болохоор найруулагчид миний саналыг их сонсдог. Үүний дараа “Хатан, боолын төлөө” уран сайхны кинонд тоглосон гэж байтал манай ангийн найз над дээр ирээд Анхнямыг олж өгөөч “Чонон сүлд” киног хийхээр боллоо гээд ирсэн. Тэгээд Анхнямыг холбож өгснөөр тэр киноны дүрд тоглохоор шалгуулаад тэнцсэн. Дараа нь Анхням надад “Та намайг БНХАУ-д уран бүтээл хийх замыг минь нээж өгсөн шүү. Баярлалаа” гэсэн. Тэгэхээр нь би “Чи наашаа ганцаараа ирж болохгүй шүү. Одоо Монголоос уран бүтээлчдийг дагуулах ёстой” гэж хэлснээс хойш 80 гаруй уран бүтээлчтэй холбоо тогтоогоод байна.

-Таны дараагийн уран бүтээл тодорхой болсон уу?
-“Хубилай хаан” гэж кинонд дүр авсан. Ирэх сараас зураг авалт эхлэхээр яригдаж байсан ч хөрөнгө мөнгө нь бүтэж байна уу гэдгийг мэдэхгүй байна. Бүтсэн бол нэг шинэ кино хийгдэнэ. Мөн сурган хүмүүжүүлэх, найруулах ажилдаа анхаарна.

-Нэг сонирхмоор зүйл байна. Таны нэрний учрыг асуух гэсэн юм?
-Манжаар нар мандах гэсэн утгатай. Миний эгч, ах, дүүс бүгд Сайн-аар эхэлсэн монгол нэртэй. Миний дээр байсан ах маань эндээд би төрсөн юм билээ. Тэгсэн аав надад Сайшингаа гэдэг нэр өгсөн. Миний ах Сайнцогт хөгжмийн зохиолч. Дуучин Жавхлангийн дуулсан “Сартай шөнө” гээд дууны аяыг бичсэн. Өөр олон дуу бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан