Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Уул уурхайн салбарынхан “бүсээ чангалах”-аар болов

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Уул уурхайн салбарт хөрөнгө оруулагч олон улсын байгууллага хийгээд дотоодын аж ахуй нэгж, салбарын бодлого тодорхойлогчдыг нэг дор нэгтгэдэг “Coal & metals Mongolia” чуулга уулзалт зургаа дахь жилдээ боллоо. Энэ жил нүүрсний салбарт хөрөнгө оруулагчдын “Coal Mongolia” чуулган зургаа, эрдэс, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын “Metals Mongolia” чуулган гурав, “Mine tech” уул уурхайн тоног төхөөрөмжийн олон улсын үзэсгэлэн есдэх жилдээ зохиогдож байгаа бөгөөд эдгээр арга хэмжээг энэ жилээс нэгтгэж “Coal & metals Mongolia” нэрэн дор шинэчлэн зохион байгуулав. Геологи, уул уурхай, металлурги, дэд бүтцийн салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нутагшуулах нь уг уулзалт, үзэсгэлэнгийн зорилго, Хятад, Япон, Казахстан, Австрали, Канад тэргүүтэй орны төлөөлөгчид түлхүү оролцсон энэ жилийн чуулганд олон улсын 80 гаруй компанийн 600 орчим төлөөлөгч оролцлоо хэмээн зохион байгуулагчдын зүгээс хэлэв.

Энэ оны нэгдүгээр улиралын байдлаар эрдэс, металл тэр дундаа нүүрс импортлогч томоохон зах зээлийн нэг Хятадын уул уурхайн салбарын олборлолтын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеийнхээс 20 орчим хувиар буурч, дотоодын компаниудын алдагдал 5 тэрбум 410 сая юаньд хүрсэн нь экспортлогчдыг хүнд байдалд оруулсан. Түүнчлэн, уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулагч тив дамнасан томоохон корпориациуд эрсдэлээс эмээж, томоохон уурхайнуудынхаа үйл ажиллагааг зогсоох болсон нь эдийн засгийн өсөлт, уналт нь уул уурхайгаас шууд хамааралтай манайх шиг жижиг тоглогчдын хувьд ихээхэн эрсдэл дагуулсан хэрэг болов.

Өдгөө Хятадын ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт 117 тэрбум 800 сая юань байгаа нь өмнөх оныхоос 18.1 хувиар буурсан үзүүлэлт бөгөөд энэ нь Хятад улсын хувьд аж үйлдвэрийн салбарын цорын ганц сөрөг өсөлттэй хөрөнгө оруулалт болсон байна. Гэхдээ энэ уналт, бууралт нь зөвхөн энэ жил тохиож байгаа бус сүүлийн гурван жил ажиглагдаж байгааг тоо баримтаас харж болно. Манай улсын хувьд 2013 он хүртэл урд хөрш рүү импортлох түүхий нүүрсний хэмжээ тогтмол өсч байсан ч 2014 оноос буурч, өнгөрсөн онд хамгийн доод цэгтээ хүрсэн. Экспортын хэмжээгээр Австралийн ард орж байсан 2013, 2014 онтой харьцуулахад нүүрсний экспорт хийгээд үнийн уналтад эдийн засгийн хямрал ч нөлөөлсөн. Ямартай ч уул уурхай тэр дундаа төмрийн хүдэр, зэс, нүүрсний экспорт жилээс жилд буурч байгааг дагаад хөрөнгө оруулалт ч багассан нь дотоодын компаниуд цаашлаад улс орны эдийн засагт ч сөрөг нөлөө үзүүлэх болов. Ийм эгзэгтэй үед хямралыг хэрхэн гэтлэх, цаашид хэрхэн хөрөнгө оруулалт татах талаар “Coal & metals Mongolia” чуулганд оролцсон талуудын байр суурийг тандлаа.

Р.Жигжид: Засгийн газар уул уурхайн салбараа татварын бодлогоор дэмжинэ

Уул уурхайн сайд

Сүүлийн жилүүдэд олон улсын зах зээлд эрдэс, түүхий эдийн үнэ суларч байгаа ч манай уул уурхайн салбар өнгөрсөн оны төсвийн орлогын 18 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 17 хувь, аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрийн 80 хувийг дангаараа бүрдүүлсэн байна. Энэ бол чамлахааргүй амжилт. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого боловсруулж, нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал болон ашигт малтмалын нөөцийг олон улсын жишигт нийцсэн аргачлалаар тооцох алхам хийснийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн, “Оюутолгой”-н алт, зэсийн ордын ил уурхай амжилттай ажиллаж, далд уурхайн бүтээн байгуулалтын бэлтгэлийг бүрэн базаагаад байна. Мөн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх, зах зээлээ тэлэхэд үйлдвэрлэлийн дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай цаг үед ирээд байна. Тиймээс төмөр замын сүлжээг нэмэгдүүлэх, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийн хангамжийг сайжруулах, дамжин өнгөрөх тээврийн асуудлыг шийдвэрлэх нь чухал. Засгийн газрын зүгээс энэ бүх асуудалд анхаарч, татварын бодлогоор дэмжих арга хэмжээ авч ажиллахыг гол болгож байна.

Л.Наранбаатар: Нүүрсний үнэ унаж байгаа ч алтны салбарт хууль, эрхзүйн таатай орчин бүрдсэн

“Coal & metals Mongolia” чуулганы ерөнхий зохион байгуулагч, “Glogex”ХХК-ийн захирал

“Coal Mongolia”, “Metal Mongoliа” болон “Mine tech” гэх чуулга уулзалт, үзэсгэлэнг нэгтгэсэн нь зах зээлийн хямралтай үед нэг тасалбараар гурван том арга хэмжээнд оролцохын зэрэгцээ үзэсгэлэн гаргаж буй компаниудад бизнесийн харилцаа холбоогоо өргөжүүлэх хамгийн хямд бөгөөд үр дүнтэй боломж бий болгож байгаа юм.

Энэ жилийн хувьд нүүрс, төмрийн хүдэр, зэсийн зах зээл таагүй байгаа ч “Оюутолгой”-н далд уурхайн дөрвөн тэрбум ам.долларын санхүүжилт хийгдэж,“Гацуурт”-ын ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах шийдвэр гарсан, мөн алтны салбарт хууль, эрхзүйн таатай орчин бүрдсэн нь анзаарагдаж байна. Чуулган зохион байгуулах болсон тухайгаа зарлаад хэдхэн хонож байхад таван компани ивээн тэтгэгчээр оролцох санал ирүүлсэн нь үүнд ихээхэн ач холбогдол өгч буйн илрэл юм.

Өдгөө дэлхийн зах зээлд нүүрс, зэс, төмрийн хүдэр гэх мэт ашигт малтмалын үнэ унаж байгаа нь ойрын үед сэргэх найдлагагүй байна. Энэ нь уул уурхайн экспортоос хамааралтай манай эдийн засагт хүнд тусч байгааг дээр дооргүй анзаарч буй биз ээ. Чуулга уулзалтаар гадаад зах зээлийн таагүй, хүндрэлтэй үеийг хэрхэн хохирол багатай давах вэ гэсэн сэдвийг хөндлөө. Мөн уул уурхайн түүхий эдээ хэрхэн нэмүү өртөг шингэсэн аж үйлдвэрийн бүтээгдэхүүн болгох талаар ярилцлаа. Томоохон төслүүдээ хөдөлгөхөд шаардлагатай эрчим хүч, төмөр зам гээд дэд бүтцийн талаар ч голчлон хэлэлцлээ. Хамгийн гол нь одоо тулгараад байгаа хямралаас хэрхэн гарах вэ гэдэг нь чуулга уулзалтаар хөндсөн гол асуудал байлаа.

Ч.Мөнхбат: Өрсөлдөх чадвараа нэмэгдүүлж байж хямралыг давна

“Саусгоби сайндс” ХХК-ийн гүйцэтгэх захирал

Манай компани нүүрсний салбарт олборлолт явуулаад 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн хугацаанд дэлхийн зах зээлдэх түүхий нүүрсний үнэ тогтвортой, зарим жилүүдэд өсөлттэй байсан ч өнөөдөр байж болох хамгийн доод үедээ ирээд байна. Энэ эгзэгтэй үеийг хэрхэн даван туулж, оршин тогтнох тухайд тус салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, салбар яам, хөрөнгө оруулагчид байр сууриа солилцох нь чухал.

Өнөөдөр “Чинхуандао” боомт дээр сул коксжих нүүрсний үнэ 2012, 2013 оныхоос 56 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үнэ ийнхүү унасан нь экспортлогч компаниудад хүнд тусахын хажуугаар манай хил гааль, агаарын бохирдлын татвар болон Хятадын орон нутгийн хураамжууд нэмэгдээд эцсийн хэрэглэгчид очих үнэд нөлөөлж байна. Түүнчлэн, Хятадын зах зээлдэх нийлүүлэгчдийн өрсөлдөөн их болсон нь байдлыг улам хүндрүүлж байна. Жишээ нь, Австрали л гэхэд уул уурхайн салбарт ажиллагсдаа орлоготой байлгах үүднээс экспортын нүүрсэнд оногдуулах татвараа тэглүүлсэн. Тиймдээ ч Хятадын зах зээлд гол өрсөлдөгч хэвээр байна. Ийм үед манай экспортлогч компаниуд өрсөлдөх чадвараа сайжруулахаас өөр аргагүй. Ингэхийн тулд үнэ, чанартаа анхаарах цаг болж. Өнгөрсөн онд хятадууд импортын нүүрсний чанарт таван шалгуур үзүүлэлт тогтоосон нь манай компаниудын экспорт буурахад шууд нөлөөлсөн. Энэ мэт зах зээл, цаг үе биднээс хөгжиж дэвжихийг шаардаж байна. Тиймдээ ч би нүүрснийхээ чанарт анхааръя гээд байна. Экспортын хэмжээ тогтмол буурч байгаа ч бид энэ зах зээлийг алдчихсан гэсэн үг биш. Бидэнд тээвэрлэлтийн зардал багаас авахуулаад өрсөлдөх чадвар, боломж бий. Гагцхүү түүнийгээ олж харж, нааштайгаар эргүүлж чадахгүй байна. Үүнд мэдээж хөрөнгө оруулалт хэрэгтэй. Мөн төр засаг ч бодлогоор дэмжиж байж хийгдэх ажил.

Манай компанийн хувьд хямралтай байгаа ч “Шивээ хүрэн” боомт хүртэл 42.3 км, 100 тонн хүртэлх даацтай, гурван эгнээ бүхий даацын зам ашиглалтад орууллаа. Энэ мэт өрсөлдөх чадамжаа сайжруулахгүй бол уналт үргэлжилсээр л байх болно. Бид одоохондоо ухаж гаргаад, овоолж ачаад л зөөгөөд байна. Энэ мэт зах зээлийн эгзэгтэй үед ашигт малтмалаа түүхийгээр нь зөөх бус нэмүү өртөг шингээх, үйлдвэржих нь чухал байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан