Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Яагаад оффшор гэж?


Б.БАДРАЛ


“Панамын баримт” нэртэй дуулианыг тойрсон элдэв үйл явдал тасрахгүй удаж байна. Энэ дуулианы эрчинд нэгээр тогтохгүй улсад Ерөнхий сайдаас эхлээд яамдын жижиг хэлтсийн дарга хүртэлх олон хүн албан тушаалаасаа огцорсон. Ингэснээр тухайн улсын явуулж буй гадаад ба дотоод бодлогод ихээхэн өөрчлөлт орсон нь гарцаагүй үнэн. Иймд бүхэл бүтэн улс орны Ерөнхий сайдыг огцруулах, улсын дотоодод жирийн иргэдийн бухимдал үүсгэн үймээн самуун дэгдэх хэмжээнд хүрсэн мэдээлэл гэв гэнэт хаанаас гараад ирэв гэсэн асуулт гарах нь зүйн хэрэг. Зөвхөн улстөрчид гэлтгүй бизнес эрхэлж буй олон мянган хүний “маш нууц” мэдээллийг хэн гээч нь, яагаад, ямар сэдлээр дэлгэв ээ? Энэ асуултад хариулах гэхээр тун ч сонирхолтой дүр зураг үүснэ.

 
Нууц амраг

Зарим мэдээгээр бол Панамын оффшор бүсэд гадаадын компаниудыг бүртгэдэг компанийн менежерийн нууц амраг хаягдсандаа шаралхан компьютерээс нь нууц мэдээлэл хулгайлж Германы сэтгүүлчдэд өгсөн болж таарсан. Мэдээллийн эх сурвалж гэгдсэн Панамын компани бүх дуулиант мэдээллийг албан ёсоор батлах эсвэл үгүйсгэхээс татгалзаж байгаа нь үүний нотолгоо гэв. Өөрөөр хэлбэл гэр бүлдээ үнэнч байгаач, эхнэрээ битгий араар нь тавь гэсэн мэссежийг дэлхий нийтээр цацсан гэнэ.

Путинийг унагах сонирхол

Өөр мэдээгээр бол Америкийн тусгай албад Оросын эсрэг, бүр тодруулбал Путин ба түүний тойрон хүрээллийг няслах, болж өгвөл түлхэж унагах, Украйнтай адил бослого үймээн дэгдээх эхлэлийг тавихын тулд энэ мэдээллийг ухаж гаргаж ирсэн болж таарсан.
Нотолгоо нь гэвэл АНУ ба Европын холбооны хэвлэл мэдээллийн бүх хэрэгслүүд “Панамагейт”-ийн тухай дуулиант мэдээг бүгд үгсэж тохиролцсон мэт Путиний зурагтайгаар нийтэлсэн явдал.

Гэтэл Путиний гэх ганц ч компани, данс байгаагүй, нэр нь ч дурдагдаагүй.  Байхгүй атал яах гээд Путиний зургийг тэргүүн нүүрэн дээрээ нийтлээд байсан юм бэ гэдэг сонин. Дээр нь, шууд бус утгаар Исландын Ерөнхий сайд “Панамагейт”-ийн дараа огцорсон тул одоо Путин ба түүний тойрон хүрээлэл ч бас огцорвол зүгээрсэн гэсэн утгатай олон нийтлэл гарсан явдал. Оросын либерал үзэлтэн буюу өрнөдийн талыг баримтлагч сөрөг хүчнийхэн Исландын жишээг татаж Путин сайн дураар огцрох цаг болсон, байраа тавьж өгөхгүй бол бүгдээрээ босоцгооё гэсэн далд санаа бүхий зүйл олныг бичсэн. Ядаж байхад Америкийн ганц ч бизнесмэн, улстөрчийн нэр гараагүй. Адилхан нэр гараагүй атлаа Путин ба түүнийг дагагчид заваан бохир, дарангуйлагчид, Оросын бизнесмэнүүд ба улстөрчид мөнгөө татвараас зугатуулдаг, эх оронч бус, адгийн шаарнууд харин Америкийн бизнес эрхлэгчид, Ерөнхийлөгч Обама болон бусад хүмүүс “энхийн цагаан тагтаа”, чухамхүү гэгээрсэн ариун хүн гэсэн “мэссежийг” илгээсэн юм байна. Ийм замаар Украйн ба Дорнод Европтой холботой бүх ээдрээг нэг мөр өөрийн талд ашигтайгаар шийдэх, шийдэж чаддаггүй юм гэхэд Оросыг, бүр тодруулбал Путинийг илүү дуулгавартай, үгээрээ байлгахыг хүссэн гэнэ.

АНУ-ын эрх ашиг

Бас нэг мэдээгээр бол АНУ нь Техас гэх мэт зарим мужид байрладаг өөрийн мэдлийн оффшор бүсийг дэмжихийн тулд энэ мэдээллийг хакер, тагнуул ашиглан олж аваад цацсан юм гэнэ. Өөрөөр хэлбэл АНУ-ын нутаг дээр байрлаагүй Панамаас эхлээд бусад оффшор бүсүүд үйлчлүүлэгчдийнхээ талаарх чанд нууцыг хадгалж чадахгүй гэсэн “мэссеж”-ийг дэлхий даяар цацсан. Харин Америкийн бизнесмэнүүд, улстөрчид өөрийн нутаг дахь дотоодын оффшор бүсэд хөрөнгөө нууж татвараас зугатаж чаддаг, Америкт хэний ч мэдээллийг нууц амраг нь  хулгайлдаггүй, хакердах боломжгүй, тагнуул нэмэргүй. Ийм учраас америкчуудын тухай нэг ч мэдээлэл “Панамагейт” дотор байгаагүй гэсэн мэдээг саятнууд, тэрбумтнуудад явуулсан юм байна. Үүний дараанаас тэрбумтнууд Панамаас эхлээд Виргинийн арлууд, Кипр, Лихтенштейн хүртэл бүх л оффшор бүсээс мөнгөө авч АНУ-ын Техаст байх оффшор бүс рүү зөөж эхлэх ёстой байсан, одоо ийм хөдөлгөөн эхэлсэн гэнэ. АНУ хэдэн жилийн өмнөөс гэнэт Швейцариас эхлээд Кипр хүртэлх бүх л оффшор бүсүүдэд АНУ-ын иргэн ба Америктай ямар нэг байдлаар холбоотой, эрх ашигт нь нийцээгүй хүмүүсийн хөрөнгийн тухай мэдээллийг гаргаж өгөхийг шаардаж, дэлхий даяар оффшорын эсрэг кампанит ажил өрнүүлж дарамталсан атлаа өөрийн нутаг дээрх оффшор бүсийг огт хөндөөгүй гэнэ.

Хямралын өмнөх бэлтгэл ажил

Ийм мэдээ цацсаны бас нэг нууцлаг зорилго нь төд удалгүй эхлэх гээд байгаа дэлхийг хамарсан эдийн засгийн гүн хямралд АНУ бэлдэж, бэлэн мөнгө, нууц мэдээллийн урсгалыг нутаг руугаа, өөрсдийнхөө мэдэл рүү чиглүүлэх явдал гэнэ. Ингэж чадвал дэлхийг хамарсан эдийн засгийн хямрал эхэллээ гэхэд Америк ахар богино хугацаанд давж туулах юм байна. Харин ийм давуу тал байхгүй бусад улсууд хямралаас гарах гэж хавьгүй олон жил, бүр их хөрөнгө мөнгө зарцуулж, иргэдийн бухимдал үймээн самуунтай тулгарах ёстой гэнэ.
 
ОХУ ба Путиний нууц сонирхол

Нөгөө талаас ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний даалгавраар тус улсын тусгай албад “Панамагейт”-ийг эхлүүлсэн гэж өрнөдийн цөөнгүй хэвлэл мэдээллүүд нотлож байна. Тэдний ярьж байгаагаар Путин нэгдүгээрт, өөрийн нэрийг цэвэр авч гарах, хоёрдугаарт татвараас зугатааж байгаа Оросын бизнесмен ба улстөрчдийг “гэрэлд цохиулах”, гуравдугаарт Америкийн нэр хүндийг гутаахын тулд энэ дуулиант баримтыг хакерууд ба тагнуул ашиглан ил болгосон гэсэн. Нотолгоо нь олон бий юм байх. Тухайлбал, ер нь ийм мэдээ байгаа  тухай бараг л хэн ч мэдээгүй байхад Путиний хэвлэлийн төлөөлөгч Песков албан ёсоор мэдэгдэл хийж ийм мэдээ тараагдах гэж байгаа тухай мэдэгдэл хийсэн. Тэгэхээр ханаас, яаж мэдэв? Дараа нь “Панамагейт”-ийн мэдээн дотор Путинтэй шууд холбоотой нэг ч мэдээлэл байгаагүй. Америкийн компани, улстөрч, бизнесменүүдийн тухай мэдээлэл байгаагүй явдал зүгээр нэг тохиолдол биш гэнэ. Хажуу бөөрөнд нь, нэгэн цагт өөрсдөө хувьсгал хийж, Колумби нэртэй улсын мужийг тусгаар болгож, нэрнээс цаашгүй дагуул болгосон газар америкчууд мөнгөө нуухгүй байна гэдэг итгэмээргүй зүйл тул нэг ч нэр дурдахгүй байх замаар Америкаас энэ мэдээг цацсан мэт харагдуулсан гэнэ.

Бодит байдал

Хэнд нь итгэх вэ? Хэн нь үнэн яриад байна вэ? Ийм асуултыг өнөөдөр олон мянган хүн өөртөө тавьж байгаа. Итгэх үгүйн асуудлыг ярихын өмнө яагаад хүмүүс, компаниуд оффшор нэртэй газар бүртгүүлэх, тэнд мөнгөө нуух дуртай байдаг юм бэ гэсэн асуултыг тавих нь зүйн хэрэг байх. Хариулт нь тун энгийн, татвараас зугатах, мөнгөний “угсаа гарвал ба угшил”-ыг нуух. Оффшор компани гэсэн ойлголтыг улс төрийн тогтолцоо, судлаачийн үзэл бодол гэх мэт олон хүчин зүйлийн нөлөөгөөр янз бүрээр тайлбарладаг тул мань мэтийн эгэл хүмүүсийн толгойг эргүүлэхэд хялбар. Гэхдээ л ерөнхий тайлбар гэж байна.

•    Юуны өмнө офшор эс­вэл оффшор гээд яаж ч бичлээ гэсэн энэ бол хууль зүйн гэхээс илүүтэйгээр газар зүй ба эдийн засаг хавсарсан ойлголт. Өөрөөр хэлбэл оффшор нөхцөлтэй улс гэж байж болохоос гадна улсын дотоодод оффшор бүс гэж бас байж болно.
• Гол төлөв ийм газар нутагт бүртгэлтэй компаниуд нь татвар төлөлт ба санхүүтэй холбоотой тайлан, тайлбар өгөх шаардлагагүй. Өгөхийг шаарддаг ч үгүй.
• Тухайн хувь хүн, компани ямар замаар, хэнээс, хаанаас мөнгө авч компани байгуулсан нь оффшорт огт хамаагүй.
• Компани байгуулаг­чийн угсаа гарвал, улс орны харьяалал дийлэнхдээ хамаагүй байдаг. Өөрөөр хэлбэл Ли овогт байна уу эсвэл Жон уу эсвэл Иван уу огт хамаагүй. Зарим оффшор бүсэд зөвхөн тухайн улсын иргэн бүртгүүлэх ёстой гэсэн заалт байдаг тул наранд шарж, наргил модны самар хагалж шүүсийг нь уухаас өөр ажил хийдэггүй нутгийн ядуу иргэн асар баян хэд хэдэн компанийн албан ёсны эзэн байх нь цөөнгүй.
•    Хэдий хэмжээний орлогыг, яаж олж байгаа нь бүр ч хамаагүй. Компани нь тогтсон нэг хэмжээтэй татвар төлнө эсвэл хуульчлан заасан бол ашиг ба орлогын татвар гэж огт төлөхгүй. Тухайн улсын нутагт байрлах банкинд данс нээлгэн тодорхой хэмжээний мөнгийг тогтмол байрлуулах ёстой.
• Орлогын эх үүсвэрийг хэн ч асуухгүй. Дээр нь компани болгон жил болгон эсвэл хоёр жил тутам гэхчлэн дахин бүртгүүлж, бүртгэлийн мөнгө гэж тодорхой хэмжээний мөнгө төлнө. Өөр зардал гарахгүй.
• Компанийн орлого, эх сурвалж, эзэн, хувьцаа эзэмшигч гэх мэт бүх мэдээллийг дээд зэргээр чандлан нууцалдаг. Хакердаж, эсвэл тагнуул, нууц амраг дунд нь шургуулаагүй л бол ямар ч интерпол, холбооны мөрдөх товчоо, тагнуулын төв газар, өөрийн болоод өрөөлийн Ерөнхийлөгч шаардаж дарамтлаад мэдээлэл өгөхгүй.
• Оффшор компанитай байна гэдэг нь өөр улсад үйл ажиллагаа явуулбал тэр улсын хуулийн дагуу татвар төлөхгүй гэсэн үг биш. Заавал төлнө.
Ийм учраас оффшор бүсүүдэд дараах төрлийн үйл ажиллагаа явуулдаг хүн, компаниуд бүртгүүлэх дуртай байдаг. Үүнд:
• Том холдингууд.
• Гадаадын хөрөнгө оруу­­лалт татах гэж байгаа компаниуд.
• Даатгал, давхар даат­галын компаниуд гэх мэт хөрөнгө мөнгө хуримтлуулдаг компаниуд.
• Зохиогчийн ба оюуны бусад төрлийн өмчийн эзэд.
• Экспорт ба импортын үйл ажиллагаа явуулдаг компаниуд.

Тэгэхээр сумын төвд талх барьж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид оффшор компани байгуулаад ямар ч ашиггүй, шаардлагагүй. Нууцлахыг хүссэн эх сурвалжаас их хэмжээний орлого олдог, түүнийгээ нуухыг хүсдэг, бохир аргаар олсон мөнгө угаах гэсэн, мөнгөний эзэн ба эх сурвалжийг нууцлах гэсэн, тухайн улсад ямар нэг байдлаар нэр хүнд муутай, үл тэвчдэг хүмүүсээс хөрөнгө оруулалт авах гэсэн, үндсэн хөрөнгөө тухайн улсын татвар ба хэвлэл мэдээллээс нууцлахыг хүссэн хүн ба компаниуд л оффшор компани байгуулдаг, тэнд бүртгүүлдэг.

Хамгийн гол нь оффшор бүсэд компани байгуулах, тэнд данс нээж мөнгө хадгалахыг хорьсон улс гэж байхгүй. Бизнес хийж байгаа хүн олсон мөнгөө оймсондоо хадгална уу эсвэл оффшор бүсэд компани байгуулаад хадгална уу өөрийнх нь хувийн хэрэг гэсэн үг.

Гэхдээ яагаад олж байгаа мөнгөнийхөө эх сурвалж, жинхэнэ эзэн, хөрөнгийн бодит хэмжээг нуугаад байна вэ? Их эсвэл бага гэлтгүй тэр мөнгийг яагаад улс орондоо хадгалахгүй, улс орныхоо эдийн засагт эргэлдүүлэхгүй тэр хол нуугаад байна вэ гэдэг бол өөр асуудал. Оффшорт компани байгуулж, данс нээнэ гэдэг нь тухайн хувь хүн, компанид улс орноо, иргэдээ гэсэн сэтгэл үнэн хэрэг дээр байна уу үгүй юу гэдгийг л харуулж байгаа маркер, илтгэгч гэсэн үг гэвэл онц хэтрүүлэг болохгүй. Улс орноо хөгжүүлье, хямралаас хамтдаа гэсэн уриа барьчихаад өөрөө цаана нь үндсэн хөрөнгөө оффшорт нуугаад байгаа хүн үнэн ярьж байна уу үгүй юу гэдгийн хариулт нь ойлгомжтой.

Иймд бодит байдал дээр асуудлын гол нь хэн оффшор компани байрлуулав аа гэдэгт биш харин тэр хүн яагаад оффшорт компани байгуулав? гэдэгт л байгаа юм.

Тиймээс хоосон дуулиан тарьж хүн буруутгахын өмнө яагаад тэнд байгуулах болов, ямар хүчин зүйл нөлөөлөв гэдгийг тодруулж лавлах нь зүйн хэрэг. Аятайхан үйл ажиллагаа явуулах гэхээр өдөр шөнөгүй татвар, даатгал, цагдаагаас шалгалт явуулаад байсан уу, рэкетийнхэн орж ирээд дарамтлаад байв уу гэх мэт асуулт хамгийн эхэнд тавигдах ёстой.Дээр нь оффшортой холбоотой энэ мэт дуулиан хэнд ашигтай вэ гэсэн асуулт бас давхар явж байх ёстой.

Үүний дараа л жинхэнэ, бодит дуулиан эхэлнэ гэдэг нь эргэлзээгүй. Юуны өмнө манай улсад дэгдээд байгаа оффшортой холбоотой дуулиан шуугиан, гүтгэлгийн давалгаа нь  цэвэр тохиолдлын шинжтэй гэдэг нь ойлгомжтой. Дуулиан дэгдэх нь манай сонгуультай давхацсан төдий. Үлэмж биетнүүд нэг рүүгээ муухай харц шидэх төдийхөнд хажуу бөөрөнд нь байгаа ядарсан давжаа биетнүүд өвчин тусч халууран дэмийрч байдгийн тод жишээ.

Сонгуулиас бусад үед оффшорын талаар тууштай эрэл хайгуул хийж энэ бүх асуултад хариулахыг оролдсон хүн хэд байна вэ? Энэ мэтээр явбал сонгууль гэхээр л оффшорын асуудал сөхөгддөг улиг болсон асуудал болж хувирах биз.

0 Сэтгэгдэл
Тэгэхээр сумын төвд талх барьж байгаа хувиараа хөдөлмөр эрхлэгчид оффшор компани байгуулаад ямар ч ашиггүй, шаардлагагүй. Нууцлахыг хүссэн эх сурвалжаас их хэмжээний орлого олдог, түүнийгээ нуухыг хүсдэг, бохир аргаар олсон мөнгө угаах гэсэн, мөнгөний эзэн ба эх сурвалжийг нууцлах гэсэн, тухайн улсад ямар нэг байдлаар нэр хүнд муутай, үл тэвчдэг хүмүүсээс хөрөнгө оруулалт авах гэсэн, үндсэн хөрөнгөө тухайн улсын татвар ба хэвлэл мэдээллээс нууцлахыг хүссэн хүн ба компаниуд л оффшор компани байгуулдаг, тэнд бүртгүүлдэг.
ОФШОРТОНГУУДЫН ТАРХИ УГААЛТ . УХААНДАА ПУТИНГ ДАРАХЫН ТУЛД ИЛРҮҮЛСЭН .МАНАЙ НӨХДДҮҮД ХОМОРГОНД НЬ ХЭЛМЭГДЭЖ БАЙГАА ГЭХНЭЭ ДЭЭЭ . НААНДАЖ ОРЛОГОО НУУН ДАРАГДУУЛЖ ТАТВАР ТӨЛӨХӨӨС ЗУГАТСАН Л ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ . ЦААШИЛБАЛ ХУЛГАЙ ХИЙСЭН НӨХДҮҮД .
Энд нэр нь гарч байгаа хүмүүсийн орлого татвараа нуусан компаниудад хэрэглэгч бид орлого оруулж байх хэрэг байна уу да. НИК, Петровис, Эрдэнийн Их тамир амралт, гээд сонсож байсан компаниудыг нь оруулах нь зөв биш үү
23-р сургуулийн захирал Ганболд гэж гэлжгий,өрөөл татанхай этгээд айлын эхнэр эргүүлж гэр бүл үймүүлээд байнаа.Боловсролын сайд Гантөмөр доод ажиотандаа анхааруулж арга хэмжээ аваачээ.
Хамгийн их уншсан