Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оффшорын мэдээлэл VS хариуцлага


Т.ЦЭЛМЭГ


Оффшор бүс болон  дансны талаар янз бүрийн үзэл бодол гарсаар л. Нэгэнт татваргүй бүсэд, татваргүй данстай нь нотлогдсон улстөрчдийг шалгах ёстой, даанч манайд хууль эрхзүйн боломжгүй гэх зэргээр шүүмжлэл өрнүүлж буй. Харин үүний хажуугаар хуурамч, худал мэдээлэл гарч, улстөрчид, УИХ-ын гишүүдийн нэрийг хавчуулж, төөрөгдүүлэх болсон. Сонгууль дөхсөн учраас зарим нэгэнд нь худлаа ч байсан хамаагүй улс төр хийх том шалтаг оффшор болчихлоо.

Зарим гишүүн оффшор бүст бүртгэлтэй компанитай гэсэн эвлүүлэг бүхий хуурамч мэдээлэлд дор бүр нь залруулга өгсөн. Харин худал мэдээлэл түгээсэн болон нийтэлсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хуулийн дагуу хандах гэнэ. Тухайлбал, УИХ-ын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оффшор данстай байсан гэж худал мэдээлэл нийтэлсэн сайтуудыг шүүхэд өгөх аж. УИХ-ын гишүүн Л.Болд, сайд асан Д.Зоригт нар твиттер, фэйсбүүк хуудсаараа өөрийн нэрийг хайж данс илрээгүй гэдгийг мэдэгдэж байсан. 

Гэтэл илт худал мэдээллийг Монгол Улсын сайд М.Энхсайхан удаа дараа түгээж байгаа юм. Тэгэхдээ бүр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг онилж байгаад твиттер хуудас, фэйсбүүк хаягаараа давхар бичиж. “Х.Баттулга Москва гэнээ...”, “Өөр хаягаар нуугдагсад Х.Баттулга Москва гэнээ...” гэх мэтээр түгээжээ. offshoreleaks.icij.org гэдэг хаягаар нэрийг нь хайж үзээд ямар ч данс гарч ирэхгүй байгаа нэр бүхий хүмүүсийн тухай худал мэдээллийг санаатайгаар оруулсан байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын сайдын алба ха­шиж буй хүн бусад руу худал мэдээллээр дайрч, давшилж байгаа нь цаанаа ямар нэг зорилго агуулсан мэт харагдана. Магад­гүй Тавантолгойн гэрээний тө­сөлд байр суурь нийлээгүй М.Энхсайхан, Х.Баттулга нарын хоорондын үл ойлголцолын илрэл биз. Гэвч төрийн сайд хүн бусдыг илт худал мэдээллээр гүтгэн, гүжирдэж буй нь арга ядсан зүйл гэхээсээ илүү гайхшруулахад хүргэв. Нэг танхимд ажиллаж байгаа С.Эрдэнэ сайдыг ч мөн энэ худал явуулгаар буруутгаж байгаа гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсын хэмжээний мега төсөл хариуцдаг Монгол Улсын сайд М.Энхсайхан худал, үнэнийг ялгаж чаддаггүй хүн гэж үү. Мундаг мэдлэг, боловсрол, хэл устай хүн битгий хэл латин үсгээр овог нэрийг нь бичээд хайж мэдээлэл авах боломжтойг мэдсээр байж зориуд худал гүтгэлэг тарааж байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Түүний хариуцдаг төслүүд яагаад урагшилдаггүй вэ гэдгийг энэ мэт үйлдлээр нь дүгнэж ч болохоор.  
 
Олон улсын эрэн сурвалж­лах сэтгүүлчдийн нийгэмлэгийн 160 гаруй сэтгүүлчийн хамтарч цуглуулсан мэдээллийн мөрөөр улс орон болгоны улстөрч, бизнесмэнүүдийн офф­шор дансыг ил болгосон. Харин манай улстөрчид Монголын хэвлэлүүдийн мэдээллийг дандаа үгүйсгэж, няцааж байдаг зангаараа “Мартчихсан байна, ёстой худлаа, надад ямар ч хамаагүй, нээрээ би холбоогүй, данс ч үгүй, данс нь хов хоосон...” гэх мэргэн тайлбараа хэлээд л боллоо. Өөр ямар ч асуудал яригдахгүй.

Гэтэл Исланд улсын иргэд эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, Ерөнхий сайд нь өөрийн хүсэлтээр огцорсон бол Японд 230 хүн данстай гэж зарлагдсаны дагуу мэдүүлэг, байцаалт эхлүүлээд буй. Тэгээд л миний зураг байдаггүй юм гэдэг шиг Монголд амандаа ус балгасан мэт таг дуугүй л байсаар. УИХ-ын гишүүн Г.Уянга, Ж.Батзандан, С.Одонтуяа нарын гишүүд л шалгах ёстой, хуулийн төсөл хэлэлцүүлэх хэрэгтэй гэснээс өөр албан ёсны хариу, тайлбар гараагүй. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж твиттер хууд­саараа дамжуулан “Эргийн гадна/offshore/ асуу­далд Монгол Улс онцгой анхаарах ёстой. Хуулийн зохицуулалт, хариуцлага, хяналт гээд...” санал авч эхэллээ хэмээн жиргэсэн. Удахгүй тэрээр ямар нэг байдлаар мэдэгдэл хийх эсвэл уулзалт ярилцлага өрнүүлэх нь бололтой гэхээс өөр таамаг алга. Төрийн мэдлийн банкны мөнгөөр казино тоглосон УИХ-ын гишүүдийг хуулийнхан шалгах гэхээр улаан цайм хамгаалаад авч үлддэг болохоор оффшорын мэдээлэл бол зүгээр хаданд хашгирсантай ялгаагүй болж таарах нь.

“Хөөрхий дээр үед л нэг данс нээсэн тэгээд хаасан юм билээ”, “Дансаа мартчихсан л юм байна лээ, сүртэй юм”, “Одоо хоосон гэсэн” зэргээр өрөвдүүлэх тактик хэрэглэсээр сонгуультай золгож мэдэх юм. Уг нь мэдээлэл дэлгэгдсэн даваа гарагийн шөнөөс л нэр бүхий 49 хүний хэд нь төрийн албанд ажилладаг, улстөрчидтэй холбоотой эсэхийг шалгаж, тайлбар, мэдүүлэг авах байлаа. Харамсалтай нь, Авлигатай тэмцэх газар нь даргагүй, Панам руу бичиг цаас явуулахаас өөр ажилгүй болтлоо гар мухардсан улс манайхаас өөр үгүй. Хоолыг нь халбагадаад өгөхөд идэж чадахгүй бол хохино л болно.

0 Сэтгэгдэл
10-20 мянган доллар бол нуух шаардлаггүй, хэдэн зуугааас, хэдэн сая доллар болоод л ийш тийш нь хуваагаад, өөр хүн, өөр улсын нэр дээр нуужээ.
Хамгийн их уншсан