Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.Мягмар: Нэг тиймэрхүү театрыг л байгуулах учиртай

Б.ЦЭДЭВСҮРЭН

“Боролдой” студийн захирал С.Мягмартай уулзлаа. Бортгон малгайгаар имиж хийсэн түүнтэй өмнө нь ярилцаж байгаагүй учраас солигддоггүй имиж шигээ өөрийн хайрцгандаа амьдардаг нэгэн болов уу гэсэн төсөөлөлтэй очив. Гэтэл түүний үргэлж шинэ зүйлийг олж хардаг нь, соргог ханддаг нь намайг өөрөөсөө хүртэл ичихэд хүргэсэн хэрэг. “Хүүхэлдэйн кино байнга үзэж, түүгээр л амьдардаг болохоор магадгүй чөлөөтэй сэтгэдэг болсон байх” хэмээн өөрийгөө тодорхойлсон түүний ярилцлагыг хүргэж байна.

-Таныг саяхан 13 дахь удаагийн “Гэгээн муза” наадмын улаан хивсэн дээр харлаа. Энэ жил Black Box театр олон уран бүтээл дээр ажиллана хэмээн амлаж байсан. Ямар уран бүтээл тавихаар ажиллаж байна вэ?
-Яг өнөөдөр дэлхийн хамгийн орчин үеийн театруудад ямар жүжиг тавьж байгааг судалж байна. Ерөнхийдөө урсгалын хувьд постмодернизм, шидэт реализм зонхилж байна. Бид цаг үетэйгээ хамт байхын тулд тэр хэмжээнд зохиолуудыг орчуулж, судалж, задлах хэрэгтэй. Мөн дэлхийн хэмжээний театрууд юу хийж байгааг харах хэрэгтэй. Тэр Бродвейд юу хийгээд байна. Парисын театрт юу тавьж байна. Английн театр юугаараа гайхуулаад байгааг л мэдэж авах хэрэгтэй. Тэгэхгүйгээр зүгээр л сурах бичиг эргүүлж сууж байснаа “Өө, Ромео Жульеттаг тавьчихъя. Одоогоос 19 жилийн өмнө тавьж байсан юм байна. Одоо тавьчихвал миний нэр хүндэд нөлөөлнө” гэдэг ч юм уу, эсвэл “Батбаяр гуайн зохиолыг тавьчихъя” гэдэг цаг өнгөрчээ. Хэзээ, хаана, юу хийгээд байгаагаа мэдэхгүй байна гэдэг бол хамгийн том аймшиг. Тийм учраас аливаа зүйлийг хийхээсээ өмнө боддог байх хэрэгтэй. Бодохдоо уншдаг, судалдаг байх ёстой. Ингэж байж өнөөдөр ямар жүжиг тавих нь тодорхой болно.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд манай театр ихэвчлэн абсурд, постмодерн жүжгүүд тавилаа л даа. Энэ чинь хэрэг дээрээ 30-50 жил хоцроод байгаа юм. Гурван жилийн хоцрогдол байж болох ч өнөөдөр 30 жилийн хоцрогдол байж болмооргүй байна. Саяхан театрын тухай том ном гарсан байна. Их чухал ном юм. Түүн дээр театрыг дөрөв хувааж. Юу хийж байгаагаараа л амьд, нэг тиймэрхүү, сонгодог, үхсэн театрын аль нэг рүү нь явж орох нь л дээ.

-Та ямар театрыг бий болгохоор ажиллаж байна вэ?
-Нэг тиймэрхүү театр л байх учиртай. Энэ чинь яг ийм гээд оноогоод хэлж болохгүй байна шүү дээ. Байнгын хөдөлгөөнд оршдог, шинээр санаачилдаг, алдсан, оносон. Одоо Москвагийн театрууд ихэвчлэн нэг тиймэрхүү болчихсон байна. Цэвэр сэтгэдэг, өөрөөр хардаг болж. Орчин үеийн театрууд ер нь орон тооны жүжигчинтэй байдаггүй.
Орон тооны жүжигчинтэй байхаар орон тооны жүжиг тавих хэрэгтэй болно. Нөгөө хэдэн жүжигчиндээ тохируулж тоглох ёстой. Яагаад гэхээр цалинг нь өгчихсөн. Юу хийх, юу бүтээхийг нь мэдэхгүй мөртлөө цалинг нь өгчихсөн. Гэтэл баруунд бол театрын захиргаа л гэж байдаг. Тэр захиргаа театраа үзэгчтэй байлгахын тулд жүжгээ сонгодог. Менежерүүд нь судалгаа хийсний үндсэн дээр санаагаа олоод тэндээсээ зохиолоо олдог. Ингэж байж урын сангийн бодлогоо тодорхойлдог байна.

-Таны дээр хэлсэн теат­рын тухай дөрвөн ангилал сонирхол татлаа. Нэг тиймэрхүү театрыг та тайл­барлачихсан. Сонгодог театр бол ойлгомжтой. Үх­сэн театрт ямар нь багтах юм бэ?
-Тэр их сонин тодорхой­лолтууд байгаа. Петр Брукийн “Хоосон орон зай” гэдэг нэртэй ном л доо. Мундаг ном. Үхсэн театр бол жүжгээ тавиад, тэгсэн мөртлөө тэр жүжгийг нь тухайн цаг хугацаандаа үзээд л өнгөрчихдөг тийм театрыг хэлээд байгаа юм. Ер л илүү дутуу юм боддоггүй. Сонгодог театр нь сонгодог жүжгийг жаахан эвдэж тоглодог ч бас нэг рамтай. Түүндээ л тоглодог театр.
Саяхан нэг Германы мэргэ­жил­тэн Монголын театруудыг үзчихээд хичээл заасан юм билээ. Тэгээд нэг ярилцлага өгсөн байсан. Тэр “Би танай театруудыг сайн ойлгосонгүй ээ. Танайд улсаас цалин аваад, тогтмол цалинтай мөртлөө уран бүтээл хийгээд байх юм. Манайд бол болдоггүй” гэж ярьсан байсан. Яагаад гэхээр нөгөө театрын менежерүүд нь үзэгчдийг татахын тулд хамгийн сонирхолтой зохиолыг сонгож аваад түүн дээрээ хамгийн сонирхолтой уран бүтээлчдийг урьж ажиллуулаад нөгөө бүтээлээ хэдхэн тоглоод л болчихдог. Ингэж гэрээгээр ажилладгийн учир нь тухайн уран бүтээлч өөрт ногдсон дүрийг л гаргах гэж ажиллах нь. Ажлаа хийж, хоолоо олж идэх гэж жүжигт тоглож байгаа биш байх нь. Мэдээж үзэгч олонтой гадаадын театрууд учраас өгдөг хөлс нь шаггүй байдаг биз. Манайд бол амаргүй. Black Box театр өмнөх жүжгүүдээ яг энэ системээр л тавьсан. Манайд жүжигчид уригдаж ирээд хоёр, гурван жүжгэн дээр ажиллачихаад зохих хөлсөө аваад явдаг. Хэрэв байнгын ажилчид цалинжуулдаг байсан бол цалин өгч байгаа юм чинь тэднээс уран бүтээл авах ёстой, уран бүтээл авахын тулд төлөвлөнө. Төлөвлөхдөө за за энэ жүжгийг тавьчихъя гэсэн байдлаар хандана.

-Бид 30-50 жил хоцорч байна гэлээ. Яагаад ингэж хэлэх болов?
-2000 онд абсурд, постмодернизм хоёр эд үедээ хөгжиж байсан бол 2010 оноос шидэт реализм гэдэг урсгал бий болсон. Холливудын киног харахад ч, Каннын кино наадмыг харахад ч, Бродвейн театрыг харахад ч энэ чиглэлээр уран бүтээл хийгээд байна. Ингээд харахаар л бид 30-50 жилээр хоцорчихоод байгаа юм. Манайх бол үзэгч багатай. 200 гаруй л үзэгч байдаг. Гэхдээ нэг сая хүн дотор 200 хүн орчин үеийн уран бүтээл сонирхож байна гэдэг бол ололт. Бид рекламаа сайн хийж үзэгч татаж чадахгүй байж болох. Үүний хажуугаар бас бид нэг хар давлагаан дунд оршиж байгаа юм. Хүн яаж ийм муухай хар муухай санаж, сэтгэж чаддаг байна аа гэмээр дүрүүдтэй Солонгосын савангийн дууриуд, хүн яаж ийм юм бодож, сэтгэж чаддаг байна аа гэмээр манай хошин шогийнхны тоглолтууд. Энэ хоёр дунд бид үзэгчдээ алдаж байна. Үзэгчдийн буруу биш л дээ. Бид өөрийн мэдэлгүй л Солонгосын давалгаанд өртчихсөн. Нөгөө талд тун гайгүй үзэгчид маань энэ их нийгэмд түгээд байгаа хэрүүл шуугианаа мартах гэж хошин шогийг аль болох үзэж өөрсдийгөө тайвшруулдаг болчи­хож. Бид үүний эсрэг ямар нэг арга хэмжээ авахын тулд хамтран ажиллаж чадаа­гүй, уран бүтээлчид маань ч ямар нэг юм хийе гэж бодоогүй байсаар нэг л мэдэхэд ийм байдалд орсон. Үзэгчээ алдсан. Сүүлийн үед олон сайхан, сонин тавилт гарч ирж байна. Ялангуяа цөөн хүнтэй жүжгүүдэд.

-Хошин шогийн танхим дүүрч байгаа нь нийгмийн эмгэнэл гэсэн утгатай үг байдаг. Тэр үзэгчдийг бу­цаан авч ирэхийн тулд яах ёстой юм бэ?
-Ер нь оросууд театрт их дуртай. Тэр тусмаа Москвагийнхан маш их театр үздэг. Театрын Москва гэдэг нэртэй. Олон хүн амтай учраас өрсөлдөөн ихтэй. Чанартай олон найруулагчтай. Гэтэл хотын дарга нь нэг шийдвэр гаргаж л дээ. Шилдэг 10 гаруй найруулагчийг дуудаж ирээд “Энэ, энэ байрлалд би хотын мөнгөөр та бүхэнд театр барьж өгье. Та бүхэн өөрийн сайн мэддэг уран барилгачнаа дагуулж ирээд ямар театр барихаа шийд. Гэхдээ театр бол хотын өмч. Харин чи сайн найруулагчийн хувьд энэ театрыг ямар байлгах, ямар жүжиг тавихаа шийд” гэсэн байгаа юм. Гэтэл одоо ч Москвад театрын тасалбар олох хэцүү хэвээрээ. Маш сонин шүү. Аз болоход тэнд Театрын дээд сургуульд нэг хүү найруулагчаар сурч байна лээ. Тун сайн найруулагч болж ирнэ дээ.

-Black box театрт орон тооны уран бүтээлч байхгүй гэсэн. Судалгаа дуусаад уран бүтээл дээр ажиллах болохоор олон сул уран бүтээлч байх юм уу?
-Байлгүй яах вэ. Тухайн найруулагч өөрөө яах нь вэ. Ер нь олон жүжигчинг гаргасан байна. Хальт мульт сургалттай. Ёстой нөгөө гадуураа хөө тортог болчихсон, түүнийг нь зүлгэхээр гялалзах шижир алт их байна. Сургуульд байхад нь ч нээж чадаагүй, сургууль төгсөнгүүтээ ч нөгөө 20-иодхон орон тоотой ганц газраа ч багтаж орж чадаагүй тийм алтнууд зөндөө байна. Түүнээс бидний хувьд дадал болчихсон, реалист аргаараа тоглоод сурчихсан, сэтгэлгээ нь тэгээд төлөвшчихсөн хүмүүс хэрэггүй.

-Найруулагчдын хувьд...?
-Нэг талаасаа театрт хамгийн гол зүйл нь зохиол. Ер нь бол бүх зүйл дутагдаж байна. Энэ чинь нөгөө л цөөхүүлээгийн зовлон. Нэг сая хүн дотор хаа очиж таван найруулагч байх юм бол гайхамшиг. Тийм учраас найруулагч тэр болгон олддоггүй. Зохиол байдаггүй. Бид драмын жүжиг гэдэг боловсролыг орой эзэмшсэн ард түмэн. 1960-аад оноос л эхэлж зохиолчид маань энэ чиглэл рүү орсон. Ороод явах гэтэл социалист реализм гэдэг рүү хүчээр оруулчихсан. Тэр хайрцган дотор л зохиол бичих ёстой. Илүү дутуу юм бичиж, найруулж болохгүй болчихсон. Ямар сайндаа л “Гамлет” жүжгийг уран сайхны зөвлөлөөр оруулаад яамны мэргэжилтнүүд нь үзэж байснаа “Манай социалист оронд сүнс байх ёсгүй. Сүнстэй хэсгийг нь хас” гээд Гамлетын аавын сүнс гарч ирдэг хэсгийг хасуулах гэж оролдох вэ дээ. Саяхны явдал шүү дээ. Суурь их  муутай ч онцгой авьяастай хүмүүс төрөх л байх.

-Black Box театр тэгэхээр орчуулгын уран бүтээл л хийгээд байх юм уу?
-Цаг үетэйгээ хамт явъя гэвэл тэгэхээс өөр аргагүй. Зохиолчдоо муу гэж байгаа юм биш. Аргагүй байгаа юм. Аргагүй.

-Яагаад аргагүй гэж. Бидний сэтгэлгээнээс тү­рүүл­­­чихсэн эсвэл монгол ахуйг сайхан бичдэг зо­хиолч олон байна шүү дээ...
-Манай театр ямар жүжиг тавихыг хүсч байгаа вэ гэхээр ядаж 1950-иад оны үеэр бодъё л доо. “Хирс” гэж абсурд жүжиг шиг юм л өгөөдөх гэж нэхэх гээд байгаа юм. Эсвэл бүр болиод Мушима гэж япон зохиолчийн жүжгүүд шиг л бүтээл өгөөдөх гэхэд л байхгүй. Английн Сара Кений бүтээл шиг юм өгөөдөхөөч, манай театр тоглоё гэж зохиолчдоос нэхэх гээд байгаа юм. Хэцүү даалгавар л даа. Нэгэнт л хүч хөдөлмөр гаргаж байгаагийнх үзэгчдэд маш ухаалгаар хэлэх гэснээ үзүүлэхгүй бол цаг, мөнгөө үрсэн ажил болно. Ямар бид тэр жүжгээс мөнгө олох гэсэн биш. Бид ашгийн төлөө ажилладаггүй.
Германд саяхан “Шиндлерийн бүртгэл” киног жүжгийн зохиол болгоод үйлдвэр дотор тоглосон байна. Оёдлын үйлдвэр дотор ижилхэн хувцастай хүүхнүүд ажлаа хийж байхад тэр дунд жүжигчид жүжгээ тогложээ. Ажлаа хийж байгаа хүмүүс бол тэрийг анзаарахгүй. Гэтэл жүжигчид нь “Энэ хүнийг явуулчихъя”, “Үгүй ээ үлдээе. Наадах чинь еврей. Сайн ажилладаг”, “За тэгвэл германчуудад 1000 марк төлчихье” гэх зэргээр жүжгээ тоглож байгаа юм. Одоо бол ийм л чөлөөтэй болчихсон байна. Бидний ойлгоод байдаг шиг өндөр баганатай, гоё хаалгатай, дотор нь орохоор хүрэн улаан хөшигтэй, алдартнуудын зурагтай, суусан чинь хүрэн улаан зөөлөн сандалтай. Тэгээд сууж байтал нөгөө гоё хүрэн улаан хөшиг нээгдээд, гурван удаа харанга дугарсан чинь үзвэр эхлээд гэдэг чинь.../шүгэлдэн, гараа зангав/Амьдралд дэндүү ойртчихсон байна. Үнэн, бодитой болчихсон. Шидэт реализмын үед бүр хүчтэй хөгжиж байна. Болж байгаа үйл явдал нь өнөөдөр мөртлөө ид шидтэй. Тухайлбал, Супермен байна. Бодит амьдрал дунд бий болж байгаа ид шид юм. Өнгөрсөн жил Оскар авсан “Шувуун хүн” гээд кино байна. Кино эхлэнгүүт л газраас хөндий завилаад суучихсан тэгснээ гараараа хөдөлгөөн хийнгүүт ширээн дээрх юмс нөгөө хананд цохигдоод хагарч унаад л энэ бол ид шид.Жанраа зөв тодорхойлох, өөрийгөө олох, ямар изм дунд байгаа юм гэдгээ эхлээд мэдэх шаардлагатай.

-Таны үеийнхэн гэдэг ч юм уу, дээр хэлсэн социалист реализм гэдэг зүйлээр дамжчихсан улс тэр хайрцагнаасаа гарч чадахаа больчихсон байдаг юм шиг ээ. Гэтэл та шинэлэг зүйлийг хараач, мэдээч гэж их ярилаа...
-Сургуульд сурчихсан боллоо гэдэг үе өнгөрч. Одоо бол яагаад ингэж болохгүй гэж бодохгүйгээр явах юм бол дуусчих гээд байдаг болж. Байнга л шинэчилж өөрчлөгдөж байх шаардлага гарах юм. Би өөрөө хүүхэлдэйн киноны хүн учраас, байнга хүүхэлдэйн кино үзэж байгаа юм чинь. Тэр хэрээрээ хийсвэр сэтгэлгээн дунд байдаг.

-Хүүхдэд зориулсан үндэсний баатар алга гэж их ярих юм. Тэгсэн мөртлөө гараа хөдөлгөж байгаа хүн байна уу?
-Шинжианд хийгдэж байсан нэг киног энд авчраад бид хийсэн болъё гэж тохирсон гэх мэдээлэл дуулдах л юм. Яахав дээ. Юм сураг. Дуу оруулаад, хөгжмийг нь зохионо гэдэг чинь чамлахаар ажил биш. Дараа нь биеэ даагаад юм хийхэд туршлагажчихна. Хүүхэлдэйн кино хийх хэцүү. Зах зээл дээрээс л ашгаа олохгүй бол уран бүтээлийн кино болчихож байгаа юм. Уран бүтээлийн киног сайн хийсэн хүүхдүүд байна. Хоёр, гурван минутын киног хөөрхөн хийдэг болчихсон байна. Хүүхэлдэйн кино бол өөрийгөө л илэрхийлэх арга. Заавал туулай зурснаа үнэгтэй уралдуулаад хүүхэлдэйн кино болдог юм биш. Анимейшн буюу амь оруулсан биет зүйлүүд юм даа. Зохиол, найруулга дутах юм. Ирэх жилээс ШУТИС-ийн компьютерийн ангийнхан болон “Хүрээ” дээд сургуулийн оюутнуудтай ажиллах санаатай байгаа. Хуучин хэцүү байсан хүүхэлдэйн киног хийхэд  захын хүүхэд гар утсаар зураад, хөдөлгөөд, сайн байна уу гэж хэлүүлж чадаж байна.

-Хүүхэлдэйн киноноос гараагаа эхэлсэн хүний хувьд хийнэ дээ гээд цааш нь тавьчихсан эсвэл тө­сөөллийнхөө өнцөгт хараад сууж байгаа зүйл юу вэ?
-Анх би хүүхэлдэйн киногоор эхэлж байлаа. Ганц хоёр бүтээл хийж байгаад реклам сурталчилгаа руу орсон. Тэгээд олон нийттэй харилцах буюу PR ажил хийсэн. 1990 оноос хойшх он жилүүдийг ингэж өнгөрүүлсэн дээ. Одоо надад нэг зорилго бий. Уран сайхны кино хийх. Мөн хүүхэлдэйн кино хийнэ. Саяхан БНХАУ-ын уран бүтээлчид болон ОХУ-ын Линфильмийнхэнтэй гэ­рээ хийлээ. Олон киног зэ­рэг хийхээр гэрээ хийсэн. Гурав­дахь киноны зохиол бичигдэж байгаа. Наймдугаар сараас бүтээлээ хийж эхлэх байх. За­рим зохиолыг оросууд бичиж бай­на. Зарим зохиолыг нь Аме­­ри­кийн уран бүтээлчид бичнэ.

“Гэсэр”-ээр хүүхэлдэйн кино хийхээр төслөө эхлүүлсэн. Бүрэн хэмжээний оддын дайн шиг тийм л юм хийх гээд байгаа хэрэг. Гэсэр нэрээрээ байхгүй ч байж магадгүй. Гэсэр чинь өөрөө “Ертөнцийн цаг самуун болж...” гээд эхэлдэг. Манай цаг самуун болоод дэлхий нар хуралдаад дунд хүүгээ явуулаад, дунд хүү ертөнцийг төвхнүүлдэг. Гурван зохиол бичигдсэн байна. Хүүхэлдэйн кино, уран сайхны кино, сериал маягаар. Дээр ярьсан шидэт реализмыг ашиглаж чадах юм бол бид Гэсэрийн туужаар гайхамшигтай уран сайхны кино хийж чадна.
Чиний асуусан дүрийн талаар гэвэл Монголд төдийгүй, Азид дүр алга.
Холливудад Азийн сэдвээр уран бүтээл хийгээд байна. Тухайлбал, Кунфу панда байна. Нэг, хоёр, гурав гээд явж өглөө. Мулан байна. Манай л сэдэв. Тэгвэл яагаад тэд Хятадын сэдвээр уран бүтээл хийгээд байгаа юм. Хятадууд олуулаа байхгүй юу. Тэндээс орлогоо олж болно. Мөнхийн урлаг, агуу бүтээл гэж байдаг л байх. Гэхдээ цаг хугацааны л юм байдаг. Үлэг гүрвэл амилдаг кино анх гарч байхад бидний хувьд гайхамшиг байсан. Гэтэл одоо эргээд хар л даа. Хөөрхий дөө л гэмээр. Тэгэхээр Азид брэнд болсон дүр хэрэгтэй байна. Ингэж харж чадсанаар УИХ-ын чуулганаар саяхан батлагдсан Киноны тухай хуулийг хэрэг­жүүлэх боломжтой болно. Мэргэжилтнүүд шаар­даг­­­­­да­­на. Тулаанд зөвхөн шон­хо­рууд л ниснэ гэдэг шиг киног зөвхөн мэргэжилтнүүд л хийнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан