Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ШУТИС, АШУҮИС, МИУС: Сургалтын төлбөрөө нэмэх бодолгүй байна

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцээд яригддаг нэг асуудал нь их, дээд сургуулиудын сургалтын төлбөр. Оюутнуудыг амарсан хойно нь тухайн сургуулийн Удирдах зөвлөлийнхөн нь хуралдаад төлбөрөө нэмчихдэг гажиг гэмээр тогтолцоо манайд олон жил ноёрхсон.Багш нарын цалин, халаалтын төлбөр нэмэгдсэн, улсаас өгдөг татаас нь урсгал зардалд зарцуулагдаад дуусдаг учир сургалтын орчин, анги танхимаа сайжруулахын тулд сургалтын төлбөрөө нэмэхээс өөр аргагүйд хүрдэг хэмээх тайлбарт нь ч эцэг, эхчүүд дөжирсөн гэхэд болно.

Тэгвэл өнгөрсөн намар Монголын оюутны холбооныхон сургалтын төлбөрийг намар биш хавар хичээл, сургууль амрахаас нь өмнө шийддэг байя гэсэн санаачилгыг гаргаж байсан. Мөн тухайн үед ард түмний амьдрал өдрөөс өдөрт доройтон, үнийн өсөлтөд нэрвэгдэж байна, Монголын нийт ард иргэдийн амьдралд санхүүгийн дарамт, өрийн зовлон нэмэх сургалтын болон дотуур байрны төлбөрийн нэмэгдлийг зогсоо хэмээх шаардлагаа холбогдох удирдлагуудад нь хүргүүлж байсан удаатай. Өнгөрсөн жилийн хувьд МУИС 2-4 дүгээр курст суралцах оюутнуудынхаа төлбөрийг инфляцтай уялдуулан 12 хувиар нэмсэн бол шинээр элсэгчдийнхээ сургалтын төлбөрийг 30-40 хувиар нэмэгдүүлсэн.

Харин МУБИС 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр курсийн оюутны сургалтын нэг кредитийн үнэлгээг 15 хувиар, 2-4 дүгээр курсийн оюутны сургалтын нэг кредитийн үнэлгээг 16,6 хувиарнэмсэн бол ШУТИС-ийнханнэгдүгээр курсийнхний сургалтын төлбөрийг 25 хувиар, хоёр, гурав, дөрөв, тавдугаар курсийнхнийг 10 гаруй хувиар нэмэгдүүлсэн. АШУҮИС-ийн хувьд сургалтын төлбөрөө 9-25 хувиар нэмэгдүүлсэн байдаг.Энэ жилийн хувьд Засгийн газрын хуралдаанаар “Сайн оюутан” сургалтын төлбөрийн зээлийн журмыг баталсан. Ингэхдээ оюутнуудын голч дүнг харгалзан урт, богино хугацаатай, дахин санхүүжилтийн гэсэн төрлөөр таван хувийн хүүтэй зээл олгохоор болсон.

Гэвч энэхүү зээлийг дагаад сургалтын төлбөр огцом нэмэгдэх юм биш биз гэсэн хардлага эцэг, эхчүүдийн дунд бий. Тиймээс энэ жил сургалтын төлбөр хэдэн хувиар нэмэгдэх талаар их сургуулиудын захирлуудаас тодруулахад дараахь тайлбар өглөө.

ШУТИС-ийн захирал Б.Очирбат:Нэмэхгүй байх боломжийг судална

-Манайх бол технологийн мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг Үндэсний томоохон их сургууль. Манай сургуулийн төгсөгчдийн хувьд харьцангуй ажил эрхлэлт өндөртэй байдаг. Гэхдээ би төгсчихлөө, тэр газар намайг ажилд авах болов уу гэж бусдыг царайчилж явах шаардлага манай төгсөгчдөд байдаггүй. Инженерийн боловсрол эзэмшсэн тухайн төгсөгчдөд өөрөө өөртөө ажлын байр бий болгож, үйлдвэрлэл эрхэлж, компани байгуулаад явах бүрэн боломжийг нь бид оюутнууддаа бүрдүүлж өгөх чиглэлд олон өөрчлөлт хийж буй. Үр өгөөжөө өгөх байх гэж бодож байна.

Энэ хичээлийн жилд манайхыг бакалаврын зэрэгтэйгээр 2500 гаруй, магистрын зэрэгтэйгээр 400 гаруй залуус төгсч гарахаар дипломын ажлаа бичиж, хамгаалж байна. Харин төлбөрийн асуудлыг бид хараахан ярьж эхлээгүй байна. Ямар ч гэсэн тооцоо хийж үзэж байна. Аль болох нэмэгдүүлэхгүй байх боломжийг судална.

АШУҮИС-ийн захирал Г.Батбаатар /академич, Анагаах ухааны доктор, профессор/ НЭМЭХГҮЙ БАЙХ БОДЛОГО БАРИНА

-Манай сургууль анагаахын болон эрүүл мэндийн салбарт ажилладаг 23 мэргэжлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Ер нь, сургуулиа ижил төрлийн мэргэжилтэн бэлтгэдэгхувийн сургуулиудтай нөхцөл, багш нарын чадамж гээд бусад бүх зүйлээ харьцуулашгүй л дээ. Бид хөгжчихсөн олон улсын сургуулиудыг л хардаг. Зөвхөн Монголдоо бие биенийгээ хараад хоорондоо өрсөлдөөд байвал хөгжихгүй. Тийм учраас хөгжчихсөн улс орны сургуулиуд ямар байна, тэр шалгуурыг нь хэрхэн биелүүлэх вэ гэдэг дээр л сургуулийнхаа эрхэм зорилгыг тодорхойлж хичээн ажиллаж байна.

Манай сургуулийн эрхэм зорилго бол Ази, номхон далайн баруун бүсийн шилдэг 100 сургуулийн нэг болох. Ямар ч гэсэн 2024 онд гэхэд бид зорилгодоо хүрчих болов уу гэж найдаж байна. БСШУЯ-наас ЭЕШ-даа 400-гаас дээш оноо авсан хүүхдүүд их, дээд сургуульд орох боломжтой гэж эрхийг нь нээж өгсөн. Харин манай сургуульд хамгийн бага нь 620 оноотой хүүхэд ордог. Тэгэхээр шалгалтдаа 400 оноо авсан хүүхэд манай сургуульд орохгүй гэсэн үг.

Энэ жилийн инфляцын төвшинг хоёр орчим хувьтай гээд байгаа. Саяхан бид Удирдах зөвлөлийнхөнтэйгөө сургалтын төлбөрөө нэмэхгүй байвал яасан юм бэ гэж ярьсан. Энэ асуудлынхаа дагуу судалгаа хийж байна. Одоогоор дүн нь гараагүй байна. Улс орон санхүү, эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ цаг үед бид боломжийнхоо хэрээр төлбөрөө нэмэхгүй байх бодлого барьж байна.

МУИС-ийн захирал, доктор Р.Бат-Эрдэнэ:ТӨЛБӨРТ ӨӨРЧЛӨЛТ ОРОХГҮЙ

-Мэргэжлийн төвшинд албан ёсоор хүлээн зөвшөөрч албажуулж байгаа процессыг магадлан итгэмжлэл гэж үздэг. Харин хөтөлбөр нь олон улсын хэмжээнд магадлан итгэмжлүүлсэн бол олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгддөг. Энэ утгаараа тухайн хөтөлбөрийн нэр хүнд, сурч байгаа хүмүүс, төгсөн гарсан оюутнуудын эзэмшсэн боловсрол, авсан дипломынх нь үнэ цэнэ хэмжигддэг. Тэгэхээр манай сургуулийг төгссөн залуус тэр хэмжээгээрээ үнэлэгддэг.

Гэхдээ манай Хуулийн сургуулийг төгссөн оюутан шууд хуульчаар ажиллахгүй. Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагдаж байж хуульчийн эрхзүйн байдлын хуулийн дагуу ажил эрхлэх зөвшөөрлөө авдаг. Ямар ч гэсэн энэ жилийн хувьд манай сургуулийн сургалтын төлбөрт өөрчлөлт орохгүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан