Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн оролцоо 51 хувь, 1072 ширхэг хувьцааг амилуулахыг “зөвлөлөө”

Л.НОМИН

Засгийн газраас 2015 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордыг хөгжүүлэхэд авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнээс хоёр сарын дараа буюу зургадугаар сарын 25-ны өдөр Засгийн газар уг төслөө татаж авч буйгаа мэдэгдсэн билээ. Харин гэрээний төсөл холбогдох хуульд нийцэхгүй байгааг УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд буюу хаврын чуулганы нээлтийн үеэр хэлсэн. Ингээд УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулан гэрээний төслийг нягтлан үзэхээр болж, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын гишүүд ажиллаад нэлээд шүүмжлэлтэй дүгнэлт гаргаж байв. Тэгвэл УИХ Засгийн газрын хооронд жил гаруйн хугацаанд тодорхойгүй байдалтай эргэлдсэн Тавантолгойн гэрээний төсөл удахгүй амь орох нь.

Учир нь Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүллээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 40 гишүүн санаачлан боловсруулсан төсөлд үндсэндээ Засгийн газрыг хуулийн дагуу гэрээгээ боловсруулахыг чиглэлээ болгожээ.
Өнгөрсөн жилийн хаврын чуулганы нээлтийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын эрх ашигт нийцэхгүй гэрээний төслийг шууд баталгажуулж гарын үсэг зурвал холбогдох сайд нарыг огцруулна, УИХ-аар заавал хэлэлцүүлэх ёстой хэмээн хатуухан мэдэгдэл хийсэн нь анхнаасаа л парламент дээр бүдрэх дохио байв. Гэрээний төсөл хэмээн 4-5 хувилбараар боловсруулаад байсан төдийгүй хэд хэдэн ноцтой заалт оруулсныг тухай бүрт мэдээлж, залруулахыг шаардаж, төслийг хариуцсан Монгол Улсын сайд М.Энхсайхан болон УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын зарим гишүүдийн хооронд багагүй маргаан өрнөсөн.

Тухайн үед нийтэд ил болсон Тавантолгойн ордыг ашиглах гэрээний төсөлд гадаадын болон дотоодын хөрөнгө оруулагч нь консорциумыг төлөөлөх, төслийг хэрэгжүүлэх компани болох “Энержи Ресурс” өмчлөхөөр тусгасан юм. Гэтэл энэ оны гуравдугаар сарын сүүлчээр “Mongolian Mining Corporation” Хятадын банкнаас авсан 600 сая ам.долларын зээлийг төлж чадахгүйгээ мэдэгдэж, дампуурлаа зарласан. Тус “Mongolian Mining Corporation”-ы охин компани “Энержи Ресурс” ХХК нь Тавантолгойн төсөлд дотоодын хөрөнгө оруулагчаар сонгогдоод буй. Хэрэв гэрээг УИХ-аар хэлэлцэлгүй, тухайн үед зогсоолгүй, баталгаажуулж гарын үсэг зурсан бол Тавантолгойн ордын нэг хэсэг өрийн төлбөр болж Хятадын талд очих байж.  Үүнийг УИХ-ын гишүүд, эрдэмтэн судлаачид, хуульчид, мэргэжлийнхэн удаа дараа сануулж ярьж байсан удаатай. Энэ мэтчлэн олон хуудас бүхий ойлгомжгүй заалттай гэрээгээр Тавантолгойн ордыг ашиглах төслийг залруулах үүднээс УИХ-аас хэд хэдэн зүйлийг тодорхой зааж өгөх “зөвлөгөө” өгчээ. 

УИХ-аас Тавантолгойн ордын талаар удаа дараа байр сууриа илэрхийлж, стратегийн орд учир УИХ-аар хэлэлцэж шийдвэрлэх ёстой хэмээн тогтоолууд баталж байжээ. Иймээс эдгээр тогтоолуудыг багцлан тусгаж, хэрэгжүүлэхийг үүрэг болгож төсөлдөө оруулсан байна. Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахаар ажлын хэсэг жил гаруйн турш ажилласан. Ингээд сайтар нягталсны үндсэн дээр боловсруулахыг цөөнгүй гишүүн илэрхийлж байв. Тиймдээ ч УИХ-ын 40 гишүүн тогтоолын төсөл санаачилжээ. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах асуудлаар хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах М.Энхсайхан сайдын ахалсан Засгийн газрын ажлын хэсэг анхнаасаа Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомж, УИХ-ын тогтоол, Үндэсний Аюулгүй байдлын үзэл баримтлалын холбогдох заалт, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмж, Засгийн газрын шийдвэрийг зөрчин Хөрөнгө оруулагч нартай хэлэлцээр хийж, Монгол Улсад ашиггүй нөхцөл бүхий гэрээний төслийг бэлтгэсэн” гэж тодотгосон.  Энэ хаврын чуулганаар амжиж хэлэлцэх эсэхийг нь УИХ-ын дарга мэднэ гэж тэрээр хариулсан юм. Магадгүй чуулганы завсарлахаас өмнө тогтоолын төслийг яаралтай горимоор хэлэлцэхийг ч үгүйсгэхгүй.

Энэхүү Тавантолгойн ордыг ашиглах тухай УИХ-ын тогтоолын төслийг зургаан заалт, нэг хавсралттайгаар боловсруулжээ. Үүнд:

1.    Тавантолгойн нүүрс­­ний ордыг ашиглах зорилгоор гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтран байгуулах компанийг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК хамтран байгуулах зарчмийг тогтоож, хамтарсан компанид эзэмших хувийг 51-ээс доошгүй байна. УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтад “Тавантолгойн ордыг түшиглэн байгуулагдах хувьцаат компанийн Монголын талын оролцоог 51 хувиас доошгүй байх хувилбар”-ыг тусгажээ.

2.    Монгол Улсад шинээр баригдах төмөр замын суурь бүтцийг барих-ашиглах-өмчлөх-шилжүүлэх нөхцөлөөр концесс эзэмших компанийн 51-ээс доошгүй хувийг төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК эзэмших нь зүйтэй гэж үзсэн.

3.    Засгийн газрын 2012 оны тавдугаар сарын 30-ны өдрийн 181 дүгээр тогтоол болон 2014 оны наймдугаар сарын 20-ны өдрийн 268 дугаар тогтоолыг хүчингүй болгож байгаа. 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд болон үндэсний аж ахуйн нэгжүүдийн хувьцааг саналын эрхгүй байхаар шийдвэрлэсэн. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална” мөн зүйлийн 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэснийг зөрчиж байгаа аж. Харин гишүүдийн өргөн мэдүүлсэн тогтоолын төсөлд Засгийн газрын 181 дүгээр тогтоолын 3 дахь заалтын “…хувьцааг саналын эрхгүй” гэснийг хүчингүй болгох нь зүйтэй гэжээ. Тэгвэл 268 дугаар тогтоол өмнө гарсан УИХ-ын тогтоол, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон Засгийн газрын тогтоолтой тус тус зөрчилдөж буй учир Үндсэн хуулийн 45 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн хүчингүй болгож байгаа.

4.    Засгийн газарт “Эрдэ­нэс Тавантолгой” ХК-д 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа Монгол Улсын иргэдийн болон аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг хамгаалж, тэдний эзэмшиж байгаа хувьцаа эдийн засгийн үр өгөөжтэй байх зохицуулалтыг гэрээнд тусгахыг үүрэг болгожээ. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны мэдээгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нийт хувьцааны 82.89 хувь буюу 12, 433, 326, 819 ширхэг хувьцаа төрийн мэдэлд буй. 17.05 хувь буюу 2,558,175,510 ширхэг хувьцаа Монгол Улсын 2,475,201 иргэний нэр дээр бий. Тэгвэл 0,06 хувь буюу 8,497,671 ширхэг хувьцаа Монгол Улсын 553 аж ахуйн нэгжийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм.

5.    Үндэсний аюулгүй байдал, нийт ашиг сонирхол, хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг уялдуулж алдаагүй, зөв шийдвэрлэхийг УИХ-аас онцгойлон анхаарч, хөрөнгө оруулагчтай хэлэлцээр хийхдээ баримтлах үндсэн зарчим, удирдамжийг батлах зайлшгүй шаардлагатай гэж үзжээ. Ингээд хавсралтаар Засгийн газарт чиглэл өгч буй. Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад баримтлах чиглэл, удирдамжийг батлах, гэрээний төслийг холбогдол хууль тогтоомж, эрх бүхий байгууллагуудаас гаргасан тогтоол шийдвэрт нийцүүлэх, удир­дамж, чиглэлийг барим­талж гэрээний нөхцө­лийг тохиролцох ёстой гэсэн байна.

6.    УИХ-ын 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 40 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар Таван­толгойн нүүрсний ордыг хамтран ашиглах хөрөнгө оруулагч­тай хийх хэлэлцээрт баримтлах зарчим, удирдам­жийг баталсан. Энэ зарчим, удирдамжийг одоогийн нөх­цөлд нийцүүлэн нэмэлт, өөрч­­лөлт оруулан шинээр баталс­наар Засгийн газар Хөрөнгө оруулагч нартай маш тодорхой удирдамжтай хэлэлцээр хийж, төрийн эрх ашгийг хамгаалах боломжтой болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан