Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ИЗНН, МСДН, бие даагчид, эвслүүд НИТХ-ын сонгуулиас хасагдлаа


Б.ШИРНЭН


Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан талаар мэдээллээ. Тус газарт 11 нам, хоёр эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигч сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, материалаа өгсөн байна. Тэний баримт, бичгийн бүрдлийг шалгаад, есөн намын 238 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэжээ.

1.ИЗНН

ИЗНН УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсон бол энэ удаад НИТХ-ын сонгуульд оролцох эрхгүй боллоо. Тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Оюун болоод Д.Дэмбэрэл нар УИХ-ын сонгуульд АН-ыг дэмжиж оролцохоо мэдэгдсэн. Эл шалтгаанаар Д.Дэмбэрэл АН-аас нэр дэвшихээр намын даргаасаа больж, АН-д элсээд байгаа юм.
Харин намын гурав дахь дарга болох Ц.Ганхуяг УИХ-ын согуульд ИЗНН дангаар орох ёстой гэж үзэн, Сонгуулийн Ерөнхий хорооны түдгэлзүүлсэн заалтыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны журмаар гомдол гаргаад байгаа юм. Хэдийгээр ИЗНН-ын гурван дарга УИХ-ын сонгуульд оролцох асуудлаар өнөөдрийг хүртэл санал нэгдээгүй ч НИТХ-ын сонгуульд дангаараа оролцоно гэдэгт санал нэг байв.
Харамсалтай нь, энэ удаад тус намыг Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан “Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ” гэсэн заалтыг хангаагүй гэж үзлээ. Ингээд, Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан учир Нийслэлийн Сонгуулийн хорооны хуралдаанаас санал нэгтэй  нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалжээ.

2.БИЕ ДААГЧИД

НИТХ-ын сонгуульд нэг ч бие даагч бүртгүүлж чадсангүй. Уг нь, бие даан нэрээ дэвшүүлсэн 19 хүн байжээ. Тэд Сонгуулийн хуульд заасны дагуу Нийслэлд бие даан нэр дэвшиж байгаа тул 501-ээс доошгүй хүн өөрийг нь дэмжиж байгаа гэх маягтыг бөглүүлж, гарын үсэг зуруулах ёстой байдаг юм.
Харин Нийслэлийн Сонгуулийн хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уул ажлыг санал авах байраар гүйцэтгүүлж болно” гэх заалтын дагуу бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан маягтын 10-аас доошгүй хувийг няталж үзсэн байна.
Харамсалтай нь, Сонгуулийн хуулийн 158 дугаар зүйлд заасан буюу гарын үсэг хуурамч, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, баримт бичиг дутуу, эсвэл хуурамч байсан зэрэг зөрчил илэрчээ. Тиймээс бие даан нэрээ дэвшүүлсэн 19 хүнийг НИТХ-ын сонгуульд оролцох эрхгүй гэж үзсэн байна.

3.ЭВСЭЛ

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд гурван эвсэл оролцох гэж байгаа бол НИТХ-ын сонгуульд хоёр эвсэл нь оролцох хүсэлтээ хүргүүлжээ. Эдгээр нь, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс 32 нэр дэвшигч, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намуудын “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ээс таван хүн нэр дэвшсэн байна.
Гэхдээ, Сонгуулийн тухай хуулиар намууд нь эвсэл байгуулж, УИХ-д болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болохоор хуульчилсан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч, эвсч оролцох эрхийг нь зааж өгчээ.
Харин энэ хуулийн 14.1-т орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байна. Тиймээс эвслүүдээс нэр дэвшиж байгаа иргэдийн баримт материалыг шалгах, оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэх эрх зүйн боломжгүй болсон байна. Ингээд эвслээс нэр дэвшсэн нийт 37 хүнийг хасчээ.

4.МСДН  

УИХ-ын сонгуульд оролцох эрхээ авсан ч НИТХ-ын сонгуульд Монголын социал демократ намыг оролцуулахгүй гэсэн шийдвэр гаргалаа. Үндэслэл нь, НИТХ-ын сонгуульд зөвхөн нийслэлд салбартай нам нэр дэвшүүлэх эрхтэй гэж заасан байдаг юм байна. Харин тус нам нийслэлд салбаргүй тул сонгуульд нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй болсон байна.

5.БУСАД

Харин нэр дэвших эрхээ авсан ч зарим намын нэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан юм. Тухайлбал, Хөгжлийн хөтөлбөр намын нэг, Иргэний хөдөлгөөний намын хоёр нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй байжээ. Мөн Монголын консерватив намын нэг нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй, Хөдөлмөрийн үндэсний намын гурван нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр өөрсдөө НИТХ-ын сонгуульд нэр дэвшихээс татгалзсан байна. Энэ мэт шалтгаанаар НИТХ-д нэр дэвшиж байгаа намуудаас 10 хүн баримт, бичгийн шаардлага хангаагүй тул хасагдлаа.

6.Үр дүнд нь

Ингээд нийт 11 нам, хоёр эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчээс есөн намын 238 нэр дэвшигчийг НИТХ-ын сонгуульд бүртгэлээ. 2012 оны Нийслэлийн сонгуулийн үр дүнд олонхи болсон АН 45 тойрогт 45 хүн, МАН мөн 45, МАХН 45 хүнээ тус тус нэр дэвшүүллээ.
Харин Монголын консерватив нам найм, Иргэний хөдөлгөөний нам 41, Монголын уламжлалын нэгдсэн нам гурав, Бүгд найрамдах нам 21, Хөдөлмөрийн үндэсний нам 25, Хөгжлийн хөтөлбөр нам таван хүн тус, тус нэр дэвшүүлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан