Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боломж олгох гурав хоногт

-ОЙЛГОЛЦОЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЖАГСАНА-


Б.ШИРНЭН

Нийслэлийн Сонгуулийн хороо Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэж дууссан талаар уржигдар мэдээллэв. Тэгтэл 333 нэр дэвшигч сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлснээс 238-ыг нь бүртгэж. Үлдэж, хоцорсон 100 орчим нэр дэвшигч нь Сонгуулийн тухай хуулийн ямар нэг зүйл, заалтад нийцээгүй гэж байгаа юм. Тэдний 19 нь бие даагч, үлдсэн нь хоёр эвсэл, хоёр намын гишүүд байв. Нэгэнт сонгуульд оролцоно гээд сэтгэлдээ бараг л ялалт байгуулчихаад байхад нэр дэвших боломжгүй гэвэл хэн ч гонсойно. Тиймээс хаа, хаанаа гомдлын мөр тээсэн нэр дэвшигчид өчигдрөөс эвлэлдэн нэгдээд эхэлжээ. Энэ бүрэлдэхүүнд нь, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, ХАМУГ Монголын Хөдөлмөрийн намуудын “Эх орончдын нэгдсэн эвсэл” болон бие даагч гишүүдийн төлөөлөл багтсан байна. Тэд уржигдар Нийслэлийн сонгуулийн хороонд хандсан бөгөөд өргөдөл, гомдлоо гаргаад өгвөл асуудлыг гурав хоногт багтаагаад шийдээд өгнө гэсэн хариуг Нийслэлийн Сонгуулийн хорооноос авчээ.

Хэдийгээр Нийслэлийн Сонгуулийн хорооноос тодорхой хуулийн заалт барьж, нэр дэвших боломжгүй гэсэн ч ямар нэг үндэслэл байвал хасагдсан нэр дэвшигчийн асуудал нааштайгаар эргэх боломжтой бололтой. Харин тэднийг сонгуульд оролцуулах боломжгүй гэвэл эвсэл, бие даагч, зарим намын төлөөлөл жагсаал, цуглаан хийж эсэргүүцлээ илэрхийлнэ гэсэн юм. Ямартай ч, нэр дэвшигчид дараах үндэслэл, тайлбарыг хийж байна.   
   
1.ЭВСЭЛ ИТХ-ЫН СОНГУУЛЬД ОРОЛЦОЖ БОЛОХГҮЙ ГЭХ ҮНДЭСЛЭЛИЙН ТАЛААР

Нийслэлийн Сонгуулийн Ерөнхий хороо: Сонгуулийн тухай хуулиар намууд нь эвсэл байгуулж, УИХ-д болон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж болохоор хуульчилсан байдаг юм байна. Өөрөөр хэлбэл, УИХ болоод Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч, эвсэж оролцох эрхийг нь зааж өгчээ. Харин энэ хуулийн 14.1-т орон нутгийн сонгуульд тухайн орон нутагт салбартай нам зөвхөн оролцоно гэж тодорхой зохицуулсан байна. Тиймээс эвслүүдээс нэр дэвшиж байгаа иргэдийн баримт материалыг шалгах, оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэх эрх зүйн боломжгүй болж, эвслээс нэр дэвшсэн нийт 37 хүнийг хассан.

ЭВСЛҮҮД: Сонгуулийн тухай хуулийн 14.1-т  “Тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэгт өөрийн салбартай, санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам тухайн аймаг, нийслэл, сум, дүүргийн хурлын сонгуульд оролцож, энэ хуульд заасан шаардлага хангасан иргэнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж заасан байдаг. Тэгвэл, сонгуульд нэр дэвшүүлдэг гурван субъект байдаг нь эвсэл, нам, бие даагч гурав юм. Гэтэл дээрх хуулийн заалт дээр зөвхөн “нам”-ыг дурдсан байгаа юм. Тэгвэл бие даагчид бас дэвших эрхгүй байна гэсэн үг. Тэгсэн мөртлөө бие даагчдыг дэвшүүлж, баримт материалыг нь шалгасан байгаа. Тэгэхээр эвслийг ялгаж үзэх боломжгүй. Дээрээс нь Сонгуулийн тухай хуульд “Эвслийг ИТХ-ын сонгуульд оролцуулж болохгүй” гэсэн заалт байхгүй. Хэрвээ, эвслийг хорьж байсан бол ямар нэг байдлаар “Эвсэл ИТХ-ын сонгуульд орж болохгүй” гээд тодорхой заах ёстой. Дээрээс нь Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө өгөхдөө “эвсэл” гэдгээрээ өгсөн. Тус газар шалгаж үзээд хуульд нийцэж байна гэсэн байгаа. Мөн сонгуулийн хороон дээр очихдоо Монголын ногоон нам, Тусгаар тогтнол эв нэгдлийн нам тусдаа, эвсэл гэж гурван янзын хувилбартай очсон. Тэгэхэд “битгий толгой эргүүлээд бай” гэж хэлээд эвслийнхээ материалыг өг гээд авсан. Гэтэл хуулийн хугацаа тулчихсан байхад “эвсэл” гэсэн заалт байхгүй байна гээд хуулийн заалт барьчихаж байгаа юм.  Мөн хуулиар хориглосноос бусад тохиолдлыг зөвшөөрнө гэж үздэг. Тиймээс эвслүүд хууль зөрчөөгүй.

2.БИЕ ДААГЧИД ТЭНЦЭЭГҮЙ ШАЛТГААНЫ ТАЛААР

Нийслэлийн Сонгуулийн Ерөнхий хороо: НИТХ-ын сонгуульд нэг ч бие даагч бүртгүүлж чадаагүй. Уг нь, бие даан нэрээ дэвшүүлсэн 19 хүн байсан. Тэд Сонгуулийн хуульд заасны дагуу Нийслэлд бие даан нэр дэвшиж байгаа тул 501-ээс доошгүй хүн өөрийг нь дэмжиж байгаа гэх маягтыг бөглүүлж, гарын үсэг зуруулах ёстой байдаг юм. Гэвч, Нийслэлийн Сонгуулийн Ерөнхий хороо “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо бие даан нэрээ дэвшүүлэгчийн цуглуулсан сонгогчдын гарын үсэг үнэн зөв эсэхийг түүвэрлэн тулгах, тухайн иргэнтэй уулзаж нягтлан шалгаж болох бөгөөд шаардлагатай гэж үзвэл уул ажлыг санал авах байраар гүйцэтгүүлж болно” гэх заалтын дагуу бие даан нэр дэвшигчдийн цуглуулсан маягтын 10-аас доошгүй хувийг няталж үзсэн байна. Харамсалтай нь, Сонгуулийн хуулийн 158-р зүйлд заасан буюу гарын үсэг хуурамч, сонгуулийн эрхгүй этгээдээр гарын үсэг зуруулах, баримт бичиг дутуу, эсвэл хуурамч зэрэг зөрчлүүд илэрчээ. Тиймээс бие даан нэрээ дэвшүүлсэн 19 хүнийг НИТХ-ын сонгуульд оролцох эрхгүй гэж үзсэн.

БИЕ ДААГЧДЫН ТӨЛӨӨЛӨЛ: Батбаатар 13-р тойрогт нэр дэвшигч. Нийслэлийн 45 тойрогт 19 бие даагч өрсөлдөхөөр баримт, бичгээ өгсөн. Зөвхөн гарын үсэгтэй холбоотой асуудлаар хориг тавьсан байна. Би 501 хүний гарын үсэг цуглуулах ёстойгоос 536 хүний гарын үсэг цуглуулаад байсан. Гэтэл 483 хүн зөрчилтэй гэж Баянзүрх дүүргийн Сонгуулийн штабын дарга хэлсэн. Энэ зөрчил нь нийт бие даагчдын хамгийн өндөр нь байгаа юм. Залуу хүний хувьд гомдолтой байгаа. Би 501 хүний гарын үсэгтэй холбоотой асуудлаа өөрөө хариуцаж байсан. Гэтэл 10 жилийн хүүхэд гарын үсэг зурсан байна, гээд хавсаргасан бичиг надад өгсөн. Би үнэхээр их гомдолтой байна. 483 бол үндэслэлгүй тоо. Надад дэмжигч байхгүй байсан бол би эхнээсээ нэр дэвшихгүй шүү дээ. Харин бусад бие даан нэр дэвшигчид Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунтай уулзахад “ядаж гурван бие даагч оруулахгүй бол эд нар чинь жагслаа шүү” гэж хэлсэн байна. Өөрсдийнхөө гаргасан тогтоолыг цуцалж, өөрчилж болдог юм байна. Ийм газартай байж яах юм бэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан