Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Оффшорт бүртгэлтэй бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй”

Эрүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас оффшор данстай улстөрчдийг шалгах тухай зарим мэдээллийн хэрэгслээр гарсан. Үүнд, Цагдаагийн байгууллагаас шалгах хууль, эрх зүйн үндэслэл байхгүй гэдэг хариулт өгсөн. Гэхдээ энэ долоо хоногт холбогдох хуульд оффшор бүсийг хэрхэн зохицуулах, хариуцлага нь юу байх талаар өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж эхлэхээр болжээ.

Хуулийн өөрчлөлт хүлээлгүйгээр намууд оффшор данстай бол сонгуульд нэр дэвшүүлэхгүй, татгалзах санаачилга гаргаж эхлээд байна. УИХ-ын дарга, Ардчилсан намын дарга З.Энхболд “Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж эхэлнэ. Оффшор бүсэд данстай хүнийг Ардчилсан нам нэр дэвшүүлэхгүй. Бусад намуудыг уриалж байна” гэж твиттер хуудастаа бичсэн. Түүний хэлснээс үзвэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэсэн үг. Оффшор данстай гэж Д.Батбаяр /Кёкүюшүзан/ -ыг ярьж, бичиж байсан учир түүнийг бас хэлсэн болов уу. Гэхдээ ямар нэг данс оффшор бүсэд байхгүй гэж үзэж, АТГ-т шалгуулна, нягтлуулна гэдгээ Д.Батбаяр хэлж байсан болохоор түүний хувьд хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй байгаа юм. Хүү нь оффшор бүсэд данстай нь ил болсон хотын мэр Э.Бат-Үүлийг ч мөн адил хэрхэх нь тодорхой бус. Ямар ч байсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшихгүй аж. Нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн гэж байсан Д.Батбаяр боломжгүй хүмүүсийн тоонд оров бололтой. Энэ долоо хоногт намууд нэр дэвшүүлж дуусаад Сонгуулийн ерөнхий хороонд хүсэлтээ илэрхийлнэ. Түр завсарласан Үндэсний зөв­лөлдөх хорооны ээлжит хурал­даан 27-ны баасан гарагт ху­ралдаж, нэр дэвшүүлэх хүмүүсээ батламжилна. Урьд­чил­сан байдлаар таамаглалд багтсан хэд хэдэн хүний нэр өөрчлөгдөх нь ийнхүү то­дорхой боллоо. Тэгэхээр АН-д албан ёсоор нэр зарлах дө­рөв хоногийн хугацаанд ямар шийдвэр гарч, хэрхэн өөрч­лөг­дөн тойргийн таавар ч зөрөхийг таах аргагүй болж байгаа юм.  

Харин Монгол ардын намын хувьд оффшор дансаа хаасан гэж мэдэгдсэн УИХ-ын гишүүн Сү.Батболд, Барилга хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар нараас өөр тайлбар хэлсэн нь үгүй. Намын удирдлагуудаас нь ч ямар нэг байдлаар байр сууриа илэрхийлээгүй. Түүгээр ч барахгүй МАН-ын сонгуулийн төв штабыг С.Баяр удирдах гэж буй. Гэтэл түүний охидын нэр дээр хэд хэдэн оффшор данс байгааг олон нийтэд зарласан. Дээр дурдсан хоёр хүнээс гадна оффшор бүсийн жагсаалтад орсон Бага хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан болон дүүгээрээ дамжин мөн л холбогдоод буй нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй нар сонгуульд нэр дэвшинэ гэсэн. Хэрэв МАН-ын дарга М.Энхболд АН-ын дарга З.Энхболдын уриалгыг хүлээж авах юм бол тэдэнд энэ удаагийн сонгуулийн хаалга хаалттай. Гэхдээ шийдвэрийг тийм ч амар гаргахгүй нь мэдээж. УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ 27-ны баасан гарагт тодорхой болгох Бага хурал нь хуралдана. Эндээс хэнийг аль тойрогт нэр дэвшүүлж, сонгуулийн төв штабын даргаар С.Баярыг ажиллуулах уу, үгүй юу гэдэг эцсийн шийдвэр гарах юм.  

Төгсгөлд нь, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг сануулъя. Тэрээр Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзахдаа “Хамгийн эхлээд төрийн албан хаагчид эргийн гадна /оффшор/ үйлчилгээ авахыг хуулиар хориглох, шийтгэдэг болох ёстойд санал нэг байгаа. С.Баярцогтод сон­гуульд нэр дэвшихээ болих ёстой, хариуцлага хүлээх ёстой гэж хэлсэн. УИХ-ын ги­шүүн, сайд хийгээд явж байгаа нь Монголын төрийг муу­хай харагдуулаад байна гэсэн” хэмээсэн. С.Баярцогт өөрөө албан ёсоор зарлаагүй ч нэр дэвшихгүй гэсэн мэдээ­­лэл гараад байна. “Оффшорт бүртгэлтэй бол нэр дэв­шүүлэхгүй” уриалгыг ямар нам, хэн дэмжихийг хүлээх л үлдлээ.

0 Сэтгэгдэл
ТӨСВИЙН иӨНГИЙГ л ГУЛЗУУЛСАН ГЭСЭН үг
Хамгийн их уншсан