Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Шинэ төмөр зам” төслийн эргэн тойронд

УИХ-ын гишүүн Х.Баттулга “Ийгл ньюс” телевизийн “Бүрэн зураглал” хөтөлбөрийн тавдугаар сарын 22-ны ням гарагийн зочин хөтлөгч, редактораар ажиллаж хэд хэдэн сэдвийг хөндөж, ярилцлага өрнүүлэн, мэдээлэл хүргэсэн. Олны анхаарлыг татаж, түүнээс хариулт авахыг хүсч буй сэдэв бол “Шинэ төмөр зам” төслийн бодит үнэн. Өдгөө янз бүрийн үнийн дүнгээр яригдаж, бичигдэж, худал үнэн нь тогтоогдохгүй байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлын явцын талаар шаардлагатай мэдээллийг өгсөн. Мөн “Шинэ төмөр зам” төслийн нарийн ширийн бүхнийг энэ үеэр ярьсан гэхэд болно.

Гэхдээ энэ сэдвийн бодит үнэнийг олон нийтэд хүргэхийн тулд нэлээд олон тоо баримт дурдаж, хэдэн жилийн өмнөх үйл явдлыг эргэн дурдах шаардлага гарна. Тодруулбал, 2008 онд Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам байгуулаад чиглэл тус бүрээр нь бодлого боловсруулжээ. Үүний нэг нь Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын баримт бичгийг УИХ-аар 2010 онд батлуулсан. 2010 он хүртэл Монгол Улс төмөр замын бодлогогүй явж ирсэн. Үндсэндээ 90 жил монголчуудын гараар төмөр зам тавиагүй. Харин бодлоготой болсноор томоохон бүтээн байгуулалтыг эхлүүлэх, монголчууд чаддаг гэдгээ харуулах, батлах гэсэн хүсэл эрмэлзлэлийн нэг илэрэл байв.  “Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Таван толгойн нүүрсний ордоос өмнөд болон зүүн чиглэлд 1800 км урттай төмөр замын сүлжээ барихаар төлөвлөсөн. Тавантолгой-Сайншанд чиглэлд 468 км, Сайншанд-Хөөт чиглэлд 450 км, Хөөт-Чойбалсан чиглэлд 155 км, Хөөт-Нөмрөгийн чиглэлд 380 км, Таван толгой-Гашуун сухайт чиглэлд 267 км, Чойбалсан-Эрээн чиглэлд 210 км зам барихаар төлөвлөсөн билээ. Ажил нь эхэлсэн ганц чиглэл болох Таван толгой-Гашуунсухайт чиглэлийг л тойрсон элдэв мэдээлэл хөвөрдөг. Уг нь Таван толгойн Ухаахудагаас Хятадын хил хүрсэн Гашуунсухайтын боомт хүртэлх чиглэлийн төмөр замын ажил эхний ээлжийн бүтээн байгуулалт биш байсан юм. Гэвч тухайн үед батлан гаргаад удаагүй байсан төрийн бодлогоос зөрж, хувийн компани төмөр зам тавих ажил эхлүүлсэн. Үүнийг төрд шилжүүлэн авч эрчимжүүлсэн нь ийнхүү маргаан, худал үнэн мэдээллийн бай болгосон гэхээр буруудахгүй.

2008 онд банкнаас таван сая ам.доллар зээлэхийг хэн зөвшөөрсөн бэ

Засгийн газар 2011 онд тогтоол гаргаж, төмөр замын бүтээн байгуулалтын эхний ээлжийн санхүүжилтэд 55 сая ам.долларыг Хөгжлийн банкнаас олгохоор шийдвэрлэж. Төрийн өмчийн “Монголын төмөр зам” компани ажлаа эхлүүлэхийн тулд өөрийн мэдлийн зүтгүүрүүдийг барьцаалж, ХААН банкнаас 5 сая ам.доллар зээлжээ. Энэ 5 сая ам.долларыг төмөр замын Техник эдийн засгийн үндэслэл болон судалгааны ажилд зарцуулсан байдаг.
УИХ-ын гишүүн Х.Баттулга “2012 онд би Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд байсан. А.Гансүх намайг ЗТБХБ-ын сайд байхад дэд сайд байсан. Тийм учраас төмөр замын бодлогоо ойлгож байгаа учраас Зам тээврийн сайдаар ажиллаж, бодлогоо үргэлжүүлсэн” гээд салбарын сайд бол бодлого тодорхойлогч хэмээн тодотгосон.
УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх “2008 онд ХААН банкнаас МТЗ ТӨХК таван сая ам.доллар зээлээд “МаКкензи” компаниар ТЭЗҮ хийлгэсний төлбөрт өгсөн. Бүх хууль, дүрэм журмынхаа дагуу явсан ажил. МТЗ төрийн өмчийн компани учраас Төрийн өмчийн компаниас зөвшөөрөл авдаг. Төрийн өмчийн хорооноос МТЗ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батзаяад үүрэг өгсөн. Б.Батзаяа өөрөө шийдвэр гаргах эрхгүй. Тухайн үед ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байсан Ж.Бат-Эрдэнэ МАН-ын хүн учраас бидэнтэй хуйвалдах ямар ч боломжгүй. ТӨХ-ны дарга нь Д.Сугар байсан. Тэр 5 сая ам.доллар ТЭЗҮ, тооцоо судалгаандаа зарцуулагдсан. Үүнийг одоо шалгаж байгаа” гэсэн.

Харин 255 сая ам.долларыг?

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мөнгөн дүн янз бүр байгаа.
2013 оны нэгдүгээр сард 55 сая ам.долларыг нь шийдсэн байна. 2008 оноос хойш Засгийн газар төмөр замд шийдсэн мөнгө гэж тухайн үед Зам тээврийн сайд байсан А.Гансүх тодотгосон. Гэхдээ энэ 55 сая ам.долларыг бүтнээр нь өгөөгүй. 2014 онд Зам тээврийн сайдын ажлаа өгөхөд нь 20 орчим сая ам.долларын санхүүжилт хийж, үлдсэнийг нь олгоогүй Хөгжлийн банкинд байгааг тэрээр хэлэв. Үүнээс гадна “Чингис” бондын мөнгөнөөс 400 сая ам.доллар “Шинэ төмөр зам” төсөлд зарцуулахаар шийдсэн байдаг. Төмөр замын ТЭЗҮ-г олон улсад танилцуулж байж “Чингис” бондыг босгож байжээ. Гэвч 400 сая ам.долларыг дахиад л бүтнээр нь өгөөгүй аж. 200 сая ам.долларыг нь “Шинэ төмөр зам” төсөлд шийдсэнээс 193 сая ам.долларыг зарцуулаад буй юм.
Зарим мэдээлэлд дурдсан шиг энэ 193 сая ам.долларын санхүүжилтийг ЗТЯ-нд олгоогүй. Мөнгийг зөвхөн Хөгжлийн банкаар дамжуулан олгохоор ТУЗ-д даалгасныг нь МТЗ ТӨХК-нд төлбөрт шилжүүлж, тэндээс гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанид шилжүүлжээ. Товчхондоо ЗТЯ-нд ганц ч центийг дансаараа оруулж, гаргах эрхгүй, Х.Баттулга, А.Гансүх нар гарын үсэг зураад л данс хооронд гүйлгээ хийдэг зүйл биш гэлээ. Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” компанийн дор туслан гүйцэтгэгчээр ажилласан дотоодын 13 компанид мөнгө нь очоогүй замаасаа алга болчихсон мэт мэдээлэл ташаа болохыг баримтаар тайлбарлав.
“Энержи Ресурс” компани анх “Самсунг Си энд Ти” компанийг сонгож анх гэрээ байгуулсан байхад нь төр шилжүүлэн авсныг дээр дурдсан. Туслан гүйцэтгэгч 13 компаниа сонгож авсны дараа, газар шорооны ажил нь 3 хувьтай явж байхад МТЗ ТӨХК-д тус ажлыг шилжүүлсэн.
Харин “Самсунг Си энд Ти” компанийг хуурамч гэх мэдээлэл нэг хэсэг гарсанд ийм тайлбар өгөв. БНСУ-даа нэр хүндтэй тус компанийн барилгын салбарыг хариуцсан “Самсунг Си энд Ти” нь Монголд, тэр дундаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд ажиллахаар болжээ. Ингэхдээ “Самсунг Си энд Ти” компанийн 70 хувь, Монголын нэгэн хуулийн этгээдийн 30 хувийн хөрөнгө оруулалттай “Самсунг Си энд Ти инженеринг энд консалтинг” гэж охин компани байгуулж, тэр нь Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын ажлыг гүйцэтгэж буй юм. Хуурамч компани биш гэдгийг нь БНСУ-ын Ерөнхий сайд Хуан Кёо Ан өнгөрсөн жил манай улсад хийсэн айлчлалаар баталгаажуулжээ. Монголд төмөр замын бүтээн байгуулалтад гүйцэтгэгчээр ажиллаж буй “Самсунг Си энд Ти” компанийн холбогдох санхүүжилтийг өгч улмаар уг ажлаа үргэлжлүүлэх сонирхолоо ч мөн илэрхийлсэн байдаг. Хоёр улсын Ерөнхий сайд нарын уулзалтаар “Самсунг Си энд Ти” компанийг хөндөж ярьсан байхад хуурамч гэх нь хэтэрхий туйлширч, харлуулах гэснийг гэрчилнэ.
 
Ухаахудаг-Гашуунсухайтын 267 км төмөр замын далангийн ажил 86 хувьтай байна  

Өмнөговь аймагт хийсэн Ухаа­­­­худаг-Гашуунсухайт чиг­лэ­­лийн төмөр замын бүтээн байгуулалтын 193 сая ам.долларын санхүүжилтээр юу хийсэн бэ гэдгийг тус нэвт­рүүлгээр бодитоор сурвалжилж үзүүлсэн. Төмөр замын голыг нугалдаг ажил нь далан байгуулах. Харин “Шороо овооллоо” гэдэг шүүмжлэлд УИХ-ын гишүүн Х.Баттулга “Баригдсан, байгуулсан зүйлийг яагаад очоод үзчихэж болдоггүй юм. Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа очиж үзээд нэлээн ажил хийсэн юм байна шүү гэсэн. Асашёорюү Дагвадорж Японоос хөрөнгө оруулагчид ирэхэд энэ замын бүтээн байгуулалтын далангийн ажлыг үзүүлэхэд их ажил хийсэн байна гэснийг нь ярьсан. Бид бүтээн байгуулж сураагүй учраас нэг эмгэг байна. Хийе гэхээр бүтэхгүй гэж боддог. Би хийгээгүй байхад энэ хийдэг хэн бэ гэдэг бүлэглэл бий. Судалгаагаар хаана ч эхний гуравт байгаа энэ нэг нөхрийг дарж авъя. Нүүрстэй намын бодлогыг эвдье гэсний эсрэг юм яваад байна” гэж хариулсан. Харин Зам тээврийн сайд асан А.Гансүх “Даланг шороогоор барьдаг. Дэлхийн хаана ч даланг шороогоор барьдаг юм” гэсэн хариулт өгөв.
Зам тээврийн салбарыг одоо удирдаж буй сайд М.Зоригт  “Цахим мэдээллийн хэрэгслээр овоолсон шорооноос өөр ажил хийгээгүй мэт ярьдаг. Анх сайд болчихоод учрыг нь олох санаатай очсон. Ингэхэд далангийн ажлыг бараг хийгээд дуусчихсан байсан. Гүүрийн бүтээн байгуулалтын ажлыг харахад нэлээд хэдэн том гүүр барьсан байсан. Тэгэхээр ажил бол явсан харагдсан. Хамгийн их цаг зарцуулах далангийн ажлын ард нь гарсан байгаа юм. Хэрэв төмөр зам тавиад өгчихвөл бид нүүрсээ зөөмөөр байна гэж хэлсэн. Энэ асуудлыг Засгийн газарт уламжилж байна
Тэнд очоод уурхайн ажилчидтай уулзсан. Тэгэхэд ямар ч том хөрөнгө оруулалтгүй байгаа ч өөрсдөө нүүрсээ гаргаж чадна. Бид нүүрсээ борлуулахад машинаар тээ­вэр­­­лэж, тээврийн зардалд ашгаа алддаг. Хэрэв төмөр зам тавиад өгчихвөл бид нүүрсээ зөөмөөр байна гэж хэлсэн. Энэ асуудлыг Засгийн газарт уламжилж байна” гэсэн юм.
“Самсунг Си энд Ти” компанийн гүйцэтгэсэн далан­гийн ажилд Германы “Дойчэ бан” хяналт тавьж, стандартад нийцэж байвал гарын үсэг зурж баталгаажуулан түүнийх нь дагуу МТЗ ТӨХК хянадаг. Үүнийг нь Хөгжлийн банк давхар хянаж байж санхүүжилт олгодог системээр ажилладаг. Нийт 1.2 тэрбум ам.долларын өртөгтэй “Шинэ төмөр зам”-ын ажилд олгосон 193 сая ам.доллараар юу хийснийг А.Гансүх ингэж тайлбарлав. “200 сая ам.доллараар 15 гүүр барих ёстойгоос 8 гүүр, ус зайлуулах 143 хоолой барихаас 74-ыг нь гүйцэтгэсэн. Далангийн ажлын 179 км-ийг буюу 86 хувийг гүйцэтгээд байгаа” гэлээ. Аудитын байгууллагыг уг ажлыг шалгаж, хянаж үзэх шаардлагатай учир бид хандсан гэдгээ А.Гансүх ярьсан.
Хоёр Засгийн газар дамжиж яригдсан мөртлөө хэрэгжиж чадахгүй байгаа төмөр замын төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга “Хоёр намд байгаа бүлэглэл бүх бизнесийг хянах гэж оролддог юм байна. Өөрсдөөр нь дамжихгүй бол бүх ажлыг зогсоодог юм байна гээд цуглаан дээр нэрс зарласан. Дэлхий дээр бараг анх удаа өөрийнхөө намын Ерөнхий сайдыг битгий сонгоорой гэж зарласан нь би болж байх шиг” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.

0 Сэтгэгдэл
ХЭН Ч БУРУУГҮЙ МӨНГӨӨ САЛХИНД ХИЙСГЭЧИХЁЭН эсвэл ДАНСАНДАА МАРТСАН Гээд л бодоо биз лээ
Хамгийн их уншсан