Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эцэг чинь Владимир Путин, эх чинь Мишель Обама, чи өөрөө оффшор тэрбумтан

Б.БАДРАЛ

Зөвлөлтийн зөвшөөрөлгүйгээр гэдсэндээ хуримтлагдсан хийгээ ч гаргаж чаддаггүй байсан үед мэдээ, мэдээллийн “үнэн”, бодит байдал гэдэг ойлголт огт байдаггүй байлаа. Ардчилсан хувьсгалын дараа бүх утгаараа эрх чөлөөт мэдээлэлтэй болгосныг ялалт гэвэл үгүй гэх хүн гарахгүй. Харамсалтай нь, зарим хүн мэдээллийн эрх чөлөө гэдгийг өөрт л таалагдаагүй бол хэнийг ч болов гүтгэн доромжлох боломж гэж ойлгох болж. Ялангуяа, өөрийнх нь булхайг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн эх сурвалжууд, гарцаагүй үнэн, шүүхэдсэн ч болно гээд баримт дэлгэсэнд хорссон хүмүүс, түүгээр далимдуулан өрсөлдөгчдийнхөө нэрийг сэвтүүлэхийг санаархагчид гүтгэн доромжлох боломж гэж хүлээж авах болсон. Тэр тусам интернэт гээч асар их боломж тээсэн сүлжээг дурыг нь хөдөлгөж чадаагүй хэнийг ч гутаан доромжлох онцгой эрхтэй гэж боддог ааш муутай авгай мэтээр хүлээн авах хүний тоо сонгуулийн дуулианаар хэрээс хэтэрлээ.

Оффшор компаниуд, тэдгээрийн эзэмшигчдийн нэрийг илчилсэн “Панамын архив” нэртэй баримт интернэт сайт дээр тавигдсанаас хойш бол бүр утгаа алдсан гэж болно. Худалч хүн бол таван минут тутамд л Монголын оффшор компани, дансны эзэд илэрч байна гэмээр.

Үнэн үү, худал уу? Энэ чинь юу билээ? гээд интернэтээр эргүүлээд хайхаар бодит мэдээлэл юу ч гарж ирдэггүй. Хальт мульт гарч ирсэн зүйлсийг нь уншихаар ганц юм маш ихээр нүдэнд тусах юм. Тэр ганц нь юу юм бэ гэхээр сонин, сэтгүүл, интернэт сайт, фэйсбүүк хуудас гэх мэт эх сурвалжуудын мэдээллийн “үнэн”, бодит байдлын талаар ойлголт багатай хүмүүст чиглэсэн мэдээлэл. Бодит байдалд хэр нийцдэг мэдээлэл вэ гээд нягтлаад, шүүгээд үзэхээр шалгуур давж чадах нь нэг ч үгүй.

Нэгэнт л уншсан болгоноо нягтлан шүүгээд, олон эх сурвалжийн бусад мэдээлэлтэй харьцуулж суух цаг завтай хүн цөөн, тийм сонирхолтой хүн бараг байхгүй тул яаж ийж байгаад нэрийг сэвтүүлж, хар яриагаар бол “баас наагаад” түүнийг тойрсон “ялаа” эргэлддэг болгож хаяхад л хангалттай гэх тооцоо явдаг юм байна. Нэг л муу, муухай юм “нааж хаяад”, наасныг нь ялаа тойроод эргээд эхэлсэн бол гүйцээ гэсэн үг.

Гэтэл хэн мэдээллийг барьж байна тэр хүн бүгдийг захирна гэсэн зарчимтай одоо үед хүнийг “нааж хаяхад” ядах юмгүй. Сонин, сэтгүүл гаргана гэхээр наад зах нь эрх авна, хэвлэлийн зардал, түгээлт энэ тэр гээд дагалдах зардал өндөртэй. Харин интернэт ашиглавал хэний ч тухай, юу ч гэж хэлсэн дурын асуудал. Жишээлбэл, сайт байгуулъя гэж хүсвэл домейн нэр, .mn гэх мэт өргөтгөл бүхий сайтын нэр авахад 60 мянга, өөрөө сервер авалгүй хөндлөнгийн хүнийх дээр сайтаа байршуулахад дунджаар сарын 10 мянга гэж тооцвол дурын хүн хүссэн үедээ 100 мянга дотор багтаагаад өөрийн гэсэн мэдээллийн сайттай болох боломжтой. Гэхдээ албан ёсны эзэмшигчийн нэр, регистрийн дугаар энэ тэрийг бүртгэдэг, хариуцах эзэнтэй тул сайт  .mn гэсэн өргөтгөлтэй мэдээллийн суваг нээхийг хүсэх зүйл биш. Тиймээс блог эсвэл бүр фэйсбүүк хуудас нээвэл үнэгүй, төдийгүй баригдана гэх айдасгүй.

Тэгэхээр та хүсвэл “Мишель Обама миний ээж ” эсвэл “Путин миний аав” гэсэн домейн нэртэй сайт нээж болно. Тэндээ өөрийгөө Обамагийн хүүхэд мөн гэдгийг нотлох ямар ч “баримт” зохиогоод тавьж болно. Гэхдээ удаад, олон хүн хандаад ирэхээр гол мэдээллийн худал гэдэг нь олонд ил болохтой зэрэгцэн цагдаа, тагнуул, татвар гэх мэт байгууллагууд сонирхож эхлэх нь гарцаагүй тул бүртгүүлээд хэдэн цагийн дараа хаадаг сайт нээж болно. Сайт өөрөө хаагдсан ч “Гүүгл” хайлт дээр хайлт явуулахад худал мэдээлэл нь “кэш”-ээр бараг сар гаруйн турш гарч ирсээр байх болно. Сайт нээх нь мөр их үлдээх тул “Фэйсбүүк” дээр хуудас нээж, элдэв  мэдээлэл цацах нь бүр хялбар. Сайтын хандалтыг эндээс хааж болох бол Фэйсбүүкийн хуудсыг хаах боломжгүй. Дэлхий дээр ганц хоёр улс л “Фейсбүүк”-ийг бүхлээр хааж чаддаг бөгөөд тэдний тоонд манай улс багтахгүй. Дээр нь “Tor” гэх мэт интернэт хандалтын ул мөрийг бүрэн балладаг аргыг ашиглавал хэн гээч хүн хэдийд яаж нээсэн гэдгийг олж тогтоох ямар ч боломжгүй.
Ингээд хүний нэрийг зөвхөн баллаж хаях зорилготой сайт, “фэйс” нүүр нээгээд үзье. Таван минутын дотор бэлэн эхийг ашиглаад “Obamaeej.net”, эсвэл “Putinaav.tk”, “Chiterbumtan.org” гэсэн сайт, нүүр нээчихье. Тэндээ толгойдоо орсон дурын юмаа бичиж байршуулъя. Жишээлбэл, “Мишель Обама нь 14 дүгээр зууны үед Жибэнийг байлдан дагуулахаар яваад далайн шуурганд өртөж, Африкийн эрэг орчим, тодруулбал Зааны ясан эрэгийн орчим ээрэгдсэн монгол цэргүүдийн удам юм байна. Обама гэдэг нь нарийн тодруулбал “Өө, барам аа чамайг” гэсэн үгнээс гаралтай. Энэ утгаараа хатагтай Обама бол та бидний эх юм” гэсэн мэдээлэл байршуулъя. Үгүй бол бүр “Путин Өөлд Монгол цустай нь тогтоогдлоо” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлж болно. Тэндээ “Оросын Ерөнхийлөгч Путиний элэнц өвөөгийн эмээ нь Бат хааны үед эздийн буурч хийдэг байсан өөлд угсааны гэр бүлийн хүн байж. Түүний удам гэх олон Путин одоо манайд бий. Путин гэдэг нь  “Бүү удагтий” гэх шавдуулсан үгнээс гаралтай юм байна” гээд бичиж болно. Үгүй бол  “Энд бичигдсэн зүйлсийг уншиж байгаа хүн та өөрөө дэлхийн түүхэнд гарч байсан хамгийн баян хүн болох Рокфеллер гэгчийн нууц хүүхдийн удам мөн юм байна. Ирж мөнгөө ав” гэсэн ч болж байна.
Ийм мэдээлэл гарч олон хүн хандаад ирэхээр ямар ч үндэслэлгүй, байх боломжгүй, худал гэдгийг нь мэддэг хүмүүс батлаад гаргаад ирэх нь гарцаагүй. Хэр хурдан бэ гэсэн ганц л асуулт гарч ирнэ. Гарцаагүй худал нь батлагдахаар “фэйсбүүк” нүүр, түр сайтаа гялс хаана. Харин тэр худал мэдээлэл нь “кэш” гэгч дээр хадгалагдаж үлдээд нэлээд удаан хугацааны туршид элдэв хайлт болгон дээр гарч ирсээр байх болно. Угаасаа төдийгүй, үзүүрээсээ худал мэдээ, мэдээлэл, тайлбар бүхий хуурамч сайт, “фэйс” нүүр байгуулахын зорилго үүнд л оршдог. Худал үгийг мянга давтахаар үнэн мэт болно гэсэн үг энд биеллээ олж байгаа хэрэг.

Үүний дараагаар  тэр бүх худал мэдээг “Интернэт дээр ингэж байна” гээд иш татаж, “фэйс” дээрээ байршуулж болно. Хүн мэдээллийн үнэн бодит байдлыг нухацтай шалгах боломж тэр бүр гардаггүй гэсэн ганцхан зүйл дээр л энэ бүх худал мэдээлэл тогтож байгаа юм. Өөрөөр хэлбэл, эрхэм хүндэт уншигч таныг бодит мэдээллийг ялгаж салгах чадваргүй, нягтлан шүүх ухаангүй, хэлд орж байгаа хүүхэд шиг дуулсан болгоноо давтана гэж басамжилж байгаа хэрэг. Ямар эх сурвалжид тулгуурлан ийм мэдээлэл авав гэхээр хэдийнэ хаагдаж байхгүй болсон ч хайлтаар гарч ирж байгаа сайтын үлдэцийг харуулан хариуцлагаас мултарна гэсэн үг.

Иймд чухал шаардлагатай шийдвэр гаргахын өмнө элдэв мэдээлэлтэй тулгарвал ганц биш олон эх сурвалжид хандан бодит байдалд хэр нийцэж байгааг нь лавлан тогтоож байх шаардлагатай. Ямар ч мундаг нэртэй хүний “фэйс” нүүр, лут вэб сайт байсан бусдын өгөөш болохгүйн тулд заавал лавлаж шалгаж байх хэрэгтэй. “Сэрэлт” кинон дээр гардаг шиг “Лавлаа Даш” болсон байлаа гээд буруудах зүйл ер үгүй. Өөрийн гэсэн бодолгүй, бусдын үгээр үг хийдэг хүмүүс л хүний тоглоом болж дуусдаг.

Ганц хүний санал ганцдахгүй чухал үед зөвхөн таны ганц саналын төлөө энэ мэт мэдээллийн харгис, хэрцгий дайн явагдаж, та түүний гол бай нь болж байгааг багаар бодож зургадугаар сарын 29 хүртэл санаж явахад илүүдэхгүй л байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан