Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Инжинааш: Нууц жор гэж үгүй, хийж байгаа зүйлээ онцгой гэж итгэхэд л хангалттай


Ж.ГЭРЭЛЧУЛУУН


Дэлхийд алдартай баримтат гэрэл зургийн “Магнум” агентлагийн тэтгэлэгт хамрагдана гэдэг гэрэл зурагчдын хувьд тэнгэрийн умдаг атгасантай адил аз завшаан. Өндөр босготой уг агентлагаас уламжлал болгон олгодог тэтгэлэгт хөтөлбөрийн энэ жилийн шалгаруулалтад “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Б.Инжинааш шалгарсан билээ. Баримтат болон “Street photography” буюу гудамжны гэрэл зургийн төрлөөр дагнан бүтээл туурвидаг түүнтэй тэтгэлэг болоод уран бүтээлийнх нь тухай ярилцлаа.

-Яриагаа тэтгэлгээс эхэлье гэж бодож байна. Алдарт “Магнум”-ын тэтгэлэг авна гэдэг гэрэл зурагчны хувьд нэр төрийн хэрэг гэж ойлгож байна. Тэтгэлэгт төсөлд хэзээ нэр дэвшиж, ямар уран бүтээлээр тэнцсэн бэ?
-Эхэндээ би буруу ойлгоод байсан юм билээ. “Гамма” агентлагийн захирал Цацаа ах өнгөрсөн жил Хятад руу олон улсын гэрэл зурагчдын хуралд явахдаа “Магнум”-ын төсөлд миний нэрийг өгсөн гэж ойлгосон юм. Тэгсэн өнгөрсөн жил бил үү хоёр жилийн ч өмнө бил үү байгальд уран бүтээл туурвидаг гадны уран бүтээлчидтэй явж байгаад Долгор гэдэг Монголын зураач бүсгүй болон түүний нөхөр Марктай танилцсан юм. Тэр нөхөр л миний нэрийг “Магнум”-ын төсөл сонгон шалгаруулалтад өгсөн юм билээ.

-Тэгэхээр Марк нэрийг чинь өгсөн тухай өөрөө ч мэдээгүй явсан болж таарав уу?
-Тийм. Долгор, Марк хоёр болон зурагчин, зураач нийлсэн 10 гаруй хүнтэй зураг авахаар хэд хоног хөдөө гарсан юм. Би тэр уран бүтээлчдийг байгальд ажиллаж байгааг нь баримтжуулах үүрэгтэй л явсан. Тэгэж яваад ирсэн хойно л Марк намайг “Magnum foundation”-д бүртгүүл­чихсэн юм билээ. Тэгээд л өрсөлдөх эрх авсан гэх үү дээ.

-Өөрөө мэдээгүй байсан гэхээр сэдэв, зураг сонгох тал дээр цаг давчуу байж ээ?
-Тийм, өрсөлдөх эрх авснаа мэдээд удаагүй байхад сэдэв, зургаа өг гээд холбоо барьсан. Өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын 8-нд гэсэн үг. Цаг нь тулчихсан болохоор өмнө нь эхлүүлсэн төслөө өгсөн л дөө. Тэр нь орчин үеийн хүүхэд залуусын тухай юм. Ардчилал гарснаас хойшхи манай үеийнхнийг нэг ёсондоо “шинэ үеийнхэн” гэж тодорхойлж болно. Анх энэ сэдвийг төсөл болгохдоо өнөөгийн хүүхэд залуус хоорондын харилцаа ямар байгаа мөн тэдний сэтгэлзүйн онцлогийг харуулахыг хичээж байсан юм.
Энэ бодлоос үүдэж эхлүүлсэн ажил. Тэгээд яг сэдвээ тодорхойлж өгөхдөө “Монголын орчин үеийн өсвөр үеийнхэн” гэдэг ганц нүүр юм бичээд 20 зураг ялгаж өгөөд явуулсан хойно “тэнцсэн” гэх хариу авсан даа.

-Хэчнээн гэрэл зурагчнаас хэдийг нь сонгон шалгаруулсан бэ?
-Яг хэдэн зурагчны бүтээл ирснийг мэдэхгүй ч 100 гаруй орны гэрэл зурагчин оролцож 26 олон улсын шүүгч шүүн хэлэлцсэн юм билээ. Улмаар 18 зурагчин шалгаруулж тэтгэлэг өгсөний нэг нь би болж таарсан.

-Нууц биш бол тэтгэлгийн хэмжээ хэд вэ?
-Ер нь бол 6-12 мянган ам.долларын санхүүжилт өгсгөн байна лээ. Миний хувьд долоон мянган ам.долларын тэтгэлэг авсан. Үүнд хөдөө гадаа, аймаг орон нутаг руу явж зураг авахаас өгсүүлээд бүхий л зардал нь багтаж байгаа юм. Төсөлд шалгарсан даруй надад гурван мянган ам.доллар урьдчилгаа болгон өгсөн л дөө. Гэхдээ мөнгөө авсан даруйдаа линз, компьютер аваад үрчихсээн. (инээв) Уг нь урьдчилгаагаараа машин хөлслөөд шууд хөдөө явах ёстой байсан ч миний хувьд хуучны, бүрэн механик дуран хэрэглэж байсан болохоор 24-70 мм-ийн дуран авчихсан. Төслийн эцсийн хугацаа наймдугаар сарын 20 юм. Товчхондоо, ирэх намар гэхэд би 40 зураг ялгаж өгөөд үлдсэн санхүүжилтээ авах ёстой. Мөн ялгаж өгсөн зургуудаараа үзэсгэлэн гаргаж, сонин, хэвлэлд ярилцлага өгөх байдлаар нэг ёсны “Магнум”-ыг сурталчилах гэрээтэй юм билээ.

-Сүүлийн 40 зурганд ямар нэг болзол тавьсан уу. Гүйцэтгэлээс хамаарч үлдсэн санхүүжилтээ олгоно гэдэг ч юм уу?
-Яг тийм юм байхгүй л дээ. Сая Говь-Алтай явчихаад ирлээ. Буцах замаараа Сэлэнгэ, Эрдэнэтээр дайрах бодолтой байсан ч ангийн улирал эхлээгүй болохоор шууд наашилсан л даа. Уг нь, анчин айлаар орж төслийнхөө сэдэвтэй уялдуулж зураг авах бодолтой байсан ч харамсалтай нь чадсангүй. Гэхдээ төсөл авснаас хойш 40, 50 зураг ялгаж явуулсан. Түүнчлэн, төсөл авсан нөгөө 17 хүнийхээ ганц нэг зургийг харлаа. “Lens culture” гээд “Магнум”-ын блог маягийн юм байдаг юм билээ. Тэр блог дээр зарим төслийнхөө ажлаас тавиад эхэлчихсэн байна лээ.

-Ямартай ч баримтат гэрэл зургийн “Магнум” гэгч нэртэй агентлагийн тэтгэлгийг Монголоос авсан анхны зурагчин болсон байна. Одоо наймдугаар сард өгөх 40 зургийн дараа гол үр дүнгээ ярих нь гэж ойлголоо?
-Тийм, өмнө нь 40, 50 зураг явуулдаг нь тэр том агентлагийн мастер гэрэл зурагчдын үгийг сонсох гэсэн хэрэг. Сэдвийнхээ хүрээнд авсан зургуудаа агентлагийн нөхөд рүү явуулж ярилцаж байгаад сонгох юм.

-Фэйсбүүк хуудсандаа төслийнхөө зургуудаас оруулж байгаа юу?
-Өнгөрсөн жилээс “Injinash photography” гэх пейж хуудсаа хөтөлж эхэлсэнд энэ төслийн ажил ч тодорхой хэмжээгээр багтаж байгаа. Гэхдээ, төсөлд шалгарсан зарим хүн ажлаа дуусгачихсан байна лээ. Юу гэлээ, Африкийн ч бил үү Тайландийн ч гэл үү цус ойртсон омгийн ахуй амьдралыг харуулсан сэдэвтэй төсөл байсан. Миний ойлгосноор тэр омгийн эмэгтэйчүүдийг тусгаарлачихдаг юм байна л даа, манай хүн тэр талаас нь илүү харуулахыг хичээсэн юм шиг байна лээ. Яахав, одоо ч соёл иргэншлээс тусгаар оршиж буй отог омгийн хувьд удаан зууралдах боломжгүй байсандаа ч тэр үү гэрэл зурагчин маань сар, магадгүй 14 хоногт ажлаа амжуулж, төслөө өгсөн байх. Ер нь, хараад байхад хамгийн хөнгөн сэдэв минийх юм билээ. Нөгөө 17 зурагчны хувьд дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөн гэхчлэн халуун цэгийн сурвалжлага хийхээр төсөл өгсөн байсан. Түүнчлэн, төсөл сонгон шалгаруулалтад ихэвчлэн Европын гэрэл зурагчид шалгардаг юм байна. Азийн гэрэл зурагчид оролцдог ч тэр бүр шалгараад байдаггүй тухай “Магнум”-ынхан хэлж байсан л даа. “Азиас төсөлд шалгарч байсан хүн байхгүй, тиймдээ ч бид баяртай байна” гэсэн. Ингээд хэлчихтэй зэрэг хүн тодорхой хэмжээнд өөртөө босго тогтооно шүү дээ. Тэгээд би нөгөө хүмүүсийн ажлыг сэдвийн хувьд өөрийнхтэйгөө харьцуулж харсан юм. Ер нь өсвөр насны хүүхдүүд гэдэг дээр дурдсан зэвсэгт халдлага, терроризмоос ч дутахгүй том сэдэв байна лээ. Худалч хүнд үхэн үхтлээ аваад дуусахгүй сэдэв юм билээ. Яаж л бол яаж авч болохоор санагдсан. Тиймдээ ч цөөн хэдэн чанартай зургаас өөртөө итгэлтэй сонголт хийх нь чухал гэж ойлгосон. Агентлагийнхантайгаа ярьж байгаад 40 зургаа сонгоно доо.

-Чиний хэлснээр олон улсын гэрэл зурагчид цус ойртож, тусгаарлагдсан омог, үймээн самуунтай халуун цэгүүдээр явж зураг авч байна. Мэдээж энэ бүхэнд багагүй хөрөнгө санхүү хэрэгтэй. Манай гэрэл зурагчдад хараахан тийм боломж, продюссер олдохгүй байна. Гэхдээ ахмад гэрэл зурагчдын хэлж буйгаар Монголд юу л байна сэдэв байдаг гэх юм билээ?
-Байгаа, маш их байна. Гэхдээ манайхан арай л цөөхүүлээ юмаа.

-Хүн ам уу?
-Тийм. Жишээ нь, би ямар сэдвээр авч болох уу гээд доош нь цувуулаад бичиж байсан. Яахав, бидэндээ хүртээлгүй байж болох ч зөвхөн Монголд харж болох, дэлхий нийтэд цочир сонин байх сэдэв зөндөө бий. Саяхан Бөөгийн тахилгад явсан. Тэр бол Монголоос өөр газар олж харахгүй дүр зураг. Хонины махыг бүтнээр нь шатааж овоонд өргөх, цээж нүцгэн хүнийг архиар угааж, суран ташуураар ороолгох гээд гадныхны нүдэнд шууд тусгалаараа үнэхээр цочир сонин зүйл манайд маш их байна. Наад захын жишээ, өглөө цонх, тагтан дээрээсээ ч юм уу сүү өргөж байгаа ээжүүд бол зөвхөн Монголд олж харах зүйл. Энэ мэт Монгол гэх тодотголтой юм бүхэн гэрэл зураг талаасаа шавхагдашгүй, маш том сэдэв гэж бодогддог. Монгол ахуй, соёл, ёс заншил гээд үнэхээр гайхалтай. Бид л олж харахгүй байгаагаас Монгол бол тэр чигтээ сэдэв. Монголоо байг гэхэд Улаанбаатар хотыг нэг захаас нь нөгөө зах хүртэл хөөгөөд явбал бүх юм байна. Нийгмийн бүх л давхрага энэ дөрвөн уулан дунд багтчихаж. Шорон, хүүхдийн хорих анги, сэтгэл мэдрэлийн эмнэлэг, зах, үйлчилгээний төвүүд, гэр хороолол, хогийн цэг, түүнээс холгүйхэн барууны шийдэл, зохион байгуулалттай баячуудын хороолол, өндөр зэрэглэлийн орон сууцнууд гээд Монголд сэдэв байна. Шорон бол надад нэг тийм аймаар хэр нь...

-Гоё?
-Тийм, гоё санагдсан. Гэхдээ сэдэв талаасаа шүү дээ. Энэ мэт энд тэнд яваад зураг авч байхад хүмүүс хэлдэг л дээ, “Монголчууд цөөхөн шүү дээ, нэг хулгайчийн зураг аваад сонин, сайтад гаргачихдаг. Удалгүй тэр нөхөр нь хүний эрх яриад хүрээд ирдэг” гэдэг. Угтаа хүний эрх, үүрэг яриад байхаас яг шоронгийн амьдрал ямар байдгийг харуулсан юм юу ч байхгүй. Сэтгүүлч ороод нүдэнд харагдтал бичээд ирж болно л доо. Гэхдээ л гэрэл зургаар харуулсан нь үгүй. Шоронгийн хашаа, шалган, өрөөнүүд гээд нийгэм доторх нийгэм шүү дээ. Тэр бүхнийг хүмүүст харуулах, магадгүй зарим нэгэнд нь жигшүүлэх зорилгоор тэнд гэрэл зурагчин орох ёстой. Бидний ярьдаг хүний эрх гэгч зүйл шоронгийн чийгтэй өрөөнд, дөрвөн ханан дунд хэрхэн биеллээ олдог тухай нийгэм олон нийт мэддэг байх ётой. Энэ мэт хүнлэг, ардчилсан нийгэм гээд байдаг ч хэвлэл тэр дундаа гэрэл зурагчдад хаалттай хэвээрээ л байна.

-Манайд асар их сэдэв байна гэж ойлголоо. Гэвч гэрэл зурагчид маань редакц төдийхнөөс эсвэл хувиасаа л хөрөнгө санхүүгээ шийдэж байна. Чиний хувьд төсөлдөө зарцуулах ёстой урьдчилгаа мөнгөө дуран, компьютерт үрчихсэн гэлээ. Аппарат, гэрэл зургийн хэрэгслүүд өртөг өндөртэй. Тиймдээ ч технологи талаасаа хөгжлийн хувьд хоцорч байгаа гэх нь бий?
-Яахав тийм зүйл байгаа. Гэхдээ нөгөө талаас үгүй ч гэж болно. Одоо ч гэрэл зурагчдын “савангийн хайрцаг” гэж голоод байдаг “фужифилм”-ээр авдаг мастер зурагчин байна. Томас Дворзак гээд “Магнум”-ын хөгшин зурагчин төсөлд шалгарсан. Мань хүн багшилдаг, “iPhone”-оор л зураг авдаг нөхөр. Гэвч утсаар авсан зургаараа ном гаргаад, үзэсгэлэн хүртэл дэглэчихсэн байх жишээтэй. Тэгэхээр нөгөө аппарат биш гэрэл зурагчин л зураг авдаг гэдэг үгийг энд дурдах ёстой санагддаг.

-Сүүлийн үед манай гэрэл зураг эрчимтэй хөгжиж байгаа гээд байдаг. Гэвч, өнгөц хорхойсч байгаа хүн олон болчихсон болохоор тэгэж харагдаад байх шиг санагддаг. Чиний хувьд аппарат, дуран гололгүй зураг авдаг. Гэтэл сайн аппараттай хүн сайн зураг авдаг гэдэг нь их. Угтаа сайн зураг гэж юуг хэлээд байгаагаа мэддэггүй нь их санагддаг?
-Тодорхой хэмжээнд хэсэг бүлгээрээ ч юм уу гэрэл зураг авч, сонирхож байгаа бол хөгжиж байна л гэж ойлгодог. Яахав үнэхээр гэрэл зурагт дурласан нь цаг хугацааны шалгуураар тунаад үлдэнэ. Анзаараад байхад нэг хэсэг нь зүгээр л фэйсбүүкийнхээ профайл зургийг авах гэж аппарат авч байх жишээтэй. Эсвэл зүгээр л студид цээж зураг авдаг нь ч байна. Түүнээс яг баримтат болон хэвлэлийн гэрэл зураг гэхчлэн гэрэл зургийн мөн чанар руу ойртох, нэвтрэх хүслээр зураг, зургийн хэрэгсэл авдаг хүн цөөн байна. Жишээ нь, хот, байгалийн зураг руу нэг хэсэг бүгд хошуурсан шүү дээ. Үнэхээр хүчтэй мессэжтэй зураг авчихлаа л даа.
Гэтэл “Чи хүний эрхэнд халдаж байна” гэдэг. Угтаа би ажлаа л хийж байгаа ухаантай юм. Нэг удаа цайны газар сууж байтал бага зэрэг халамцуу гэр бүлийн хоёр орж ирсэн юм л даа. Нөхөр нь нь эхнэр рүүгээ долоовор хуруугаараа чичээд л, орилоод л. Эхнэрийнх нь харц доогуур, уруул ам нь байдгаараа хавдчихсан, нэг тийм хүлцэнгүй төрхтэй... Би ийм л зураг авдаг. Тэр бүр хүний нүдэнд өртөөд байдаггүй сэдэв, агуулгыг зургандаа тусгахыг хичээдэг. Харамсалтай нь, нийгэм ийм зүйлийг хүлээж авах чадваргүй байна. Энэ бол өдөр тутмын амьдралд байгаа зүйл шүү дээ. Миний ийм зургуудыг 100 магадгүй 200 хүн ойлгож, хүлээж авч байхад байгалийн зургийг хэдэн мянгаараа лайклаж байна. Мэдээж өнгө, үзэмж, гэрэл сүүдэр, цаг агаар гээд байгалийн зурагт хүнийг татах юм их л дээ. Гэвч баримтат гэрэл зургийн “цаг агаар” гэгч зүйлийг мэдэрч, ойлгож таашаадаг хүн цөөн байна. Гэхдээ энэ хүн хүний үзэмж, таашаал юм л даа. Заавал байгалийн зураг муу, баримтат зураг гоё гэсэн үг биш шүү.

-Нэг хэсэг бүгд л байшингийн дээвэр дээр гарч суусан. Хотын зураг авдаг зурагчдыг хэлээд байна л даа. Эсвэл зарим нь зүгээр л байгалиар явдаг. Энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Ний нуугүй л хариулъя. Өнгөрсөн жил хотын захиргаанаас Улаанбаатар хотын өөрчлөлт бил үү юу ч билээ нэг ном хэвлүүлсэн юм. Тэр номонд 1930, 1940 оноос аваад өнөө үе хүртэлх нийслэлийн өнгө төрхийг илтгэсэн өчнөөн л зураг оруулсан байсан. Яахав, энэ мэт хотын зураг авна гээд дээвэр рүү мацаж байгаа сэтгэл нь сайханюм даа. Түүнээс ач холбогдол талаасаа нэг их дурлаад, дагнаад байхаар сэдэв биш. Яахав, хүний хөдөлмөр шингэсэн уран бүтээлч гэлээ хотын зурганд үнэхээр тэр зурагчны өөрийнх нь гэхээр юм харагддаггүй. Хэдэн биеээсээ нэг их ялгарахгүй баахан барилга л байхаас тэнд амьтай юм тод томруун гарсан нь ховор.

-Фэйсбүүкдэх “Гэрэл зураг” хуудсаар зочилдог уу?
-Тэгэлгүй яахав. Мэдээлэл сайтай сайн хуудас.

-Энэ хуудсанд тавигдсан нэг постонд гэрэл зурагчдыг “Улаанбаатар хотоор камер үүрэн хэсүүчилж буй хүнд сурталтнуудын арми” гэж тодорхойлоод Монголын гудамжны гэрэл зурагчдыг 1920, 1930-аад оны Америкийн гэрэл зурагчидтай жишсэн байсан. Товчхондоо, Монголын гэрэл зураг 100 орчим жилээр хоцорч байна гэсэн санаа хэлсэн гэж ойлгосон, мөн санал нийлсэн?
-Магадгүй, гэхдээ манай хөгшчүүл бол авахаа авсан. Ахмад зурагчдыг архивыг ухвал тухайн цаг үедээ үнэхээр наалдуулж авч байсан санагддаг. Гэхдээ тэр пейжийн админы хэлсэн шиг дүр зураг харагдаж байна уу гэвэл тийм. Үнэхээр хэдэн саяар хэмжигдэх үнэтэй камер хэрэгсэл мөрлөчихөөд дээгүүр харан алхаж буй залуус олон. Угтаа аль ч урлагийн эцсийн цэг нь тухайн хүний хүрэх оргил, өндөрлөг байх ёстой санагддаг. Тиймдээ ч гэрэл зурагчид маань өөрийн гэсэн арга барил, дагнасан сэдэвтэй байж гэмээнэ бусдаас ялгарч өөрийн оргилд тугаа хатгана. Түүнээс камерын чадлаар зураг авна гээд байгаа бол гэрэл зураг гэгч зүйлийн мөн чанар руу ойртохгүй шүү дээ.

-Чи өөрийгөө гэрэл зурагчны хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлж чадаж байгаа гэж боддог уу. Би хувьдаа чамайг сонсдог хөгжмөөсөө л болдог уу ертөнцийг үзэх үзэл чинь ч нөлөөлдөг үү өөр л гэж хардаг. Чиний зургуудаас чиний дотоод ертөнцийн илрэлийг олж харж чаддаг. Магадгүй зарим харж чаддаггүй ч байх?
-Ний нуугүй л хариулъя. Анх “Гамма” агентлагийн гэрэл зурагчин Даваанаа, Рэнцэн, Ука аха гээд хэдэн хүний хамт “Хүүхэд ба дуран” төслөөр Туяа багшийн удирлага дор гэрэл зургийн ойлголт мэдэгдэхүүн олж авсан. Гэхдээ би тэр хүмүүсээс өөр.Сонсч байгаа хөгжим, хувь хүний үзэл нөлөөлдөг л байх. Магадгүй өөрийгөө өөр гэж харж байгаа нь цаг үетэйгээ хөл нийлүүлэх гэсэн оролдлого ч байх. Эсвэл миний харах өнцөг, арга барил чиний хэлсэн шиг 100 орчим жилээр хоцор ч байж магад. Гэхдээ л би хийж байгаадаа сэтгэл ханадаг. Ер нь тэгээд амьдралыг их энгийнээр хүлээж авах хэрэгтэй гэж ойлгодог. “Кунфу Панда” гээд хүүхэлдэйн кинонд гардаг даа, пандагийн аав галуу хүүдээ хэлдэг шүү дээ “Нууц жор гэж үгүй, хийж байгаа зүйлээ онцгой гэж итгэхэд л хангалттай” гэж. Үүнтэй л адил. Би амьдрал, гэрэл зурагт ч ингэж л ханддаг. Ер нь тэгээд хэт гүн гүнзгий юм бодож энэ нэг жижигхээн тархиа гашилгаж, зовоож байх хэрэг байгаа ч юм уу.

-Чиний дагнан авдаг “street photography” буюу гудамжны гэрэл зургийн төрөл манайд дөнгөж л хөгжиж байгаа санагддаг. Чамайг энэ төрлийн гэрэл зурагчдын төлөөл гэж болно. Ер нь энэ төрлийн юунд нь тэгэж их татагддаг юм бэ?
-Яахав, оролдож л байна даа. Өөрөө тэр гудамжаараа их холхидог болоод ч тэр үү тэнд намайг татах зүйл их байдаг. Юу гэдэг юм, гудамжинд явж байгаа хүн дээр очоод “Зургийг чинь авах гэсэн юм” гэвэл зарим нь уурлана, зарим нь айж ичээд бөөн юм болно. Тиймдээ ч гудамжны гэрэл зурагт үгийн бус харилцаа чухал санагддаг. Тоглож байгаа хүүхдүүдийн дунд ороод өөрийгөө тэдний нэг болсон мэт төсөөлөх хэрэгтэй. Хүүхдүүд ч чамд тэгэж л хандах ёстой. Зүгээр л камераар шагайгаад товчлуур дарах биш, цаад хүнээ мэдрэх, холбоо тогтоох нь чухал. Зураг авахдаа хиймэл юмгүй, илүү бодит, амьд байлгахыг хичээдэг. Ер нь тэгээд гудамж бол олны хөлийн газар, манай нийгмийн шууд тусгал. Гудамжинд бүх л зүйл бий. Бидний анзаарах сөхөөгүй дэргэдүүр нь өнгөрч буй маш олон үйл явдал гудамжинд ганц л удаа өрнөөд өнгөрдөг. Би тэр л эгэл хэр нь давтагдашгүй байдалд нь татагддаг юм уу даа. Гэрэл зургийг 100 хуудастай ном гэж ойлговол миний авч буй сэдэв, жанр ердөө л нэг нүүр нь юм. Гэхдээ ач холбогдлын хувьд арай өөр.

-Гэрэл зураг гэж юу болох тухай хүмүүс өөр өөрийн тодорхойлолт дэвшүүлсэн нь бий. Технологи гэдэг нь байхад урлаг гэх нь ч бий?
-Миний хувьд хариулж хүчрэхгүй асуулт юм аа. Гэхдээ одоо надад бий болсон ойлголтоор бол агшинг авч үлдэх, бусдын сэтгэл хөдлөлийг таних л юм болов уу. Хүмүүс “Яагаад зураг аваад байгаа юм” гэдэг л дээ. Гудамж талбайд ямар ч учир шалтгаангүй, хэнээс ч зөвшөөрөлгүй авалгүй зургийг нь аваад байхаар хүмүүс ингэж асуудаг. Би ч тогтсон хариултгүй л дээ. Гэтэл нэг удаа хамт явсан найз маань “Зураач яах гэж зураг зурдаг юм, тэрэнтэй л адил зурагчин зургаа авч байна” гэж хариулсан юм. Нээрээ ч бодоод байхад энэ хариулт л дөхөх байх. Яруу найрагч хүн гэнэт л дэвтэр бал шүүрч аваад шүлэг бичээд эхэлдэг. Энэ үйл явцыг бид “онгод” гэж нэрлэдэг. Үүнтэй адил гэрэл зураг авахад тийм нэг онгод байдаг санагддаг. Огт зураг авмааргүй санагдах үе ч бий. Эсвэл чихэвчээр дуу сонсоод өдөржин хотоор алхаж, дээр хэлсэн шиг ямар ч учир шалтгаангүй зураг авмаар үе ч тохионо. Миний хувьд “гэрэл зургийн амин сүнс бол ийм, тийм” гэж айхтар том том ярих нас биш ээ. Камераа үүрээд явж байхад нэг их гоё агшин таарна даа, тэр үед би өөрийн эрхгүй зураг аваад эхэлчихсэн байдаг. Тухайн хүний сэтгэл хөдлөл, үйл хөдлөлийг урьдчилан таамаглаад ч байх шиг, бодол, мэдрэмж хоёр зэрэгцээд гар хуруу өөрийн эрхгүй хөдөлж эхэлдэг.

-“Гамма” бол барууны гэрэл зургийн агентлагуудын жишгээр ажиллаж байгаа, хувийн гэрэл зургийн ууган байгууллага. Тиймдээ ч зурагчдаа цалинжуулалгүй зуучлах байдлаар ажиллуулдаг. Чи нэг удаа над руу “Сонинд ажил байна уу” гэж бичиж байснаа санаж байгаа байх. Ер нь, зураг аваад л байдаг зургаараа амьдарч чадаж байна уу?
-Яахав ээ, хоосон хонохгүй хоёр идэхгүй гэдэг дээ. Үүнтэй адил өнөө, маргаашаа болгоод л явж байна. Би хувьдаа “Гамма”-гийнхандаа үнэхээр баярлаж явдаг. Зурагчдаа зуучлах байдлаар ажлаар хангахаас гадна давхар нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Мэдээж тогтсон цалин, орлогогүй хүн агентлагийн аль нэг мухарт суугаад байх хэцүү. Гэвч барууны гэлтгүй дэлхийн гэрэл зураг ийм л замналаар явж, хөл дээрээ боссон байдаг. Үнэхээр баримтат гэрэл зурагт дурладаг, үүнийг нь хийх ёстой ажлаа гэж ухаарсан хүмүүс агентлагт харьяалагддаг санагддаг. Магадгүй бид жижигхэн студи нээгээд цээж зураг аваад явж болно шүү дээ. Ер нь тэгээд манай ажил сайхан шүү, заримдаа том ажил орж ирвэл сарын цалингаа хоёр, гурав хоногт ч олчихож болдог. Ер нь тэгээд айхтар материаллаг сэтгэхүйтэй хүн биш болоод ч тэр үү болоод л байдаг юм.

-Манайд гэрэл зургийн үнэлэмж хэр байна. Дээр ярьсан шиг гоё ганган хотын зургийг хэдэн зуун мянгаар нь үнэлж байхад баримтат гэрэл зурагт тэр дайны үнэ ханш амлах нь бараг л байдаггүй?
-Муу муу. Жишээ нь сонины гэрэл зурагчин хэчнээн төгрөгийн цалин авч байгаа вэ.

-400, 500 мянга?
-Тэгвэл өмнө хэлсэн шиг жижиг студи нээгээд цээж зураг аваад явахад үүнээс илүүг олно шүү. Харамсалтай нь гэрэл зурагт сэтгэл зүрхээ өгсөн хүн хэзээ ч цээж зураг аваад суухыг хүсэхгүй.


0 Сэтгэгдэл
eneg nohriig harj bsiin bna sain zuragchin bnaa
гоё
Хамгийн их уншсан