Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН-ынхан өндөгнөөс хүртэл өө хайх болов

Б.ШИРНЭН

Дархан-Уул аймгийн ИТХ-д МАН-аас нэр дэвшсэн долоон нэр дэвшигчийг, Увс болон Говь-Алтай аймгийн ИТХ-д нэр дэвшсэн тус, тус гурван нэр дэвшигч орон нутгийн Сонгуулийн Ерөнхий хорооноос нэр дэвших боломжгүй гэсэн хариу авч л дээ. Хуулийн үндэслэлтэй эл шийдвэрийг МАН-ынхан ердөө л нэр дэвшүүлэхгүй байх “шалтаг” гэж үзэж байгаа юм байна. Тиймээс зарга үүсгэж, аймгийн сонгуулийн хороодтой шүүхдэхээр болсон тухайгаа өчигдөр хэллээ. Хууль ёсныхоо дагуу бол шүүхээр хэрэг, маргааныг эцэслэн тогтоож, аль нэгнийх нь буруу, эсвэл МАН-ын зөв гээд дэнсэлчихдэг юм. Энэ талаасаа бол МАН-ынхан шүүхэд хандсан нь туйлын зөв л дөө.

Гэвч, улс төрийн сонгууль ойртож, “өндөгнөөс хүртэл өө хайх” болсон үед тэд шүүхийн шийдвэр хүлээж тэссэнгүй, “МАН-д суудал авчрах магадлал өндөртэй нэр дэвшигчдийн нэрийг нь татуулах ажлыг зохион байгуулалттай хийж байгаа” гээд хувь хүнийхээ хардалтыг нийгэмд цацав. Мэдээж, энэ үйлдэл нь буруутай нь тогтоогдоогүй харьяа сонгуулийн хороодын нэрийг ч шалбаагт хутгаж байна. Уг нь нэгэнт, учир зүйгээ олох гээд шүүхэд хандсан бол маргааныг шийдтэл гэм буруутай гэж үзэхгүй талаар хуулийн ойлголт бий.

Ер нь, сүүлийн үед шат, шатны МАН-ынхан Сонгуулийн Ерөнхий хороог эрх баригч намтай “хошуу холбосон” гэж хардах болсон, үүнийгээ ч ил цагаан хэлж байгаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан дээр АН-ын захиалгаар тойрог зурлаа л гэсэн, өнөөдөр ч нийслэл, орон нутагт хүртэл рейтинг өндөртэйг нь захиалгаар шахуу “намнаж” байгаа гэх зүйлс ярьсаар байна. Гэвч, Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхэнд хэн ч, Сонгуулийн Ерөнхий хороо ч халдах эрхгүй байдаг. Хэрвээ, хууль зөрчөөгүй, нэр дэвшигчийн шаардлага хангаагүй л бол шүү дээ. Өөрөөр хэлбэл, МАН-ын ч бай, АН-ын ч бай аль нэг сонгуульд нэрээ дэвшүүлсэн ч хасагдсан горилогчид Сонгуулийн тухай хуулийн ямар нэг заалтыг биелүүлээгүй учраас л хасагдсан гэсэн үг. Гэвч, “Өө хайсан хүнд өвс ч хутга болж харагдана” гэдэг шиг унасан бөх болгон өөр, өөрийн гэсэн шалтгаа хэлэх болов. Тэгвэл шалтгаан, үндэслэл нь юу байв, гэдгийг сөхье.


ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ҮҮССЭН АСУУДЛЫН ТУХАЙД

Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж:

1.    Бид удаа дараа аймгийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг ярьж байгаа. Сонгуулийн тухай хуульд зааснаар төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдаар сонгуулийн хороог бүрдүүлэх ёстой. Гэтэл Говь-Алтай  аймгийн сонгуулийн хорооны есөн гишүүний дөрөв нь үүрэг гүйцэтгэгч болон түр ажлын байран дээр ажиллаж байгаа иргэнээр бүрдүүлсэн байгаа.

2.    Сонгуулийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 17-ны өдөр  улс орон даяар орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх шийдвэрийг СЕХ гаргасан байгаа. Гэтэл Говь-Алтай аймгийн сонгуулийн хороо гаргасан шийдвэрээ зарлахгүй байсаар тавдугаар сарын 20-ны өдөр ажлын цаг дууссаны дараа зарласан.

3.    Ингэхдээ Говь-Алтай аймгийн МАН-ын хорооны дарга В.Рэнцэндорж,  дэд дарга В.Сүррагчаа, бүлгийн дарга  Ш.Эрдэнэбат нарыг бүртгэхээс татгалзсан. МАН-ын хорооны дэд дарга Р.Сүррагчааг ял шийтгэлтэй байж магадгүй гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзаж байгаа. Монгол Улсын хэмжээнд УИХ, орон нутагт нэр дэвшигчид цагдаагаас ял шийтгэлгүй гэдэг хуудас авдаг. Миний хувьд ямар нэгэн ял шийтгэл байхгүй. Энэ бичиг баримтаа ч сонгуулийн хороонд бүрдүүлж өгсөн. Тэгэхээр сонгуулийн хороо албан бичиг байсаар байхад ял шийтгэлтэй байж магадгүй гэж үзэж байгаа нь хууль зөрчиж байна.

Говь-Алтай аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Болормаа:

1.    Сонгуулийн Ерөнхий хороо жинхлээгүй хүмүүсийг ажиллуулахгүй. Учир нь, сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтныг сонгуулийн боловсон хүчний мэдээллийн сангаас томилдог. Мөн сонгуулийн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь төрийн үйлчилгээний болон захиргааны албан хаагч байх ёстой гэж заачихсан. Түүнийг нь харж байж, ажилтан, албан тушаалтанд сонгуулийн хууль тогтоомжийн талаар сургалт явуулж, гэрчилгээ олгодог. Тиймээс МАН-ын хорооноос мэдэгдэж байгаа жинхлээгүй хүмүүс гэдэг нь худлаа.
 
2.    Сонгуулийн тухай хуульд заасны дагуу 17-ны өдөр Улс төрийн намын нэр дэвшигчдийг, 19-нд бие даан нэр дэвшигчдийн шийдвэр гарсан. Харин мөн хуулийн 157.13-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргаснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийн нэрийн жагсаалтыг тойрог болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд нэгтгэж, нийтэд мэдээлнэ” гэж заасан байдаг. Энэ дагуу 17, 19-ний өдрийн шийдвэрийг нийлүүлээд хуулийн хугацаандаа буюу энэ сарын 20-ны өдөр нийтэд мэдээлж, хэвлэлийн бага хурал хийсэн.

3.    Говь-Алтай аймгийн МАН-ын дарга, дэд дарга хоёрыг бүртгээгүй. Энэ хоёр хүн 2015 онд Эрүүгийн хуулиар шийтгүүлсэн байсан. Дараа нь Өршөөлийн хуульд хамрагдсан юм билээ. Өөрсдийнх нь баримт бичиг дотор, ял шийтгэл эдэлж байсан, Өршөөлийн хуульд хамрагдаад ялгүй болсон гэж бичсэн байсан. Гэхдээ Сонгуулийн тухай хуулийн “125.4.4-д “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэж заасан тул бид нягтлан шалгах үүргийнхээ хүрээнд ажилласан. Ингээд хэд, хэдэн газраас лавлагаа авахад, ялгүйд тооцогдох хугацаа нь дуусаагүй байсан.


ДАРХАН-УУЛ АЙМАГТ ҮҮССЭН АСУУДЛЫН ТУХАЙД

Дархан-Уул аймгийн МАН-ын хорооны дэд дарга  Б.Ариундалай:

Манай нэр дэвшигч Ч.Чүлтэмбат,  Д.Амарсанаа нарыг өр төлбөртэй гэдэг асуудлаар хассан. Энэ хүмүүсийг төрийн албанд ажиллаж байхад нь тухайн байгууллагад нь гарсан өрийг хувь хүнд хамаатуулж бүртгэхээс татгалзсан. З.Бадрал гэдэг хүнийг 33 хувийн хувьцааг нь эзэмшдэг компанийн өр зээлээс болж, хуульч Б.Азжаргалыг сар шинээр тамгын газрынхаа ахмадуудыг хүлээж авсных нь төлөө хассан. С.Насанбат даргыг ИТХ-ынхаа тайлан сэтгүүлийг тараасан гэж буруутгаж байх жишээтэй.

Ер нь аймгийн МАН-ын хорооноос нэр дэвшигчээ тодруулахдаа хуулийн дагуу хандаж, шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлсэн. Сонгуулийн тухай хуульд “нэр дэвшигчийг хассан үндэслэл тогтоогдвол” гээд заачихсан байдаг.  Өөрөөр хэлбэл,  “Сонгуулийн хууль зөрчсөнийг шүүхээр тогтоож, шийдвэр нь хүчин төгөлдөр болсон байна” гэсэн заалт бий.  Бид сонгуулийн хороонд “Хэрвээ манай нэр дэвшигчдэд асуудал байвал цагдаа, шүүхээр шалгуулаач” гэж удаа дараа хүсэлт тавьсан. Гэтэл сонгуулийн хорооны гишүүд шууд хуралдаад шийдвэр гаргачихаж байна шүү дээ.

Дархан-Уул аймгийн Сонгуулийн хороо:

МАН-аас нэр дэвшигч Чулуунбат овогтой Чүлтэмбат, 15 дугаар тойрогт нэр дэвшигч Загдсүрэн овогтой Бадрал, 19 дүгээр тойрогт нэр дэвшигч Дондов овогтой Амарсанаа нарыг хуулийн этгээдэд Сонгуулийн тухай хуульд заасан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих өртэй, нэр дэвшигчийн ирүүлсэн мэдүүлэгт уг өр төлбөрийн талаар мэдүүлээгүй зөрчлийг гаргаж нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас тавдугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хассан байна. Энэ шийдвэрийг энэ сарын 24-ний өдөр гаргажээ. Сонгуулийн тухай хуулийг харвал, өөрийгөө өргүй гэж үзэж байгаа бол өр төлбөргүйг нотолсон татварын болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг өгөх ёстой байдаг юм байна. Мөн банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй өргүй сонгуульд нэр дэвшихээр хуульчилсан байх юм.

Харин С.Насанбатыг Сонгуулийн тухай хуульд зөвшөөрснөөс бусад хугацаанд сонгуулийн сурталчилгаа хийсэн зөрчлийг гаргаж, нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл илэрсэн тул нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас тавдугаар сарын 24-ний өдрийн 13 дугаар тогтоолоор хасчээ.

Энчлэн нэр дэвшчдийг АН-ын эсвэл, бусад өрсөлдөгчийн нөлөөллөөр хасаагүй гэдгийг харьяа сонгуулийн хороод нь тайлбарлаж байна. Мөн Сонгуулийн тухай хуульд заасан зүйл, заалтыг мөрдөж, удиртгал болгон ажиллаж байгаа гэдгийг дээрх жишээнүүдээс харж болохоор байгаа юм. Хэдийгээр дээрх хуулийн заалтуудыг ашигласан нь өөрөө зөв үү, гэдгийг шүүх тогоох ч, тус хороод ямартай ч, хэн нэгний бус хуулийн заалтыг үндэслэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан