Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэх харилцааг УИХ хааж, Цэц нээв


Б.ШИРНЭН


Иргэд хоорондоо мөнгө зээлж, түүнийгээ хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг УИХ Иргэний хуульд өөрчлөлт оруулах замаар хаасан юм. Яаралтай мөнгөний эрэлд гарсан иргэдэд банк, банк бус санхүүгийн байгууллага цаг хугацааны хувьд ч, бүрдүүлэх баримт бичгийн хувьд чирэгдэл учруулдаг тул хэн нэгнээс мөнгө зээлж, хүүтэйгээр эргүүлэн өгөх харилцааг түлхүү сонгодог. Ажилтай орлоготой нь байхад, ажилгүй орлогогүй нь ч бий. Гэхдээ энэ харилцаа “мөнгө хүүлэгчид” буюу хэт өндөр хүүтэй мөнгө зээлдүүлэх, өдрөөр, цагаар хүү тооцож, дааж давшгүй өрөнд оруулах тохиолдлыг үүсгэж байв.

Мэдээж, арилжааны банк зээлийн эрсдэл тооцдог тул зээлийн хүү бага байна. Харин иргэд хоорондоо итгэлцэл дээр тулгуурлан мөнгө зээлэх, зээлдүүлэх харилцаанд ордог тул эрсдэл нэмэгдэх тусам зээлийн хүү өндөрсч байна гэсэн үг. Тиймээс зарим талаараа энэ төрлийн зээлийн хүү өндөр байгааг зах зээлийн харилцаанд туйлд нь хүртэл буруутгадаггүй юм. Мөн Иргэний хуулийн 282.2-т “Хүүгийн хэмжээ нь зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон бол түүний хүсэлтээр шүүх зээлийн хүүг багасгаж болно” гэж заасан байдаг. Энэ нь дааж давшгүй өрөнд орохоос сэргийлж, шударга ёсонд нийцүүлэн шүүх хүчээр хүүг нь бууруулах арга л даа. Гэхдээ иргэд тэр бүр шүүхэд хандаж, зээлийн хүүг бууруулж өгөөч гэж хүссэн нь цөөн. Ямартай ч, өнөөдрийг хүртэл зөвтгөх, буруутгах боломжгүй иргэд хоорондын мөнгө зээлдүүлэх, буцаан хүүтэйгээр авах харилцаа үргэлжилж байна. Тэгвэл энэ харилцааг зохицуулж байсан Иргэний хуулийн зарим зүйл заалтыг түдгэлзүүлж, ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдөхөөр байв. Нэг ёсондоо, иргэд хоорондоо мөнгө зээлж, зээлдүүлж болохгүй гэсэн үг.

Гэхдээ энэ нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргааныг өчигдөр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцлээ.

Гомдол гаргасан иргэд “Уг хуулиар иргэд хоорондын зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байх зохицуулалт оруулсан нь иргэн өөрийн өмчлөлийн зүйл болох мөнгөн болон бусад хөрөнгөө хариу төлбөртэйгөөр  бусдын өмчлөлд шилжүүлэх замаар шударгаар ашиг олох, өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр захиран зарцуулах эрхийг хязгаарласан байна” гэж үзээд заргаа авч чадсан байна.
Тиймээс УИХ-аас 2015 оны арванхоёрдугаар сарын 3-ны өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “… 281.3. Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна.”, 2 дугаар зүйлийн “Иргэний хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.” гэсэн нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж үзэн, дээрх заалтуудын үйлчлэлийг өчигдрөөс эхлэн түдгэлзүүллээ.
Ингэснээр иргэд хоорондоо мөнгө зээлж, мөнгө зээлдүүлэх харилцаа үргэлжлэх юм. Харин Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхийг УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцдэг хуультай.

0 Сэтгэгдэл
нэг хууль баталчихаад түмэн зовлонд унагадаг нь ИХ-ын гишүүд мээ хууль үйлдвэрлээд байгаагийн шинж дээ
Хамгийн их уншсан