Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урлагийнхны ганзагыг “Мөнгөн мод”-оор мялаалаа


Б.ЦЭДЭВСҮРЭН


Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор шилдэг уран бүтээлч тодруулж, “Мөнгөн мод” гардуулах ёслолын ажиллагаа найм дахь жилдээ боллоо. Улс орны хөгжилд соёл, урлагийн салбарынхан тэр дундаа манай уран бүтээлчид тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байдаг билээ. Монгол Улсын Засгийн газраас уран бүтээлч­дийнхээ нийгмийн асуудлыг шийдвэр­­лэх зорилгоор шат дараатай ар­га хэмжээнүүдийг авч ирсэн. Уран бүтээлчдээ дэмжих тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас “Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох тухай журам”, мөн “Оны шилдэг бүтээлч шалгаруулах журам”-ыг батлан хэрэгжүүлж байна. Засгийн газрын 2008 оны 195 дугаар тогтоолоор батлагдсан “Оны шилдэг уран бүтээлч шалгаруулах журам“-ын дагуу шалгаруулалт явуулж тайз, дэлгэцийн найруулагч, тайз, дэлгэцийн зураач, тайз дэлгэцийн жүжигчин, дуучин, хөгжимчин, бүжигчин, биет бус соёлын өвийг өвлөн уламжлуулагч гэсэн долоон төрлөөр явуулж, шилдгээр шалгарсан уран бүтээлчдэд тус бүр гурван сая төгрөгийн шагнал, “Мөнгөн мод” цом гардуулдаг билээ. Өнгөрсөн жилд манай уран бүтээлчид олон улсын хэмжээнд зохиогддог уралдаан наадамд амжилттай оролцож олон сайхан онцгой амжилт гаргасан. ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаандаас дуучин Г.Ариунбаатар дуурийн дуулаачдын төрөлд нэгдүгээр байр, мөн уралдааны Гран При, Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Э.Амартүвшин Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Gardiff Singer of the World” (дэлхийн дуучин 2015) шалгаруулах уралдаанд Данн Иоханн Сатерландын нэрэмжит шагнал буюу үзэгчдийн нэрэмжит шагнал, Сингапур улсад зохиогдсон “Авьяаслаг Азичууд” олон улсын телевизийн уралдаант нэвтрүүлгээс “Хөсөгтөн” хамтлаг дэд байр, ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогдсон Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаанаас Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгын гоцлол дуучин Ч.Бадрал хоёрдугаар байр, БНХАУ-ын Учао хотод зохиогдсон 15 дахь удаагийн олон улсын циркчдийн наадмаас Монголын Үндэсний циркийн жүжигчид “Нууц хувьсал” шидэх банзны үзүүлбэрээр хоёрдугаар байр тус тус эзэлж Монгол Улсынхаа нэрийг дэлхийн тайзнаа дуурсгасан амжилттай байв.

Монголын урлаг жил ирэх бүр олон улсын тайзнаа гарч, тэр хэрээрээ амжилт ололтыг дагуулж буй учраас “Мөнгөн мод”-ын эздийг тодруулах амаргүй ажил болсныг шүүгчдийн бүрэлдэхүүн дуулгасан. Урлагийн тоглолтоор чимэглэсэн “Мөнгөн мод” гардуулах ёслолын ажиллагаа болж энэ жилийн шилдгүүд шагналаа өчигдөр гардав.

Уг ажиллагаанд БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож хэлсэн үгэндээ ““Мөнгөн мод”-ын эздийг тодруулах үйл ажиллагааг эхнээс нь дуустал үзлээ. Монголын шилдгүүд өнгөрсөн жил сайн бүтээлүүд хийж чадсан байна. Үнэхээр их бахархаж байна. Цомын эзэддээ баяр хүргэе. Түрүү жилийнхээ ажлыг дараа жилийнхээ дундуур дүгнэдгээрээ онцлогтой. Яагаад ингэж дүгнэдэг юм бэ гэвэл мэргэжлийн урлагийн эгц амжилтыг бид байнга харахыг хичээж байна. Монголын мэргэжлийн урлагийнхан дэлхийд өрсөлдөх учиртай. Дэлхийд өрсөлдөхөөс гадна тэнд өрсөлдөж буй гайхамшигтай бүтээлчдийн ажлын үр дүн Монгол Улсад, бидний дунд яаж түгэн дэлгэрэхийг харах учиртай. Өнгөрсөн жил манай урлагийнхан үнэхээр их амжилт гаргасан. Ариунбаатарыг маш том тэмцээнд түрүүлээд ирэхэд нь тосч авч байхдаа үнэхээр их сэтгэл хөдөлж байсан. Анхням, Амарсайхан хоёр гайхамшигтай том кинонд дүр бүтээгээд ирэхэд нь сайдынхаа албан өрөөнд хүлээж авч байхдаа сэтгэл хөдөлж байсан. Үнэхээр сайхан ажлын ард гарсан. Тэр ажил энэ жил ч мөн үргэлжилж байна. Олон хүн Холливудад гарна гэдэгт итгэлтэй байсан. Дэлхийн хэмжээнд киногоо гаргана гэдэг зорилготой болсон. Одоо эхнээсээ дэлхийн үзэгчдийн хүртээл болж байна. Монгол орны хөгжил дэвшил зөвхөн бүтээн байгуулалт, үйлдвэржилт, эдийн засгийн өсөлтөөр харагддаггүй. Монголын урлагийн хөгжил дандаа тодорхойлогдож ирсэн. Тэгэхээр Монголынхоо урлагийг өндөр төвшинд өргөж явж байгаа уран бүтээлчиддээ баяр хүргэе, бас бахархаж байгаагаа хэлэх нь зүйтэй байх” хэмээн ярьсан.
Өнгөрсөн жил А.Баттүшиг, Ж.Сэнгэдорж нарын зохиол “Босуул” түүхэн уран сайхны кино, “Lovers” уран сайхны киног мэргэжлийн өндөр түвшинд найруулан тавьж, үзэгч олны хүртээл болгосны учир найруулагч Ж.Сэнгэдоржийг “Оны шилдэг тайз, дэлгэцийн найруулагч”-аар шалгаруулсан байна. Харин “Оны шилдэг тайз, дэлгэцийн шилдэг зураач”-аар 2015 онд Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын тайзнаа тавьсан П.Бадарч, Д.Төрбат нарын “Оройн дээд” үндэсний дуулалт жүжиг, Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын “Мөнх тэнгэрийн Монгол” концертын тайз, зураг, чимэглэлийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсэн Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий найруулагч Г.Ганболд шалгарсан юм.  
Францын нэрт найруулагч Жан Жак Анногийн “Чонон сүлд” уран сайхны киноны Галсмаагийн дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээсний учир жүжигчин Р.Анхнямыг “Оны шилдэг  тайз, дэлгэцийн жүжигчин”-ээр, Оросын Холбооны Улсад зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XV уралдаанд амжилттай оролцож, онцгой амжилт үзүүлэн  дуурийн дуулаачийн төрөлд I байр, мөн уралдааны Гран-При шагнал хүртэж, ОХУ-ын “ИХ театр” болон “Маринский театр”, Их Британийн “Birmingham stage”, “Buckingham Palace”, АНУ-ын Нью-Иорк хотын “Carnegie Hall”, “Metropolitan opera” зэрэг олон улсын нэртэй томоохон театрт уригдан тоглож Монгол Улсынхаа нэрийг өндөрт өргөсөн учир дуурийн дуучин Г.Ариунбаатарыг “Оны шилдэг дуучин”-аар, АНУ-ын олон улсын залуучуудын оркестрт сонгогдон Карнеги Холлд болсон тоглолт, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн олон улсын залуучуудын оркестрын  “Энх тайвны төлөө” тоглолтод амжилттай оролцож, “Дөрвөн улирал” бие даасан тоглолтоо мэргэжлийн өндөр түвшинд тоглож үзэгч түмний хүртээл болгосны учир Улсын Филармонийн хөгжимчин Х.Санчирыг “Оны шилдэг хөгжимчин”-өөр шалгаруулжээ.
Мөн 2015 онд Дуурь, бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглогдсон П.И.Чайковскийн “Шелкунчик” балетын Маша, “Франческа да Римини” балетын Франческа, “Хунт нуур” балетын Одетта, Оделлия, Б.Асафьевийн “Бахчисарайн оргилолт булаг” балетын Мария, И.Штраусын “Оргилуун дарс” балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд бүтээж, үзэгч түмний хүртээл болгосны учир Дуур, бүжгийн эрдмийн театрын балетын жүжигчин Д.Саруулыг “Оны шилдэг бүжигчин”-ээр, монгол үндэстний уртын дууг судлан сурталчлах зорилгоор уртын дууны сургалтыг тогтмол зохион байгуулан 2500 гаруй хүнд зааж сурган, уртын дууг түгээн дэлгэрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж нийслэлийн Улаанбаатар чуулгын уртын дуучин Б.Батболдыг 2015 оны “Оны шилдэг соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулагч”-аар тус тус шалгаруулж, “Мөнгөн мод” цом,  мөнгөн шагнал, батламж гардуулсан юм. Ингээд эдгээр уран бүтээлчийн сэтгэгдлийг сонссоноо хүргэж байна.


Б.Саруул: “Хунт нуур”-ын хар, цагаан хунд тоглосондоо одоо ч итгэдэггүй

-Намайг энэ мэргэжилд хүргэсэн багш бол Хөгжим бүжгийн коллежийн багш, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Навааны Энхтуяа. Багшдаа маш их баярлаж байгаагаа хэлмээр байна. Театрт орж ирэхэд Жамъяандагва, Ганбаатар багш угтаж авсан. Хамт ажилладаг ах, эгч нар маань хүртэл миний багш. Намайг энэ хэмжээнд хүргэж өгсөн тэдэндээ баярлалаа. Анх театрт ажилд ороод “Хунт нуур” бүжгэн жүжгийн хар, цагаан хунд тоглож байсан. Тухайн үед тэр дүрд бүжиглэх болсондоо өөртөө ч итгэхгүй байсан. Одоо ч энэ дүрийг сайн хийж байгаадаа итгэдэггүй учраас улам илүү мундаг болохын төлөө хичээдэг. Миний хувьд өнгөрсөн онд УДБЭТ-т тоглогдсон “Шелкунчик”, “Франческа да Римини”, “Хунт нуур”, “Бахчирсарайн оргилолт булаг”, “Оргилуун дарс”, “Диваажин энд байна” зэрэг балетын гол дүрийг бүтээсэн. Мөн өнгөрсөн онд Санфранциско хотод болсон хөгжмийн фестивальд “Бөртө чоно, Гоо марал” бүжгэн жүжгээр оролцсон. Энэ жилийн сүүлээр театрт “Дон Кихот” балетын шинэчилнэ. Гол дүрийг авна гэж өөртөө зорилго тавьсан байгаа. Балетын үзэгч сүүлийн үед их нэмэгдэж байна. Гадуур балетын сургалтын төвүүд олноор нээгдэж байгаад маш их баярладаг. Хэдийгээр мэргэж­лийн бүжигчин бэлтгээд байхгүй ч ирээдүйн үзэгчид бэлтгэгдэж байна. Тиймээс балетын урлаг илүү өргөн хүрээнд хөгжих байх.


Р.Анхням: Залуу уран бүтээлчдэд шинэ зам нээж өгөхөд амьдралаа зориулна

-2015 оны шилдэг жүжигчин болж энэ нэр хүндтэй шагналыг хүртсэндээ баярлаж байна. Энэ зөвхөн миний шагнал биш киночдод ирж байгаа шагнал. Зах зээлийн үеэс хойш кино урлаг уналтад орсон ч киночид маань бор зүрхээрээ хүнд хэцүүг даван туулж, амжилтад хүрч байна.
Миний хувьд яг одоогийн байдлаар Монголынхоо нэгэн кинон дээр ажиллаж байна. Зураг авалттай байгаа. Гадаадад хийгдэх олон ажил гэрээ хэлэлцээрийн шатандаа явж байна. Миний үеийн жүжигчид азтай цаг хугацаанд төрөн гарсан. Хэрэв бид өөрсдөө хичээж, зүтгэж чадах л юм бол дэлхийн хаана ч очоод өөрийгөө таниулж болохоор цаг хугацаанд төрсөн. Залуу уран бүтээлч дүү нарт маань ч гэсэн их боломж байна. Тиймээс “Анхням кастинг” нэртэй агентлаг нээгээд ажиллаж байгаа. Зөвхөн Хятадын биш өөр олон орны найруулагч, продюсеруудтай холбоо тогтоож байна. Олон уран бүтээлчдэд сайхан замыг нээж өгөхөөр ажиллаж байна. Үүний төлөө л амьдралаа зориулна.


Г.Ганболд: Миний будаг бийрийг ачсан морь маань дэндүү хурдан байлаа

-Театрын тайзны урлагт ажиллана гэдэг нь өөрийн гэсэн онцлогтой. Маш олон хүний хүч хөдөлмөр зэрэгцэж байж уран бүтээлүүд бий болдог. Дуу, бүжиг, хөгжим, зураач гээд олон хүний хүч хөдөлмөрийг үнэлэхээр “Мөнгөн мод” наадмыг БСШУЯ найм дахь удаагаа зохион байгуулж байна. Ингэж уран бүтээлчдийг урамшуулдагт баяртай явдаг. Энэ удаагийн шагналыг авсандаа маш их баяртай байна. “Мөнгөн мод” маань миний энэ жил авсан хоёр дахь цом боллоо. Миний хувьд ҮДБЭЧ-ын ерөнхий найруулагч, давхар зураачаар ажилладаг. Хос морьтой хүн. Хос морьны маань нэг энэ жил их хурдан байна. Миний будаг бийрийг ачсан морь маань дэндүү хурдан байлаа. Энэ мориндоо будаг бийр ачихад тусалдаг, уяа сойлгийг нь тааруулцдаг зураач андууддаа баярлалаа гэж хэлье дээ. Энэ жил зураачаараа ҮДБЭЧ-ын төлөвлөгөөт уран бүтээлүүд дээр ажиллана. Манайх залууст зориулсан орчин үеийн мюзикл хийхээр болсон. Энэ бүтээл дээр найруулагчаар, зураачаар ажиллана.


Б.Батболд: Цаашид ч ардын өв уламжлалаа, өвлүүлж дэлгэрүүлнэ

-Уртын дууг өөрөө дуулахаас гадна бусаддаа сургах үйлст зүтгэж явна. 2014 оны наадмын нээлтэд 999 уртын дууч дуулахад багшилсан. Мөн өнгөрсөн онд Баянхонгорт 2224 хүүхдэд гурван уртын дуу зааж, баяр наадмын нээлтэд дуулуулсан. 2013 оноос хойш Нийслэлийн Улаанбаатар чуулга дээрээ уртын дуу мэддэггүй ч сурах хүсэлтэй хүмүүст 30 дахь дуугаа зааж байна. Цаашид ч ардын өв уламжлалаа бусдад өвлүүлж, дэлгэрүүлэх болно. Уртын дуу монгол хүний геннд байдаг. Түүнийг нь өдөөж чадах юм бол уртын дуу сурахгүй монгол хүн гэж үгүй. 20 гаруй жилийн өмнө намайг оюутан байхад манай ангид гарын таван хуруунд багтах оюутан сурч байсан бол одоо уртын дуу сурах хүсэлтэй залуус олон болж.
Миний дүү, ҮДБЭЧ-ын дуучин Батмэнд өмнө нь шилдэг дуучнаар шалгарч “Мөнгөн мод” авч байлаа. Манай гэр бүл хоёр мөнгөн модтой боллоо. Би ч өөрөө гэр бүлийнхэндээ үр хүүхэддээ ардын өв соёлоо өвлүүлэх бодолтой байдаг. Миний том хүү Өнөболд морин хуурт тоглож, ерөөл магтаал хэлдэг. Бага нь ч хуур сурч байгаа.


Х.Санчир: Надад томдсон шагнал байна

-Өнгөрсөн онд АНУ-ын олон улсын залуучуудын оркесторт сонгогдон Карнеги Холлд болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн олон улсын залуучуудын оркесторт “Энх тайвны төлөө” тоглолтод оролцсон. Миний хувь залуу хөгжимчин учраас энэ шагнал үнэхээр томдож байна. Цааш цаашдын уран бүтээлд маань урам өгч чадлаа. Филармонид ажиллаад хоёр жил болж байна. Хөгжим бүжгийн коллежийг Энхтуяа багшийн удирдлага дор бакалавр зэрэгтэй төгссөн.  
Хийл хөгжим миний амьдралын маш том хэсэг. Энэ мэргэжлийг сонгоход зөвлөж, тусалж байсан эгчдээ баярлалаа гэж хэлье. Эгч маань бас хийлч мэргэжилтэй.


Ж.Сэнгэдорж: Үзэгчдээсээ түрүүлж алхсан уран бүтээл жилдээ нэг, хоёр хийх ёстой

-Монголын киночид үзэгчдийн хойноос хангалттай хөөцөлдөж байна. Ингэх ч учиртай. Гэхдээ үүнийхээ хажуугаар үзэгчдийн өмнө алхсан киног хийж байх учиртай. Удахгүй киноны тухай хууль гарч, төрийн бодлого ч тогтоод ирнэ. Тэгэхээр жилдээ ядаж л хоёр удаа үзэгчээсээ түрүүлж алхсан хэмжээний түүхэн киног хийж байвал Монголын кино урлаг хөгжих үндсэн суурь нь болох юм аа гэж боддог. Тэр суурийг “SUN pictures”-ийн хамт олон бид “Босуул” уран сайхны киногоор хийсэн. Түүхэн кино хийхэд төрийн менежмент хэрэгтэйгээс гадна их хэмжээний зардал ордог учраас киночид орлогоо нөхөж чадахгүй гээд хийдэггүй. Үүнийг хэн ч харсан мэдэж байгаа байх. Залуу уран бүтээлчиддээ хандаж хэлэхэд илүү хүн рүү, сэтгэлийн гүн рүү чиглэсэн уран бүтээл хийцгээе гэж хэлье. Ингэж байж л бид дэлхийн зах зээл дээр гарч чадна.
“Босуул” уран сайхны кино олон улсын кино наадмуудад уригдсан. Миний хувьд одоо “Цагаан хадаг” уран сайхны кинон дээр ажиллаж байна.


Г.Ариунбаатар: Монголынхоо сонгодог урлагийг түгээж явахын төлөө ажиллана

-Монгол Улсын Засгийн газраас урлагийнхныгаа дэмжиж зохион байгуулдаг “Мөнгөн мод” хэмээх наадмаас цом авсандаа маш их баяртай байна. Өдий зэрэгт хүргэсэн ээж, аав хоёртоо баярлалаа гэж хэлмээр байна. Мөн би их олон хамт олонтой хүн. СУИС-ийн багш нартаа болон цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн, Улсын Филармони, Соёлын төв өргөөний хамт олондоо баярлалаа. Та нарын хүч хөдөлмөрөөр өдий зэрэгтэй явж байгаа шүү гэдгийг энэ дашрамд хэлмээр байна. Энэ жил Европт болон Америкт хийхээр төлөвлөсөн тоглолтууд бий. Марийнский театрт үндсэн ажилтнаар ороод удаагүй байна. Ямар ч гэсэн энэ хугацаанд тав, зургаан дүр дээр ажиллажээ. Цаашид илүү олон театрт очиж дуулах, Монголынхоо сонгодог урлагийг түгээж явахын төлөө ажиллана.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан