Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол бүтээгдэхүүн дэлхийд тэргүүлэв


Б.БАДРАЛ


Энэ сарын эхээр Германы Франкфурт хотноо болсон “IFFA” үзэсгэлэнд мах бэлдэх ба боловсруулах салбарт үйл ажиллагаа явуулдаг дэлхийн 47 орны 960 компани оролцож үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулжээ. Энэхүү үзэсгэлэн худалдаа нь гурван жилд нэг удаа болдог тул оролцогч компаниуд маш сайн бэлддэг, үнэхээр өндөр түвшний өрсөлдөөн явагддаг зах зээлийн талбар юм. Манай улсын мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид амжилттай оролцож, дэлхийн төвшинд хүрсэн гэдгээ баталлаа.

Монголын мах махан бүтээгдэхүүний салбарт манлайлагч “Мах Импэкс” компани нь ХБНГУ-ын Майн дахь Франкфурт хотноо зохион байгуулсан Олон улсын мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаанд оролцож, “Нүүдэл” хиам бүтээгдэхүүнээрээ алтан медаль авсан байна. Европын холбоо, түүний дотор Герман улс нь хүнсний бүтээгдэхүүний чанар, үйлдвэрлэлтэй холбоотой ариун цэвэр, эрүүл ахуйн маш өндөр стандарттай гэдгээрээ алдартай. Ийм ч учир Европын бус үйлдвэрлэгч энэхүү үзэсгэлэн худалдаанаас өндөр үнэлгээ, алтан медаль авна гэдэг “Мах Импэкс” компанийн төдийгүй манай улсын энэ салбарын үйлдвэрүүдэд боломж байгааг харуулсан үйл явдал болов. Иймд “Мах Импэкс” компаниас “Нүүдэл” хиамын авсан медалийг хүндэтгэх арга хэмжээ зохион байгуулж, түүнд нь ХБНГУ-ын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас эхлээд гадаад дотоодын олон хүн оролцлоо.


Герхард Тийдеманн: Мах, махан бүтээгдэхүүний чиглэлээр Германы команиудтай хамтран ажиллаж байгаад таатай байна

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Герхард Тийдеманнтай энэ үеэр уулзаж, зарим зүйлийг тодрууллаа.

-Европын холбооны тулгуур улсын нэг ХБНГУ-ын Элчин сайд манай үйлдвэрлэгчдийг хүндэтгэн энэ арга хэмжээнд ирсэнд талархал илэрхийлье.
-“Мах Импэкс” компани нь Германд зохион байгуулсан үзэсгэлэн худалдаанд маш амжилттай оролцлоо. Германы Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос өгдөг өндөр шагнал авсан. Би ХБНГУ-аас Монголд суугаа Элчин сайдын хувьд хоёр улсын эдийн засгийн харилцааг дэмжих чиг үүрэгтэй байдаг. Энэхүү чиг үүргийнхээ дагуу өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож байгаадаа таатай байна.

-Цаашдаа “Мах импэкс” ком­­паниар дамжуулаад Мон­­голын компаниудтай хамт­ран ажиллах тов бий юу?
-“Мах Импэкс” компани нь цаашид Герман улсын компаниудтай хамтран ажиллах сонирхолтой, тийм төлөвлөгөө бий гэж бодож байна. Энэ тухай мэдээллээ надад өгсөн байгаа. Энэ компани нь анх байгуулагдсан цагаасаа л Герман улсын дэмжлэгтэй ажиллаж байна. Тийм ч учраас өнөөдөр Герман улсаас оруулж ирсэн технологи, Герман улсаас оруулж ирсэн техникээр үйл ажиллагаа явуулж байгаа юм. Цаашдаа Герман ба Монголын эдийн засгийн харилцаа “Мах Импэкс” компанитай харилцаж буй харилцааны адилаар цаашид улам өргөжинө гэдэгт найдаж байгаа юм. Одоо “Экспо Монголиа” гэсэн үзэсгэлэн явагдаж байна. Энэ үзэсгэлэнд Герман улсаас нэлээд олон компанид идэвхтэй оролцож байгаа гэдгийг онцолъё. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг цаашид улам хөгжиж түвшин ахихад энэ үйл явдал чухал хувь нэмэр оруулж байна. Цаашид Герман ба Монголын эдийн засгийн хамтын ажиллагаа улам өргө­жин дэвшинэ гэж бодож байна.

-“Мах импекс” компа­нийн тоног төхөөрөмж, технологи ер нь Германых. Герман улс мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг. Тиймээс олон орон танай технологийг нутагшуулдаг?
-Германы компаниудтай хамтран үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг онцолъё. Ийм ч болохоор дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэж, Герман улсад болсон олон улсын үзэсгэлэн худалдаан дээрээс ийм том шагнал авсан гэж болно.

-Хуучин социалист Герман гэгдэж байхад манайхаас мах боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр гэхэд олон хүн суралцаж байсан. Одоо энэ салбараар Германд мэргэжилтэй боловсон хүчин сургах тухайд Та ямар бодолтой байдаг вэ?
-Нарийн мэргэжлийн боловсрол, тусгай дунд боловсрол олгох тухайд Герман улс Монголтой нягт хамтарч ажиллаж байгаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Улаанбаатар болон орон нутагт Герман мэргэжилтнүүдийг урьж ажиллуулж, хүмүүсийг мэргэжлийн боловсрол олж авахад туслах зэргээр ажиллаж байна. Мөн их ба дээд сургуулиудтай нягт хамтарч ажилласаар ирсэн, ажиллаж байгаа гэдгийг хэлье. Үүний үр дүнд монгол оюутнууд Герман улсад тэтгэлэгтэй суралцаж, зарим нь хувиараа очих гэх мэтээр Монголын мэргэжилтэй боловсон хүчин бэлдэх үйл явцад бид идэвхтэй оролцож байна.

-“Мах Импэкс” компани гэх мэт өөр олон салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудыг Европ ба дэлхийн зах зээлд гарах амаргүй замд ХБНГУ-ын Элчин сайдын яам цаашид дэмжих бодлого баримтална гэж ойлгож болох уу?
-Герман улсын Засгийн газраас Монголын хувийн компаниудыг ХБНГУ ба Европын зах зээлд хөл тавих боломжийг нээх тал дээр дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байгаа. Тийм ч учраас ч Герман улс бол мах, махан бүтээгдэхүүний чиглэлийн мэргэжилтэн, боловсон хүчин бэлдэх тал дээр бид бүх талын дэмжлэг үзүүлж байгаа, цаашид ч үзүүлэх болно.

-Танд баярлалаа.


Б.Бадмаа: “Нүүдэл” брэнд салбарын “олимп”-д тэргүүлэв

“Мах Импэкс” компанийн Хиам, консервын үйлдвэрийн гүйцэтгэх захирал Б.Бадмаатай ярилцлаа.  

-Франкфуртэд том үзэсгэлэн худалдаа болж,  “Мах Импэкс” компанийн  “Нүүдэл” хиам алтан медаль авч өндөр чанартай бүтээгдэхүүн гэдгээ олон улсын түвшинд баталжээ. Ямар нэр хүндтэй үзэсгэлэн худалдаа болсон, авсан шагналын ач холбогдлын тухайд та тодруулна уу?
-Юуны өмнө бид гурван жилд нэг удаад зохиогддог олон улсын үзэсгэлэн худалдаанаас алтан медаль авсан гэдгээ хэлье.  Тэгэхээр Майн дахь Франкфурт хотноо зохион байгуулагдсан энэхүү олон улсын үзэсгэлэн худалдаанд мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч дэлхийн олон мянган компани гурван жилийн турш шилж, шалгаж авсан, хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнүүдээ авч ирж танилцуулдаг, хэрэглэгчиддээ хүргэдэг, оролцдог маш том арга хэмжээ юм.
Махыг бэлдэх шат дамжлаганы тоног төхөөрөмж, ажилчдын хувцас, хэрэглэлээс эхлээд хиам гэх мэт эцсийн бүтээгдэхүүний жор, сав баглаа, боодол гээд бүх л төрлийн үйлчилгээ ба бүтээгдэхүүний үйлдвэрлэгчид оролцдог, энэ салбартаа дэлхийн хэмжээний чухал ач холбогдолтой үйл явдал болдог. Дэлхийн компаниуд энэ уралдаанд оролцон гурван жилийн дотор хийсэн ололт амжилтаа танилцуулах, туршлага солилцох гээд маш өргөн хүрээтэй арга хэмжээ явуулдаг. Нэг үгээр бол энэ салбарын Олимп гэж зүйрлэж болох том арга хэмжээ.

-Тэгвэл их чухал арга хэмжээнд оролцсон юм байна. “Мах Импэкс” компани урьд нь оролцож байсан уу?
-Гурван жил тутам зохион байгуулагддаг энэ үзэсгэлэн худалдаанд монголчууд 2004 онд анх оролцсон түүхтэй. Анх дэлхийн жишгийн бусад компаниудын туршлага судлах хэмжээнд оролцож байлаа. Тэгээд 2007 онд манай компани дэлхийн жишигт нийцэх зорилгоор энэ үзэсгэлэн худалдаанд оролцох явцдаа 5,8 тэрбум төгрөгийн техник, төхөөрөмж худалдан авч байлаа. Техник технологио шинэчлэх бодлогоо үргэлжлүүлж, 2013 онд хоёр тэрбум төгрөгийн худалдан авалтыг энэ үзэсгэлэнгээс хийсэн. Энэ мэтээр бид өнгөрсөн хугацаанд энэхүү алдартай үзэсгэлэнд оролцох болгондоо дэлхийн хэмжээний компаниудын туршлагыг судалж, техник, технологийн өөрчлөлт шинэчлэлт явуулах бэлтгэл ажлаа базааж байсан. Ингэсээр энэ жилээс авсан техник, судалсан туршлага дээр суурилан гаргасан өөрийн гэсэн бүтээгдэхүүнийхээ чанарыг өрсөлдүүлээд ийм өндөр үнэлгээ авлаа.

-Өмнө нь, Германы техник, технологи худалдан авч Монголд нэвтрүүлэхэд хийсэн олон тэрбум төгрөгийн тэр бүх хөрөнгө оруулалт өгөөжээ өгч эхэлжээ?

-Техник, тоног төхөөрөмж, бидний олж авсан бүх ноу-хау маань өнөөдөр өгөөжөө өгч байна гэж ойлгож болно. Бид Германаас гадна Австри улсаас тоног төхөөрөмж авсан. Энэ бүх техникийг авснаар тэдгээрийг суурилуулах, угсрах, үйлчилгээ сервис гэх мэт дараа дараагийн бүх шатны үйл ажиллагаанд тухайн улсын, өөрөөр хэлбэл Герман, Австрийн мэргэжилтнүүд ирнэ. Дээр нь, тэр бүх техникийг ашиглан бэлдэж гаргах бүтээгдэхүүний жор, технологи орж ирэх тул тэдгээр мэргэжилтнээс манайхан суралцах, бэлтгэл хангах ажил эхлээд байгаа.

-Энэ үйл ажиллагаанд Оюуны өмчийн газрын төлөөлөгч оролцож байна. Энэ их содон юм боллоо. Манайхны хувьд мах, махан бүтээгдэхүүний жортой холбоотой оюуны өмч гэхээр юу байх вэ гэсэн гайхшрал байдаг. Энэ талаар та тодруулна уу?
-Энэ бол нарийн яривал хамгийн чухал нь гэж болно. Хиам болгон өөрийн гэсэн амттай. “Нүүдэл” гэж алтан медаль авсан хиам байна, “Зочид”, “Дээдэс” гээд брэнд байна. Өрсөлдөгч компаниудад тийм амттай бүтээгдэхүүн байхгүй. Тэр бүх онцгой, дахин давтагдашгүй амтыг гаргаж авахын тулд манай мэргэжилтнүүд ур ухаанаа уралдуулж байгаа юм шүү. Мэддэггүй хүн болохоор мах машиндаад, тогоонд хийж шараад, давс, сонгино хийсэн төдийхнөөр төсөөлдөг. Гэтэл үнэн хэрэг дээрээ зах зээлд өрсөлдөх чадвартай нэг брэндийг гаргаж ирэх, амтыг нь тогтоохын төлөө маш олон хүний хүч, хөдөлмөр орж байдаг юм. Нэгэнт л өрсөлдөөн байгаа болохоор манай брэндийн нууц, бэлдэхэд хэрэглэсэн технологийн давуу тал буюу ноу-хау гэж байхаас өөр аргагүй, тэр нь байгаа юм. Ийм учраас манай бүтээгдэхүүн, “Нүүдэл” нэртэй брэндийг яаж бүтээсэн бэ гэдэг утгаар нь бид оюуны өмчийн газраас эрхийг нь авч байгаа.

-Дэлхийн хэмжээний үзэсгэлэн худалдаанд оролцон алтан медаль авлаа гэдэг нь “Мах Импэкс” компанийн хувьд төдийгүй Монголын энэ салбарт ажилладаг бусад компанийн хувьд ямар ач холбогдолтой юм бэ?
-Наад захын жишээ татъя л даа. Урьд нь Монголын хиам, махан бүтээгдэхүүн гэж дэлхий дахинаа, түүний дотор Европт хэн мэддэг байсан юм бэ? Тэгвэл энэ үзэсгэлэн худалдаанаас алтан медаль авснаар “Нүүдэл” хиам, “Нүүдэл жерки” гэсэн брэндийг Европт мэддэг боллоо гэж болно. Илүү олон хүн, олон зуун мянган хүн “Нүүдэл” бол үнэхээр сайн хиам мөн юм байна гэдгийг мэдэж авлаа  гэсэн үг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан