Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өлсөгч Н.Энхбаяр ба өнөө мөрдөж байгаа Эрүүгийн хууль

Аливаа хүн, жишээ нь Монгол Улсын экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр ардчилсан нийгмийн аль ч цаг үед өлсгөлөн зарлах эрхтэй. Нийгэм, эдийн засаг, үзэл бодол, улс төрийн байр сууриа хамгаалах үүднээс ямар ч хугацаанд өлсгөлөн зарлаж болдог. Харин энэ замыг сонгосноороо өөрт тулгараад буй асуудалд олон нийтийн анхаарлыг татах, өөрийн хүсэл зорилгод нийцүүлэн асуудлыг шийдэх зорилготой байдаг. Энэ нь тэмцлийн хурц хэлбэр гэдгийг бид мэддэг бөгөөд хүчээр хооллох нь ёс зүйн хувьд байж болошгүй гэж олон улсад хүлээн зөвшөөрдөг юм. Мэдээж, амыг нь хүчээр онгойлгож хоол цутгах, эсвэл тариагаар амин дэм шахах нь хүнлэг бус, гутаан доромжилсон үйлдэл тул тэмцлийн энэ хэлбэрийг хөндлөнгөөс таслан зогсоох боломж бараг байхгүй. Тэгэхээр өлсгөлөн зарлаж буй хүн өөрийн хүслийг гүйцэлдүүлэхээр амь насаа золиход бэлэн байна гэсэн үг.

Тиймээс яг өнөөдөр улс төрийн өлсгөлөн зарлаж буй Н.Энхбаяр тэргүүтэй МАХН-ын гишүүд ямар үндэслэл шаардлагаа хэнд тавьж байгаа болоод бодит нөхцөл байдал, хуульзүйн үндэслэл  нь ямар байгааг сийрүүлье.

Үндэслэл: Сонгуульд нэр дэвших боломжгүй тул

Уржигдар МАХН-ын Бага чуулганы гишүүд мэдэгдэл гаргасан байгаа юм. Ингэхдээ, “...МАНАН-гийн бүлэглэл эрээ цээргүй явуулга хийж байна. Үүний тод илрэл нь МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, МАХН-ын дэд дарга Э.Эрдэнэжамъяан тэргүүтэй бидний зарим журмын нөхдөд шаардлагатай бичиг баримтыг хууль зөрчин хүчээр гаргаж өгөхгүй байх, улмаар УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахгүй гэсэн бусармаг арга хэрэглэж байна...” гэсэн байгаа юм. Шаардлагатай бичиг баримт гэдэг нь сонгуульд нэр дэвшигчийн бичиг баримт дунд байж байх ёстой “ял шийтгэлгүй” гэсэн лавлагаа юм. Өөрөөр хэлбэл, тэрээр биеэр эдлэх ялгүй, мөн өөрийн гэм бурууд таарсан ялаа эдлээд гарсан тул өөрийгөө гэм, зэмгүй гэж үзэж байгаа юм. Энэ нь үнэн. Түүнд одоо ял байхгүй. Гэвч, Монгол Улсад хэрэгжиж байгаа хуулиар Эрүүгийн хуульд ялтай байдал гэх ойлголт байдаг юм.

Бодит байдал:
Сонгуулийн насны хэн ч сонгох, сонгогдох эрхтэй гэсэн үндсэн заалт бий. Гэхдээ төр улсыг түшилцэх тул тодорхой хэмжээний цензур, шаардлага  байдаг. Тухайлбал, Сонгуулийн тухай хуулийн “125.4.4-д “ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн заалт байгаа юм.

Тэгэхээр Н.Энхбаярын хувьд энэ хуульд зааснаар ял шийтгүүлж байсан тул “ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” хуулийн заалтыг биелүүлэх шаардлагатай болж байгаа юм. Гэтэл Н.Энхбаяр нь
Эрүүгийн хуулийн 150.3 болоод 263.2-р  шийтгүүлсэн хүн. Нэг нь онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг бол 263.2 нь албан тушаалын гэмт хэрэг гэж явдаг.
1.    150.3 буюу хохирол учруулсан хэргээр ял сонссон ч Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж түүнд уучлал үзүүлснээр ялгүй болсон юм.
2.    Харин 263.2-ыг 2009 баталсан Өршөөлийн хуульд хамруулснаар тэрээр энэ зүйл ангиар биеэр эдлэх ял аваагүй.
3.    Түүнчлэн 150.3-аар сонссон биеэр эдлэх ялыг Ерөнхийлөгч уучилсан бол ялгүйд тооцогдох хугацааг нь 2015 оны наймдугаар сард баталсан Өршөөлийн хуулиар дуусгасан юм.
Ингээд өнөөдрийг хүртэл тэрээр зөвхөн 263.2 буюу албан тушаалын гэмт хэрэг үйлдэж байсан гэх үндэслэлээр 2017 он хүртэл ял шийтгэл эдэлж байсан гэх статустай хэвээр байх юм. Мэдээж, ийм тохиолдолд “ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх” гэсэн нэр дэвшигчид тавигдах шаардлагыг биелүүлж чадахгүй юм.

Эсэргүүцэл нь: Аливаа гэмт хэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд, онц хүндээс нь шалгаалж ял болоод нэмэгдэл ялаа эдэлж дууссанаас хойш 1-10 жилийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдээгүй бол ял шийтгэлгүйд тооцдог. Харин энэ хугацаанд гэмт хэрэг үйлдэх юм бол ялыг хүндрүүлэх нөхцөлтэйгээр оноодог. Тэгвэл УИХ-аас Эрүүгийн хуулийг шинэчлэн батлахдаа нэг гэмт хэрэгт нэг л удаа ял өгнө, өмнө нь авч байсан ял тухайн хүнийг хүндрүүлэх нөхцөлтэй яллах шалтгаан болохгүй гэх логик гаргаж баталсан.
Мөн өнгөрсөн онд баталсан Өршөөлийн хуульд, өршөөлд хамрагдах, үл хамрагдах гэж бий. Гэтэл Н.Энхбаяраар жишээлбэл, тэрээр албан тушаалын хэргээр биеэр эдлэх ялгүй мөртлөө түүний зүйл анги болох 263.2 нь Өршөөлийн хуульд хамрагдаагүй. Өөрөөр хэлбэл, өршөөхгүй байх заалтаар Н.Энхбаяр ял шийтгэлгүй мөртлөө, ямарваа нэг улс төрийн албан тушаалд очно гэхээр өмнө нь ял шийтгэлтэй байсан юм шиг зөрчилдөөн эндээс үүсээд байгаа гэж өлсгөлөн зарлагсад тайлбарлаад байгаа юм.

 Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд

Энэ талаар Их хурлын дарга: Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүн Жим Макдормет айлчилж байгаа юм. Тэрээр “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр авлигын хэргээр шүүгдээд, дараа нь өршөөлд хамрагдсан. Тэрээр УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй байгаа, үүний тулд намынхаа 17 гишүүний хамтаар өлсгөлөн зарлаад байгаа юм байна. Хөндлөнгөөс харахад ойлгоход бэрх энэ үйл явцын талаар Та тайлбарлаж өгнө үү” гэсэн юм.

Харин УИХ-ын дарга “Энэ бол одоо мөрдөгдөж буй Эрүүгийн хуультай холбоотой. Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс бид шинэ Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх юм. Одоогийн Эрүүгийн хуульд хуучин нийгмийн тогтолцооноос үлдсэн зүйл гэвэл хүн ял эдлээд дуусахад, үүний дараа “ялтай тооцох хугацаа” гэдэг тодорхой хугацаа байдаг. МАХН-ын дарга Н.Энхбаяр, нам нь манай намтай хамтарч Засгийн газар байгуулсан. МАХН-ын дарга Н.Энхбаярын хувьд “Намайг уучилсан, мөн Өршөөлийн хууль батлагдсан учраас миний ялтай тооцох хугацаа дууссан” гэдэг байр суурьтай байгаа. Харин Цагдаагийн байгууллагын зүгээс “Таны ялтай тооцох хугацаа дуусаагүй” гэсэн. Ийм л маргаан байгаа” гэсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан