Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шинэчлэлээс эрсэн уламжлал, уламжлалаас улбаалсан шинэчлэл


“Монголын нүүдэлчин айл бүрт байдаг эгэл нэгэн авдар“Уламжлал ба Шинэчлэл” медиа урлагийн уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнгийн хойморт заларчээ. Энэ авдрыг урлагийн бүтээл болгож буй нь дахин давтагдашгүй цэнхэр өнгө мөн дуран байв. Авдрын нүүрэн талд, тэг дунд нь суурилуулсан дурангаар биднээс алсран холдож буй нүүдэлчин ахуй амьдрал, өв соёл, уламжлалаа олж харна. Ойрхон хэрнээ хол, хол атал ойр ч юм шиг санагдах Монгол ахуйтай энгийн нэгэн дуран учруулах нь тэр. Тус үзэсгэлэнд оролцож буй залуу уран бүтээлч Б.Мөнхцэцэгийн “Цоожтой авдар” инстоляц буюу өрөг уран бүтээлээс ийм нэг эмзэглэл тээв.

“Уламжлал ба Шинэчлэл” медиа урлагийн уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн “Улаанбаатар”олон улсын медиа урлагийн анхдугаар наадмын хүрээнд зохиогдож байгаа бөгөөд Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 9-нөөс эхлэн үзэгчдийн хүртээл болсон юм. Долдугаар сарын 9-нийг хүртэл дэлгэгдэх үзэсгэлэнд Ази, Европын орны уран бүтээлчдийг төлөөлж есөн орны 18 уран бүтээлч оролцож буй. Тэдний бүтээлүүд өөр өөрийн гэсэн онцлог, үзэл санаа, агуулгатай хэдий ч тэднийг нэгтгэж буй зүйл нь медиа урлагийн элементүүд. Тэд өөрсдийн сэтгэл, сэтгэлгээг шингээн урласан бүтээлдээ техник технологийн зарим нэг хэлбэрээс оруулж, “Уламжлал ба шинэчлэл”-ийг хослуулсан байв. Дээр дурдсан “Цоожтой авдар” бүтээл үүний тод илрэл бөгөөд орчин үеийн лэд дэлгэцийг энгийн нэг дурантай хослуулж, энэ цаг үеийг өнгөрсөнтэй, суурин соёлыг нүүдэлчин ахуйтай, энэ орон зайг дурангаар үзэгдэх  хэмжээст орон зайтай холбож өгснөөрөө медиа урлагийн бүтээл болж буй мэт санагдлаа.

Бүхий л зүйл хурдтай хувьсан өөрчлөгдөж, ойлголт, төсөөллийн хувьд шинэ, боломжгүй байсан зүйлс ердийн үзэгдэл болон хувирч буй нь хурдацтай мэдээллийн буюу цахим хувьсгалын эрин үед амьдарч байгаатай холбоотой. Үүний улмаас бид бүхнийг кодчилж, ямар нэгэн хэв загварт цутгаж, түүнийгээ өөрийн оюун санаанд хүртэл хэрэгжүүлж нэг хэвээр олон зүйлийг бүтээхийг хүсдэг болж. Мөн энэ өнцгөөрөө хардаг. Тиймээс хувьсан өөрчлөгдөж буй энэ үед баригдмал үзлээсээ ангижрах уу, энэ хэвээр үлдэх үү. Мөн өнгөрсөн ба ирээдүйг хамтад нь харахад бид бэлэн үү зэрэг олон асуултын хариултыг “Уламжлал ба Шинэчлэл” үзэсгэлэнгээс олох болно.

Юү Ми: Медиа урлагийн суурийг ойлгож, эргээд өөрсдийгөө өөр өнцгөөс олж харах нь чухал

“Нийгмийн хөгжлөө дагаад хүмүүсийн амьдралын хэв маяг сүүлийн жилүүдэд ихээхэн өөрчлөгдөж байгаа хэдий ч байгаль ба хүн хоорондын харилцан шүтэлцээ, өвөг дээдсээс уламжлан ирсэн зан заншил, шашин шүтлэг зэрэг үндэсний баялаг өв уламжлал нь монголчуудын бахархал хэвээр үлдсэн нь сайхан санагдлаа. Бид уламжлал, шинэчлэлийн тухай эргэцүүлэхдээ энэ хоёр ойлголтыг ангид мэт ойлгодог. Угтаа эдгээрийг нэг бүхэл зүйл гэж ойлгох учиртай” хэмээн “Уламжлал ба Шинэчлэл” үзэсгэлэнгийн куратор, урлаг судлаач Юү Ми ярилцаж байх үеэрээ хэлэв. Медиа урлаг гэж юу болох талаар түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Медиа буюу дижитал урлаг харьцангуй залуу ч Барууны оронд энэ чиглэлээр уран бүтээл туурвидаг уран бүтээлч олон бий. Харин манай улсад энэ урлагийн талаарх ойлголт хомс, мэдээлэл ч багабайдаг. Тэгэхээр уншигчдадаа эхлээд медиа урлагийн талаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх?


-Үүнийг медиа урлаг гэнэ. Ингэж ойлгоно гэсэн ойлголт байдаггүй л дээ. Гэхдээ уншигчдад ойлгомжтой байх үүднээс олон талаас нь тайлбарлах гэж оролдъё.
Урлаг судлалын түвшинд медиа урлагийг нэрнээс нь эхэлж тайлбарладаг. Медиа гэдэг нь дамжуулагч буюу аливаа нэг зүйлийг дамжуулж буй процессыг хэлнэ. Утга санааг нэгээс нөгөөд дамжуулж байгаа хэрэгсэл гэсэн үг. Өөрөөр хэлбэл, цахилгаан үүсгэврээр ажилладаг машинаар дамжуулж бодол санаагаа бусдад илэрхийлдэг учраас медиа гээд байгаа юм. Утга санаа дамжуулж л байгаа бол тэр медиа урлаг. Цахилгаан соронзон үүсгүүртэй тог дамжуулж буй тэр үйл явц мөн л медиа, медиа урлаг. Уран бүтээлч, эсвэл хэн нэгэн өөрийн үзэл бодол, санааг нэгээс нөгөөд шилжүүлэн дамжуулах үйл явцыг л хэлээд байгаа юм. Бидний мэдэх соёл урлаг, дүрслэх урлагийн салбарт технологийг хослуулах урлагийн нэг төрөл. Энгийнээр тайлбарлавал, бүжгийн урлагийг дэлгэцийн урлагтай хослуулах юм уу даа. Ямар нэгэн технологийн дамжуулагчтай урлагийг холбож байгаа хэлбэр. Аливаа нэг техник хэрэгслийг урлагийн бүтээлтэй холбож буй холбоосыг медиа урлаг гэж тайлбарлаж болно.
Түүхийн талаас нь тайлбарлавал, морь, хүн хоёр нэгэн цагт нэгнээсээ үл хамааран, харилцан шүтэлцээгүй оршин тогтнож байсан. Гагцхүү тэднийг холбодог зүйл бол эмээл, хазаар. Эмээл, хазаар бий болж, хүн, морь хоёр холбогдсоноор, Монголын цэрэг эрс дэлхийн талыг эзэлсэн. Тиймээс эмээл, хазаарыг дамжуулагч гэж хэлж болно. Хэрвээ хүн төрөлхтөн эмээл, хазаарыг бүтээгээгүй байсан бол хүн, морь хоёр дамжуулагчгүйн улмаас холбогдохгүй байсан байх.
Шашны  талаас нь авч үзвэл, тэнгэр, байгаль, хүн гурвын хоорондын харилцааг дамжуулагч нь бөө болж байгаа юм. Учир нь, бид өвөг дээдэс, дээд тэнгэртэйгээ бөөгөөр дамжуулан холбогддог. Харин буддын шашны хувьд бид лам нараар дамжуулан бурхадтай холбогддог. Дамжуулагч гэж яриад байгаа зүйл маань бүх төрлөөр илэрдэг. Харилцааг дамжуулж буй дамжуулагчийг л медиа буюу медиа урлаг гэж ойлгож болно.

-Анхдугаар наадам “Уламжлал ба шинэчлэл” сэдвийн хүрээнд болж, уран бүтээлчид ч наадамд зориулж бүтээлээ туурвисан. Үзэсгэлэнгээс өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь харна болмоор санагдлаа?

-Энэ сэдвийн хүрээнд уран бүтээлчдийн бүтээл сонгогдсон. Ганзүгийн “Төрүүлэгч” хэмээх бүтээл нь бөөгийн болон бурханы шашны холбогч орон зайг бий болгож, Цагаан дарь эхийн шүтээн зургийг бөөгийн шашны тэнгэр үзэлтэй харьцуулан, хүний дотоод ертөнц дэх шашны зан үйлийг бодит, үйл хөдлөлөөр илэрхийлж буйгаараа онцлогтой. Харин Данийн уран бүтээлч Амалие Смит хүртэх мэдрэмжийг цаг хугацааны дарааллаар тайлбарласан байгаа юм. Хадны сүг зураг дээр хүн гараа дамжуулагчаар ашиглаж байсан. Гарныхаа хээг үлдээж, гараараа зураг зурдаг байсан бол харин одоо бид дижитал системд шилжин,  зөвхөн товчлуур дарах, утасныхаа нүүрийг илэх зэргээр гараа ашиглаж байна. Үүнийгээ бид өөрчлөлт, хөгжил, дэвшил гэж хардаг. Угтаа бидний хөгжил дэвшил гээд байгаа дэвшилтэт технологи, программ гээд энэ бүгдийг бид гараараа бүтээдэг. Тэгэхээр хүртэх мэдрэмж хүй нэгдлийн үед ямар байсан одоо ч тэр хэвээрээ байгаа. Уламжлал, шинэчлэл гэдэг нь хоорондоо байнгын холбоотой эргэлдэж байдаг дахивар зүйл. Бид хуучнаа ахин шинээр нээж олж, шинэ гэсэн зүйл маань хормын дараа л хуучирдаг. Бидний амьдрал ийм эргэлтэд оршдог учраас уламжлал, шинэчлэл гэдэг ойлголт бие даасан, салангид ойлголтууд биш, харин ч холбоотой, эргэлтэд оршдог гэсэн санааг уран бүтээлчид өөр өөрийн гэсэн арга барил, илэрхийллээр илэрхийлсэн.

-Та медиа урлаг, тэр дундаа дорнын соёлтой хэрхэн холбогддог талаар судалдаг юм байна. Дорнын соёл энэ урлагтай ямар хамааралтай юм бэ?

-Барууны урлагийн түүх, хөгжилд аливаа зүйлсийг тусгаарлаж үздэг. Өрнө, дорно, урд хойд гэдэг ч юм уу. Харин эсрэгээрээ Дорнын соёлд “бид  тус тусдаа оршино, гэхдээ бид бүхэл” гэсэн санаа агуулагддаг.Өрнийн соёлд өөр хоорондоо эсрэг тэсрэг гэж үздэг байгаль ба соёл, органик ба органик бус, өөрийн ба бусдын гэх ойлголтыг батлахыг хүсдэггүй. Харин эдгээрийн хэлхээ холбоог олж харж, няцаах байр суурьнаас хандаж, уламжлалаас хэрхэн технологийн уг үндсийг олж харах талаас нь судалдаг.
Медиа урлагийг ойлгохын тулд бид дөнгөж суралцаж буй энэ үедээ шууд баруунхны тайлбарлаж байгаа дижитал урлаг чигээр нь авах уу, харин өөрсдийнхөө соёл, урлаг, ахуйд тулгуурлаж ойлгох уу гэдгийг уран бүтээлчид маань сайн ойлгоосой. Медиа урлаг ийм байдаг, баруунд ингэдэг гэсэн сэтгэлгээгээр медиа урлаг Азид битгий хөгжөөсэй гэсэн санаа өнөөдрийн үзэсгэлэнд шингэсэн байгаа.

-Тэгвэл харьцангуй залуу энэ урлаг манайд хэрхэн хөгжих ёстой юм бэ. Одоогийн хөгжлийнх нь талаар та юу хэлэх вэ?


-Монголын уран бүтээлчидтэй ажиллаж байхад нэг зүйл анзаарагдсан. Уламжлалаа сайн мэддэг. Уг гарвал, үүх түүхэндээ их хайртай. Өвөг дээдсээрээ бахархдаг. Уламжлалаа хадгалж, уран бүтээлдээ ч үүнийгээ тусгахыг  хичээдэг нь ажиглагдсан. Түүнчлэн барууныхны дижитал буюу медиа гэж нэрлээд байгаа соёлтой их танилцах хэрэгтэй юм шиг санагдлаа. Тэгэхдээ хэтэрхий уусч, өөрийн мөн чанарыг алдах биш эргээд өөрөө өөрийгөө арай өөр өнцгөөс хардаг болох хэрэгтэй. Энэ үе шат бол хамгийн эгзэгтэй мөч. Монгол яг энэ үе шатан дээрээ явж байна. Нэг жишээ хэлэхэд, Радио телевизийн дээд сургуулийн оюутнуудад бид эртнээс сургалт явуулахаар сургуулийн удирдлагуудтай тохирсон байсан. Сургуулийн удирдлагууд сургалтад зориулж тусгай лаборатор байгуулж, сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж суулгасан байсан. Гэтэл эсрэгээрээ сургалт явуулах багш маань эртний, бидний хэрэглэхээ больсон гар буюу аналоги төхөөрөмжийг нь эргүүлээдаваад ирсэн. Эндээс ийм зүйл харагдаж байгаа юм. Уусч алга болох биш медиа урлагийн суурийг ойлгож, эргээд өөрсдийгөө өөр өнцгөөс олж харах нь чухал.
 
-Үзэсгэлэнд дэлгэсэн  бүтээлүүдээс өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээ холбоог анзаарч, манайх хэрнээ холынх юм шиг өв, уламжлал, соёлтой танилцлаа. Медиа урлагийн бүтээлийг үзэгчид өөр өөрийнхөөрөө ойлгох нь энэ урлагийн бас нэгэн онцлог гэж ойлгосон. Тийм үү?

-Медиа урлагийн хамгийн сайхан нь үзэгчдэд тухайн урлагийг өөрийнхөөрөө тайлбарлах боломж олгодог. орчин үеийн урлагийн хамгийн давуу тал нь  үзэгчдийн оролцоо байдаг явдал. Оролцож, харилцаж байж тухайн бүтээлийг ойлгох гэсэн санаанууд явдаг. Тийм учраас үзэсгэлэнд дэлгэгдсэн бүтээлүүд үзэгчдэд тухайн бүтээлтэй харилцах боломжийг олгож байгаа. Уламжлалаасаа холдож байгаа гэсэн санааг “Цоожтой авдар” бүтээлээрээ уран бүтээлч Б.Мөнхцэцэг харуулахыг зорьсон. Холын зүйлийг бид дурангаар ойртуулж хардаг. Тиймээс бидний өв соёл, нүүдэлчин ахуй амьдрал биднээс холдож байгаа гэсэн санааг дурангаар илэрхийлсэн. Гэхдээ үүнийг үзэгч бүр өөр өөрийнхөөрөө ойлгож, хардаг. Үзэсгэлэнгийн нээлтэд 200 гаруй хүн ирсэн. Үзэгчдийн зарим нь ямар сонин, содон гайхамшигтай юм бэ гэж хүлээж авч байхад зарим нь яах гээд байгааг нь ойлгохгүй байна гэж байсан. Нэг үзээд ойлгохгүй бол ахин ирээд сонирхох боломж олгох  үүднээс нэг сарын хугацаатай үзэсгэлэнгээ дэлгэж байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан