Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Р.Барсболд: Шинжлэх ухаан хэрэггүй юм бол биднийг хааш нь ч гаргачихаж болно


Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг тус дүүргийн прокурорын газарт шилжүүлэх тухай 270 дугаар тогтоолыг Монгол Улсын Засгийн газраас тавдугаар сарын 23-ны өдөр гаргасан.

Уг шийдвэрийг тус хүрээлэнгийн эрдэмтэн, судлаачид эсэргүүцэж, өчигдөр хэвлэлийнхэнд хандсан боловч эрх мэдэлтнүүдээс “хэлэлцээр хийе”, “хэвлэлийн хурлаа цуцал” хэмээн үүрэгдсэн гэх. Харин үүнийг хүрээлэнгийнхэн “гал унтраах түр зуурын арга” хэмээн үзэж буйгаа хэлж байв. Хэрэв дээрх тогтоол цуцлагдахгүй болПалеонтологи, геологийн хүрээлэнгийнхэн, мөн нүүлгэн шилжүүлэх боломжгүй эртний ургамлын сан, сээр нуруугүй амьтад, боловсруулаагүй чулуун дээжийн сан хөмрөг зэрэг эртний олдворыг хэрхэх талаар Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн палеонтологич, геологич Р.Барсболдоос тодрууллаа.

-Танай хүрээлэнгийн барилгыг Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлэх тухай тогтоол гарсан. Эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах зориулалтын байр мөн үү гэдгээс асуудал хөврөөд эхэлнэ? 


-Ер нь, манай улсад зориулалтын байр гэж байдаг юм уу. Мэдээж зориулалтынх биш. Манайд үйл ажиллагаа явуулж байгаа музейд ч гэсэн зориулалтын бус байранд л ажиллаж байгаа. Төр засгийнхан энэ тухай мэдэх ч үгүй байх.

-Хэрэв дээрх тогтоолыг хэвээр үлдээж, Баянзүрх дүүргийн прокурорын газарт шилжүүлчихвэл та болоод танай хэдэн эрдэмтэн хаачих болж байна вэ?

-Гадагшаа л гарах байх. Өөр арга байхгүй. Бидэнд багтаж шингэх, биднийг багтаах байр алга. Шинжлэх ухаан хэнд ч хэрэггүй юмбол хааш нь ч гаргачихаж болно. Манай хүрээлэнд бараг 40-өөд эрдэмтэн, судлаач бий. Мөн даацтай, чулуужсан эртний олдворууд хадгалаатай байгаа. Энэ бүхнийг яах гээд байгааг ойлгохгүй байна.

-Тэгэхээр энэ бүх олдворыг хааш нь шилжүүлж, хадгалах бол гэсэн асуулт гарч ирэх нь. Зарим олдворыг нүүлгэн шилжүүлэх боломжгүй гэх юм билээ. Энэ талаар та бүхэнтэй ярилцсан зүйл байгаа юу?

-Байхгүй. Тэр тогтоол гаргасан хүмүүс үүнийг хариуцна гэж ойлгож байна. Үлэг гүрвэлийн чулуужсан яснаас өгсүүлээд нүдэнд харагдахгүй шахуу чулуужсан бактерийн ор мөр хүртэл хадгалагдаж байна. Манайхан үлэг гүрвэл л гэвэл тарбозаврбаатар  гэж боддог. Тийм биш шүү дээ. Өдий төдий амьтан, ургамал бий. Ийм тогтоол гаргаж байгаагаас үзвэл шинжлэх ухаан ч хэрэггүй, тэр тусмаа тэнд ажиллаж байгаа эрдэмтэд ч хэрэггүй, цагаа тулахаар хяналт, шалгалт явуулаад, яасан ийсэн гээд толгой тасдчих гээд байдаг тэр олдворууд нь ч хэрэггүй юм байна. Гэхдээ энэ бүхнийг дээдчүүд ойлгож, мэддэг байх хэрэгтэй.

-Ер нь, манай улсад палеонтологийн салбарын хөгжил ямар түвшинд байна вэ?

-Их сайн гэж хэлнэ. Хэдэн жишээгээр үүнийг баталж болно. Манай улс эрт цагийн амьтан, ургамлын чулуужсан олдворын агуулах гээд хэлчихэд буруудахгүй. Олон зуун сая, тэрбум жилийн өмнөхөөс өгсүүлээд өнөөг хүртэлх хамрах арслан заан, савагт хирс, эртний хүний агнаж байсан амьтад хүртэл манай нутгаас олддог шүү дээ. Манай олдворуудыг дэлхий хэрхэн хүлээж авдаг юм бэ гэхээр, Япон улсын Нагояа хотод манай үлэг гүрвэлийн үзвэрийг хоёр сарын хугацаанд нийтэд  дэлгэн үзүүлсэн юм. Биднийг тус хотын удирдлагууд хүлээн авч, иргэдээ соён гэгээрүүлж, иргэддээ оюуны хөрөнгө оруулахын тулд дээрх үзэсгэлэнг урьж авчирсан гэдгээ хэлсэн. Хоёр сарын хугацаанд Монголын нутаг дэвсгэрээс олдсон үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг 990 мянган хүн үзсэн байдаг юм. Энэ бол иргэддээ оруулж буй том хөрөнгө оруулалт. Япон, Америк төдийгүй Европын Нэгдсэн улсуудад бид олдворуудаа дэлгэн үзүүлж байсан. Энэ үед биднээс Монголын талаар ямар их асууж, сурж байсан гэж санана. Энэ бүх бодит жишээг яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бэ. Гадны улсад манай орныг хүн ам багатай ч өргөн уудам нутагтай, нийгмийн хөгжлөөр тааруу ч хүн төрөлхтний танин мэдэхүйн шинжлэх ухааны салбарт их үүрэгтэй хэмээн үнэлдэг. Гэтэл дотоодод шинжлэх ухаан хэрэггүй гэж үздэг юм байна.

-Уг нь, энэ бүх үнэ цэнэтэй үзмэрүүдээ хүүхэд, багачууддаа үзүүлж, харуулж байвал тэдэнд л хэрэгтэй санагдах юм. Энэ тал дээр таны бодлыг сонсмоор байна?


-Хүннүмоллд үлэг гүрвэлийн томоохон үзмэр ажиллаж байгаа. Даанч жаахан зайдуу юм. Палеонтологи, геологийн салбар шинжлэх ухаан дэлхийн түвшинд маш хурдацтай хөгжиж байна. Астрофизик гэж ярьж байсан бол одоо астропалеонтологи гэж ярьж эхэлсэн байна. Энэ нь өөр гараг дээр амьд биесийн үлдэгдэл байж болох эсэхийг судална гэсэн үг.

-Палеонтологи гэлтгүй бид шинжлэх ухааны салбарыг эрчимтэй хөгжүүлэхийн тулд юу хий ёстой юм бэ?

-Санхүүжилт хэрэгтэй. Израйль гэж жижигхэн улс бий. Манайтай харьцуулахад жижигхэн сумын дайны газар нутагтай, 6-7 сая хүн амтай. Гэтэл улсын нийт орлогынхоо  4.5 хувийг шинжлэх ухааны салбартаа зарцуулдаг. Харин манайд 10-аад жилийн өмнө 0.2 хувь байсан. Харин одоо 0.002 хувь болж буурсан байх. Нэмэгдсэн юм лав байхгүй. Олон улсын жишгийг хараад байхад хувийн аж ахуй нэгж, байгууллага, энэ салбарт хөрөнгө оруулах бололцоотой хүмүүс нь дэмждэг байх юм. Ингэснээр нобелийн шагналтнууд төрнө, шинэ, шинэ нээлтүүд гарна. Бизнесмэнүүд хайртай, дуртайдаа биш ашиг олдог учраас энэ салбарт хөрөнгө оруулдаг. Харин манайхан хөдөлж өгдөггүй юм байна билээ. Манайхан гадаадад их аялдаг ч тэдний туршлагаас суралцаж, нэвтрүүлэх нь маруухан. Уг нь, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд шинжлэх ухаандаа анхаар гэдэг үг хүртэл бий дээ.

0 Сэтгэгдэл
iamar ch uls oron uhriig tooj avahgui. chadal chini hurvel gar. tseverlegchiin ajild ch tooj avahgui. ene baiguullagiin hulgaichid baahan oldvoroo sudluulah neriidleer zarj borluulj hileer gargasan hulgaichid daa
ЯС ГАРГАДАГ МАФИЙН ТОЛГОЙЛОГЧ ЮУ ЯРИАД БАЙНАА.
Хамгийн их уншсан