Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өмнөх 9 хоног юу ч биш одоо хамгийн сонирхолтой, хамгийн дарамттай үе эхэлнэ

Сонгуулийн сурталчилгаа хуулийн дагуу 18 хоног явах ёстой. Өнөөдрийн байдлаар яг тал нь буюу 9 хоног нь өнгөрөөд байна. Хэдий 9 хоног гэдэг цөөхөн мэт санагдавч сонгогч маань сонгуулийн элдэв төрлийн сурталчилгаанаас залхаад эхлэхэд хангалттай. Гэхдээ тэдэнд хандаж хэлэхэд энэ бол юу ч биш. Эхний 9 хоногийг өрсөлдөгчдийнхөө боломж, хүчийг сорьсон  “тагнан турших тактикийн байлдаан” гэж болно. Дайны онолоор өрсөлдөгчдийнхөө галын хүч, цохилтын гол хэсгийн байршил, сул ба давуу тал зэргийг тодруулахын тулд бага хүчээр тагнан турших тактикийн байлдаан явуулдаг. Энэхүү тактикийн тулаанаар өрсөлдөгчдийнхөө бүх сул ба давуу талыг тодорхойлж, түүнд тохируулан өөрийн хүч, боломж, нөөц зэргийг зөв байршуулан газрын зураг дээр тэмдэглэж байгаад хэдхэн өдрийн дараанаас стратегийн шийдвэрлэн цохилтоо өгдөг. Онол нь дэлхийн нэг, хоёрдугаар дайнаас эхлээд бүс нутгийн шинжтэй асар олон дайн тулаанд шалгарсан шилдэг технологи гэж болно.

Монголд болж байгаа сонгуулийг сонгогчдын саналын төлөөх хайр найргүй том тулааны эхний үе буюу тактикийн тагнан турших тулааны үе дууссан тул одоо ч жинхэнэ стратегийн дайн эхэлнэ. Талууд харилцан цөмийн бөмбөг, тив алгасан нисэгч пуужин, бөмбөгдөгч онгоц хэрэглэн эсрэг талынхаа сонгуулийн кампанит ажлыг будаа болгон буулган авах ажиллагаа эхэлнэ.
Туршлагагүй зарим нь стратегийн гол давшилт эхлэх болоогүй байхад нөгөө талынхаа хүч боломж ямарыг туршиж ч амжаагүй байж тив алгасан нисэгч том пуужин хөөргөж эхэлсэн. Гэтэл тагнан турших байлдаан хийгээгүй тул өөрсдийнхөө харвасан пуужингийн дэлбэрэлтийн хүрээнд өөрөө өртөж санаачлагаа алдсан. Ямар гээч пуужинг хэн харваад өөрөө дэлбэрэлтийн долгион, хэлтэрхийд нь өртсөн бэ гэдгийг уншигч та сайн мэдэж байгаа тул дурдах нь илүүц байх.

Тэгэхээр эрхэм уншигч та сонгуулийн сурталчилгаанд хамгийн түгээмэл ашиглагддаг энд тэндгүй наагдсан зурагт хуудас, чанга яригчаар дуу мэдэн ярих, хаалга тогшиж мөрийн хөтөлбөр тараах гэх мэт аргаар залгаад байгаа бол дараагийн 9 хоногт залхахгүй, уйдах зав ч гарахгүй.

Одоо эрхмүүд ээлж дараалан эсрэг талаа гэрэлд цохиулан хөнөөх цөмийн бөмбөгөөр “бөмбөгдөх”, бүх булхайг илрүүлэх алсын тусгалтай пуужин “харвах”, ухуулгын олон цагийн их бууны бэлтгэлийн дараагаар сонгуулийн багийн бүх гишүүд хаалга тогшин санал авч өргөн фронтоор “дайрах” гэх мэт дайтах урлагийн төгс шийдлүүдтэй нүүр тулах тул уйдах зав өчүүхэн ч гарахгүй.
Жишээ болгоод дэлхий даяар олон орнуудад сурталчилгааны сүүлийн долоо хоногт ямар төрлийн цөмийн бөмбөг, пуужингийн харвалт хэрэглэж байсан талаар зарим зүйлсийг сонирхуулъя. Манай сонгуулийн штабын ажилтнууд дэлхийн олон улс оронд сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэглэгдсэн хамгийн өндөр үр ашигтай гэж болох элдэв аргыг соргогоор ашиглаж чаддаг гэдгээ харуулаад л байна. Энэ чиглэлээр манайхны хамгийн их дагаж дуурайдаг, үлгэр жишээ болгодог улс нь Орос, дараа нь Украйн болжээ гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.

Оросын сөрөг хүчний ПАРНАС эвслийн удирдагчдын нэг, Оросын Ерөнхий сайд асан Касьяновын секс бичлэг үүний жишээ. Энэхүү бичлэг дээр Касьянов нь өөрийн намын нөлөө бүхий эмэгтэйтэй секс хийж, намын дотоод амьдрал ба сонгуулийн талаар ярилцаж гардаг. Бичлэг дээр гарсан эмэгтэй нь Касьяновын эхнэрийг, намдаа том албан тушаал хашдаг хамтран зүтгэгчдээ элдэв үгээр гамгүй муу хэлж байдаг. Энэ эмэгтэй өөрөө их хартай, амбицтай болохоор үргэлж нууц бичлэг хийдэг тусгай камер бүхий балтай, түүгээрээ Касьяновтой хийсэн секс уулзалтаа баталгаажуулан бичлэг хийсэн байснаа хулгайд алдсан гэж тараагчид нь тайлбарласан байгаа. Яг үүнтэй агаар нэг бичлэг манайд гарч ихээхэн дуулиан тарьсныг та мэдэж байгаа байх. Манай пи-арчид оросуудын энэ бичлэгийн ерөнхий зарчим, харилцан ярианы агуулга, баатруудынх нь авир гээд бүгдийг бараг л үгчлэн хуулбарлаад дууриаж гаргасан.

Украйны хувьд “Майдан” хувьсгал, Ерөнхийлөгчийн болон парламентын шинэ сонгууль, орон нутгийн сонгууль гээд сүүлийн хоёрхон жилийн дотор улс төрийн асар олон арга хэмжээг дайрсан тул украйнчууд улс төрийн элдэв пи-ар, ухуулгаас тодорхой хэмжээгээр залхсан гэж болно. Ийм үед пи-ар арга, хурц содон реклам, өвөрмөц уриа лоозонг хоёрдугаар, бүр гуравдугаарт тавиад мэргэжлийн ухуулагчдын үйл ажиллагаанд голлон анхаарсан гэдгийг судлаачид онцолсон. Ингэснээр Украйны орон нутгийн сонгуульд байр, орц, давхар болгоноор айлуудын хаалга тогшин уйгагүй гудамж метрлэн явж “мөлхөө ухуулга” хийсэн олон ухуулагчтай намууд ялсан байна. Мөн орц болгоны өмнө 5-3 хүн оролцсон ч цөөн гэж гололгүй яриа хийж өөрийгөө таниулсан, найзыгаа уулзалтад дагуулж ирээд бонус аваарай гэх мэт ажиллагааг явуулсан намууд ялсан байна. Хамгийн гол нь нэг зүйлээ олон цагаар залхалгүй ярих чадвартай эмээ, өвөө нар гэсэн нөөц хүчийг чадварлагаар ашигласан намууд ялжээ. Эмээ, өвөө гэсэн ухуулагчдыг эсрэг талын зүгээс айлгах, сүрдүүлэх тун хэцүү. Цаанадаж хөгшин хүн айлгалаа гээд нэрэнд сэвтэй. Гуравт, настай хүн хаалга тогшиж ухуулгын  материал тараавал өөдөөс нь шууд уурлах хэцүү гээд олон давуу талтай байдаг гэнэ. Ийм ч болохоор Украйнд давхрын айлууд эсвэл гудамжны хоёр гурван айлын дунд ухуулгын үүр байгуулах ажлыг эмээ, өвөө нар даатгаж тэднээр гэр оронд нь болон хөрш айлуудын дунд тасралтгүй ухуулга явуулж чадсан намууд ялж байсан байна.

Мөн Украйнд намуудын нэр хүнд нийтдээ унасан тул сонгогчид нь намын байр суурь гэхээсээ илүүтэйгээр тухайн нэр дэвшигчийг хувь хүн талаас сонирхон саналаа өгч байсныг тогтоосон. Иймд сонгуулийн сурталчилгаанд тухайн хувь хүний давуу талыг түлхүү харуулах явдал давамгайлж байжээ.
Цаашлаад, Украйнд болж өнгөрсөн сонгуулийн нэг онцлог нь хар пи-ар явуургүй болсон гэдгийг баталсан байв. Өрсөлдөгчдөө элдэв өнгөөр муулах, нэр хүндийг нь гутаах алхмуудыг сонгогчид туйлын эмзэгээр хүлээн авч, тараагчдад нь туйлын таагүй хандсанаар элдвээр хэлүүлж, бичүүлсэн тал нь ялсан тохиолдол олон ажиглагджээ. Иймд өрсөх алхам гэгч аргыг Украйнд маш өргөн ашигласан гэдгийг судлаачид онцолж байна. Энэ аргын дагуу өрсөлдөгч талын штабт өөрийн хүнээ суулгаад тэдний хийх гэж байгаа шинэ алхмыг 1-2 өдөр, эсвэл бүр 1-2 цагийн өмнө өрсөж хийх замаар хүчгүйдүүлэх аргыг маш өргөнөөр ашиглаж байсан байна.

Гар утас нь орчин үеийн хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болсон байдлыг ч өргөнөөр ашигласан аж. Жишээлбэл, өрсөлдөгч талын штабын нэрийн өмнөөс тухайн тойргийн сонгогчдын дугаар руу шөнийн 1-2 цагийн үед эсвэл үүрээр 4-5 цагийн үед дугаар нууцалсан утаснаас залгаж, уурлуулж бухимдуулах аргыг өргөн ашигласан байжээ. Энэ аргыг Оросын орон нутгийн сонгуулийн үеэр ч өргөн ашигладаг бөгөөд сонгуулийн сурталчилгаа пи-артай холбоотой бүх сурах бичигт дурдсан байдаг юм .

Орос, Украйнд өргөнөөр ашиглаад үр дүнтэй батлагдсан энэ мэт аргыг манай пи-арчид хуулбарлан ашиглах нь гарцаагүй гэж болно. Эхнээсээ элдэв секс бичлэгийн аргыг ашиглаад ирсэн тул бусад аргыг ч ашиглах нь тодорхой. Тиймээс, ойрын 9 хоногт танай хаалгыг тогшин ухуулга хийх гэх, орцны өмнө цуглаан хийхийг уриалагчид, утсаар залгаж санаа бодлыг тань сонсох мэдэх гэсэн хүний тоо огцом өснө. Өмнөх 9 хоногт болсон хаалга тогшилт, чанга яриагчаар хийсэн уриа зэрэг нь хажууд нь юу ч биш санагдах хэмжээнд хүрэх төдийгүй эмээ, өвөө нар гэсэн өвөрмөц ухуулагчдын хүчтэй багтай таарах байх гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн элдэв төрлийн нууц бичлэг олноор гарч ирэх биз. Иймд сэтгэл хөдлөл бус эрүүл саруул сэтгэлгээ, ухамсарын үүднээс зөв сонголт хийх амаргүй ажил манай сонгогчдын өмнө тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан