Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Органик бүтээгдхүүнээ олон улсын зах зээлд гаргах боломж бидэнд бий

АСЕМ-ын дээд түвшний уулзалтын дагалдах хурлуудын нэг Ази-Европын Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт өчигдөр Төрийн ордонд болов. Уулзалтад АСЕМ-ын гишүүн 17 орны хүнс хөдөө аж ахуйн асуудал хариуцсан төрийн болон төрийн бус байгууллага, Монгол дахь Элчин сайдын яамд, Консулын газар, Европын холбоо болон бусад хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож, илтгэл хэлэлцүүлсэн юм.
Органик хүнсний үйлдвэрлэл, баталгаажуулалтынасуудал, генийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэл, цаашдын чиг хандлага, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний зохистой хэрэглээ, анхаарах асуудал, хүүхдэд зориулсан хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаа, маркетингийг хязгаарлах зэрэг сэдвээр хуралд оролцогсод илтгэл тавьсан. Ийн хүн төрөлхтний өмнө тулгамдаад байгаа хоол, хүнс тэжээлийн аюулгүй байдлын талаар хуралд оролцогсод байр сууриа илэрхийлж, санал солилцсон. Хурлаас гаргасан санал, дүгнэлтийг нэгтгэн “Зөвлөлдөх уулзалтын зөвлөмж” гарган, ирэх сарын 15,16-нд болох АСЕМ-ын дээд түвшний уулзалтад хүргүүлэх аж.
Энэхүү зөвлөмж нь хурцаар тавигдаж буй хүнсний аюулгүй байдлын асуудалд улс, орнуудын анхаарлыг хандуулан, тулгамдаж буй бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд хамтын хүчээр шийдвэрлэхэд нөлөө үзүүлэх юм.

Э.Эрдэнэчимэг:Мах,сүүн бүтээгдэхүүний тээвэр асуудалтай байгаа нь үнэн

“Хүнсний аюулгүй байдлын зөвлөлдөх уулзалт”-нд хүнсний бүтээгдэхүүний худалдаа, тээвэр логистикийн асуудалд учирч буй техникийн саад тотгор, түүнийг бууруулах арга зам сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн Азийн дэд бүтцийн судалгааны хүрээлэнгийн захирал Э.Эрдэнэчимэгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Өргөн уудам тал нутагтай манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалтын асуудалд ярвигтай зүйлс олон бий.Тэр дундаа, халуунд хурдан исч, муудах гээд байдаг сүү сүүн болон мах, махан бүтээгдэхүүний тээвэрлэлт ихээхэн асуудалтай. Харин үүнийг хэрхэн оновчтойгоор шийдвэрлэж, логистикийн сүлжээ байгуулах талаар та илтгэлдээ дурдлаа. Энэ талаараа дэлгэрүүлэхгүй юу?

-Хүнсний аюулгүй байдал үндэсний аюулгүй байдалтай холбоотой. Хүнсний биш байлаа ч, алив ачааг стандарт журмын дагуу найдвартай, хүртээмжтэй, цаг хугацаанд нь хүргэж өгнө гэдэг тээвэрлэлтийн хамгийн гол асуудал. Манай улсын хувьд хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлт, ялангуяа, мах махан, сүү сүүн бүтээгдэхүүний тээвэрлэлт асуудалтай байгаа нь үнэн. Яагаад гэвэл эдгээр бүтээгдэхүүн тодорхой температур, чанарын шаардлага хангасан байх ёстойч энэ бүгдийг хангасан тээвэр логистикийн сүлжээ манайд алга. Хэрэглэгчдийн хэрэгцээ, шаардлага өсөхийн хэрээр энэ бүхэн үгүйлэгдэж байна. Манайд нөхцөл байдал ямар байна вэ гэхээр, бидний өдөр тутамдаа хэрэглэж буй мах малчин өрхөөс ченжийн гараар дамжин, гар нядалгаагаар нядлагдан иргэдийн гарт ирж байна. Цөөн хувь нь шинжилгээнд хамрагдаж, ихэнх нь хамрагдалгүй нийлүүлэгддэг. Үүнийг шийдвэрлэх боломж юу вэ гэхээр орон нутаг дахь зангилаа цэгүүд дээр хөдөө аж ахуйн статистикийн, мөн бусад төрлийн бараа бүтээгдэхүүний нэгдсэн логистик төв байгуулж,  аль болох оновчтой, ашигтай зохион байгуулах, хүнсний бүтээгдэхүүнийг иргэдэд эрүүл, чанартай, түргэн шуурхай хүргэх явдал юм.

-Логистикийн төвүүдийг байгуулах талаарсудалгаа хийж үзсэн үү. Хэр хэмжээний зардал гарна гэж тооцоолсон бэ. Эхний ээлжинд хаана, хаана байгуулах вэ?


-Монголын логистикийн холбоо барилга, эрдэс баялаг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний логистикийн төвүүдийн анхан шатны судалгааг хийсэн. Илүү нарийвчилсан судалгааг Солонгосын авто тээврийн институтын хүрээлэнгийнхэнтэй хамтарч хийсэн. Энэ бүх судалгааны дүнд Монгол Улсын тээврийн гол зангилаа цэгүүдийг тогтоосон. Завхан аймгийн Тосонцэнгэл, Архангай аймгийн Эрдэнэбулган, Чойр, Сайншанд, Замын-Үүд, Алтанбулаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар, Баруун-Урт, Дорнод, Ховд гэсэн цэгүүдэд нэгдсэн логистикийн төв байгуулж болно. Гэхдээ логистикийн төвүүдийг зөвхөн түгээлт хийдэг бус зам дагуухь үйлчилгээтэй холбож өгөх бодолтой байна. Яагаад гэхээр манай улс гуравхан сая хүн амтай, өргөн уудам тал нутагтай учраас замын ашиглалтыг сайжруулах хэрэгтэй. Нийслэл болон орон нутгийг холбосон автозам жилээс жилд сайжирч, хатуу хучилттай болж байна. Гэтэл зам дагуухь үйлчилгээ байдаггүй. Тиймээс зам дагуух үйлчилгээ, логистикийн төвийг хооронд нь холбож өгөх нь чухал. Замын засвар арчлалтын компани гэж бий. Тэдгээр компанийн дийлэнх нь байргүй. Тиймээс дээрх газруудыг логистикийн төвд байршуулж, мөн төлбөр хураах цэг, пүүг төвлөрүүлэх боломжтой. Хэчнээн сайхан зам барилаа ч даац хэтрүүлсэн машинууд явчихдаг. Манай улсын 16 төлбөр хураах цэг дөрөвхөн пүүтэй. Тийм учраас манай жолооч нар пүүг тойрч гарах гэж замаа сүйтгэдэг. Мөн дээрээс нь манай улсын уур амьсгал эрс тэс учраас автозамд улирлын чанартай гэмтэл гардаг. Мөн өнөөгийн зам дагуухь үйлчилгээ гэрт байрласан байгаа. Хүний наад захын хэрэгцээ болсон гар угаах, боловсон бие засах газаргүй. Энэ нь манайханд болдог ч гадныханд таалагддаггүй. Тиймээс логистикийн төвүүдийг түшиглэж, энэ бүгдийг сайжруулж өөрчлөх боломж бий. Дээрээс нь иргэд Монгол Улсын хаана ч байлаа гэсэн эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангагдах боломж бүрдэх юм. Гагц хаана том, хаана дунд, жижиг төвүүдийг барих талаар судалгаа хийж, үүний үндсэн дээр зардал мөнгөний тооцоо гаргах л үлдэж байна. Логистикийн төвүүдийг байгуулах оновчтой байршлыг олж тогтоох нь ойрын хоёр, гурван жилийн л асуудал.

-Хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй бүх төрлийн бараа тээвэрлэх ажил  тээвэр логистикийн сүлжээнд хамаарна. Энэ тал дээр хэрхэн анхаарч байна вэ?

-Мэдээж, энэ бүгдийг орхигдуулалгүй анхаарч байгаа. Монгол Улсын ачаа урсгал бүртгэлгүй. Нэг жишээ дурдахад, урдаас тэвш дүүрэн бараа авчирлаа гэхэд буцахдаа хоосон болчихдог. Ингээд 14 хоног Нарантуул зах дээр ачаа манаж, арай гэж тэвшээ дүүргэж аваад замдаа гардаг. Гэтэл тээврийн жолооч ачааны даатгалгүй, ямар төрлийн ачаа ачиж байгаагаа ч мэддэггүй. Угтаа энэ бүгдийг бүрдүүлсэн байх хэрэгтэй. Тухайн ачаа хэнээс хэний гарт, хаанаас хаа хүртэл тээвэрлэж байгаа зэрэг нь бүртгэлтэй байх ёстой. Цаг хугацаанд нь хүргэж өгч байна уу гээд манайд тээвэр логистикийг сайжруулах чиглэлээр хийх ажил их байна. Гэтэл манайд энэ бүгд ямар ч бүртгэл, тооцоогүй явж ирлээ. Энэ бүгдийг нэг чиглэлд оруулах  ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.

Хенк Де Пау: Европын Холбооны улс руу органик бүтээгдэхүүн нийлүүлэх боломж танай улсад бий

Хөдөө аж ахуйн гаралтай органик хүнсний үйлдвэрлэл, түүнийг хэрхэн органик хэмээн баталгаажуулах вэ, мөн органик хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн зах зээлийн чиг хандлага ямар байна вэ, органик бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдээс хэрэглэгчид юу хүсч байгаа талаар Монгол Улсын Стандартчилалын тогтолцоог боловсронгуй болгоход дэмжлэг үзүүлэх Европын Холбооны төслийн багийн ахлагч Хенк Де Пау илтгэл хэлэлцүүлсэн юм. Түүний илтгэл цаг үеэ олсон, сонирхолтой байсан учраас оролцогчдоос нэлээд асуулт дагуулсан юм. Түүнээс дараахь асуултад хариулт авлаа.

-Та илтгэлдээ дурдлаа. Монгол үхрийн мах Европын хүнсний мухлагт худалдаалагдаж байгааг хармаар байна гэж. Ийм боломж бий юу?

-Интернэтээр органик бүтээгдэхүүн гээд хайх юм бол олон илэрц гарч ирнэ. Худалдаа үйлчилгээ, үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагууд органик гэсэн тэмдэглэгээгээр өрсөлдөж ирсэн. Органик хүнсний ногоо бусад ногоотой харьцуулахад илүү үнэтэй. Органик учраас илүү үнэтэй ч байх ёстой. Гэхдээ илүү үнэтэй гээд органик бүтээгдэхүүн ижил төрлийн бүтээгдэхүүнтэй адил чанартай байж болно. Яагаад гэвэл органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл мөн л бизнес. Тиймээс органик гэрчилгээ олголт хамгийн чухал. Европын холбоонд органик гэрчилгээ олгодог дүрэм, журам гэж бий. Үүнд, амьтны эрх хамгаалах, бэлчээрт идээшсэн байх,эрчим хүч хэмнэсэн, тээвэрлэлт богино байх гээд хэд хэдэн заалт бий. Мөн олон төрлийн органик гэрчилгээ байдгаас Монгол Улс алийг нь нэвтрүүлэх вэ гэдгээ сонгох хэрэгтэй. Европын орны туршлагаас үзэхэд, органик бүтээгдэхүүний гэрчилгээг төрийн байгууллага бус бие даасан гуравдагч байгууллага олгодог. Учир нь, төрийн байгууллага зөвшөөрөл олгож эхэлбэл ашиг сонирхлын зөрчил гардаг. Тиймээс ч Европын орны хэрэглэгчид төрийн гэхээс илүүтэй хувийн, бие даасан байгууллагаас органик хэмээн өргөмжилсөн бүтээгдэхүүн сонгохыг илүүд үздэг. Мөн зөвшөөрөл олгохдоо заавал үйлдвэрлэл явуулж байгаа байранд очиж шалгалт хийсэн байдаг.  Харин танай улсад эсрэгээрээ энэ төрлийн гэрчилгээ, зөвшөөрлийг төрийн байгууллага олгож байна. Монгол Улс өнөөдөр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл эхлүүлж, олон улсын органик гэрчилгээ авахаар зэхэж байна. Заавал Европын холбооны органик системийг нэвтрүүлэх шаардлагагүй л дээ. Гэхдээ нэвтрүүлье гэвэл илүү хялбар байна. Одоогийн байдлаар Европын холбооны орнуудад 11 гуравдагч орон бүтээгдэхүүн нийлүүлж байна. Танай улс ч олон улсын органик гэрчилгээтэй болж, Европын зах зээлд хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Дараагийн Засгийн газар энэ асуудлыг дэмжих байх.

-Органик бүтээгдэхүүн өндөр үнэтэй байдаг. Тиймээс худалдан авалтын багахан хувийг эзэлдэг.Манайх шиг жижигхэн зах зээлтэй улсад органик бүтээгдэхүүн үйлдвэрлэл хөгжих болов уу. Зах зээл байна гэж харж байна уу?

-Тийм ээ. Органик бүтээгдэхүүн өртөг ихтэй. Дээр дурдсанчлан, органик учраас илүү үнэтэй ч байх ёстой. Гэхдээ худалдан авагчид органик гэсэн шошгонд итгэж худалдан авч болохгүй. Европын оронд газрын төлбөр өндөр учраас тэр хэрээр органик бүтээгдэхүүн илүү үнэтэй байдаг. Харин танай улсад эсрэгээрээ газрын төлбөр бага. Мөн бүхий л бүтээгдэхүүн нь органик учир хямд үнэтэй байх болов уу. Хэрэглэгчдийн дунд органик бүтээгдэхүүнийг ижил төрлийн бүтээгдэхүүний үнээр худалдан авах уу гэсэн судалгаа явуулахад хэрэглэгчид маш таатай хүлээж авсан. Тиймээс органик бүтээгдэхүүний зах зээл байна гэж харж байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан