Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай сонгуулийн энэ хууль ямар ч шашингүй улсад л тохирно


Сонгуулийн кампанит ажил эхлэхийн өмнө тухайн нам, хөдөлгөөн, бие даагчдын штабынхан өрсөлдөх тойргийнхоо  оршин суугчдын тухай судалгаа гаргадаг. Ялахын төлөө яваа нь ялахын тулд, ялах магадлал өндөртэй нэр дэвшигчийн саналаас хулгайлах зориулалттай нь хулгайлахын тулд, ямар ч тохиолдолд ялахгүй нь тодорхой нь өрсөлдсөн нэр зүүж рейтингээ өсгөх замаар бизнесээ хөгжүүлэх нь хөгжүүлэх зорилгоор ийм судалгаа хийхээс өөр аргагүй.

Тойргийн сонгогчдын дунд явуулсан судалгаагаар тэднийг нийгмийн гарал үүсэл, хөрөнгө чинээ, улс төрийн сонирхол гээд маш олон зүйлээр нь давхаргууд болгон ялгаж, тухайн давхарга болгонд ярих, хэлэх, амлах зүйлээ, тактик болон  стратегаа боловсруулдаг. Хэр бодит судалгаа явуулсан гэдгийг нь тухайн нэр дэвшигчтэй хийх уулзалтад оролцож байгаа хүний тоо, иргэдийн тавьж байгаа асуулт тод харуулдаг.

Тойрч гарах боломжгүй нууцлаг бөгөөд хүчирхэг давхарга

Ингээд ажиглаад байхад нам, хөдөлгөөн нэр дэвшигч нэгэн нууцлаг гэж болох давхаргыг  огт байхгүй мэтээр анзаарахгүй  явж байна. Энэ нууцлаг давхарга бол  шашин шүтэгчид гэсэн үндсэн онцлогтой. Энэ давхаргын хамгийн идэвхтэй төлөөлөгчдийн хувьд аль нэг нам, улс төрийн үзэл бодлыг дээрд үзэн дагаж болох ч үндсэн үзэл бодол, байр суурийг тодорхойлдог зүйл нь  шүтдэг шашин нь.

Өөрөөр хэлбэл намын ухуулагчийг ухаантай үгийг өнгөн дээрээ дагаж, “зөв зөв” хэмээн толгой дохиж болох ч санал өгөх өдөр хэний нэрийг дугуйлахыг тухайн шашны мэргэжлийн номлогч буюу лам, пастор, молла, удган зайрангууд шийддэг гэж болно. Энэ  номлогчид  нь хүний тархийг яаж угаагаад үл үзэгдэгч уяаг хүзүүнд зүүх, өөрт нь мэдэгдэлгүйгээр уяныхаа урт богиныг өөрчлөөд, турхирахдаа турхираад, татахдаа татаад байж болдгийг хамгийн сайн мэддэг.

Жинхэнэ утгаар мэргэшсэн хэрэглээний сэтгэл зүйчид, үзэл бодлоо тараах төгс пи-арчид байдаг гэвэл онц хэтрүүлэг болохгүй байх.Тун болгоомжтой хандахгүй бол шашин нь нийгэмд хагарал бутарал, ноцтой зөрчил үүсгэх аюултай хүчирхэг бөгөөд нууцлаг давхарга гэж болно.

 Магадгүй ийм  ч болохоор Сонгуулийн тухай хуулийн Хууль бус сурталчилгааг хориглох 70 зүйлийн 70. 5.8-д сонгуулийн сурталчилгаанд аливаа шашны зан зүйл ашиглах, түүнийг зохион байгуулах, оролцох, ивээн тэтгэх, шашны холбогдолтой эд зүйл тараахыг хориглоно гэж заасан биз.

Гэтэл энэ нууцлаг давхарга нь маш хүчирхэг. Статистик мэдээнээс үзвэл Монголд 2015 оны байдлаар янз бүрийн шашны урсгалын сүм хийд 356 байсан. Энэ бол их тоо. Монгол улс 315 сумтай. Тэгвэл дундажлаад үзвэл сум болгонд л аль нэг шашны сүм, хийд байгаа хэрэг. Хүн ам олонтой хот, сумуудад бүр хэд хэдээрээ байгаа. Тойрч гаръя, хуулийн дагуу ашиглахгүй байя гэсэн ч хүссэн хүсээгүй тодорхой хэмжээгээр нууцлаг давхаргын идэвхтнүүдтэй харилцах, байр сууриа тайлбарлалгүйгээр явах боломжгүйг энэ тоо харуулж байна.

Иймч  болохоор Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.6-д   “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх эс шүтэх эрх чөлөө, төр сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баритмлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй” гэж заасан байх. Тэгэхээр энэхүү нууцлаг давхаргын хамгийн идэвхтэй хэсэгт нь өөрийн мөрийн хөтөлбөрийн заалтыг тайлбарлах замаар нөлөөлж, өөртөө татах боломж бодитой байгаа, түүнийг нь хуулиар хориглоогүй гэсэн үг.

Ээдрээ

Нэг талаас шашныг сурталчилгаанд ашиглах хориотой, нөгөө талаас шашны талаарх мөрийн хөтөлбөрийн заалтаа тайлбарлахыг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй гээд ээдрээ их байна. Түүхийн өв соёлоо дээдэлнэ, хадгалж авч үлдэн хөгжүүлнэ гэсэн хүн үүнийгээ тайлбарлах явцад түүхэн домогт овоог засч янзлан тахилгыг сэргээнэ гээд овооны хажууд зургаа авахуулаад “Фэйсбүүк” хуудсан дээр гаргаж болох уу?

Үүнийг мөрийн хөтөлбөрөөр иргэдэд тайлбарлан таниулсан гэх үү эсвэл шашны зан үйлийг ашигласан гэх үү? Ямар үйлдлийг шашныг сурталчилгаанд ашигласан гэх харин ямарыг нь мөрийн хөтөлбөрөө тайлбарласан гэх вэ? Ойлгомжгүй байгаагаас элдэв хар пи-ар, гүтгэлэг явуулах арвин их боломж гарч ирж байна.   


Боломжит жишээ

Нэгэнт л тойрч гарах боломжгүй тул Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.6-д “Сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан иргэдийн шүтэх эс шүтэх эрх чөлөө, төр сүм хийдийн харилцаа, шашны талаарх бодлого, үзэл баритмлалыг сонгогчдод тайлбарлан таниулах үйл ажиллагааг шашны зан үйл ашигласан гэж үзэхгүй” гэж заасныг дагаад нууцлаг давхаргад байр сууриа тайлбарлахыг оролдоод үзэж болох юм.

Жишээлбэл, мөрийн хөтөлбөртөө цөөнхийн өв соёл, түүх, ёс заншлыг тэгш хүндэтгэн, өвлүүлэн хөгжүүлнэ гээд заасан байжээ гэж бодъё. Мөрийн хөтөлбөр дээрх энэ заалт нь Баян-Өлгий аймгийн хувьд гэхэд л их чухал болж ирэх тул  таниулан тайлбарлах гарцаагүй шаардлагатай болох нь ойлгомжтой. Нэр дэвшигч нь өөрийн  мөрийн хөтөлбөр дээрх энэ заалтаа яаж тайлбарлах вэ? Баян-Өлгийн казахуудын өв соёлын салшгүй хэсэг нь мусульман шашин. Мусульман шашныг дурдалгүйгээр казахуудын өв соёлыг тэгш хүндэтгэх, өвлүүлэн хөгжүүлэх тухай ярих боломжгүй. Ардчилсан хувьсгалын дараагаар шашин шүтлэгийг чөлөөтэй болгоход казахууд өөрсдийн өөрийн уугуул шашныг сэргээхэд онцгой анхаарч энэ чиглэлээр багагүй амжилттай ажилласан. Монголын мусульман шашинтны нийгэмлэгээс гаргасан тооцоогоор 120 мянган казах иргэн тус шашныг шүтдэг, 40 орчим мечеть буюу мусульман шашны сүм барьж, шашны сургалтын 7 төв ажиллуулж, түүнд нь 3000 гаруй хүүхэд  сурч шашны боловсрол эзэмшдэг гэсэн тооцоог дөрвөн  жилийн өмнө гаргасан байсан. Мөн ардчилсан хувьсгалын дараанаас анх удаагаа Мекка хот руу очиж мөргөл үйлдэх аян буюу Хаж хийх боломжтой болсон.

Мөрийн хөтөлбөр дээрх заалтаа иргэдэд таниулан тайлбарлах гэж байгаа хүн 120 мянган хүний шүтдэг шашны талаар хүссэн хүсээгүй заавал тодорхой мэдлэгтэй байх ёстой гэсэн үг. Үгүйдээ гэхэд л архи дарс, мансууруулах бодис хэрэглэхийг исламын шашин бараг л хуульчлан хориглосон байдаг зэрэг нь архигүй монгол гэсэн уриатай ямар ч намын мөрийн хөтөлбөртэй таарна. Мусульман шашин, түүний дотор мусульман шашны сунна урсгалын талаар бага ч гэлээ ойлголттой гэдгээ мөрийн хөтөлбөр дэх заалтаа тайлбарлах явцдаа харуулж чадсан хүн мусульман шүтлэгтнүүдийн хүндлэлийг авч чадна. Хүндлэлийг авч чадсан хүн саналыг нь авахад ганц л алхам үлдэнэ. Гэхдээ л энэ бүхнийг шашны зан үйлийг сурталчилгаанд ашигласан гэж үзэх үү эсвэл үгүй юу гэсэн ойлгомжгүй байдал хэвээр л байна.

Нэр дэвшигч нь өв соёлоо дагаад өөрөө мусульман шашинтан, түүний хатуу дэг жаягийг ягштал дагаж гүйцэтгэдэг хүн байвал яах вэ? Мусульман шашны ариун судар Коранд нь баасан гараг бүрт жума-намаз нэртэй хамтарсан мөргөлийг заавал үйлдэж байх, түүнд мусульман шашинтан эрэгтэй хүн болгон заавал оролцохыг заасан байгаа. Хүнд өвчтэй эсвэл үер гэх мэт байгалийн давшгүй үзэгдэл гараагүй л бол заавал оролцох ёстой. Нэр дэвшигч нь шүтлэгээ хатуу дагаж мөрддөг хүний хувьд Коран сударт заасны дагуу баасан гарагт жума-намаз мөргөлд бусад шүтлэгтнүүдийн хамтаар орж мөргөл үйлдэж болох уу? гэсэн асуудал гарч ирнэ. Энэ хамтарсан мөргөлийн үеэр имам буюу номлогч нь шашин ба нийгэмтэй холбоотой үйл явдлын талаар номлол айлдах ёстой. Ингэж номлохыг шашны зан үйлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласанд тооцох уу? гэх мэт ээдрээ их.
Зөвхөн мусульман шашин гэлтгүй шашны бусад зан үйлтэй холбоотой бусад ээдрээ ч байна.

Монголчуудын хамгийн их шүтдэг, дагадаг шашин бол Буддизм. Дагагчдын тоогоор үнэмлэхүй лидер шашин гэж болно. Лам хүн сонгуульд нэр дэвшиж болохгүй гэсэн заалт нэгэнт л байхгүй тул лам хүн сонгуульд нэрээ дэвшүүлэх магадлал хамгийн өндөр. Ингээд лам хүн арван цагаан буяныг дэлгэрүүлж ард иргэдээ гэгээрүүлье, эдийн засгаа хөгжүүлье, ядуурлыг бууруулъя гээд  нэр дэвшвэл яах вэ? Нэгэнт сахил хүртсэн лам хүн тул орхимж малгайтайгаа л олны дунд явж өөрийн мөрийн хөтөлбөр, байр сууриа таниулах, сурталчлах болно. Үүнийг шашны зан үйлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэх үү? ТВ нэвтрүүлэгт оролцож байгаад “Арван хар нүглийг тэвчье ум мааний бадмий хум” гээд алга хавсран мөргөвөл хууль зөрчсөн гэж үзэх үү? Сонгуульд нэр дэвшлээ гээд хурал ном хурахаас хойш суух нь алдас болох тул хуралд сууж ном уншвал сонгуулийн сурталчилгааны зорилгоор шашны зан үйл зохион байгуулж, оролцсон гэмт хэрэг болох уу?

Сонгуулийн сурталчилгааны үеэр төрөл садан, дотны найз нөхөдтэй холбоотой ажил явдал гарлаа гэж бодвол яах вэ? Нэр дэвшсэн гээд очихгүй байвал нэр дэвшээд бие тоолоо, хамраа сөхлөө гэсэн шүүмжлэл дагуулна. Очлоо гэвэл нэгэнт л тэр дунда хуварга хүн болохоор  шашны уламжлалт зан үйлийн дагуу ажил явдалд тус болж хойчийн ном унших ёстой болно. Ийм нөхцөлд яах вэ? Нэр дэвшсэн тул сонгуулийн дараа тусалъя, мөнгө өгье гэж амлаж болохгүй, очоод тусалж, өгч болохгүй. Энэ бүхнийг шашны зан үйлийг сурталчилгаанд ашигласан гэж үзэх үү?

Улаанбаатар хотод Христийн янз бүрийн урсгалын сүм олноор баригдсан. Нийгмийн гадуурхагдсан гэж болохоор давхаргын дунд үйл ажиллагаа явуулдаг, тэндээ тодорхой хэмжээгээр нэр нөлөө ихтэй, дагагчдын тоо нь хамгийн эрчимтэй нэмэгдсэн шашин болсон. Анх гадаадынхан гол пастор нэртэй номлогчид байсан бол одоо монгол залуучууд өөрсдөө пастор болоод номлодог болсон.  Иймд пастор залуу гэр хорооллыг хөгжүүлье гэсэн уриатайгаар нэрээ дэвшүүлбэл нөгөө олон сүмийнхэн нь санаачилгаараа Христийн шашинтнаа дэмжинэ гэсэн мэдэгдэл хийвэл хууль зөрчсөн болох уу?  

Манайд хэдийн үйл ажиллагаа явуулж байгаа Иеговын гэрчүүд нэртэй шашны урсгалын нь цор ганц Иегова бурхныг дээдлэн шүтэхийн оронд жирийн нэг хүний ухуулга сурталчилгааг сонсож, сонгох нь байж болохгүй зүйл, нүгэл гэж үздэг тул дагагчид нь шатны улс төрийн сонгуульд оролцдоггүй. Энэ урсгалыг дагагч сонгуульд оролцож байгаа эсэхийг удирдлагаас нь маш хатуу хянаж цээрлэдэг гэдгийг интернэт дэх олон орны эх сурвалжууд бичсэн байхыг уншиж болно. Тэгвэл үүнийг Сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх “Сонгогч нь сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн боловч албадан нөлөөлж, саад учруулахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж байгаа гэж үзэх үү?

Хилийн чанадад


Харин хилийн чанадад шүтлэгтэн хүмүүс гэсэн нөлөө бүхий давхарга байхгүй мэт царай гаргадаггүй. Бүх л шатны сонгуульд өрсөлдөгчид шашин шүтэгчдийн давхаргуудыг ихэд анхаарч, өөртөө татахыг оролддог. Үүнийг нь хориглоогүй байдаг тул шашны бүх давхаргын номлогчидтэй уулзах гэх мэтээр өөрийн талд татах нь хэвийн үзэгдэл. Тэгээд ч үндсэн гурван шашин гэгддэг буддизм, христ, исламын шашныхан дийлэнхдээ залуучуудыг татаж элсүүлэхэд  маш их анхаардаг, нийгмийн эмзэг давхаргуудад үнэгүй хоол, хувцас тараахаас эхлээд тулж ажилладаг туршлагатай тул сонгууль ийм чухал эх үүсвэрийг ашиглахаас ч өөр аргагүй.
Лондон хотын шинэ мэрээр сонгогдсон Садик Хан үүний нэг жишээ. Тэрээр пакистан гаралтай цагаачдын гэр бүлээс гаралтай мусульман шашинтан бөгөөд үүнийгээ ямагт  онцолдог, нууж хаадаггүй, мусульман шашинтнуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг байсан гэдгээрээ нэртэй. Ийм ч учир хотын даргын  сонгууль болоход Лондон хотод амьдардаг Пакистан, Энэтхэг, Сири, Ливи гэх Ойрхи Дорнод ба Хойд Африкийн орноос гаралтай лалын шашинтнууд нийгмийн давхаргаас үл хамаараад түүнийг идэвхтэй дэмжсэн. Үр дүнд нь Садик Хан Лондон хотын хамгийн анхны мусульман шашинт, цагаач гэр бүлээс гаралтай дарга  болсон.

Барак Обама анхны удаа Ерөнхийлөгчийн сонгуульд оролцоход христийн шашны дэмжигчдийн зүгээс ихээхэн дэмжлэг авсан байдаг. 1985 -88 онуудад Чикаго хотноо христийн шашны нэгэн урсгалын буяны байгууллагын үйл ажиллагаанд оролцож, хотын эмзэг давхаргын хүмүүст туслах ажиллагааны  зохион байгуулагчаар ажиллаж байсан. Энэ нь  хожим  христийн шашинтнуудын саналыг татах гол нөхцөл болж өгсөн. Өөрөөр хэлбэл ингэж шашны байгууллагын буяны ажилд оролцож байсан гэдгээ христийн шашинтнуудад хэлэх, таниулахыг хуулиар хориглоогүй байсан тул боломжийг ашигласан. Оросын Ерөнхийлөгч В.Путин гэхэд л өөрийгөө үнэн алдартны шашинтан гэдгээ нуудаггүй, харин ч онцлохыг хичээдэг. Ингэснээр Оросын хамгийн олон дагагчтай үнэн алдартны шашны номлогч, дагагч нарын санал авч чаддаг.

Тулгамдсан асуудал

Эдийн засаг доройтож, нийгмийн бухимдал нэмэгдэхэд шашин шүтэгчдийн тоо нэмэгддэг гэдэг. Энэ байдлаараа бол дараагийн хэдэн жилд Монгол улс дахь янз бүрийн шашны урсгалуудыг дагагчдын тоо улам л өснө. Дөрвөн жил яах ийхийн зуургүй өнгөрдөг болохоор нэг мэдэхэд дараагийн сонгууль эхлэх болно. Тэр үед  шашны зан үйлтэй холбоотой заалтуудыг өөрчлөхгүй бол улам л ээдрээтэй, ойлгомжгүй байдал үүснэ. Тиймээс шашны олон урсгал чиглэл, тэдний зан үйл, сүм хийдтэй холбоотой Сонгуулийн хуулийн заалтуудыг илүү ойлгомжтой, илүү дэлгэрэнгүй бөгөөд бодит байдалд нийцсэн болгох шаардлага тулгарч байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан