Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ түргэн хоолноос болоод бидний үр хүүхэд биднээс өмнө нас барах нь


Интернэт дэлгүүрүүдээр том хэмжээтэй хувцас эрсэн хүмүүс, хүүхэддээ хоёроос гурван размераар том хувцас авдаг эцэг, эхчүүд олон болж. Энэ бүгд XXI зууны тахал гэж нэрлэгдээд байгаа “таргалалт”-тай холбоотой. Манай улсад ч энэ тахал чимээгүй тархсаар. Тиймээс энэ сэдвээр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчийн газрын халдварт бус өвчин хариуцсан мэргэжилтэнБ.Цогзолмаатай ярилцлаа.

-Хүүхдүүдийн таргалалт нэмэгдэж байгаа нь эцэг, эхчүүдийн төдийгүй мэргэжилтнүүдийн санааг зовоож байна гэх юм. Үнэхээр анхаарал татах, санаагаа чилээх хэмжээнд хүрсэн үү?

-НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр энэ оны эхээр хүүхдийн таргалалтынэсрэг дорвитой арга хэмжээ авахаар ажлын хэсэг байгуулагдсан. Энэ комиссыг байгуулахын өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнуудаас 0-18 настай хүүхдүүдийн эрүүл мэндийн тайлан мэдээг авсан. Энэхүү тайлан мэдээнд хүүхдүүдийн дунд таргалалт газар авч байгааг сануулсан маш өндөр үзүүлэлт гарсан байна билээ. Ялангуяа өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудад энэ үзүүлэлт өндөр байна. Гэхдээ нэг үеэ бодвол буурах хандлагатай байгаа. Харин эсрэгээрээ хөгжиж байгаа, хөгжил буурай орнуудад хүүхдийн таргалалт харьцангуй бага үзүүлэлттэй байгаа хэдий ч цаашид өсөх шинжтэй. Энэ үзүүлэлт манай улсад ч хамаарна. Дэлхийн хоол тэжээл болон халдварт бус өвчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дэлхийн түвшний халдварт бус өвчин, хоол тэжээлийн эрсдэлийг бууруулахад анхааран ажиллаж байна. Эгнээндээ 37 орныг  нэгтгэсэн Номхон далайн баруун эргийн бүсийн үйл ажиллагааны төлөвлөгөө гэж бий. Манай улс ч үүнд хамаардаг. Гэхдээ бүс нутгийн, дэлхийн хэмжээний төлөвлөгөө ярих бус Монгол Улсынхаа бодит байдлыг ярих хэрэгтэй болоод байна.

-Манай иргэдийн хэдэн хувь нь жингийн илүүдэлтэй байх юм. Тэр дундаа хүүхдүүдийн дунд таргалалт хэр байна. Энэ талаар хийсэн судалгаа бий байх?


-Насанд хүрсэн хоёр хүн тутмын нэг нь биеийн жингийн илүүдэлтэй. Сургуулийн насны хүүхдүүдийн дунд 2010, 2013 онд биеийн хөгжлийн судалгаа явуулахад таргалалт 10 гаруй хувьтай байсан. Мэдээж энэ тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа. Эндээс эдгээр хүүхэд нас биед хүрч, хөгшрөөд ирэхээр яах бол гэдэг асуултурган гарч  ирнэ.

-Манайд дэлхийн алдартай, үндэстэн дамнасан түргэн хоолны газрууд салбараа нээгээд эхэллээ. Энэ урсгал үргэлжлэх юм шиг байна. Мөн хийжүүлсэн ундааны хэд хэдэн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Хүүхдүүд хийжүүлсэн ундаа, түргэн хоолонд дуртай. Ямарсайндаа л хүүхдийн баяраар KFC-гийн салбарууд хөл гишгэх зайгүй хүнтэй байхав. Энэ бүгд таргалалтад тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж байгаа байх?

-Гадаад руу явж ирсэн нэгэн нь тэндхийнkfcгоё, эндхийн пиццахат амттай, мкдоналдс, бургеркинг идэж үзлээ гэх зэргээр ярьдаг байлаа. Энэ бүх түргэн хоолны цэг манайд орж ирээгүй байсан болохоор сонин, сайхан санагддаг байсан байж болох. Гэтэл манайд энэ бүгд ороод ирлээ. Гэхдээ үүнийг бид  аюул гэж харж байна. Үндэстэн дамнасан энэ бүх сүлжээ хоолны газрууд орж ирж байгаа нь хүүхдийн төдийгүй нийт хүн амын эрүүл мэндэд тийм ч таатай биш. Урд нь эдгээр газрууд манай улсыг цөөн хүн амтай, жижигхэн зах зээлтэй гээд тоодоггүй байлаа. Гэтэл өнөөдөр энэ бүх бизнес цэцэглэх боломж манайд байна. Хот маань сая гаруй хүн амтай, түргэн хоолны үйлчилгээ ч шинэхэн, соньхон дээрээ байна. Хамгийн том шалтгаан бол манайх хөгжиж байгаа орон. Өндөр хөгжилтэй, хөгжингүй орнуудад түргэн хоол, хийжүүлсэн ундааны үйлдвэрлэлийг аль хэдийнэ хазаарлаад эхэлсэн. Хүн амынх нь мэдлэг дээшилсэн. Мөн үндэстэн дамнасан дээрх үйлдвэрүүдийг Засгийн газрын бодлогоор зах зээлээсээ шахаад эхэлсэн. Одоо л энэ бүхнийг зогсоохгүй бол хүн амын таргалалт цаашид нэмэгдэнэ. Нийгмийн эрүүл мэндийн салбарынхан үүнд маш их сэтгэл зовниж байна. Нэг жишээ хэлэхэд, Америкийн Ерөнхийлөгч Барак Обамагийн гэргий Мишель Обама нөхрийгөө сонгогдсоны дараа “ард түмнээ түргэн хоол, хийжүүлсэн ундаанаас хамгаалъя” компанит аянөрнүүлж эхэлсэн. Үүндээ ч гар бие идэвхтэй оролцож, нэгж бүтээгдэхүүнд агуулагдах килокалорийн хэмжээг хүний нүдэнд харагдахуйцаар хэвлэн, хамтад нь өгч байх, мөн хоолныхоо жагсаалтад эрүүл хүнс багтаах зэрэг шаардлагыг оруулж өгсөн. Ингэснээр дээрх нэр дурдсан газрууд бурито гэх мэт ногоотой шинэ хоолнуудыг хоолны цэсэндээ нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл манайд эсрэгээрээ данагар бургер гэж гарч ирж байх  жишээтэй. Тэр бургер нь маш том хэмжээтэйгээс гадна түүнд агуулагдаж байгаа илчлэгийг яриад ч хэрэггүй биз.

-Хөгшчүүл “дээхнэ үед махлаг хүнөдрийн од шиг цөөн байсан” гэж ярьдаг?

-Тийм. Тэгтэл өнөөгийн залуусын ихэнх нь илүүдэл жинтэй байна. Энэ нь ч хэвийн үзэгдэл болж. Таргалалт бол халдварт бус өвчин. Манай улсын хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэгд халдварт бус өвчин ордог. Таргалалт аливаа өвчний суурь болдог. Тиймээс ч халдварт бус өвчний өвчлөл, нас баралт дээгүүр бичигдэж байгаа. Эндээс бид ийм л гаргалгаа хийж байна. Бидний үр хүүхэд биднээс өмнө нас барах нь.Америк болоод хөгжсөн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө, мөнгө зарцуулж чаддаг. Манай эрүүл мэндийн салбарын төсөв харвалтын дараахь хүндрэл, зүрхний шигдээс, түүний дараахь эмчилгээ, чихрийн шижин өвчин зэрэгт зарцуулагддаг. Тиймээс илүү дутуу зүйлд зарцуулах хөрөнгө, мөнгөгүй манай улсад түргэн хоолны үйлчилгээг цэцэглүүлэхгүй байх талаас нь Засгийн газар анхаарч, зар сурталчилгаан дээр хяналт тавьмаар байна. Тэгэхгүй бол хаа сайгүй хийжүүлсэн ундаа, түргэн хоол сурталчилсан сурталчилгааны самбарууд. Нэр хүндтэй эрхмүүдийг сурталчилгаандаа ашиглаж, хүүхэд залууст сурталчилж байгаа нь эмгэнэлтэй. Шийдвэр гаргах түвшний хүмүүс мэдээлэл тааруу байна. Мөн үйлдвэрийн эзэд бидний хойч үе болсон хүүхэд, залуус маань хэрэглэж байгаа гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Хэдий бизнес ч гэсэн. Бид огт үйлдвэрлэхээ боль гээгүй. Ядаж л сурталчилгаагаа багасгаач гэж уриалмаар байна.

-Таргалалт гэдэг өвчин нэгэнт хаалга цохиод ороод ирлээ. Тэгвэл одоо бид үүний эсрэг юу хийх ёстой юм бэ?

-Зар сурталчилгааг хязгаарлах бүрэн эрх  Засгийн газарт бий. Мөн үйлдвэрлэл эрхлэгчид нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, ядаж л зар сурталчилгаагаа багасгах хэрэгтэй. Данагар бургер манайхаас өөр аль ч улс оронд байхгүй. Энэ бүхнийг зохицуулах механизм хэрэгтэй байна. Насанд хүрсэн хүн хоол хүнсээрээ дамжуулан, өдөрт дунджаар 2000 килокалори авах ёстой. Гэтэл энэ бүгдийг нэг бургерээс авна гэдэг бол аймшигтай. Манай иргэд энэ талаар мэдээлэлтэй байдаг ч амьдрал дээрээ хэрэгжүүлдэггүй. Тиймээс өдөр тутмын амьдралдаа эрүүл хэв маягийг хэвшүүлж, нэвтрүүлээч гэж иргэддээ уриалмаар байна. Эцэг, эхчүүд өдрийн хоолны мөнгө гэж хүүхэддээ хэдэн төгрөг өгдөг. Гэтэл тэд энэ мөнгөөр кола авч ууна, гамбургер авч иднэ. Тиймээс эцэг ,эхчүүд хүүхдээ өдөрт юу идэж, ууж байгааг хянамаар байна. Мөн сургуулийн орчинд хийжүүлсэн ундаа зарахгүй байхаар хуульчилж өгөөч. Хийжүүлсэн ундаа, түргэн хоолыг бид архи, тамхины хэмжээнд авч үзэх хэрэгтэй.  Архи, тамхины хэрэглээг хуульчилсан шигээ энэ бүгдийг мөн дүрэм, журамд оруулж өгмөөр байгаа юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан