Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Төрийн үйлчилгээг нэг цэгээс үзүүлдэг байгууллагууд өдөрлөг зохион байгуулав


Нийслэлээс үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, иргэдэд хүндрэл, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн гуравдугаар салбарыг өнгөрсөн тавдугаар сард “Мишээл экспо” барилгын төвд нээсэн билээ.

Энд нийслэлийн захиргааны 27 байгууллага үйлчилгээ үзүүлэхээс гадна өнгөрсөн дөрвөн жилд хийж, хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж байгаа аж. Энэхүү нэгдсэн төвд үйл ажиллагаа явуулж буй байгууллагууд ээлж, дарааллаар үйл ажиллагаагаа танилцуулах өдөрлөг хийж буй юм байна.
Тэгвэл  Ус сувгийн удирдах газрынхан өчигдөр нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгууллаа. Төрийн байгууллагуудын нэгдсэн үйлчилгээг нэг дороос ава­хаар ирж буй иргэд сэтгэл хангалуун байв. Тухайлбал, иргэн Б. Оргил “Төрийн байгууллагаар үйлчлүүлэхэд дугаарлаж хамаг цагаа авдаг байсан. Ганц газраар ороод бичиг баримтаа авчихгүй арваад газраар нааш цааш явна. Энэ хэрээр зардал их гардаг байсан. Нэлээн хэдэн өдөр явж байж нэг ажил бүтээдэг байлаа. Харин одоо нэг л өдөр шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлж болж байна” гэсэн юм. Харин өөр нэг үйлчлүүлэгч  “Бичиг баримт бүрдүүлнэ гэдэг зовлон байлаа. Татвар төлөх зэрэг хүндрэлтэй байдаг байсан. Нэгдсэн төв нээгдсэнээр бидэнд илүү амар болжээ. Цайны цаг гэж хаалгаа барилгүй, нээлттэй үйлчилж байгаа нь их таалагдаж байна” гэв.

Д.Хулан: Бүх хүнд тэгш нээлттэй зарчмаар үйлчилгээ үзүүлж байна

Ингээд өдөрлөгийн үеэр Нийслэлийн нэгдсэн төвийн “Мишээл экспо” салбарын ерөнхий менежер Д.Хулангаас дараахь зүйлийг тодрууллаа.

-Нэгдсэн үйлчилгээний төв иргэдэд үйлчилснээр ямар бодит ач холбогдол өгч байх юм?
-Нэгдсэн үйлчилгээний төв байгуулагдсанаар таван гол зүйлийг хийж чадсан юм байна гэж бид харж байгаа. Өмнө нь иргэд зөвхөн харьяа дүүргийнхээ төрийн байгууллагуудад дугаарлан дараалал үүсгэж, иргэдэд хүндрэлтэй байсан. Тэгвэл  нэгдсэн төвд харьяа харгалзахгүй үйлчилж байна. Мөн цайны цаг гэж хаалга барьдаггүй. Бүх хүнд тэгш нээлттэй зарчмаар үйлчилгээ үзүүлж байгаа юм. Өмнө нь иргэд 11 өөр газарт байрлах төрийн байгууллагад ханддаг байсан бол одоо энэ бүх үйлчилгээг нэг дороос авч байна.

-Дутуу үйлчилгээ гэж бий юу. Жишээлбэл гадаад паспорт захиалах үйлчилгээ нээгдсэн үү?
-Зарим нэг төрлийн үйлчилгээний программ дутуу байгаа зэрэг асуудал бий. Гэхдээ бага, багаар үйлчилгээнүүдээ нэмж шийдээд явж байна.  Тухайлбал, хоёр хоногийн өмнөөс гадаад паспортын захиалга авч эхэлсэн. Иргэдийн авдаг бараг бүх үйлчилгээ бий. Өөр өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд энд нээгдэж, иргэдэд хүндрэл чирэгдэлгүй үйлчлэхийн тулд ийнхүү хамтран ажиллаж байна. Мөн бид иргэдийн гомдлыг хүлээн авч, цаг алдалгүй хариу өгдөг, үүнийг хянадаг тогтолцоог бий болгосон.

Г.Батхишиг: 40 гаруй үйлчилгээ үзүүлж байна

Ус сувгийн удирдах газрын техникийн  хянал­тын хэлтсийн дарга Г.Батхишигээс зарим зүйлийг тодрууллаа.

-Өнөөдрийн өдөрлөгийн тухайд юу хэлэх вэ?
-Өнөөдөр манай УСУГ  нээлттэй хаалганы өдөрлөг хийж байна. Жил болгон гуравдугаар сарын 22-нд буюу дэлхийн усны өдрийг бид тэмдэглэдэг юм.
Энэ жил мөн гурван сарын хугацаатай аян зохион байгуулж, өнөөдөр хаалтаа хийж байна. Хаалтынхаа өдөр нэгдсэн төвийн үйл ажиллагааны нээлтийн өдөрлөгөө давхар зохион байгууллаа.

-Нэгдсэн төвд танайх ямар, ямар үйлчилгээ үзүүлж байгаа вэ?
-Нийтдээ 40 гаруй үйлчилгээ үзүүлж байна. Мөн усаа яаж зөв ашиглах зэрэг зөвлөгөө мэдээлэл өглөө. Цэвэр бохир усны шугам тавих, баталгаат тоолуур суурилуулах, төлбөр төлөх зэрэг бүхий л үйлчилгээг эндээс авч болно.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан