Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Сайн хашаа” иргэдэд тух, нийслэлд цэвэр орчин бүрдүүлнэ

Э.ГАНЦЭЦЭГ

“Сайн явж ирцгээв үү” гэсээр Д.Шагдардаш эгч биднийг тосов.  Тэрээр Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Оочидын 1-73 тоотод оршин суудаг. Бидний сайн мэдэхээр Бэлхэд. “Сайн хашаа” хөтөлбөр батлагдсаныг сонсоод Д.Шагдардаш эгч ихэд олзуурхсан гэнэ. “Өөрийн амьдарч байгаа хашааны газраа  барьцаалан, халуун, хүйтэн устай, дулаан паар, боловсон бие засах газартай, тохь тухтай орчинг бүрдүүлнэ гэнэ.

Ингэхдээ нэг өрх 10-15 сая төгрөг зээлж, 20 жилийн хугацаанд төлж барагдуулах юм байна. Бас болоогүй, миний зээлсэн мөнгөний талыг улс төлнө гэсэн. Зөв ойлгож уу” хэмээн өөрийн хэмжээнд “Сайн хашаа” хөтөлбөртэй танилцаж, судалснаа бидэнд хэлэв. Эднийх одоогоос 16 жилийн өмнө энэ хашаандаа суурьшжээ. Хэдийгээр  өөрсдөдөө таарсан “хөөрхөн” байшин барьсан ч нас явахын эрхээр ус авах, мод түлээ зөөх хэцүү болсон гэдгийг тэрээр яриандаа олон удаа давтаж байсан юм. Тийм ч учраас гэр хорооллын дахин төлөвлөлтийг судалж үзсэн байна. “Халуун, хүйтэн устай, боловсон нойлтой болгоод өгье гээд хувийн компанийнхан санал тавих л юм. Уул нь тэдний саналыг дэмжмээр байдаг ч урьдчилж өгөх хэдэд нь чадал хүрдэггүй юм. Тэгж байтал “Сайн хашаа” хөтөлбөр батлагдчихлаа. Танилцаж үзлээ. Үнэхээр боломжийн санагдаж байна. Мөрөөдөл маань биелэх нь гэж бодоод баяртай байна” гээд тэрээр олон жил байшингаа байрны айл шиг тохижуулах хүсэлтэй явснаа  хэлсэн.   

Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч, нийслэлийн нутаг дэвсгэрт “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, чиг үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга С.Очирбат, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Б.Ган-Эрдэнэ болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл “Сайн хашаа” хөтөлбөрийн талаар иргэдэд мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулж, тэдний санаа бодлыг сонсохоор  Д.Дэжидгүнчин гуайнхыг зорьсон нь энэ. “Сайн хашаа” хөтөлбөр батлагдсанаас хойш үүнд хэрхэн хамрагдах, хэчнээн төгрөгийн зээл олгох, тухайн зээлийг хэрхэн авах, төлөх, юунд зарцуулах гээд иргэд олон асуултын хариуг хүлээж байгаа.
Энэ бүхэн Д.Дэжидгүнчин гуайн гэргий Д.Шагдардаш болон тэднийд цугласан хөрш айлын хүмүүсийн асуултаас мэдрэгдэж байсан юм. Иргэдийн сонирхсон асуултад Нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга ийн хариуллаа.

-“Сайн хашаа” хөтөлбөр хэрхэн хэрэгжих болов?

-“Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил эхлээд гурван жилийн нүүр үзлээ. Эргээд харахад энэ ажилд иргэдийн оролцоо тийм ч их байгаагүй юм байна. Иргэд хувийн аж ахуйн нэгжтэй тохиролцсоны дүнд өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж,  миний байр хэзээ бэлэн болох вэ гээд хүлээж сууна. Барилгаа хугацаандаа өгч байгаа компаниуд байхад иргэдэд чирэгдэл учруулж, барилгаа цаг хугацаанд нь ашиглалтад оруулахгүй  нь ч байна. Эндээс бид гаргалгаа гаргаж, гэр хорооллын айлуудыг орон сууцжуулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг олж харсан. Тэгж байж бүтээн байгуулалт жинхэнэ утгаараа явах юм байна. Өнгөрсөн тавдугаар сард Засгийн газар “Сайн хашаа” хөтөлбөр баталсан. Ингэснээр иргэдийн оролцоотой гэр хорооллыг орон сууцжуулах юм. Ингэхдээ нэг айлын дэд бүтцийн ажилд зориулж, 10-15 сая төгрөгийг урт буюу 20 жилийн хугацаатай зээл олгоё. Ингэхдээ иргэдийн зээлсэн мөнгөний тал хувийг улсын болон хотын төсвөөс даая гэдэг саналыг тусгаж өгсөн. Энэ нь 10 сая төгрөг зээлсэн айл өрх тав, харин 15 сая төгрөг зээлсэн бол 7.5 сая төгрөгийг 20 жилийн хугацаанд төлж барагдуулна гэсэн үг. Түүнчлэн иргэд эхний хоёр жилд үндсэн төлбөр төлөхгүй. Зээл олгогдсоноос хоёр жилийн дараа үндсэн зээлээ төлж эхэлнэ.

Яагаад иргэдийн оролцоо хэрэгтэй гэж...

Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны 200 өрх “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдахаар нэгджээ. Мөн тус дүүргийн 16 дугаар хорооны айлууд ч нэгдэж эхэлсэн байна. Иргэд өмчилсөн газраа арилжааны банкинд барьцаалж зээл авах боломжтой болсон. Жишээлбэл, “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан нэг өрх 15 сая төгрөг зээлнэ гэж тооцвол 200 өрх нийлээд гурван тэрбум төгрөгийг дэд бүтэц татахад банкнаас зээлэх боломжтой. Үүнээс иргэд 1.5 тэрбум, харин үлдсэн 1.5 тэрбум төгрөгийг засаг төлнө. Дээрх гурван тэрбум төгрөгөөр 200 өрх айл цахилгаан, ус, бохир, дулаан гээд дэд бүтцийнхээ асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой. Дээрх хоёр зуун айлын газар дунджаар 6-7 га болно. Энэ бол маш том газар. Хотод ийм том хэмжээний газар байхгүй. Дээрх 6-7 га газрыг төвийн шугам сүлжээтэй холбоод банкнаас зээл авахад анхны үнээсээ хэд дахин өндөр үнэлэгдэнэ. Эсвэл иргэд өөрсдөө нэгдэн, компани байгуулаад тэр газар дээрээ байшин барьж болно. Ингээд нөгөө 200 айл маань өөрсдөө ч байртай болоод зогсохгүй илүү байраа худалдаалж болно. Үүн дээр хотоос хэд хэдэн саналыг дэвшүүлж байгаа юм. “Түрээсийн байр” хөтөлбөртөө худалдаж авах, эсхүл зээл авах боломжтой иргэдэд моргейжийн таван хувийн хүүтэй зээлээр олгох. Иймд нэгдэж нийлээд, өөрсдийн газар дээрээ байр барьсан иргэд үлдсэн байраа хэрхэн борлуулах вэ гэдэгт санаа зовох зүйлгүй аж. Ингээд олсон орлогынхоо талыг “Сайн хашаа”-ныхаа зээлд төлнө. Харин үлдсэнээр нь хуримтлал үүсгэх боломжтой. Мөн барилгын компаниа сонгон, иргэд хяналт тавьж, байшингаа бариулж болох юм. Иргэд орон сууцанд амьдарч байгаа мэт нөхцөлийг өөрийн эзэмшлийн хашаа байшинд бүрдүүлэх боломж нээгдэж байгаа нь энэ. “Сайн хашаа” хөтөлбөр нь агаар, хөрсний бохирдлоос салах нэг гарц. Мөн иргэдэд бизнесийн санаа өгч байгаа нэг хэлбэр. Одоо нөхцөл байдал ямар байгаа вэ гэхээр нэг компани иргэн дээр очоод манайхтай гэрээ байгуулчих, танай түрээсийн төлбөрийг төлье.

Газраа чөлөөлөөд өгчих. Нэг нь газраа чөлөөлж, нөгөө нь байшин барих дээрээ тултал үнэ мөнгө дээрээ тохиролцохгүй. Ийм олон шалтгааны улмаас гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил удааширч байгаа. Хэрэв бид гэр хорооллоо энэ маягаар орон сууцжуулъя гэвэл 40-50 жил хүлээнэ. Иймд энэ ажлыг богино хугацаанд явуулахын тулд иргэдийн оролцоо хэрэгтэй. Хүн бүр өөрсдийнхөө төлөө ажиллаж, гүйж чадвал орчноо сайжруулаад, тохь тухтай амьдрах боломж нь бүрдээд эхэлчихлээ.

Ганц өрхөөрөө эсвэл гудамжаараа нэгдэн “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдах боломжтой

“Сайн хашаа” хөтөлбөрт айлууд нэгдэхээс гадна дангаараа хамрагдаж болно. Гэхдээ дангаараа хамрагдвал алдагдалтай. Учир нь, дан ганц танайд дэд бүтэц татахын тулд хөршийнхөөр чинь тэр шугам сүлжээг дайруулахаас өөр аргагүй. Тиймээс олуулаа нийлж, нэгдвэл илүү их ажил хийх төдийгүй зардал ч тэр хэрээр багасна. Хэрвээ дангаараа зээл авч, дэд бүтцээ татуулна гэвэл ганц хаус л барина. Харин хөршүүдтэйгээ хоршвол таван давхар байр барина. Үүнд л ялгаа нь байгаа юм. Ажилгүй иргэн олон байна. Тэдгээр иргэд яагаад энэ бүхнийг санаачилж, хэрэгжүүлж болохгүй гэж. 2012 онд гэр хорооллын дундах дундаж хэмжээтэй хашаа ойролцоогоор 5-10 сая төгрөгийн үнэлгээтэй байсан. Харин төв зам дагуухь хашаа 10-15 сая төгрөгийн үнэлгээтэй. Гэтэл одоо тэдгээр өрх газраа хоёр өрөө байраар сольж байна. Газрын үнэ өнгөрсөн хугацаанд ингэж өссөн. Мөн хөрсний бохирдол, утаанаас нийслэлээ салгах, иргэд ая тухтай амьдрах боломж” хэмээн тэрээр ярив.

Оочидын хэмээх энэ газар хоёр гудамжтай. Нэг гудамж нь долоон айлтай. Дээрх айлууд биесээ сайн мэдэлцэх учир энэ хөтөлбөрт нэгдэхээр ам нийлжээ. Биднийг явахын алдад Д.Шагдардаш эгч “Хөрш зэргэлдээ айл саахалтын улс маань байшин саваа тордоод гоё болгох л юм. Энэ болгонд нь өөрийн байшингаа янзалмаар санагдана. Ингэж боддог ч “Санаа байвч, сачий хүрэхгүй” гэгчээр тэтгэврийн хоёрт болж өгөхгүй юм. Гэр хорооллын дахин төлөвлөлт гэж сонсогдож байгаа ч мөд байрандаа ордоггүй сурагтай. Тийм болохоор энэ хөтөлбөрт л хамрагдая гэж бодож байна. Бүтнэ гэж бодож байгаа. Хөгшин бид хоёр зээ охинтойгоо амьдардаг. Газрын бичгээ барьцаалж зээл аваад байшингаа засч янзлаад халуун, хүйтэн устай болъё л гэж бодож сууна. Хөгшрөөд ирэхээр ус, түлээ нүүрсээ ойртуулахад түүртдэг болж. Халуун, хүйтэн устай, гал түлэхгүй суудаг болчихвол мөн ч сайхан. Нүүж ирснийхээ дараа мод, цэцэг тариад их л юм хийдэг байлаа. Одоо больж. Удахгүй байрны айл шиг тухтай амьдрах нь” гээд биднийг гаргаж өгөв. “Сайн хашаа”-ны сургаар тэдний хамар хашааны иргэн З.Намшир ирсэн байсан. Тэрээр энэ хөтөлбөрт хамрагдахдаа баяртай байгаа гэдгээ ч хэлэв.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан