Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сурталчилгаа: Чулуу, фэйсбүүк, захидал


Б.БИЛГҮҮН


Сонгуулийн тухай хуульд “сонгуулийн сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00.00 цагаас өмнө зогсооно” гэж заажээ. Энэ дагуу гурав хоногийн дараа УИХ, ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа орон даяар зогсох гэж байна. Гэхдээ сонгуулийн сурталчилгаа дуусах, санал хураах мөч ойртох тусам дайралт давшилт олноор гарч магадгүй хэмээн нэр дэвшигчид өөр, өөрсдийн цахим сувгаараа иргэдэд сэрэмжлүүлж байна.
Энэ нь, сонгуулийн сурталчилгаанд зурагт, радио, сонин гэхээс илүүтэй цахим орчин багагүй нөлөөлж байгааг илтгэсэн хэрэг. Жишээлбэл, УИХ-ын сонгуулийн 72 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Эрдэнчимэгийн сонгуулийн төв штабаас “Л.Эрдэнэчимэгийн фэйсбүүк хуудас хакердуулсан” талаарх мэдээллийг хэд хоногийн өмнө өгсөн. 15 цаг гаруйн хугацаанд түүний албан ёсны фэйсбүүк хуудсыг ашиглан 400 гаруй сөрөг сэтгэгдэл, гутаан доромжилсон утгатай зүйл бичиж оруулсан гэж мөн сонгуулийн төв штабаас нь нэмж мэдээлсэн билээ. Мөн Хэвлэлийн хүрээлэнгээс гаргасан  судалгаанаас үзэхэд,  фэйсбүүкээр түгээж буй сонгуулийн мэдээллийн 92-98 хувь нь эерэг хандлагатай ч твиттерийн мэдээллийн дийлэнх нь сөрөг хандлагатай байгаа гэнэ. Энэ нь твиттерийг өрсөлдөгчийнхөө эсрэг мэдээлэл түгээх, шүүмжлэх, муулсан хандлагад илүүтэйгээр ашиглаж байгааг гэж дүгнэхэд хүргэжээ. Харин энэ сарын 20-ны өдрийн байдлаар Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн болон сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн 604 гомдол, мэдээлэл цагдаагийн газарт иржээ.

Нийт гомдлын 362 нь Улаанбаатар хотод гарсан хэргийн талаар бол 242 нь хөдөө орон нутгаас ирүүлсэн байна. Тэр дундаа, сурталчилгааны самбар, зурагт хуудас, бусад эд зүйл гэмтээсэн 174 гомдол ирсэн бол нэр дэвшигчийг мэдээллийн хэрэгсэл, фэйсбүүк хуудас, пэйж хуудсаар гүтгэсэн, нэр төрийг нь гутаасан 76 гомдол гарчээ.

Мөн УИХ-ын сонгуулийн Сонгинохайрхан дүүргийн 76-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Нямбаатар энэ сарын 18-ны бямба гаригийн орой “Содон” хорооллын иргэд сонгогчидтой хийх уулзалтын үеэр 16 давхар барилгын орой дээрээс барилгын дор уулзалт хийж байсан иргэд рүү чулуу, барилгын төмөр карказ унасан талаар ноцтой мэдээлэл гарсан. Шидсэн чулуу нь 60 эргэм насны сонгогч эмэгтэйг оносноос  толгой хагарч, цус алдсан байдалтай Гэмтэлийн эмнэлэгт хүргэгдсэн ойрын жишээ ч байгаа юм. Өчигдөр ч гэсэн сонгуулийн сурталчилгаатай холбоотой хэд, хэдэн гомдол гарч, нэр дэвшигчид олон нийтэд хандсан мэдээлэл хийлээ.

М.Цэвээн-Очирын сонгуулийн штаб руу цагдаагийнхан халдсан гэв

Нийслэлийн ИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар тойрогт АН-аас нэр дэвшигч М.Цэвээн-Очирын Сонгуулийн штаб руу уржигдар орой цагдаагийн алба хаагчид нэвтэрч, үзлэг хийсэн байна. Тэд энэхүү үйлдлээ “МАН-аас гомдол ирсэн учир үзлэг хийж байна” хэмээн тайлбарласан байна. Энэ үйл явдалтай холбогдуулан нэр дэвшигч М.Цэвээн-Очир өчигдөр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргаж, мэдэгдэл хийлээ.

Тэрээр “Сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш өрсөлдөгч нар маань хууль бус үйлдэл их гаргаж байна. Үүний нэг илрэл нь уржигдар орой намайг уулзалттай байх үеэр Сонгинорхайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсээс нэр ус нь мэдэгдэхгүй хүмүүс ирж, манай штабын байр руу дайран орж үзлэг хийлээ. Ингэж дайран орохдоо “МАН-аас ирсэн гомдлын дагуу үзлэг хийж байна” хэмээн тайлбарласан байсан. Өмнө нь миний сонгуулийн сурталчилгааны сэтгүүлийг Сонгинохайрхан дүүргийн 22 хороонд айлын хашаанд шатааж байсныг манай намын дэмжигч мэдээлсэн. Энэ хэргийг шалгаж өгөхийг хүсч, гомдол гаргасан ч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. Гэтэл МАН-ын нэр дэвшигч гомдол гаргасан даруйд хууль зөрчин байж үзлэг хийлээ. Үүнээс харахад,төрийн байгууллагууд Сонгуулийн хуулийг хэрэгжүүлэхэд тэнцвэртэй байдлыг хангаж чадахгүй байна гэж би үзэж байна. Тиймээс би зөвшөөрөлгүй манай штаб руу нэвтэрч орсон энэ үйлдлийг хууль зөрчсөн хэмээн Сонгинорхайрхан дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гомдол гаргаж байна. Сонгуулийн болон бусад хууль тогтоомжийн зүйл заалтыг зөрчсөн хэрэг болсон” гэсэн юм.

Энэ талаар нийслэлийн АН-ын хуулийн зөвлөх Ч.Нямцоож “Ямар шалтгаанаар нэгжлэг хийснийг утсаар асуухад МАН-аас нэр дэвшигч Ц.Сандуй гомдол гаргасны дагуу захиргааны зөрчлийг баримтжуулах зорилгоор үзлэг нэгжлэг хийсэн гэсэн тайлбар өгсөн. Үзлэг нэгжлэг хийх үйл явц бол холбогдох хууль хяналтын байгууллагуудын зөвшөөрөлтэй хийгддэг. Гэтэл гомдол гаргасан даруйд нь цагдаагийн албан хаагч нэр дэвшигчийн штаб руу нь нэвтэрч ороод үзлэг хийсэн байна” гэлээ.

З.Баянсэлэнгэ: Н.Учрал телевиз өгнө гэсэн

Мөн УИХ-ын 72 дугаар  тойрогт МАХН-аас нэр дэвшиж байгаа Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, түүний нөхөр Т.Түвшинжаргал, хүү Т.Болдбаатар болон эрх зүйч А.Гантамир нар өчигдөр мэдээлэл хийлээ.
Хуульч нь “Хэд хоногийн өмнөөс нэр дэвшигч З.Баянсэлэнгэ болон түүний гэр бүл рүү дайрсан, нэр хүндэд нь халдсан, дайрч доромжилсон мэдээллийг зохион байгуулалттай цахим ертөнц, хэвлэлээр гаргах болсон” гэж мэдэгдсэн юм. Мөн тойргоо хуваарилсны дараа Н.Учрал нэр дэвшигч З.Баянсэлэнгийн ажил дээр очиж уулзсан байна. Энэ тухай тэрээр “Миний бие 72 дугаар тойрогт хуваарилагдах үед Н.Учрал манай яаман дээр ирж уулзсан. Та санал хуваах хэмжээний хүн биш, харин төрд байх ёстой хүн. Тиймээс та тойргоо солиоч гэж гуйж байна. Хэрэв тойргоо сольчихвол би Л.Эрдэнэчимэгийг амархан ялна. Надад зургаан мянган оюутан байна. Оюутнуудаасаа танд өгье. Надад гурван телевиз байгаа, түүнээсээ өгнө гэсэн” хэмээн ярилаа.

Х.Тэмүүжингийн өмнөөс хуурамч дуудлага хийжээ

УИХ-ын 60-р тойрогт нэр дэвшиж байгаа Х.Тэмүүжингийн сонгуулийн штаб мөн өчигдөр залруулга гаргалаа. Учир нь, тус тойргийн сонгогчдын гар утас руу 200 дугаараас холбогдон “УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Х.Тэмүүжингийн сонгуулийн штабаас судалгаа авч байна. Та сонголтоо хийсэн үү? Хэрвээ та Х.Тэмүүжин нэр дэвшигчийг дэмжиж байгаа бол СБД-ийн 2-р сургуулийн өмнө хийх нэр дэвшигчийн уулзалтад ирнэ үү” гэсэн худал мэдээллийг тараасан байна. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн сонгуулийн штабаас иргэд рүү утсаар ямар нэг байдлаар холбогдоогүй, нэр дэвшигчийн судалгаа явуулах хугацаа 22-ны өдрөөр дууссан тул иргэд хуурамч дуудлага, ташаа мэдээллээс болгоомжлохыг сануулж байна. Тус штаб 200 дугаараас хийсэн хуурамч дуудлагыг шалгуулахаар хуулийн байгууллагад ханджээ.

Л.Болдын нэр төрд халдсан гэв

УИХ-ын Сонгуулийн 57-р тойрогт АН-аас нэр дэвшигч Л.Болдын сонгуулийн штаб худал мэдээ мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон шуудангийн үйлчилгээ ашиглан зохион байгуулалттайгаар тарааж олон нийтийг төөрөгдүүлж төрийн сонгуулийн үр дүнд нөлөөлөхийг оролдож  байна гэж мэдээллээ.
Тухайлбал, Хан-Уул дүүргийн иргэн Ч.Долгормаа нь нэр дэвшигч Л.Болдыг гэмт хэрэгт  гүтгэн гүжирдсэн “Нээлттэй ил захидал” гэгчийг бичиж мэдээллийн веб сайтууд болон өөрийн цахим хуудсаар тараасныг цагдаагийн байгууллагад мэдэгдэн шалгуулж байгаа юм байна. Гэтэл сонгуулийн санал хураалт дөхсөн энэ өдрүүдэд Ч.Долгормаа нь дээрх гүтгэлгээ шуудангийн үйлчилгээ ашиглан айл өрхүүдэд тараах ажлыг зохион байгуулж байна хэмээн тус штаб гомдол гаргажээ.

Н.Батбаяр мөн цагдаагийн байгууллагад ханджээ

УИХ-ын сонгуулийн 2 дугаар тойрог буюу Архангай аймагт АН-аас нэр дэвшиж буй Н.Батбаярын сонгуулийн штабаас “Сонгуулийн сурталчилгааны явцад МАН-ын сонгуулийн төв штабаас нэр дэвшигч Н.Батбаярыг гүтгэсэн, гүжирдсэн эвлүүлгийн материалыг зохион байгуулалттайгаар бэлдэж телевизүүдээр цацаж байгаа нь Сонгуулийн тухай хууль, Эрүүгийн хууль зөрчсөн ноцтой үйлдэл” гэж мэдээллээ.
Учир нь, УИХ-ын 2012 оны тавдугаар сарын 3-ны өдрийн ээлжит хаврын чуулганы хуралдаан дээр Хууль зүйн сайд Ц.Нямдоржийг огцруулах асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Н.Батбаяр УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Ц.Нямдоржид хандан 2012 оны УИХ-ын сонгуулийг луйвардахыг завдаж буйгаа таслан зогсоож огцрохыг шаардаж ярьсан бичлэгийг бүрэн эхээр нь бус зарим хэсгийг тасалж, монтажлан, зохион байгуулалттайгаар өөрсдийн хар пиарт ашигласан гэж үзжээ. Тиймээс нэр төр, алдар хүндийг гутаасан, гүтгэсэн гэмт хэргийн шинжтэй үйлдэл тул Сонгуулийн тухай хууль болон Эрүүгийн хуульд заасны дагуу хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар болжээ.
Эх сурвалж: Ардчилал сонин

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан