Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэргийн мэргэжлийн бэлтгэл сургалтын төв нээлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн 92 дугаар зарлиг, Засгийн газрын 40 дүгээр тогтоол, Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2014 оны хамтарсан тушаалаар оюутан залуус цэргийн алба хаах журмыг баталж, “Цэргийн ерөнхий бэлтгэл” болон “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” сургалт явуулж эхэлсэн билээ. Энэхүү сургалтад 2014 онд 418 оюутан, 2015 онд 995 оюутан хамруулан бэлтгэж, цэргийн тангараг өргүүлэн, буудагч-тасгийн дарга бага мэргэжлээр бэлтгэсэн.

Тэгвэл энэ жил  “Оюутан цэрэг” хөтөлбөр Ховд, Дорнод аймагт хэрэгжихээр болж, Батлан хамгаалахын сайдын тушаалаар 1000 оюутныг “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамруулахаар болсон. Энэхүү хөтөлбөрт их, дээд сургуулиудын бакалаврын өдрийн ангид суралцаж байгаа нэгдүгээр дамжааны 18 нас хүрсэн оюутнуудаас сайн дурын үндсэн дээр алба хаах залуусыг их, дээд сургуулийн оюутны алба, сургуулийн тодорхойлолтоор харьяа дүүргүүдийн цэргийн штабаар дамжуулан бүртгэсэн юм.

Өнгөрсөн амралтын өдөр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн 2016 оны “Цэргийн мэргэжлийн бэлтгэл” шатны сургалтын нээлт Батлан хамгаалахын их сургуулийн сургалтын төвд болж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон БХЯ, ЗХЖШ, БХИС-ийн удирдлагууд оролцлоо.

Монгол Улсын Засгийн Газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Цэргийн алба хаагчдыг нөхөн хангах бодлогыг шинэчлэн, холимог тогтолцоог төлөвшүүлж, иргэдийн цэргийн алба хаах хэлбэрт шинэчлэл хийх” зорилтын хүрээнд энэхүү хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байгаа. Энэ жилийн  “Оюутан цэрэг” хөтөлбөрийн сургалтад 1000 оюутныг хамруулахаар шийдвэрлэхдээ нийслэлээс гадна Ховд, Дорнод, Говьсүмбэр зэрэг аймгийг хамруулсан. Ингэснээр хөдөө, орон нутгийн их, дээд сургуулиудын оюутнууд тус хөтөлбөрт хамрагдах өргөн боломжийг олгож буйгаараа онцлог юм хэмээн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн.  “Оюутан цэрэг” хөтөлбөрийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох арга хэмжээний хүрээнд шинээр боловсруулсан “Цэргийн албаны тухай” хуулийн төсөлд их, дээд сургууль, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч цэргийн насанд хүрсэн иргэн сайн дурын үндсэн дээр “Оюутан цэрэг” сургалтад хамрагдаж, цэргийн мэргэжил эзэмшин цэргийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэхээр тусгасан. Энэхүү хөтөлбөр цаашид хуульчлагдан хэрэгжсэнээр бүх нийтээр цэргийн алба хаах хуулийн заалтыг хэрэгжүүлэх, нийт залуусыг цэргийн алба хаалгадаг тогтолцоонд шилжихэд тодорхой хувь нэмрээ оруулахаас гадна их,дээд сургуулийн оюутнуудыг эрчимжсэн сургалттай цэргийн бэлтгэлд хамруулж эх орноо батлан хамгаалах, бие бялдар, сэтгэлзүйн бэлтгэлтэй цэргийн бэлтгэл үүрэгтний тоог нэмэгдүүлэх, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, цэргийн албаны талаар олон нийтэд сурталчлан, таниулах чухал ач холбогдолтой юм гэж Ерөнхий сайд хэлэв.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан